| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00238/И |
| Дугаар | 00238 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 00238
| 2017 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2017/00238 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1972 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх гадаад харилцааны судлаач мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 2-22 тоотод оршин суух, РБ72032509 дугаар регистртэй, Сартуул овогт Жамсрангийн Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, эдийн засагч мэргэжилтэй, “Сэтгэмж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 09-04 тоотод оршин суух, РЭ70120923 дугаар регистртэй, Их мэргэд овогт Бүжинлхамын Батлхагвад холбогдох
Үндсэн зээл, хүү, алданги, нийт 11.254.132 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Ж.Сарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Б.Батлхагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Батлхагвад 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХААН банкны 5890238862 тоот дансанд 7.000.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түүний охин Халиунаагийн ХААН банкны 5890448246 тоот дансанд 860.000 төгрөг, нийт 7.860.000 төгрөг хийж, тус мөнгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Б.Батлхагва нь төсөл хэрэгжүүлэх гэсэн юм банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байхгүй гэсэн тул дэмжиж мөнгө зээлсэн. Зээлийн гэрээг анх буруу байгуулсан бөгөөд хуулбарыг өөрөө авч үлдсэн. Би Б.Батлхагвыг үйл ажиллагаагаа зохицуулаад мөнгийг маань өгчих байх гэж бодсон, мөн түүний ар гэрийн амьдарлыг харгалзаад мөнгөө авч чадалгүй явсаар өдий хүрсэн. 2015 оны намар Б.Батлхагватай уулзаж тооцоо хийхэд надад 680.600 төгрөг өгсөн гэх боловч миний тооцооноос 10.000 төгрөгийн зөрүүтэй байна. Дээрх мөнгийг дараахь байдлаар буцааж өгсөн. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 46.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 250.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 115.000 төгрөгийг бэлнээр авсан. 2013 оны 10 дугаар сард 59.800 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авсан, нийтдээ 670.800 төгрөг өгсөн. Хонины гэдэс 10.000 төгрөгөөр авч өгснийг зөвшөөрч байгаа тул түүнээс авсан бүгд мөнгө 680.800 төгрөг болж байна. Банкны зээлэнд 215.000 төгрөгийг төлсөн. Тэр мөнгө нь дээрх тооцоонд орсон байгаа.
Б.Батлхагвын надад 5.000.000 /таван сая/ төгрөг өгсөн гэх баримт хуурамч болох нь тогтоогдсон. Би тийм бэлэн мөнгө аваагүй. Мөн бэлнээр 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 115.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөг аваагүй. 2008 онд авсан түлээний авдар, хөнжил зэргийн мөнгийг тухайн үед нь өгсөн, медаль угааж 100.000 төгрөгийн зүйл авахуулаагүй. Намайг Б.Батлхагва түлхүүр авч гэрт ороод баримт бичиг хулгайлж аваад өөрчилсөн гэж ярьж байна. Надад тэгэх шаардлага байхгүй. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүү, алданги, нийт 11.254.132 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ шаардлага хангахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, одоо зөвхөн үндсэн зээл 7.860.000 төгрөгөөс 680.800 төгрөгийг Б.Батлхагва төлсөн тул үлдэх 7.179.200 төгрөгийг гаргуулж авна гэв.
Хариуцагч Б.Батлхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 3 дугааар сарын 12-ны өдөр өөрийн дансаар 7.000.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охиныхоо дансаар 860.000 төгрөг, нийт 7.860.000 төгрөгийг авсан нь үнэн. Ж.Сарангэрэл зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг ч бид зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд намайг хоосон цагаан цаасан дээр гарын үсэг зур гэхэд нь мөнгө зээлж авсан учраас зурсан. Гэтэл тэр цаас нь зээлийн гэрээ болсон байсан бөгөөд надад зээлийн гэрээний 1 хувийг өгөөгүй. Ж.Сарангэрэл мөнгө зээлчихээд байнгын дарамттай байсан болохоор зээлийг хурдан хугацаанд төлж дуусгасан ба дараахь байдлаар зээлийг эргэн төлсөн. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийн үнэтэй хивс, дрож, хулдаас зэргийг авахуулсан. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 46.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 250.000 төгрөгийг ажил дээрээс бэлнээр ирж авч байсан. 2013 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд Ж.Сарангэрэлийн ХААН банкинд төлөх зээлэнд 395.000 төгрөгийг эдийн засагч Нарангэрэл гэх хүнд өгсөн. 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 115.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2013 оны 10 дугаар сард 59.800 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн, 2014 оны зун хонины гэдэс 10.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн.
Мөн 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гадаад хүн манай гэрт амьдрахаар болсон гэж хэлээд авсан модон түлээний авдар 60.000 төгрөг, хөнжил 30.000 төгрөг, Ж.Сарангэрлийн найз залуу болох Цогоод бензиний үнэ 20.000 төгрөг, 2013 ны 1 дүгээр сарын 03-ны өдөр медаль угаая гээд 100.000 төгрөгийн архи, вино, хоол, хүнс авахуулсан эдгээр мөнгийг зээлсэн мөнгөндөө суутгахаар тохирсон тул хасч тооцсон бөгөөд миний тооцоогоор 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэхэд нийт 7.300.600 төгрөгийг Ж.Сарангэрэлд өгсөн байна. Үүнээс хойш Ж.Сарангэрэл нь нэг удаа ч надаас мөнгө нэхэж байгаагүй бөгөөд одоо авсан мөнгөө аваагүй гэж байна. Би 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр банкнаас 12.000.000 төгрөгийн зээл авахад Ж.Сарангэрэл ирээд 5.000.000 төгрөг авсан, би баталгаажуулж гарын үсэг зуруулж авсан боловч гарын үсэг нь хуурамч гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Манай ажлын өрөөний түлхүүрийн 1 хувь нь Ж.Сарангэрэлд байдаг болохоор 5.000.000 төгрөг авсан тухай гарын үсэг зурсан баримтаа солиод авчихсан юм болов уу гэж бодож байна. 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр надаас бэлнээр авсан 115.000 төгрөгийг аваагүй, банкинд хийсэн гэж байгаа боловч банкны зээлэнд өгсөн мөнгийг би Нарангэрэл гэх эдийн засагчид өгсөн. 5.000.000 төгрөгийн баримт эргэлзээтэй байгаа учир 4.000.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байсан ч эвлэрэх боломжгүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл нь Б.Батлхагвад холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги, нийт 11.254.132 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд үндсэн зээлийн үлдэгдэл 7.179.200 /долоон сая нэг зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хэргийн зохигч 7.860.000 /долоон сая найман зуун жаран мянга/ төгрөг зээлээр өгсөн, авсан тухай маргаагүй бөгөөд хариуцагч нь 7.300.600 /долоон сая гурван зуун мянга зургаан зуу/ төгрөгийг Ж.Сарангэрэлд өгч зээлийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь мөнгө зээлж авснаас хойш 680.800 /зургаан зуун наян мянга найман зуу/ төгрөг өгсөн, одоо үлдэх 7.179.200 /долоон сая нэг зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж авна гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу Ж.Сарангэрэл 7.860.000 /долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг Б.Батлхагвын өмчлөлд шилжүүлж өгснөөр тэдний хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдаж, тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг зээлдэгч хүлээжээ.
Б.Батлхагвыг зээлийн эргэн төлөлтөөс 795.800 төгрөг буцаан төлсөн гэж дүгнэв. Учир нь зохигч зээлийн эргэн төлөлтөөс 680.800 төгрөг бэлнээр өгч, авсан талаар харилцан зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна. Мөн Ж.Сарангэрэл 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр авсан 115.000 төгрөгийг ХААН банкинд төлөх зээлийн эргэн төлөлтөд хийсэн гэж тайлбарлаж байгаа ч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “2013 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд Ж.Сарангэрэлийн ХААН банкинд төлөх зээлийн мөнгийг эдийн засагч Нарангэрэл гэх хүнд өгч байсан” гэх тайлбар, гэрч Ц.Нарангэрэлийн “...Ж.Сарангэрэлийн цалингийн зээлийн хугацаа хэтрээд өөр лүү нь ярихад манай найз Б.Батлхагва надад мөнгө өгөх ёстой, тэрийгээ хийнэ гэж хэлсэн...эхний удаа 7 сард 100.000 төгрөг авч ирж өгсөн. Сарангэрэлийн харилцах дансанд Батлхагваас гээд тушаасан, хоёр дахь нь 09 сард...би ажлын шугамаар гадуур явж байсан тул замаараа очиж ...115.000 төгрөг авсан. Мөнгийг Батлхагваас гэж Сарангэрэлийн дансанд тушаасан. Нийт 215.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байх ба тэрээр тухайн бэлэн авсан 115.000 төгрөгийг банкны зээлэнд хийсэн мөнгөний тооцоонд орсон талаар нотлож чадахгүй байх тул бэлнээр авсан гэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Батлхагва нь 2013 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд Ж.Сарангэрэлийн ХААН банкинд төлөх зээлэнд 395.000 төгрөгийг эдийн засагч Нарангэрэл гэх хүнд өгсөн, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг бэлнээр Ж.Сарангэрэлд өгч баталгаажуулж гарын үсэг зуруулсан гэж мэтгэлзэж байгаа ч нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.Нарангэрэлийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн материалын доод хэсэгт байх...хүлээн авсан ...Ж.Сарангэрэл...” гэх бичвэрт зурсан гарын үсэг нь хэвлэмэл бичиг байх ба өөр өнгийн будагч зүйлээр засварласан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн гарын үсэг нь хэвлэмэл бичиг бөгөөд засварласан байх ба бичиглэлийн нарийн шинж тэмдэг байхгүй тул Ж.Сарангэрэлийн гарын үсэг мөн болохыг бусад загваруудтай харьцуулж тогтоох боломжгүй” гэх бичилттэй 281 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй, цагаан өнгийн цаасан дээр баруун дээд буландаа “17” гэсэн дугаартай, хар өнгийн будаг бодис бүхий бичигч хэрэгсэл ашиглан 8 мөр “Мөрөн сум...” гэсэн эхлэлтэй “...Б.Батлхагва” гэсэн төгсгөлтэй баримтын “Хүлээн авсан” гэх хэсэгт “Ж.Сарангэрэл” гэсний өмнө байрлах шинжилж буй гарын үсэг нь лазер принтерээр хэвлэсэн хуурамч байна. 2. Дээрх шинжилж буй хэвлэмэл хуурамч гарын үсгийн эхлэл төгсгөл хэсэгт хар өнгийн будагч бодис бүхий бичигч хэрэгсэл ашиглан давхарлаж зурсан байна...” гэх бичилттэй 245 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар няцаагдаж байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр модон түлээний авдар 60.000 төгрөг, хөнжил 30.000 төгрөг, Цогоод бензиний үнэ 20.000 төгрөг, 2013 ны 1 дүгээр сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийн архи, вино, хоол, хүнс авахуулсан эдгээр мөнгийг зээлсэн мөнгөндөө суутгаад зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.
Иймд хариуцагч Б.Батлхагваас үлдэгдэл зээлийн төлбөр 7.064.200 төгрөгийг гаргуулж Ж.Сарангэрэлд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 115.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн дараахь баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, ХААН банкны Хөвсгөл салбарын Ж.Сарангэрэлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбарууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрч Б.Ариунцэцэг, Л.Одончимэг, Б.Халиунаа нарын мэдүүлгүүд тухайн үйл баримтыг нотлож чадахгүй, мөн гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Батлхагваас үлдэгдэл зээлийн төлбөр 7.064.200 /долоон сая жаран дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батлхагваас улсын тэмдэгтийн хураамж 127.977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА