| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0125/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/124 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эт холбогдох эрүүгийн 1925009020100 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр П.Б-рт холбогдох эрүүгийн 1925003550248 дугаартай хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-ыг үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл. /хх-н 12-22-р хуудас/
2. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хохирогчоор оролцсон Ч.Эт эрх, үүргийг нь тайлбарлан өгч хууль сануулсан баримт. /хх-н 11-р хуудас/
3. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... хэрэг гардаг өдөр нэг мэдсэн тасраад ирсэн унасан байсан.Өглөө босоод ирэхэд битүү цус болсон байсан.Багаа ахыг цохисон байна гэж бодсон. Гэртээ хариад тийм ойлголт өгсөн. Би сүүлд нь эмчилгээ хийлгээд гайгүй болоод автобусны буудлын тэнд хүнтэй зодоон хийж байснаа санасан. Багаа ах намайг цохиогүй. Би үнэн хэлж байна” гэсэн дүрс, дуу бичлэг. /хх-н 7-8-р хуудас/
4. Эрүүгийн 1925003550248 дугаартай хэрэгт Ч.Э хохирогчоор мэдүүлсэн ...“Нэг сэрсэн чинь би Багабаатартай маргалдаад маргалдаад сууж байсан. Гэтэл Б ах толгой руу сандлаар нэлээд хүчтэй цохьсон. Би хойшоо саваад унасан чинь уг сандлаараа миний нуруу руу нэг удаа цохиод мөн дээрээс ар нуруу руу дэвссэн. Ингээд толгойноос цус гараад байсан чинь М-У-г босоод толгой руу ус хийж өг гээд М-У миний толгой дээр ус хийж өгсөн. Гэтэл Багабаатар ах нь чамайг зодоогүй шүү чи шөнө гарч явчхаад зодуулчихсан орж ирсэн шүү тиймээ У гээд байсан. Багабаатар ахын насыг хүндлээд мөн гуйгаад байхаар нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг. /хх-н 34-36, 41-р хуудас/
5. Эрүүгийн 1925003550248 дугаартай хэрэгт С.Б-хын гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Мягмаржавынд байж байтал Ч.Э ах 15 цагийн үед ирсэн ба шүүх хурал чинь юу болов гэсэн чинь олигтой зүйл болсонгүй гэсэн. Улмаар Ч.Э ах архи уухуу гээд надад 10000 өгрөг өгөхөөр нь би дэлгүүр орж нэг шил архи аваад 2 шил архи уусан. Мягмаржавынд байхад Ч.Э надад 90000 төгрөг өгсөн. Ч.Этай 2 хоногийн дараа уулзсан чинь Багабаатар ах надад 300000 төгрөг өгсөн. Тэгээд би шүүх хурал дээр Багабаатар ахыг зодоогүй гээд хэлчихсэн чинь Багабаатар ахыг хориод хэргийг нь байцаалтанд буцаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-н 48-р хуудас/
6. Гэрч С.Б-дын “Хүү маань 2019 оны 5 сарын 16-ны өдөр өөрийн найз П.Багабаатар гэдэг залууд зодуулчхаад биедээ гэмтэл авч бэртсэн. Энэ хэргийн шүүх хурал 2019 оны 10 сарын 09-ний өдөр болсон юм. Тэгээд уг шүүх хурал дээр найз П.Б-рыг намайг зодоогүй, өөр хүн цохиж зодсон гэж худлаа ярьсан юм. П.Б нь дараа нь надад ярихдаа цохиж зодсон нь үнэн гэж хэлсэн. Яах аргагүй Ч.Э П.Б-т зодуулсан нь үнэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 49-50-р хуудас/
7. Гэрч Ч.М-вын “Ч.Э нь П.Б ахыг өрөвдөж байна. Энэ намайг бодвол настай хүн энэ хэргээс болоод шоронд явах гэж байна. П.Б-ыг шоронд явуулахгүй би мэдүүлгээ өөрчилнө. П.Б ахтай учраа олсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 51-52-р хуудас/
8. Гэрч П.Б-ын “Өөрөө л намайг зодоогүй гэж ярьсан, харин миний хувьд би цохиж зодсон гэдгээ хүлээсэн. Би Ч.Эт эмчилгээний зардал мөнгийг төлсөн учраас намайг шоронд явуулахгүй гэдэг үүднээс өөрөө албаар зодоогүй болгож худлаа ярьсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 98-99х/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Э нь П.Б-т холбогдох 1925003550248 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тухайн хэргийн шүүх хуралдаан дээр үнэн зөв мэдүүлэг өгөх баталгааны хуудсанд гарын үсэг зурсны дараа П.Б-т зодуулаагүй мэтээр худал мэдүүлэг өгсөн энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримт, шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.Б, СБ, Ч.М, П.Б нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 525 нэгжтэй тэнцэх 525 000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх шаардлагатай тул торгуулийн ялын 15 нэгжийг нэг хоногт шилжүүлэн 35 хоног буюу 1 сар 5 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 321 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Ч.Э нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул тэр өдрөөс хойших 8 хоногийг эдлэх ял нь оруулан тооцох саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “Гэм буруугийн хувьд гаргах дүгнэлт байхгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гаргасан. Үүнтэй холбогдуулан оногдуулах ялыг улсын яллагчтай санал солилцсон. 525 нэгжээр торгуулийн ял оногдуулах гэсэн саналыг шүүгдэгчийн хувьд зөвшөөрсөн байгаа. Өөр тусгайлан гаргах саналгүй байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хохирогчоор оролцсон Ч.Эт эрх, үүргийг нь тайлбарлан өгч хууль сануулсан баримт, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүгийн 1925003550248 дугаартай хэрэгт Ч.Э хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэл, Эрүүгийн 1925003550248 дугаартай хэрэгт С.Б-хын гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл, гэрч С.Б-дын “Хүү маань 2019 оны 5 сарын 16-ны өдөр өөрийн найз П.Б гэдэг залууд зодуулчхаад биедээ гэмтэл авч бэртсэн. Энэ хэргийн шүүх хурал 2019 оны 10 сарын 09-ний өдөр болсон юм. Тэгээд уг шүүх хурал дээр найз П.Б-рыг намайг зодоогүй, өөр хүн цохиж зодсон гэж худлаа ярьсан юм. П.Б нь дараа нь надад ярихдаа цохиж зодсон нь үнэн гэж хэлсэн. Яах аргагүй Ч.Э П.Б-т зодуулсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.М-вын “Ч.Э нь П.Б ахыг өрөвдөж байна. Энэ намайг бодвол настай хүн энэ хэргээс болоод шоронд явах гэж байна. П.Б-рыг шоронд явуулахгүй би мэдүүлгээ өөрчилнө. П.Б ахтай учраа олсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч П.Б-рын “Өөрөө л намайг зодоогүй гэж ярьсан, харин миний хувьд би цохиж зодсон гэдгээ хүлээсэн. Би Ч.Эт эмчилгээний зардал мөнгийг төлсөн учраас намайг шоронд явуулахгүй гэдэг үүднээс өөрөө албаар зодоогүй болгож худлаа ярьсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр П.Б-т холбогдох эрүүгийн 1925003550248 дугаартай хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа П.Б-т зодуулаагүй, автобусны буудал дээр бусдад зодуулсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Эыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдэх ялыг тогтоох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Э нь 8 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 525 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 525 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт оногдуулсан 525 000 төгрөгөөр торгох ялыг 1 сар 5 хоногийн хорих ялаар тооцон, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС