Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/126

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д холбогдох эрүүгийн 2025000980090 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Д нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 5-2 тоотод Х.Д, Г.Д нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Дыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ “мэдүүлэх зүйл байхгүй. Тухайн үед манай эгч Г.Д намайг дуудсан. Бид гурав хоёр шил архи уусан. Тэгээд согтоод ийм явдал болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Г.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Х.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие зодуулсанаас хойш биеийн байдал маш муу байна. Эмчид үзүүлж зөвлөгөө авсан боловч одоогоор сайжирсан зүйл алга. Даралт ихэсдэг болсон. Мөн баруун хөл явахдаа муу, зүүн гар юм барихдаа муу болсон. Би эмчилгээ хийлгэж байгаа тул Ч.Доос эмчилгээний зардал  500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Эм тарианы мөнгө 60 000 төгрөг болсон. Нийт 560 000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Х.Дийн ...”2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 13 цагийн үед манай эхнэрийн дүү Ч.Д манай гэрт ирсэн. Би гэртээ эхнэр Г.Дгийн хамт байсан. Манай эхнэр Г.Д дүүгээ ирлээ гээд дэлгүүрээс 2 шил архи авсан. Тэгээд бид гурав манай гэрт 2 шил архи хувааж уусан. Би тухайн үед их согтсон. Тэгээд нэг мэдсэн чинь Ч.Д манай эхнэр Г.Дг зодож байсан. Ч.Д манай эхнэрийн нүүр болон баруун гар, цээж рүү нь гараараа цохиж зодсон. Тухайн үед би согтуу байсан болохоор тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгээд байж байснаа Ч.Д намайг толгой руу маань олон удаа гараараа цохиж зодсон. Би Ч.Дод зодуулаад ухаан алдсан. Тэгээд би хэсэг байж байгаад сэртэл манай охин Өлзийбаяр ирчихсэн цагдаа дуудсан байсан. Миний толгой бага зэрэг өвдөж байгаа. Маргааш нь толгой ар өвөргүй их хавдсан байсан“ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/

 

2. Хохирогч Г.Дгийн ...”2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 13 цагийн үед манай дүү Ч.Д манай гэрт ирсэн. Гэрт нөхөр Х.Д байсан. Тэгээд бид гурав 2 шил архи хувааж уусан. Тэгээд бүгд согтсон. Тэгээд нэг мэдсэн чинь манай дүү Х.Д намайг нүүр болон баруун гар, цээжрүү маань гараараа цохиж зодсон. Тухайн үед би согтуу байсан. Дүү маань яагаад намайг зодох болсон гэдгийг би мэдээгүй. Нэг ухаан ороод санаж байхад манай дүү намайг зодохоо болиод манай нөхөр Х.Дийг зодсон. Намайг харж байхад Ч.Д манай нөхрийг газар хэвтэж байхад нь толгойруу нь гараараа цохиод байсан. Тэгээд би өөрийнхөө том охин Ө руу утсаар ярьж цагдаа дуудуулсан юм. Удалгүй цагдаа ирээд манай дүү Ч.Дыг аваад явсан. Миний биеийн байдал зүгээр. Ч.Д их согтсон байсан. Яагаад намайг зодох болсон гэдгийг би мэдэхгүй байна. Бид хоёр урьд нь муудалцаж зодолдож байсан асуудал байхгүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дүү бид хоёр одоо эвлэрсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай ...”Г.Дгийн биед тархи доргилт, нүүр, баруун гар, цээж, зүүн мөрөнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэсэн дүгнэлт. /хх-ийн 19-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаартай ...”Х.Дийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүүр, доод уруулын дотор талд, зүүн завьж, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн дээд хэсэгт цус хуралт, зүүн хацар, хамрын угалз, зүүн чихний дэлбээнд зулгаралт үүсчээ.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Дээд зүүн 2-р шүдний ганхалт тогтоогдсон нь хуучин гэмтэл байхаар байна. Зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүүр, доод уруулын дотор талд, зүүн завьж, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн дээд хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацар, хамрын угалз, зүүн чихний дэлбээнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Д, Г.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Г.Д хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогч Х.Д 560 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийгээ баримтаа бүрдүүлж Иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх саналтай байна. Мөн шүүгдэгч Ч.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Г.Дгийн “Ч.Д манай эхнэрийн нүүр болон баруун гар, цээж рүү нь гараараа цохиж зодсон. Тухайн үед би согтуу байсан болохоор тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгээд байж байснаа Ч.Д намайг толгой руу маань олон удаа гараараа цохиж зодсон. Би Ч.Дод зодуулаад ухаан алдсан. Тэгээд би хэсэг байж байгаад сэртэл манай охин Ө ирчихсэн цагдаа дуудсан байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Дгийн “Бид гурав манай гэрт 2 шил архи хувааж уугаад бүгд согтсон. Тэгээд нэг мэдсэн чинь манай дүү Ч.Х.Д намайг нүүр болон баруун гар, цээжрүү маань гараараа цохиж зодсон. Тухайн үед би согтуу байсан. Дүү маань яагаад намайг зодох болсон гэдгийг би мэдээгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Д нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 5-2 тоотод Х.Д, Г.Д архи ууж согтууран, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ч.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Дыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоон эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Х.Д, Г.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Х.Г.Д гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хохирогч Х.Д нь 560 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаа ирүүлээгүй боловч шүүгдэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул Ч.Доос гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого тодорхойгүй байх тул хохирол төлөх хугацаа тогтоох боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дод оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Доос 560 000 төгрөг гаргуулж, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын.Д -д 560 000 төгрөгийг олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС