Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/140

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Од холбогдох эрүүгийн 2025001190123 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.О нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16 дугаар байрны арын төв замын хашлага орчмоос Э.Бы гээгдүүлсэн самсунг А-50 загварын гар утсыг олж авч завшин 790 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Оыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ “Хэлэх зүйл байхгүй. Утас олоод хэрэглэж байсан. Завших зарах бодол байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Утсыг эзэнд нь буцаан өгсөн. Дахиж ийм асуудал болвол зохих байгууллагад мэдэгдэхийг ойлголоо” гэв.

 

Хохирогч Э.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Бы “... Солонго захын хойд талаас такси бариад Согоот багийн 6-16-р байрлуу орох уулзвар дээр буусан. Пирамид төвөөс дахин такси бариад Есөн-Эрдэнэ худалдааны төвийн хажууд буусан. Сүүлийн таксинаас буухдаа халаасандаа хийсэн байсан самсунг А-50 маркийн гар утсаа авах гэтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-н 8-9-р хуудас/

 

2. “Далай ван аудит” ХХК-ны шинжээчийн “...Самсунг А-50 маркийн гар утас 790000 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлт. /хх-н 13-18-р хуудас/

 

3. Үүрэн холбооны “Юнител” ХХК-ий албан бичиг, лавлагаа /хх-н 22-24-р хуудас/

 

4. Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. Гэрч О.О-оос гаргаж өгсөн 1. Ягаан өнгийн гэртэй цагаан өнгийн артай, хар өнгийн дэлгэцтэй А-50 маркийн 1 ширхэг гар утсыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /хх-н 10-11-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч О.О нь 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-14-р байрны ард талын төв замны хашлага орчимоос хохирогч Э.Бы алга болгосон утсыг олж авч өөртөө ашиглаж 750 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Үүрэн холбооны Юнител ХХК-аас гаргаж өгсөн албан бичиг, эд зүйл хүлээлгэж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. О.О нь гар тусыг олж аваад сими картыг нь гаргаж өөрийнхөө сими картыг хийж дуудлага хийсэн байдаг. Тиймээс бусдын гээгдэл эд зүйлийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Б-ы “таксидаж яваад сүүлийн таксинаас буухдаа гар утсаа шалгахад байгаагүй гэсэн мэдүүлэг”, эд зүйлийг үнэлсэн “Далай ван аудит” ХХК-ны  шинжээчийн дүгнэлт, Үүрэн холбооны “Юнител” ХХК-ий албан бичиг, лавлагаа, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч О.О-ын “Утас олоод хэрэглэж байсан. Завших зарах бодол байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Утсыг эзэнд нь буцаан өгсөн. Дахиж ийм асуудал болвол зохих байгууллагад мэдэгдэхийг ойлголоо” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.О нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16 дугаар байрны арын төв замын хашлага орчмоос иргэн Э.Бы гээгдүүлсэн самсунг А-50 загварын гар утсыг олж авч ашиглан 790000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч О.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Оыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлөгдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн үндэслэл тогтоогдож байх тул оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас Э.Бд 790 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд гээгдүүлсэн эд хөрөнгөө хүлээн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС