Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2017/00042

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт оршин суух, ЙС66061102 дугаарын регистртэй, Боржигин овогт Тогтоолын Баасанхүүгийн

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Баасанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Баасанхүү нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Баасанхүү миний бие нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Баасанхүү нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Баасанхүү нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 517 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Т.Баасанхүүд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригадын бүх гишүүдийн өмч хувьчлалын судалгааны хуулбар, нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас, гэрч Ч.Дайриймаагийн “...Би 1973 оноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Харин Т.Баасанхүүгийн хувьд 1983 оноос эхлэн “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. Хэдэн сард ажилд орсныг нь сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэл нь 4 бригадтай байсан бөгөөд Т.Баасанхүү бид хоёр 1 дүгээр бригад буюу хонины бригадад хамт ажилладаг байсан юм. Т.Баасанхүү нь Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оноос эхлэн анх ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа баярын бичиг авч байсан. Т.Баасанхүү нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригадад 1990 оныг дуустал ажиллаж байгаад нэгдлээсээ гарсан. Тухайн үед нэгдэл хувьчлагдсан юм. Т.Баасанхүү нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригдад 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Цэдэн-Ишийн “...Би бага наснаасаа эхэлж хонь хариулдаг байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оноос эхлэн хонь хариулж эхэлсэн. Т.Баасанхүүгийн хувьд гэвэл эцэг, эх хоёртойгоо мал маллаж байгаад “Энхтайван” нэгдэлд 1983 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригад чинь хонины баг бөгөөд 4 бригадтай байсан. Т.Баасанхүү бид хоёр 1 дүгээр бригад буюу хонины бригадад хамт ажилладаг байсан юм. Ихэвчлэн хонь малладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа баярын бичиг авч байсан. Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригадаас Т.Баасанхүү нь 1990 оныг дуустал ажиллаж байгаад нэгдлээсээ гарсан. Тухайн үед нэгдэл хувьчлагдсан юм. Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн 1 дүгээр бригдад Т.Баасанхүү нь малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох шүүхийн шийдвэр, архивын магадлагаа, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Боржигин овогт Тогтоолын Баасанхүүг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Тогтоолын Баасанхүүг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баасанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА