Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

   2020         07         27                                       2020/ШЦТ/503

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Даариймаа,

Улсын яллагч: Н.Пүрэвтогтох /томилолтоор/,  

Шүүгдэгч: Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010009300652 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мод боловсруулах дизайны мэргэжилтэй, ам бүл-2, ээжийн хамт ..../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын гадна талд Л.С-тай машинаа орцны үүдэнд угаалаа гэдгээс болж маргалдаж, улмаар түүний хоёр гараас базах, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын гадна талд Л.С-тай машинаа орцны үүдэнд угаалаа гэдгээс болж маргалдаж, улмаар түүний хоёр гараас базах, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Л.С-гийн хоёр гарын булчин хэсгээс нь базаад өөрөөсөө холдуулж түлхсэн. Энэ үед Л.С- хойшоо бөгсөөрөө газарт унасан. Л.С- босч ирээд өшиглөхөөр нь би хөлийг нь өөрийнхөө хөлөөр хаасан чинь баруун гуянд цохигдсон. Тэгтэл манай ах С- ирээд бид хоёрыг юу болоод байгаа юм бэ гэхэд манай ахтай маргалдаж байгаад манай ахын хацар руу нь алгадаж, хөл рүү нь өшиглөсөн. Би хохирогчид учирсан 80.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-43/.

 

Хохирогч Л.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр намайг 1036 дугаар байрны гадна талд Э.Б- цохиж зодсон. Б- байрны гадна машинаа угааж байхаар нь орцны үүдэнд угаахаа боль гэхэд миний шаардлагыг биелүүлэхгүй улмаар надтай маргалдаж миний хоёр гарын булчин хэсгээс хоёр гараараа барьж миний баруун хөл рүү 3-4 удаа өшиглөөд түлхэж унагаасан. Би босч ирээд Б-той маргалдаж байтал С- гэх залуу ирээд Б-ыг өмөөрч надтай маргалдаж байгаад миний зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний зүүн хөл рүү С- хөлөөрөө өшиглөснөөс болж зүүн хөл гэмтсэн” гэх мэдүүлэг/хх-9-12/

 

Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...намайг харж байхад манай дүү Б- Л.С-г хоёр гараас нь барьж байгаад түлхээд унагааж байсан. Намайг харахаас өмнө юу болсныг мэдэхгүй. Би Л.С-гийн баруун мөр рүү нь баруун гараараа түлхээд зүүн гуя руу нь зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Б- зүүн шилбэ рүү намайг харж байхад 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг/хх-13-14/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 5251 тоот дүгнэлтэд “...Л.С-гийн биед зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн ззрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-25-28/,

 

  1. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Л.С-гийн зүүн гуянд цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн бугалга, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-27/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

             Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5251/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Хэрэг учрал болсон өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Э.Б- нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын гадна талд Л.С-тай машинаа орцны үүдэнд угаалаа гэдгээс болж маргалдаж, улмаар түүний хоёр гараас базах, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Э.Б-ын хохирогч Л.С-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №5251 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч нь гомдол саналгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Э.Б-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч Э.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-од торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Э.Б-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Б-од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-од торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Э.Б-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН