| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00254/И |
| Дугаар | 00254 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00254
| 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2017/00254 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр багт оршин суух, РВ57030510 дугаар регистртэй, эрэгтэй, Хар дархад овогт Жамбийн Өлзийгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2017/00163/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цоодол нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Өлзий шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 оны 03 сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад эцэг Жамбий, эх Цэнд нарын хонин суурьт туслах малчин, хоньчноор ажиллаж байгаад 1975 оны 06 сарын 01-нээс цэргийн албанд татагдан 1978 оны 06 сарын 30-нд цэргээс халагдаж ирээд, 1978 оны 07 сарын 01-нээс мөн сумын “Соёл” нэгдэлд Хайсын 2 дугаар бригадад үхэрчин, хоньчноор 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан юм. 1973, 1974, 1978 онуудын зарим саруудын цалин хөлсийг аав, ээжийн болон гэр бүлийн хүмүүсийн нэр дээр бичиж байсан болон хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Иймд холбогдох баримт бичиг болон миний ажлыг сайн мэдэх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 1973 оны 03 сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл “Соёл” нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад хоньчин, туслах малчнаар, 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мөн “Соёл” нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад үхэрчин, хоньчноор ажиллаж байсан хугацааг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1948 онд төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 23-12 тоотод оршин суух, РВ48031013 дугаар регистртэй, Нохой овогт Чойгончигийн Цоодол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жамбийн Өлзий нь 4 дүгээр анги төгссөн бөгөөд 16 нас хүрээд нэгдлийн гишүүнээр элсэж 1973 оноос 1975 оны 5 дугаар сар дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн Хайсын бригадад эцэг Жамбий, эх Цэнд нарын хонин суурьт туслах малчин, хоньчноор ажиллаж байгаад, 1975 оны 6 дугаар сард цэрэгт яваад 1978 онд халагдаж ирсэн. Тэгээд тус нэгдэлдээ 1978 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хонь, үхэр маллаж байсан. Өөрийн нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон ба тухайн үед багийн дарга нь хурааж аваад өгөөгүй, тэгж байтал нэгдэл тараад алга болсон юм билээ. Ж.Өлзий одоо 2017 онд 60 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт орох юм.
Иймд Ж.Өлзийгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, хоньчноор, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Өлзий нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Өлзий нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, хоньчин, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Өлзийгийн 1973 оны 4 дүгээр сараас 1974 оны 3 дугаар сар хүртэл, 1978 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Баярсайханы “...Ж.Өлзий нь 1973 оноос 1975 онд эцэг, эхийн дэргэд туслах малчнаар Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд ажиллаж байсан. Тэгээд цэрэгт явж улмаар 1978 онд халагдаж ирээд мөн тус нэгдэлдээ 1978 оны 07 сараас 1989 оныг дуустал хугацаанд суурийн үхэрчин, хоньчин зэрэг ажил хийж байсан. Бид нэг фермд хамт ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... аав, ээж нь нэгдлийн содон мал малладаг байсан ба сургуулиас гараад нэгдэлд ажиллаж цэрэгт явах хүртлээ тасрахгүй ажиллаж байсан. Нэгдлийн үед цалин хөлсийг алаг цоог гаргачихдаг байсан юм билээ... би 1973 онд 4 дүгээр анги төгсөөд эцэг, эхийн дэргэд туслах малчнаар ажилласан. 1973 оны 05 сараас “Соёл” нэгдэл тарах хүртэл хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Нямдэлгэрийн “...Ж.Өлзий нь 1973 оны 01 сараас 1975 онд цэрэгт явах хүртлээ Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд ажиллаж байсан. 1975-1978 онд цэргийн алба хаасан. 1978 онд цэргээс ирээд нэгдэлд 1990 он хүртэл тасралтгүй үхэрчин, хоньчин хийж байсан. Бид 1975 онд цэргийн комиссоор хамт орж байсан. Би өвчний учир тэнцээгүй, Өлзий тэнцээд явж байсан... тасралтгүй ажиллаж байсан... 16 насанд хүрээд нэгдлийн гишүүний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр нээдэг байсан. 1978 оны намар халагдаж ирж байсан. 1978 оны 09 сараас ажилласан байх... Хөдөө мал дээр тасрахгүй ажиллаж байсан хүн... Би “Соёл” нэгдэлд 1974 оноос 1995 он хүртэл бригадад туслах ажилчин, тракторын жолоочийн 6 сарын курст сурж төгсөөд 1984 оноос тракторын жолоочоор 1990 он хүртэл ажилласан... нэг нутгийн, нэг голын хүмүүс учир Ж.Өлзийгийн талаар сайн мэдэх юм...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Ж.Өлзийгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, хоньчин, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Ж.Өлзийгийн ажилд орсон болон ажлаас гарсан тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Тус аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ж.Өлзийд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх бичилттэй 10/63 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэрэгт авагдсан бусад баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар дархад овогт Жамбийн Өлзийгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчин, хоньчин, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА