| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0121/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/142 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Ц.Д, Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1925008450085 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
2
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчийн багийн нутаг дэвсгэр 3-8 дугаар байрны гадна Е.Бийн нүүрэн тус газар барьж явсан цүнхээрээ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт.
2. Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчийн багийн нутаг дэвсгэр 3-8 дугаар байрны гадна Г.Эгийн хөл рүү нь хавсарч унаган баруун шилбэний дотор хавчаар ясыг нь хугалж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.3 сая төгрөг төлсөн. Жилийн дараа 1.8 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Үүнийг төлөөгүй. Төлнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Е.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Г.Э “Миний бие Канад улсад байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Цаашид миний эмчилгээ хагалгаанд орох зардлыг дээрх хүмүүсээс гаргуулж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 4-5-р хуудас/
2. Хохирогч Е.Бийн “..Г.Э бид 2 харих гээд явж байхад Төрийн банкны хажуугийн таксины зогсоол дээр хэдэн охидууд зогсож байсан. Г.Э хажуугаар нь гарахдаа “..яасан хөөрхөн охидууд вэ, миний дүү шиг охидууд байна..” гэх утга бүхий зүйл ярьсан. Би тухайн үед нилээн согтсон байсан бөгөөд “..та нар юу хийгээд зогсоод байгаа юм, гэртээ харьцгаа, биеэ үнэлэгч шиг зогсож байна..” гэж хэлсэн. Тэгсэн нэг охин нь ирээд намайг шууд алгадаад авахаар нь би зөрүүлээд алгадахад тэр охин газар унасан. Би шууд зам гараад 3-8 дугаар байрны хажууд ирсэн бөгөөд Г.Э хойно үлдсэн. Тэгсэн нөгөө охидууд миний араас ирээд намайг барьж аваад “..та яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм..” гээд тал талаас татаад байсан. Тэгээд байж байтал хаанаас ч юм 3 банди гарч ирээд, 2 банди нь намайг заамдаж аваад байшингийн хана руу түлхээд “..яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм..” гээд дайраад байсан. Тэгсэн нэг охин нь барьж явсан цүнхээрээ миний нүүр рүү маш хүчтэй цохисон бөгөөд миний хамраас цус гарсан. Энэ үед Г.Э араас ирээд “..яагаад олуулаа нэг хүнийг зодоод байгаа юм..” гээд куртикээ тайлаад нэг охиныг нь алгадаад авах шиг болсон. Надад гомдол, санал байхгүй, шүүх хуралд суухгүй..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/
3. Хохирогч Г.Э-гийн “..2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Богд гол” баарнаас гараад Бат-Оюун таксинд суугаад явсан. Е.Б бид хоёр 3 дугаар микрийн Төрийн банкны хажуугаар гараад явахад таксины зогсоол дээр хэдэн охидууд зогсож байсан. Би “..яасан хөөрхөн охидууд вэ, миний дүү нар шиг охидууд байна..” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгсэн Е.Б хажуу талаас “..та нар юу хийж зогсож байгаа юм..” гэсэн утгатай зүйл яриад тэр охидуудтай маргалдаад байсан. Тэгтэл нэг охин нь ирээд та юу гээд байгаа юм гээд алгадаад авсан бөгөөд Е.Б зөрүүлээд алгадсан уу, цохисон уу ямарч байсан гар хүрэхэд тэр охин газар унасан. Тэгээд Е.Б зам гараад зугтаахад хамт явсан охидууд нь Е.Бийн араас яваад 3 дугаар микрийн 8, 9 дүгээр байрны тэнд түүнийг барьж аваад тал талаас нь татаад байсан. Би араас нь яваад очсон чинь хаанаас ч юм 3 банди нэмэгдэж ирээд Е.Бийг барьж аваад “..та яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм..” гээд зодох гээд байсан бөгөөд нөгөө охидууд нь хажуугаас нь Е.Бийг цохиж аваад байсан. Миний уур хүрээд та нар яагаад олуулаа нэг хүн рүү дайраад байгаа юм гээд куртикээ тайлаад нэг охиныг нь алгадаж авсан. Тэгээд холдоод зугтаах гэсэн чинь нэг банди нь араас ирээд намайг хавсарч унагаасан. Газар унасан чинь миний баруун хөл шагай хэсгээрээ эвгүй болоод маш их өвдсөн. Би хөл хугарчихлаа гээд орилсон чинь нөгөө охид, банди нар зугтаад яваад өгсөн. Эмчилгээний зардалд 1 800 000 төгрөг гарсан. 1 жилийн дараа хадаасаа авхуулахад 1 800 000 төгрөг болно..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
4. Гэрч М.Б-ий “Зогсоол дээр зогсож байсан 5 охины хажууд 2 ах зогсож байсан бөгөөд тэдгээр охидуудын нэгийг нь нөгөө 2 ахын нэг нь алгадаад газар унагаагаад цаашаа зам гараад яваад өгсөн. Хамт явсан ах ард нь үлдсэн. Нөгөө охидууд зугтаад явсан ахын араас очоод бариад авсан. Ц.Д, П бид 3 араас нь “..яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм гээд..” очсон. Тэгтэл хойно үлдсэн ах хүрч ирээд намайг цохиод авсан. Ц.Д тэр ахыг надаас холдуулаад аваад явсан. Тэгсэн тэр ах дээгүүр хувцсаа тайлаад тэнд байсан нэг охиныг алгадаж аваад зугтаахад Ц.Д араас нь хөөсөн. Нөгөө ах газар унаад ёо ёо хөл гэх шиг болсон. Тэнд байсан нэг охин нь барьж явсан цүнхээрээ нөгөө ахын нүүр рүү цохисон чинь хамраас нь цус гарсан..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/
5. Гэрч Б.М-гийн “Зогсоол дээр байсан хоёр ахын нэг нь та нарт мөнгө хэрэгтэй юу, та нар биеэ үнэлдэг юм биш үү гэж хэлэхэд нь Б.Э та юу гээд байгаа юм гэж хэлээд тэр ахыг алгадаад авсан. Тэгсэн тэр ах Б.Эыг зөрүүлээд цохиж унагаад зам гараад яваад өгсөн. Бид нар араас нь очоод 3-9 дүгээр байрны гадна тэр ахыг барьж аваад та яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл хаанаас ч юм мэдэхгүй 3 банди гарч ирээд тэр ахыг бид нараас холдуулаад яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм гээд бариад зогсож байхад хойноос нь нөгөө ахтай хамт явсан найз нь ирээд нөгөө 3 бандийн нэгийг нь цохиод авсан. Тэгээд дээгүүрх хувцсаа тайлаад Х-ыг алгадаж унагаагаад цаашаа зугтаахад нэг банди нь араас нь хөөсөн чинь тэр ах газар унасан. Тэгээд хөл эвгүй болчлоо хугарчихлаа гэсэн. Би хавсраад унагачихлаа л гэж харсан. Харин Б.Э барьж явсан цүнхээрээ бид нарыг биеэ үнэлэгч гэж доромжилсон ахын нүүр рүү цохисон бөгөөд тэр ахын хамраас нь цус гарсан.. “ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
6. Гэрч М.Ж-гийн “Намайг цохиж аваад зугтсан ахыг нэг банди араас нь барьж аваад хавсраад газар унагасан. Тэгсэн тэр газар унасан ах хөл хугарчихлаа гээд байсан. Энэ үед Б.Э нөгөө нэг ахыг нь барьж явсан цүнхээрээ нүүр рүү цохиод авсан чинь хамраас нь цус гарсан.. “ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
7. Гэрч Б.Х-ын “Урагшаа зугтсан ахын араас нэг банди гүйгээд газар хавсарч унагахад хөл хугарчихлаа гээд байсан. Энэ үед Б.Э нөгөө ахыг нь та яагаад намайг цохиж байгаа юм гээд барьж явсан цүнхээрээ нүүр рүү нь цохиод авсан чинь хамраас нь цус гарсан..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
8. Гэрч Н Ө-ийн “Манай нөхөр Г.Э нь Канад улсын Монтериал хотод 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэд сургалтанд хамрагдахаар явсан. Enkhtuvshin Gurbazar гэсэн фейсбүүк хаягтай. Г.Эд гэмтэл учруулсан хүн 2 300 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/
9. Гэрч Б.Э-гийн “Би маргалдаж байсан хүмүүсээс жаахан зайтай зогсож байсан болохоор зарим зүйлийг анзаарч хараагүй. Болсон явдлаас хойш дүү Б.Э надад хэлэхдээ нэг залууг нь би цүнхээрээ цохисон. Харин сүүпд ирсэн танихгүй 3 эрэгтэйгийн нэг нь нэг залуугийнх нь хөлийг нь хугалчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 769 дугаартай ”..Г.Эгийн биед баруун шилбэний тахилзуур ясны дотор хавчаарын далд зөрүүтэй хугарал, баруун шилбэ, зүүн дээд зових, хамрын нуруу, баруун тохой, бүсэлхийд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, нэг шүдний титмийн эмтрэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Баруун шилбэний дотор хавчаар ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэсэн дүгнэлт. /хх-ийн 24-р хуудас/
11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 768 дугаартай "..Е.Бийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, хуйханд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/ болон яллагдагч нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-ийн 8, 9-р байрны орчим Ц.Д нь Э-гийн хөл рүү хавсарч унагааж баруун шилбэний дотор хавчаар ясыг нь хугалж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б-тын нүүрэн тус газар цүнхээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдож байна. Хохирогч нар бааранд байж байгаад согтуу гарч ирсэн. Гудамжинд зогсож байсан охидууд руу хандаж үг хэлснээс бол маргаан үүссэн байдаг. Ц.Д нь Б.Эыг өмгөөлж Г.Эгийн хөл рүү өшиглөж хүндэвтэр хохирол учруулсан. Б.Э нь Б-тийн нүүрэн тус газар гар цүнхээр цохиж хөнгөн хохирол учруулсан. Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд, шүүгдэгч Ц.Д-лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирогч Бэйбитийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Д-лын хувьд 4 000 000 төгрөг төлөхөөр Г.Э-тэй тохиролцсон байдаг. Одоогийн байдлаар 2 300 000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 1 700 000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Хохирогч нь 1 700 000 төгрөгийг цаашид гарах хагалгааны зардал гэж байгаа боловч хэрэгт ямар нэгэн байдлаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогч Г.Э нь нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх саналтай байна. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Д-лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Е.Бийн “Тэгсэн нэг охин нь барьж явсан цүнхээрээ миний нүүр рүү маш хүчтэй цохисон бөгөөд миний хамраас цус гарсан.” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Э-гийн “Тэгээд холдоод зугтаах гэсэн чинь нэг банди нь араас ирээд намайг хавсарч унагаасан. Газар унасан чинь миний баруун хөл шагай хэсгээрээ эвгүй болоод маш их өвдсөн. Би хөл хугарчихлаа гээд орилсон чинь нөгөө охид, банди нар зугтаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч М.Б, Б.М, М.Ж, Б.Х, Н.Ө, Б.Э нарын мэдүүлэг, хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 768 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 769 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Бая-Өндөр сумын Уурхайчийн багийн 8 дугаар байрны гадна Е.Бтэй маргалдан, нүүрэн тус газар барьж явсан цүнхээрээ бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчийн багийн 8 дугаар байрны гадна Г.Э-гийн хөл рүү нь хавсарч баруун шилбэний дотор хавчаар ясыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д, Б.Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлох баримтаар тогтоогдож байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас Е.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, Г.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Д нь 2 300 000 төгрөгийн хохирол төлсөн байна. Хохирогч Г.Э нь нэг жилийн дараа хөлийнхөө хадаасыг авахуулах хагалгаа хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн 1925008450085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Эыг
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ял, Б.Эод оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн 1925008450085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС