| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00257/И |
| Дугаар | 00257 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 00257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, РЙ62061511 дугаар регистртэй, Оросууд овогт Сэрээтэрийн Ганбаатарын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2017/00201/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч С.Ганбаатар нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1983 оноос 1995 оны 07 сар хүртэл ажиллаж байсан. “Гурван бадрах” хоршоо нь тус аж ахуйгаас трактор худалдаж авахад би жолоочоор хамт шилжин очиж байсан. Тэгээд 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан юм. “Гурван бадрах” хоршоо нь эмээлийн мод болон бусад төрлийн эд зүйл хийдэг байсан бөгөөд би эмээлийн мод уулнаас бэлтгэж авчрах болон бусад үйлчилгээнд явдаг байсан бөгөөд миний ажиллаж байсан баримтууд байхгүй, тус хоршооноос авах гэхэд татан буугдсан учир олдохгүй байна. Би өмнө нь шүүхээр Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгосон бөгөөд “Гурван бадрах” хоршоонд 1995 оноос 1997 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэвч одоо зөвхөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд 1995 оны 07 сарын 01-ний өдрөөс 1996 оны 02 сарыг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох
баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ганбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Ганбаатар Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Байгууллагын нэр: Тарилан САА, Дулаан хаан ХК, Гурванбадрах ХК, НД№7, НД№8 маягтын хэддүгээрт бичигдсэн: Регистрт дугаар РЙ62061511, ажилтны нэр: С.Ганбаатар, он: 1995 оны 7 дугаар сараас 1996 оны 8 дугаар сар хүртэл хугацааны шимтгэл төлсөн цалин, түүнтэй адилтгах орлогын бичилттэй” №144 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 он, 1996 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилттэй 0436076 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оны 2 дугаар сард “Гурван бадрах” хоршооны жолооч нарын хамт авахуулсан зураг, 1995 оны 7 дугаар сард “Гурван бадрах” хоршоонд тракторын хамт шилжин очих үед авахуулсан гэрэл зураг, тракторч машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч П.Чулуунбаатарын “... С.Ганбаатар бид хоёр 1995-1997 онд Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд хамт ажиллаж байсан. Би өмнө нь тус хоршоонд 1992 оноос ажиллаж байсан ба С.Ганбаатар нь 1995 оны 07 сард Тариалангийн Сангийн аж ахуйгаас шилжин ирсэн юм. Тракторын хамт ирж байсан... 1997 оны 07 сар хүртэл 2 жил хүртэл хамт ажиллаж байсан. Ганбаатар нь тракторын жолоочоор, би мужаан хийдэг байсан... Сангийн аж ахуйгаас ирээд тасралтгүй ажиллаж байсан. Тэр үеийн ДТ-50 трактор барьдаг байсан юм... Би Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд 1992 оноос 1997 оныг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж, монгол эмээл хийдэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Машбатын “...С.Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1994 оноос тус хоршоонд мужаанаар ажиллаж байсан юм. Эмээл хийдэг байсан. Тус хоршоо нь эмээл хийх үйл ажиллагаа явуулдаг байсан. С.Ганбаатар 1995 оны 07 сард манай хоршоонд трактортайгаа ирж ажилласан... Тэгээд бид 1996 оны 05 сар хүртэл хамт ажилласан... тэгээд би цэрэгт явсан... Тасралтгүй ажиллаж байсан... Би Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд 1994 оноос 1996 оны 05 сар хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд С.Ганбаатарын Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд
тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
С.Ганбаатарын ажиллаж байх хугацааны ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон цалин хөлсний баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “Тус аймгийн Тариалангийн “Гурван бадрах” хоршооны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул С.Ганбаатарт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/102 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “Тус сумын Мандал багийн иргэн Сэтээр овогтой Ганбаатарын “Гурван бадрах” хоршоонд 1995-1997 оны хооронд тракторчноор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, холбогдох баримт манай архивт байхгүй” гэх 3/144 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оросууд овогт Сэрээтэрийн Ганбаатарын Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Гурван бадрах” хоршоонд 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА