Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00260

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2017/00260

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багт оршин суух, РС58120516 дугаар регистртэй, эрэгтэй, Шар нохойт овогт Жайвайн Хүрэлбаатарын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2017/00224/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямхүү нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 6 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд хонь маллаж байгаад цэргийн албанд 1979 оны 06 сард татагдан явсан. 1982 оны 06 сард цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн хонь болон адуу маллаж байгаад нэгдэл тарж хувьчлал явагдах хүртэл хугацаа буюу 1991 оныг дуустал ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа бөгөөд миний нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт цалин хөлсний бичилт хагас дутуу бичигдсэн, зарим тамга, тэмдэг дарагдаагүй учир шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хоньчин, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Тагнуулын ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь хэлтэст нягтлан бодогч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 2-11 тоотод оршин суух, ЦА69083114 дугаар регистртэй, Хөх нохой овогт Жайвайн Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Хүрэлбаатар нь миний төрсөн ах бөгөөд тэрээр Цэцэрлэг сумаас ирэх боломжгүй байгаа учир би итгэмжлэлээр оролцож байна. Ж.Хүрэлбаатар нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оноос эхлэн цэрэгт явтлаа мал маллаж байсан. 1979 оноос 1982 онд Улаанбаатар хот Налайх дүүргийн 0132 дугаар ангид цэргийн алба 3 жил хаасан. 1982 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ хонь, адуу хариулж 1991 оныг дуустал хугацаанд ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болоход бичиг баримт нь шаардлага хангахгүй, бичилт дутуу, тамга тэмдэг дутуу байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ж.Хүрэлбаатарын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хоньчин, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Хүрэлбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

  Нэхэмжлэгч Ж.Хүрэлбаатар нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хоньчин, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн  Ж.Хүрэлбаатарын  1977 оны 11 дүгээр сараас 1978 оныг дуустал, 1982 оны 9 дүгээр сараас 1991  оныг дуустал хугацаанд  ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдлээс Жайваа Хүрэлбаатарт олгосон 1981 оны 01 сар, 1983 оноос 1991 оныг дуустал хугацааны цалин, хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Д.Цэнд-Аюушийн “...Ж.Хүрэлбаатар нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оны өвөл 10 сараас 1979 оны 06 сард цэрэгт явах хүртлээ хоньчин хийж байгаад цэрэгт явсан юм. 3 жил цэргийн алба хааж ирээд мөн тус нэгдэлдээ 1982 оны 07 сараас 1990 оныг дуустал хугацаанд хоньчин, адуучнаар... тасралтгүй ажиллаж байсан... Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1969 оноос нэгдэл тарах хүртэл тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батсүмбэрийн “...Ж.Хүрэлбаатар нь бага ангиас сургуулиас гараад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оны өвөл 10 сараас туслах малчин хийж төлөг маллаж байсан. 1979 оны 06 сард цэрэгт явтлаа ажиллаж байгаад 1979-1982 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн “Энх амьдрал” нэгдэлд 1982 оны 06 сарын 25-ны үеэс 1990 оныг дуустал хоньчин, адуучнаар... тасралтгүй ажиллаж байсан... Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1975-1980 онд малчин, шуудан зөөгч зэрэг ажил хийж байгаад 1980-1997 он хүртэл Цэцэрлэг сумын Хилийн цэргийн заставт малчин, ахлагчаар ажиллаж байсан... би хилийн заставт малчин байхдаа нэгдлийн малтай нийлүүлчихгүй малаа хариулдаг байсан... энэ үед Ж.Хүрэлбаатар нь ажиллаж л байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.  

Иймд Ж.Хүрэлбаатарын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хоньчин, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Ж.Хүрэлбаатарын ажилд орсон болон ажлаас гарсан тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “Тус аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдлийн даргын Б буюу боловсон хүчинтэй холбогдох тушаал манай архивт байхгүй тул Ж.Хүрэлбаатарт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх бичилттэй 10/102 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэрэгт авагдсан бусад баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар нохойт овогт Жайвайн Хүрэлбаатарын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх амьдрал” нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хоньчин, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА