Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

 

   2020         07           29                                       2020/ШЦТ/509

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дайриймаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Б.Б-т холбогдох эрүүгийн 1810009420590 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б-нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ш.Д-гаас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёота спасио маркийн автомашин 1.800.000 төгрөгөөр худалдана гэж 1.200.000 төгрөг, бэлнээр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс үлдэгдэл 300.000 төгрөг шилжүүлэн авч нийт 1.500.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б-нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ш.Д-гаас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёота спасио маркийн автомашин 1.800.000 төгрөгөөр худалдана гэж 1.200.000 төгрөг, бэлнээр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс үлдэгдэл 300.000 төгрөг шилжүүлэн авч нийт 1.500.000 төгрөг залилсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Д-гаас авсан 1.500.000 төгрөгийг Гансүхэд 2017 оны 11 дүгээр сард бэлнээр өгсөн гэж худал хэлсэн юм. Цагдаагаас айгаад мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Хохирогч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б- ах надад хэлэхдээ ахад нь З сая төгрөгөөр зарах гэж байсан Тоёота спасио маркийн автомашин байгаа чи машин сонирхож байгаа бол энэ машиныг 1.800.000 төгрөгөөр худалдаж ав гэхээр нь Б- ахын тэр залуугаас авсан 1.200.000 төгрөгөө авалгүйгээр нэмээд 300.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б- ахын эхнэр Халиунаагын дансанд шилжүүлсэн. Тэгээд машинаа авч чадахгүй асуухаар ах нь хөдөө байна, Эрээнд байна гэх мэтчлэн худлаа ярьж явсаар сүүлдээ мөнгө буцааж өгнө гээд утсаа авахгүй алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Гэрч Д.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б- ах надаас 700.000 төгрөг авчихаад өгөхгүй байна. Таны дансаар 300 мянган төгрөг авсан гэж хэлхэд би салаад олон жил болж байгаа болохоор хаана байгааг нь мэдэхгүй байна гэхдээ холбоод өгье гэж хэлсэн. Тэгээд Б-тай яриад Д гэх эмэгтэйтэй учраа ол гэхэд дараа нь уулзаад учраа олчихсон гээд хэсэг чимээгүй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 35/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

             Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б-нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ш.Д-гаас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёота спасио маркийн автомашин 1.800.000 төгрөгөөр худалдана гэж 1.200.000 төгрөг, бэлнээр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс үлдэгдэл 300.000 төгрөг шилжүүлэн авч нийт 1.500.000 төгрөг залилсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Б-нь хохирогч Ш.Д-д 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б-нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Б.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Б.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН