Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

 

   2020         08         04                                       2020/ШЦТ/521

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Мичидмаа,

Иргэдийн төлөөлөгч: Б.Тэгшбүрэн,

Улсын яллагч: Н.Пүрэвтогтох /томилолтоор/

Шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Т-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000471 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Т- нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Хан-...од 3 настай Г.Э-ын бэлэг эрхтэн рүү баруун гарын ядам хуруугаа хийж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насан хүрээгүй хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Агаа миний өмдийг тайлсан. Агаа намайг хэвтэж байхад өмд тайлсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийн эгч Л-ынд сүүлийн сар гаран хүүхдүүдийг нь харж амьдарч байгаа. Тэднийх ...од амьдарч байгаа. Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Юнителийн төв орж дугаар авах гээд Л- эгчийн дунд охин О-тай хамт өдөр 15 цагийн алдад гарсан. Би явахдаа 3 настай Э- гээд охиноо Л- эгчийн нөхөр Т-т үлдээгээд явсан. Т-  ах манай охин, бага хүүхдийн хамт гурвуулаа үлдсэн. Бид 2 гараад автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан чинь манай нөхөр Батмягмар залгаад би очоод аваад өгье, наад дугаар чинь миний нэр дээр байгаа  гэхээр нь би буцаад гэр лүүгээ явсан. Энэ хоёрын хооронд 10-15 минут орчим болсон. Тэгээд гэртээ яваад ортол зүүн талын орны урд газар гудсан дээр манай охин Т- ахын хамт хэвтэж байсан. Намайг ороход Т-ийн бандаашны резин дуугарч байсан. Би хэсэг хором гайхаад зогсож байхад манай охин босч ирсэн бөгөөд босч ирэхэд нь трико бандааш хоёр нь тайлагдсан байсан. Охин маань босч ирээд бандааш трико хоёроо өөрөө татсан. Энэ үед Т- ах мөн өндийгөөд гудсан дээр нүүр нь улайчихаад суугаад байсан. Би Т- ахад та арай ч дээ хоёрын хоёр охинтой байж ийм жаахан охиныг шүү дээ гэхэд нүүр нь улайчихаад юу ч хэлээгүй буруу хараад суугаад байсан. Тэгээд би охиноо аваад гарсан. Би ээждээ болсон зүйлийн талаар хэлсэн. Манай охин эмээдээ уйлаад “Агаа миний өмдийг тайлсан” гэж хэлж байсан. ...би охиныхоо коршокийг гэрийн гадаа тавьсан байсан. Т- ах охиныг шээлгэх гэж байсан бол өөрөө босоод гаднаас коршок авчрах ёстой биз дээ. Хамт хэвтэж байхдаа хэвтсэн чигтээ манай охины трико, өмдийг яах гэж тайлсан юм бол, тэглээ ч тухайн үед би тэр бүх зүйлийг хараад уурлаад та юу хийж байгаа юм бэ гэхэд нүүр нь час улаан болчихоод юу ч дуугарахгүй суугаад байсан. Би тэр үед охиноосоо юу болсон талаар асуухад “Агаа миний өмдийг тайлсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/ 

 

Насанд хүрээгүй гэрч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г- эгч түрүүлээд орсон би хашаандаа жоохон байж байгаад араас орсон. Намайг ороход Г- эгч гэрийн хаалганы тэр хавьд зогсож байсан, аав зүүн талын орны доор гудсан дээр сууж байсан. Тэгээд Г- эгч зогсож байгаад ааваас гар утсыг нь аваад гадаа гараад уйлаад нөхөртэйгээ яриад байсан. Тэр үед аав надад хандаж Э-ыг шээлгэх гэж байсан юм гэж намайг юу ч асуугаагүй байхад хэлж байсан үед Г- эгч орж ирээд аавд хандаж та ийм жоохон хүүхдийг болохгүй шүү дээ гэж хэлээд намайг хараагүй гэж бодоо юу гэхэд аав би тэгээгүй шүү дээ, би Э-ыг шээлгэх гээд л босгосон юм аа гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. ...Г- эгч надад хэлэхдээ “намайг ороход Э-ын өмд нь шувтарчихсан босож ирээд өмдөө татсан” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Насанд хүрсэн эрэгтэй хүн 3 настай хүүхдийн бэлэг эрхтэн рүү хурууны хумсны толиог тэр чигт нь оруулахад охин хальс урагдахгүй байх боломжтой. Мөн гэмтэл бэртэл үүсэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 54/,

 

Шүүгдэгч Х.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г- манай дунд охин О-ын хамт орж ирээд Юнителийн төвөөс сим карт буюу шинэ дугаар авна гээд гараад явсан. Г- явахдаа манай хүүхдийг харж байгаарай, бүсийг нь битгий тайлаарай, бүсийг нь тайлчихвал хашаанаас гараад байгаа шүү гэж хэлээд гэрийн зүүн хэсэгт газар гудсан дээр суулгаад бүсээр уяад орхиод явсан. Тэгээд тэр үед Э- охин бие засъя гэхээр нь би бүсийг нь тайлаад гарч бие засуулсан. Тэгээд манай хүүхэд Төмөрхишигтэй гадаа тоголж байгаад гэрт орж ирсэн. Э- охиныг орж ирэхээр нь би буцаагаад бүсээр уясан. Тэр үед манай хүү Төмөрхишиг нойр нь хүрээд унтаад өгсөн. Тэгээд Э-ыг унт гэсэн чинь за гэсэн. Ээжийнхээ цагаан үстэй цамцыг нөмөрч унтана гэхээр нь би тэр цамцыг авч өгөөд нөмрүүлсэн. Би Э-ын хажуугаар ороод хэвтсэн. Мөн нөгөө цагаан үстэй цамцыг нь хамт нөмөрч хэвтсэн. Хэсэг хэвтэж байсан чинь Э- агаа шээе гэхээр нь би триког нь бандааштай нь хамт хэвтэж байгаа чигээрээ тайлсан. Тэгтэл миний бэлэг эрхтэн боссон, тэр үед би өөрөө 2 охинтой шүү, ийм жоохон хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж болохгүй гэж бодсон, тэгтэл Г- гаднаас ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 73-83/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Х.Т- нь Хан-...од 3 настай Г.Э-ыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг нь далимдуулан хүч хэрэглэж 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед бэлэг эрхтэн рүү нь баруун гарын ядам хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

Насанд хүрээгүй хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Агаа намайг хэвтэж байхад өмд тайлсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г-гийн: “...гэртээ яваад ортол зүүн талын орны урд газар гудсан дээр манай охин Т- ахын хамт хэвтэж байсан. Намайг ороход Т-ийн бандаашны резин дуугарч байсан. Би хэсэг хором гайхаад зогсож байхад манай охин босч ирсэн бөгөөд босч ирэхэд нь трико бандааш хоёр нь тайлагдсан байсан. Охин маань босч ирээд бандааш трико хоёроо өөрөө татсан. Энэ үед Т- ах мөн өндийгөөд гудсан дээр нүүр нь улайчихаад суугаад байсан. Би Т- ахад та арай ч дээ хоёрын хоёр охинтой байж ийм жаахан охиныг шүү дээ гэхэд нүүр нь улайчихаад юу ч хэлээгүй буруу хараад суугаад байсан. Тэгээд би охиноо аваад гарсан. Би ээждээ болсон зүйлийн талаар хэлсэн. Манай охин эмээдээ уйлаад “Агаа миний өмдийг тайлсан” гэж хэлж байсан. ...би охиныхоо коршокийг гэрийн гадаа тавьсан байсан. Т- ах охиныг шээлгэх гэж байсан бол өөрөө босоод гаднаас коршок авчрах ёстой биз дээ. Хамт хэвтэж байхдаа хэвтсэн чигтээ манай охины трико, өмдийг яах гэж тайлсан юм бол, тэглээ ч тухайн үед би тэр бүх зүйлийг хараад уурлаад та юу хийж байгаа юм бэ гэхэд нүүр нь час улаан болчихоод юу ч дуугарахгүй суугаад байсан. Би тэр үед охиноосоо юу болсон талаар асуухад “Агаа миний өмдийг тайлсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/, насанд хүрээгүй гэрч Т.О-ын: “...Г- эгч түрүүлээд орсон би хашаандаа жоохон байж байгаад араас орсон. Намайг ороход Г- эгч гэрийн хаалганы тэр хавьд зогсож байсан, аав зүүн талын орны доор гудсан дээр сууж байсан. Тэгээд Г- эгч зогсож байгаад ааваас гар утсыг нь аваад гадаа гараад уйлаад нөхөртэйгээ яриад байсан. Тэр үед аав надад хандаж Э-ыг шээлгэх гэж байсан юм гэж намайг юу ч асуугаагүй байхад хэлж байсан үед Г- эгч орж ирээд аавд хандаж та ийм жоохон хүүхдийг болохгүй шүү дээ хэлээд намайг хараагүй гэж бодоо юу гэхэд аав би тэгээгүй шүү дээ, би Э-ыг шээлгэх гээд л босгосон юм аа гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. ...Г- эгч надад хэлэхдээ “намайг ороход Э-ын өмд нь шувтарчихсан босож ирээд өмдөө татсан” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан зааж зохицуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний учир биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг” гэж заасан ба бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэдгийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсаныг ойлгоно.” гэж хууль тогтоогч тайлбарласан боловч шүүгдэгчийн хохирогчийн бэлэг эрхтэн рүү нь баруун гарын ядам хуруугаа хийсэн үйлдлийн улмаас бага насны хохирогчийн биед гэмтэл, ул мөр тогтоогдоогүй, охин хальс гэмтэлгүй, бага насны хохирогчийн хувцаснаас цус, үрийн шингэний толбо, эр бэлгийн эс илрээгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчийн биеийн бэлэг эрхтэний гадна хэсэгт нэвтэрсэн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Х.Т-ийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Энэ гэмт хэргийн тухайд насанд хүрээгүй хохирогч Г.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Г- нар нь гэм хорын хохиролд тооцон, мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Х.Т-аас гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.  

Эрүүгийн хариуцлага:

Шүүх шүүгдэгч Х.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон.

Улсын яллагч шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч Х.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Т-ийг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Т-ийг 8 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Т-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Х.Т-ийн урьд цагдан хоригдсон 89 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Х.Т-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

  1.  Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН

 

ШҮҮГЧ                                            Б.БАТБОЛОР

                                                        

                                 ШҮҮГЧ                                           Х.ОДБАЯР