Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01138

 

Г.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00114 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 738 дугаар магадлалтай,

Г.Сын нэхэмжлэлтэй

ШУТСд холбогдох

ШУТСгийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Соос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, өмгөөлөгч З.Сүхбаатар, М.Бадрал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. Г.С нь ШУТСд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тус байгууллагад Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажил албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус сангийн захирлын 66 тоот тушаал гарч, түүнийг ажил албан тушаалаас чөлөөлж нягтлан бодогчоор томилсон. Энэхүү үйлдэл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Албан тушаал бууруулах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалт буюу ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзсэн. Гэтэл ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа алдаа дутагдал гаргаж ажлын хариуцлага алдаж байгаагүй. Ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан эсэхийг шалгах хяналт, шалгалт хийгдэж байгаагүй атал хөдөлмөрийн гэрээг цуцаллаа. Түүнчлэн тушаалын үндэслэл болж буй Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3.2, 3.3 дах зохицуулалтыг зөрчөөгүй. Иймд ШУТСгийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ШУТСгийн Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. Гэвч Г.Сыг албан тушаал бууруулах хууль зүйн хоёр үндэслэл байсан. Нэгдүгээрт: Хууль, дүрэм журмаар олгогдоогүй эрх мэдэл эдэлж бэлэн мөнгөний гүйлгээ хийж ажлын хариуцлага алдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон. Иймээс тушаал бууруулан өөр ажил албан тушаалд томилсон. Зөвхөн мөнгө, эд хөрөнгө хариуцсан няравд бэлэн мөнгө хариуцахыг зөвшөөрсөн байдаг. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 3.2 дахь хэсэгт "Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн, эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ, 3.3 дахь хэсэгт "Кассын нярав нь мөнгөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөж ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай баталгаа гаргаж өгнө", Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэг "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэх заалтуудыг ноцтой зөрчсөн тул албан тушаалаас бууруулж нягтлан бодогчоор томилон ажиллуулж байгаа. Нярав байсаар байхад хууль дүрэм журмаар олгогдоогүй эрх мэдэл эдэлж няравын үүргийг гүйцэтгэж хэд хэдэн гүйлгээг бэлэн мөнгөөр хийсэн нь баримтаар тогтоогдсон. Хоёрдугаарт: нэхэмжлэгч тухайн ажил, албан тушаалд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийг тушаал бууруулж ажилд томилсон тушаал нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Харин Г.Со нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл хоног хугацаагаа гүйцээх тухай хүсэлтийг гаргасан. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр хүсэлтийг бүртгэлд авч, амралтыг олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00114 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар ШУТСгийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар "Тушаал бууруулан ажилд томилох тухай" тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Сийг Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ШУТСгаас 4 303 511 /дөрвөн сая гурван зуун гурван мянга таван зуун арван нэгэн/төгрөгийг гаргуулж Г.Сод олгож, ШУТСд Г.Сийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Со улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч ШУТСгаас 154 006 /нэг зуун тавин дөрвөн мянга зургаан/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 738 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч ШУТС нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ” хэмээн дүгнэсэн байдаг. Шүүхээс энэхүү дүгнэлтийг хийхдээ талуудын тэгш байдалд үндэслээгүй, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүйгээр энэхүү дүгнэлтээ хийж үндэслэж эцэст нь шийдвэрээ гаргасан гэж үзэж гомдолтой байна. 2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хариуцагч ШУТС нь Г.Сод албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь ШУТСгийн захирлын 2017.09.11-ний өдрийн 66 тоот тушаалын агуулга, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна” гэж тусгажээ. Бидний зүгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбаруудад энэ талаарх бодит хийгээд хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлаж хэлсэн. Гэтэл шүүх ажил, албан тушаалаас нь хууль зүйн үндэслэлгүй бууруулж, хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж үндэслэсэн байна. Тодруулбал: Бид хуульд заасан үндэслэл журмын дагуу халах үндэслэл бүрдсэн учир халах гэж байсан ба өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаал бууруулсан гэдэг тайлбарыг мэдүүлсэн боловч хариуцагчийн тайлбараар ажил албан тушаалаас нь бууруулсан нотлогдож байна мэтээр дүгнэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. 3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын “сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах” гэсэн шийтгэлийн төрөл байхаар зохицуулсан байтал Г.Сод “Албан тушаал бууруулах” гэж хуулиар зохицуулаагүй сахилгын шийтгэл ногдуулсан ШУТСгийн захирлын 2017.09.11-ний 66 тоот тушаал бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн тушаалыг дээр дурьдсанчлан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу албан тушаалаас нь бууруулсан бөгөөд бидний зүгээс үүнтэй холбоотой нотлох баримтуудыг, мөн өөрийнх нь гаргасан зөрчлүүдтэй холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан агуулга хэлбэрийн шаардлагыг нь хангаж шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх үүнийг зохих журмын дагуу үнэлэлгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хууль бус аман тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болгож тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг хэт нэг талыг барьж хийсэн. Өөрөөр хэлбэл бидний зүгээс тухайн тушаалын хууль зүйн үндэслэл болсон үйл явдалд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн боловч огт үнэлэлгүй шийдвэрийг хэт талыг барьж гаргасанд харамсаж байна. 4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хариуцагч ШУТС нь Г.Сог”ажил олгогчийн итгэлийг алдсан ямар буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан”-ыг хуулийн болон хөндлөнгийн санхүүгийн байгууллагын хяналт, шалгалт мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогоогүй байна”, “Нэхэмжлэгч Г.Со “бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн” гэх үйлдлийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэснийг мөн л хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс үүнтэй холбоотой нотлох баримтууд болох ажил хүлээлцэх үеийн холбогдох актаар нэхэмжлэгч Г.Со нь бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хяналтын шалгалтын тухайд хяналт шалгалт явуулах гэтэл холбогдох тайлбар, бусад бичиг баримтуудыг гаргаж өгөлгүй зугтаасан зэрэг үйл явдал, бодит нөхцөл байдлуудтай холбоотой бичгэн нотлох баримтууд байсаар байтал шүүх харгалзаж үзэлгүй нэхэмжлэгчийн хууль бус тайлбараар асуудлыг шийдэж асуудалд хууль ёсны хийгээд бодитой хандаж чадаагүй гэж үзэж гомдолтой байгаа болно. 5. Түүнчлэн хариуцагчийн зүгээс хангалттай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөн, шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэх явцдаа нэг бүрчлэн нотлох баримтуудыг тулгаж, хэлэхэд шүүх огтхон ч авч хэлэлцэлгүй асуудалд хэт нэг талын нөхцөл байдлуудыг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй хэмээн тус тус гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

ШУТСд холбогдуулан албан тушаал бууруулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн Г.Сын нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Ажил олгогчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар тушаалаар Г.Сийг санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, нягтлан бодогчоор томилсон ба ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан...” гэсэн үндэслэл заажээ. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцсэн байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын зайлшгүй шаардлага, сул зогсолт, ажилтны эрүүл мэнд, эсвэл өөрийн хүсэлтээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийг өөр ажилд томилсон  ажил олгогчийн тушаал нь ажилтан сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлд тулгуурласнаас үзвэл сахилгын шийтгэл ногдуулсан агуулгатай, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна. Түүнчлэн шүүх ажилтны зөрчил гаргасан гэх байдал, мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон эсэх зэрэг зохигчдын мэтгэлцсэн асуудлаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд  хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн зүгээс ногдуулах сахилгын шийтгэлийн хэлбэрийг хуульчилж өгсөн бөгөөд уг хуульд заагаагүй шийтгэлийг ногдуулсан буюу “албан тушаал бууруулсан” нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болно.

Иймд “...ажилтан өөрөө хүсэлт гаргасан учир албан тушаалыг бууруулсан, ажилтны зөрчил гаргасан талаарх нотлох баримтыг шүүх зөв дүгнэж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах...” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр   сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00114 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 738 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

   ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА