Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103

 

        Э.Э, Л.А, Ж.Б нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Ганзориг,

            шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч Т.Баасанжаргал,

            шүүгдэгч Л.А-н өмгөөлөгч Б.Тэнгис,

            шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,   

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Э, Л.А, Ж.Б нарт холбогдох 201626012167 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш овгийн Э-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “А М” дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт ..... дүүргийн 3 дугаар хороо, ......-... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

2. Б овгийн Л-ын А, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эцэг, эгч, дүү нарын хамт .............. дүүргийн ........ дугаар хороо, ................ тоотод оршин суух,

... дүүргийн шүүхийн 20.. оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ........../;

3. Т овгийн Ж-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ......... дүгээр гудамжны ... тоотод оршин суух,

....... дүүргийн шүүхийн 20.. оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 159 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД: .............../;

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.А-тай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц..." төвийн орчим шалтгаангүйгээр Б.Д-г нүүр болон толгой руу нь гараараа цохиж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц..." төвийн орчим Б.Д-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, шалтгаангүйгээр Б.Д-н толгой болон нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, гавал тархины гэмтэл учруулан хүнийг алсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Л.А, Ж.Б нартай бүлэглэн зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц..." төвийн орчим шалтгаангүйгээр Б.Д нарт хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Э-тай бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цогт" төвийн орчим шалтгаангүйгээр Б.Д-г зодож нүүр болон толгой руу нь гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж улмаар Ж.Б-той бүлэглэн Б.Д-тэй хамт явсан Д.Н-г шалтгаангүйгээр зодож нүүр болон толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөн зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Э.Э, Ж.Б нартай бүлэглэн зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц..." төвийн орчим шалтгаангүйгээр Д.Н, Б.Д нарт хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Л.А, Э.Э нартай бүлэглэн зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц...." төвийн орчим шалтгаангүйгээр Д.Н-д хүч хэрэглэж, өдөөн турхирч олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.А-тэй бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгино хайрхан дүүргийн   19   дүгээр   хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц.." төвийн орчим Д-тэй хамт явсан Д.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Э-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.А, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Ж.Б нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч З.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүний "бүлэглэн" гэснийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э-г хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, шүүгдэгч Л.А-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн  зөрчиж,  бусдад  хүч  хэрэглэж,  олон  нийтийн  амгалан  тайван  байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж. түүнд холбогдох тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жил хорих ялаар, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар, Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 14 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Э-н эдлэх 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.Алтангэрэлийн эдлэх 01 жил 02 сар хорих ял, Ж.Б-н эдлэх 01 жил 01 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э-н цагдан хоригдсон 424 хоног, шүүгдэгч Л.А-н цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч Ж.Б-н цагдан хоригдсон 43 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, хохирогчийн төлөөлөгч Д.Б-д гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Э-с нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг "Сиди"-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал нь үлдээж, цагаан өнгийн өмдийг шүүгдэгч Э.Э-д, энгэртээ шоон хээтэй ноосон цамц, хар өнгийн майк, хар өнгийн юүдэнтэй цамц, саарал өнгийн өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн пүүз нэг хос зэргийг шүүгдэгч Л.А-д тус тус буцаан олгож, хохирогч Д.Н-н шар өнгийн фудволк, хөх өнгийн саравчтай малгай, энгэртээ цагаан өнгийн хөндлөн судалтай хар өнгийн биеийн тамирын цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн пүүз 1 хос, талийгаач Б.Д-н өмсөж явсан хар цагаан саарал өнгийн судалтай ноосон цамц, саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн суран тэлээ, саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн пүүз, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмынх нь дагуу устгаж, шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны орой танхайрсан гэх үндэслэлээр мөрдөн байцаагч Ууганбаатар уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор Дэлгэрдалай нар Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, эрүүгийн хэрэг үүсгэж 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие уг хэргийг хараад зогсож байсан. Мөн хохирогч гэх Н нь баруун гартаа том чулуу барин А рүү далайж цохих гэж байгааг хараад гүйж очиж чулууг нь авч хаяулж, хэрэлдэж муудалцаад хэрэггүй гэж салгасан юм. Тэгээд намайг салаад явахад тэр хоёр хоорондоо цохилцож, зодолдоогүй, уг хоёрыг салгаад цааш явж байгааг камерийн бичлэг тод харуулдаг юм. Би уг залууг А зодно гэж огт санаагүй. Анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа гэм буруугийн маргаантайгаас тэнсэх боломжгүй гэсэн. Би уг хэрэгт ямар нэг байдлаар оролцоогүй учир уг хэргийг хүлээгээгүй юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Б өмгөөлөгч Ч.Болдбаатар давж  заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.    Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцсэний дараа шүүгдэгч Ж.Б-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэхүү гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2-д заасан заалтыг зөрчсөн. Энэ талаар өмгөөлөгч миний бие шүүх хурлын баримтад тэмдэглэн үлдээсэн. Шүүхээс гэм буруутайд тооцсон талаар тодруулж асуухад ерөнхий байдлаар "олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж тайлбарласан ба Б-ын ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцсон үндэслэлийг тайлбарлаагүй. Энэ мөн шүүхийн шийтгэх тогтоолд ерөнхий бөөндсөн байдлаар бичигдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаар шүүх Ж.Б-ын хувьд гэм буруутай эсэхэд нь өөрөө ч эргэлзээтэй байгаагаа нотолж "Хохирол төлбөрийн тухай"-д гэсэн хэсэгт - Ж.Б бусдад төлөх төлбөргүй, мөн түүнийг гэм буруугийн хувьд маргаантай гэж дүгнэсэн байна. Энэ хоёр дүгнэлтийг авч үзвэл

-Ж.Б бусдад төлөх төлбөргүй нь бусдад ямар нэг хохирол, гэм хор учруулаагүйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл Б-ын үйлдлийн улмаас хэн нэг этгээд хохироогүй, шалтгаант холбоо үүсээгүйг нотолсон байна.

- Ж.Б гэм буруугийн хувьд маргаантай гэсэн нь шүүх Б-ыг яг ямар үйлдэл хийсэн нь гэм буруутай гэж үзсэнээ тодорхойлж чадаагүй, эргэлзээтэй байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл маргасан, маргаж байх тул гэж дүгнээгүй. Мөн энэхүү бичвэрийг үг, үсгийн алдаа гэж дүгнэх боломжгүй байна.

 2. Шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх заалттай нийцэхгүй байна. Үүнд:

1: Энэ хуульд гэм буруутайд тооцох хэсэгт тусгах ёстой байна. Гэтэл Ж.Б-ын яг ямар үйлдэл нь гэмт үйлдэл болж байгаа, бүлэглэн хамтарч оролцсон гэж үзэж байгаа бол гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч, зөрж гүйцэтгэгчийн хэн нь болж байгаа хэлбэр нь тодорхойгүй ойлгомжгүй, ялгаж тодорхойлоогүй, хоорондоо зөрүүтэй баримтын алийг үндэслэл болгож ямрыг нь үгүйсгэж байгааг заагаагүй нь хуульд нийцэхгүй байна…

Мөн гэмт үйлдэл дууссаны дараах үйл явцыг гэрчилсэн хоорондоо зөрүүтэй гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан ба үүнийг ашиглан, шүүгдэгчийн эсрэг нотлох баримт болгохдоо хэрэгт ямар хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэж байгаа талаас нь дүгнэлгүй орхисон байна.

 2. гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд иргэдийн төлөөлөгч Ж.Б-ыг гэм буруугүй байна гэж дүгнэсэн байхад түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэл огт хийсэнгүй.

3. "... хууль зүйн дүгнэлт" гэсэн хэсэгт "шүүгдэгч нарт холбогдох .... эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд ...гэрч нар илтэд худал мэдүүлсэн...үндэслэл нотолгоо тогтоогдсонгүй" гэсэн дүгнэлт нь Ж.Б-ын хэрэг үйл явдал болж өнгөрсний дараа буцаж явж байх үед хэлсэн үгийг өөр өөрөөр мушгин хэлсэн гэрч Л.О, Д.Г нарын зөрүүтэй мэдүүлэг, гэрч Л.Н, М.М нарын худал буюу бодол таамгаа хэлсэн мэдүүлэг нь бодит байдлыг тусгасан видео бичлэгээр няцаагдаж байгаа ба давхар гэрч Г-н мэдүүлгээр, мөн насанд хүрээгүй гэрч М.М-ийн өөрийнх нь "...Б гэх залуу хажууд хараад зогсож байсан" гэх мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлгээр Б ямар нэг байдлаар хамтран оролцсон, хамжсан зүйл үгүйсгэгдэж, няцаагдаж байхад шүүх болсон үйл явдлыг урвуугаар нь болгож, цаг хугацааны байрыг сольж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь нотлогдож байна.

Шүүх Ж.Бямбацогтын хийсэн хоёр үйлдлийг гэм буруутай гэж үзсэн байх гэж ойлгогддог.

Нэгд: Н-ийн гараас чулууг салгасныг. Хэрэв чулууг авч хаяагүй, салгаагүй бол Нямсүрэн хохирогч бус хэрэгтэн болох А хохирогч болох нөхцөлөөс, нөгөө талаар аргагүй хамгаалалт буюу бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоог зогсоосон үйлдэл хийсэн байдаг.

Хоёрт: хэрэг үйл явдал болж өнгөрсний дараа буцаж явж байх үед хэлсэн үг. Энэ нь гэмт үйл явдал төгссөний дараа яригдсан асуудал байдаг ба гэрч нар хүч оруулан зөрүүтэй мэдүүлснийг нотлох баримтад тооцож үнэлсэн бололтой... Б-ын үйлдлийг хуульд нийцүүлэх бус хуулийг Б-ын үйлдэлд нийцүүлэх гэж оролдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйл "Бусдыг амь биед нь аюултай нөхцөл байхад нь тусламж үзүүлэхгүй байх", мөн хуулийн 181 дүгээр зүйл " Танхайрах" 181.2.5 бүлэглэж үйлдсэнээр, мөн 246 дугаар зүйл " гэмт хэргийг үл мэдээлэх", одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлийн 1 "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" мөн хуулийн 11.6 дугаар зүйл "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" зэрэг энэ олон зүйл ангиар шийтгэх гэж улсын яллагч яллаж байсан нь хуулийг ойлгож мэдэхгүйдээ бус хувийн байдлаар хэрэгт хандан Б-ыг ямар нэг байдлаар буруутгах гэж оролдсон байгааг илэрхийлсэн явдал гэж үзэхээр байдгийг анхаарах нь чухал байна.

Шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарын хэн аль нь өөрсдийн "нийгмийн хэв журмыг зөрчсөн, бусдад хүч хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан"-д хамаарах үйлдлийг таслан зогсоох, болиулахад чиглэгдсэн үйлдэл огт хийгээгүй, эсрэгээр зөрж хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдынхаа хууль бус гэмт үйлдлийг нь дэмжих буюу өөрийгөө хамгаалах гэсэн хохирогчийн үйлдлийг зогсоох, түүнчлэн гэмт үйлдлээ зогсоохыг шаардсан хөндлөнгийн иргэдийн үгийг үл тоох, эсэргүүцэн элдвээр хэлэх зэргээр "гэмт санаа"-ны хувьд санаатай нэгдсэн байх тул "олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ гэжээ. Энэхүү бичигдсэн зүйл нь хэрэгт холбогдож буй этгээдүүдийн үйлдлийг бөөнд нь хамруулан ялгаж салгаагүй нь дээр дурдсан хууль зөрчсөн. Нөгөө талаар үргэлжлүүлээд "..харин шүүгдэгч Э.Э-ийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт Л.А, Ж.Б нар, шүүгдэгч Л.А-ийн үйлдсэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт Э.Э, Ж.Б нар тус тус хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй" гэж дүгнэсэн нь Бямбацогт аль ч хэрэгт оролцоогүйг нь нотлон өгч дээр дурдсан зүйлээ үгүйсгэсэн зөрчилтэй дүгнэлт хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл "Шударга ёсны зарчим" 3 хэсэгт заасан "... эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн "Шүүгдэгч нар бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн явцад ...Э ...хүнийг алах, А... хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус зөрчиж гүйцэтгэж үйлдсэн болох нь тогтоогдсон" гэж дүгнэсэн нь тухайн үеийн үйл явдлын байрыг сольж, холбогдогч этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт гаргасан. Хэргийн бодит байдал дээр Э, А нар бусадтай маргаж гэмт үйлдэл болж улмаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх нөхцөл дараалал байж болох талтай. Гэтэл энэ этгээдүүд эхлээд олон нийтэд хандаж, амгалан тайван байдлыг алдагдуулаад дараа нь өөр гэмт хэрэг үйлдсэн болж байна. Энэ үед Ж.Б эхнээс нь оролцоод байсан мэт ойлгуулж төөрөгдүүлсэн байдлаар бичсэн байна. Ж.Б-ын хэрэг дууссаны дараа бусдын хэлсэн үгтэй холбогдуулж хэлсэн үгийг "...эсэргүүцэн элдвээр хэлэх зэргээр гэж гэмт санаа"-ны хувьд санаатай нэгдсэн гэж үзэж дүгнэсэн юм шиг байна… Энэ дүгнэлтийг авч үзвэл онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгтгэн нэг болгож, бусад баримтаар үгүйсгэгдэж байгаа үндэслэлийг заахгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхгүй, төсөөтэй хэрэглэж хууль ёсны зарчмыг алдагдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.  

            Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Э.Э-ийн үйлдлийг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэж хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн. Биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж гэдгийг нотлох баримтаар тогтоож чадаагүй атлаа энэ зүйл, хэсэгт зааснаар зүйлчилсэнтэй санал нийлэхгүй. Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэслэж хүнд хэмжээний согтолттой гэж үзсэнийг ойлгож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулж, гэм буруутайд тооцсон. 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг шинэ хуулийн үед шийдвэрлэгдэж байгаа бөгөөд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хөнгөн ялыг хүндэд нь багтаах ойлголт байхгүй болсон учир энэ хэсэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэвч энэ хүсэлтийг авч хэлэлцээгүй. Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү. Мөн Э.Э-ийн хувийн байдлыг харгалзан үзэж, 15 жилийн хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэмд болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Л.А-н өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.А-н хувьд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүрс бичлэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан дүрс бичлэгээс харахад Ж.Б нь Л.А, Э.Э нарын бусдад хүч хэрэглэж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох ямар нэг үйлдэл хийдэггүй. Хохирогч зодуулаад чулуу бариад өөрийгөө хамгаалах гэхэд тойрч очиж гараас нь барьж байхад Л.А нь хохирогчийг хавсарч унагааж байгаа. Ж.Б нь өөрөө хүч хэрэглэхгүй байгаа ч үйлдлээрээ нөгөө хоёр хүнээ дэмжээд байгаа. Насанд хүрээгүй гэрч М-ийн “миний сонссоноор тэр хавьд явж байсан хүмүүс “болиоч ээ” гэж орилоход ногоон десант хувцастай залуу та нарт хамаагүй гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Хүмүүс болиулах гэхээр Ж.Б эсэргүүцэж байгаа. Гэрч О-н “ногоон өнгийн хүрэмтэй залуу тэр хавьд байсан хүмүүс рүү “та нар дуугүй байгаарай, араа мэдэж яваарай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г-н “тэр үед Ж.Б нөгөө хоёрынхоо хажууд хараад зогсож байсан. Э.Э, Л.А, Ж.Б нар миний урдуур гараад урагш явахад нь би “та нарын зодсон хүн хөдлөхгүй байна” гэж хэлэхэд “хөгшин зөнөг минь, амаа мэдэж яваарай” гэж хэлсэн” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Дээрх мэдүүлэг болон дүрс бичлэгээс харахад Ж.Б урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ санаатай нэгдээд байгаа болох нь харагдаж байна. Гэрч нар болиулах гэхэд хорьж байгаа. Хохирогчийг биеэ хамгаалах гэхэд нь чулууг нь барьж байгаад Л.А-р хавсруулж унагаасан. Энэ үйлдлийг танхайн гэмт хэрэгт санаатай нэгдсэн буюу бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Ж.Б нь найзынхаа амь насыг аврах гэж чулууг нь булаасан гэдэг. Хоёр найзынхаа хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоосон бол хохирогч Д гэх хүн амьд байх ёстой байсан. Танхайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, тухайн үйлдлийг зогсоогоогүйн улмаас хүн нас барсан байна. Ж.Б-д оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 1-ээс 5 жил хүртэл хорих ялтай. Ж.Б-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Биеэ хамгаалж чадахгүй байсан гэдгийг мэдсээр байж гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байгаа. Хоёр хохирогч нь тухайн үед гуйвсан байдалтай, биеэ авч явах чадваргүй байсан нь камерын бичлэгээс харагддаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Л.А, Ж.Б нарын ялыг нь хүндрүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

                                                              ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Э.Э, Ж.Б, Л.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Э нь согтуугаар Л.А-тэй бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц…" төвийн орчим, шалтгаангүйгээр Б.Д-г нүүр болон толгой руу нь гараараа цохиж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Б.Д-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, шалтгаангүйгээр Б.Д-н толгой болон нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, гавал тархины гэмтэл учруулан хүнийг алсан,

мөн Л.А, Ж.Б нартай бүлэглэн, согтуугаар, нийтийн хэв журмыг зөрчиж, шалтгаангүйгээр Б.Д, Д.Н нарт хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Шүүгдэгч Л.А нь согтуугаар, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц.." төвийн орчим шалтгаангүйгээр Б.Дашцэрэнг зодож нүүр болон толгой руу нь гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, улмаар Б.Д-тэй хамт явсан Д.Н-г шалтгаангүйгээр зодож, нүүр болон толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөн зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн согтуугаар Э.Э, Ж.Б нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, шалтгаангүйгээр Д.Н, Б.Д нарт хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

Ж.Б нь согтуугаар Л.А, Э.Э нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, шалтгаангүйгээр Д.Н-д хүч хэрэглэж, өдөөн турхирч олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Н-н “...Би 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ очсон. Тэр өдөр машин ирээгүй учир ямар нэгэн юм ачаагүй. Өдөр 13 цагийн үед талийгаач Б.Д-ийн хамтаар ажлаасаа гарч дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн архи аваад 62 дугаар сургуулийн хойд талын сагсны талбайд очиж хувааж уусан. Архи дууссаны дараа талийгаач бид хоёр дахиж архи уухаар болж, надад байсан мөнгөөр 0.33 литрийн Хараа архи авч байрны гадаа уусан. Архи дууссаны дараа бид хоёр нэлээд согтсон бөгөөд 17 цаг өнгөрөөгөөд харих гээд “Ц...” худалдааны төвийн хажуугаар өнгөрч явтал араас 3 залуу ирээд нэг нь намайг шууд цохиж унагаагаад дээрээс өшиглөөд байсан. Би тухайн үед нэлээд согтсон бас цохиулаад ухаан балартсан байсан тул тэр залуу намайг яг яаж зодсоныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн нөгөө 3 залуу явчихсан байхаар нь би босоод талийгаач дээр очоод татаж үзтэл хөдлөхгүй байхаар нь тэр хавиар явж байсан хүмүүсээс “цагдаа дуудаад өгөөч” гэж гуйсан. Удалгүй цагдаа болон түргэн ирээд түргэний эмч талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” /хх 1-н 19-20/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.С-н “...Талийгаач 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед ажилдаа явахаар гараад тэр өдрөө ирээгүй. Би талийгаачийн гар утас руу нь 12-23 цаг хүртэл нэлээд хэдэн удаа залгахад утас нь дуудаад утсаа авахгүй байсан... Талийгаач бид хоёр 2005 онд анх танилцаад хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2006 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бид хоёр 10 настай нэг охинтой... Би маш их гомдолтой байна...” /хх 1-н 24-25/,

гэрч Л.Н-ийн “...Өнөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим би байрны хойно байдаг сандал дээр манай байрны оршин суугч нэг өвгөнтэй хамт сууж байсан. Тэгсэн “Цэлмэг” караокеноос 2 залуу гарч ирээд биллярднаас гарч ирсэн гурван залуутай маргалдаж байгаад нөгөө биллярднаас гарч ирсэн гурван залуу нь цааш явсан. Тэгээд караокеноос гарч ирсэн хоёр залуу надтай хамт сууж байсан өвгөн бид хоёрын урдуур гараад явсан. Тэгтэл араас нь “Цэлмэг” караокеноос ногоон эрээн дессант фудболктой залуу гарч ирээд өвгөн бид хоёрын хажуугаар гарч явсан хоёр залууг дуудаад нөгөө хоёр нь буцаад дессант хувцастай залуу дээр очоод тэнд явж байсан нэг нь дээгүүрээ хар хувцастай, саравчтай малгайтай 40 орчим насны эрэгтэй, нөгөө нь дээгүүрээ цайвар ханцуй фудболктой, хөх жинсэн өмдтэй, 30 орчим насны хоёр залууг нийлээд үгийн зөрүүгүй зодсон. Тэгэхээр нь өвгөн бид хоёр “хүүе болиоч та нар, Монгол хүн байж нэгийгээ аллаа” гэхэд “чамд хамаагүй” гээд байсан. Тэгээд тэр хоёрыг нөгөө караокеноос гарч ирдэг гурван залуу зодчихоод тэр чигээрээ 21-ийн автобусны буудал тийш явсан. Тэгсэн зодуулсан хар хувцастай залуу нь “манай найзыг авраач, манай найз хөдлөхгүй байна” гээд байсан. Би цагдаа дуудсан ба түргэний эмч ирээд цайвар цамцтай залууг нас барсан байна гэж хэлсэн... Зодуулдаг гэх хоёр залуу зодсон гэх гурван залууд ерөөсөө гар хүрээгүй, зүгээр зогсож байгаад зодуулсан...” /хх 1-н 26-28/,

гэрч  П.Б-н “...Намайг “Цэлмэг” төвийн хажуугаар явж байхад 5 хүн зодолдож байсан ба 3 залуу нь 2 залуугаа зодож байсан... Зодуулж байсан хоёр залуу нь хариу үйлдэл хийхгүй байсан. Хавируулж унасан залуу нь босох гээд босож чадахгүй газар хэвтээд байсан... “ /хх 1-н 32/,

насанд хүрээгүй гэрч М.М-ийн “...Би ээжийн ажил дээр буюу “Ц.. төв” зочид буудалд очоод байж байтал 16 цагийн орчим манай урд талын 8в байрны жижүүр эгч орилоод байхаар нь 201 тоот өрөөний цонхоор харсан. Гэтэл “Цэлмэг” караокены ертөнцийн зүгээр баруун талд манай “Ц... төв” зочид буудлын зүүн талд 3 залуу 2 залууг зодож байсан. Зодож байсан гурван залуугийн нэг болох ногоон десант хувцастай сүүлд бичлэг үзэж нэрийг нь мэдсэн Ж.Б гэх залуу хажууд нь хараад зогсож байсан. Нөгөө нэг цагаан өмдтэй сүүлд бичлэг үзэж нэрийг нь мэдсэн Э.Э гэх залуу нь нас бардаг залууг газар суулгасан “таван мянга, арван мянга, арван таван мянга” гэж тоолоод гучин мянга хүртэл гараараа 6 удаа цохисон. Зодуулж байсан сүүлд нэрийг нь мэдсэн Д гэх хүн ухаангүй манараад байж байсан чинь тоолж цохидог Э гэх залуу нүүр лүү нь хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Тэгээд нөгөө зодуулдаг Д гэх хүн ухаангүй болоод босож ирээгүй ба дахиж хөдөлж харагдаагүй. Нөгөө шоон хээтэй ноолууран цамцтай залуу нь Д гэх хүнтэй хамт явж байсан хар хувцастай сүүлд нэрийг нь мэдсэн Н гэх хүнийг газар дэгээдэж унагаагаад дэвсээд байсан... Тэр хоёр залууг зоддог гурван залуу болох Э, Д, А нар 21-н автобусны буудлын тийш алхаад явсан...” /хх 1-н 34/,

            гэрч Д.Г-н “...Би байрныхаа гадаа салхилаад орцны жижүүр Н-ийн хамт сууж байхад үл таних 3 залуу буюу сүүлд нь нэрийг нь мэдсэн Э.Э, Л.А, Ж.Б гэдэг залуучууд “Ц... төв”-ийн биллярднаас гарч ирсэн... Тэгтэл тэр гурвын урдуур үл таних 2 залуу буюу талийгаач Д, Н гэдэг залуучууд өнгөрөхөд нь нөгөө гурван залуугийн махлаг нь буюу Л.А нь хойноос нь “хөөе, нааш ир” гээд нөгөө хоёр залуу эргэж хараагүй “Ц... төв”-ийн зүүн талаар хойшоо явсан. Тэгэхэд нь нөгөө гурван залуу дахин дуудаад хойноос нь очоод үгийн зөрүүгүй Л.А нь Н гэдэг хүнийг шууд цохисон. Тэгээд Л.А нь Н-г цохичихоод дараа нь талийгаач Д-г хэд хэдэн удаа цохисон бөгөөд үргэлжлүүлээд “Ц... төв”-ийн хойно аваачин газар унагаагаад дээрээс нь дэвсэж, өшиглөөд зодоод байсан. Тэр хооронд цагаан өмдтэй Э.Э гэдэг залуутай юм яриад зогсоод байсан бөгөөд тэр үед би тэр хоёроос зайтай байсан учраас юу ярьсныг нь сонсоогүй. Тэгснээ Э.Э нь гэнэт талийгаачийг зодоод нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиод газар суухад нь нүүр лүү нь өшиглөчихсөн. Тэгтэл талийгаач хажуу тийшээ унаад хөдлөхгүй байсан...” /хх 1-н 222-224/,

            шинжээч А.Амгаланболдын “... Камерийн бичлэгээс харахад талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл болох гавал тархины битүү гэмтэл, тархины 2 талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цусан хураа, тархины баруун зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл нь түүний нүүрэн тус газар хамгийн сүүлд өшиглөсөн цохилтын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд ийм гэмтэл авсан хүн ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй, гэмтэл авсан даруйдаа нас бардаг. Талийгаач Д-ийн биед учирсан нүүр, хүзүү, цээж, нуруу, мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд талийгаачийг цохисон 2 залуугийн аль алинынх нь цохилтын улмаас үүсэх боломжтой...” /хх 2-н 145-146/,

            Шинжээч Б.Ундармаагийн “... Сидиний бичлэг дээрээс үзэхэд цэнхэр цамцтай энгэр хэсэгтээ шоо хээтэй, саарал өмдтэй залуу талийгаачийн нүүрэн тус газар нь 2 удаа гараар цохиж байгаа нь харагдаж байна. Энэ үйлдлээс талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл үүсэх боломжгүй, харин нүүрний хэсэгт үүссэн зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүссэн байж болно. Энэ гэмтэл нь үхэлд хүргээгүй хөнгөн зэргийн гэмтэл болно... Бараан өнгийн хүрэмтэй, цагаан өнгийн өмдтэй, хар цагаан өнгө хосолсон пүүзтэй хүн талийгаачийн нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон, урдаас нь нүүр лүү өшиглөсөн зэрэг үйлдэл харагдаж байна. Өшиглүүлсний дараа талийгаач тухайн газраа унаж, хөдөлгөөн огт хийхгүй байгаа нь бичлэгт харагдаж байна. Тийм учраас талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь дээрх хүнийг өшиглөлтөөс үүссэн байна гэж үзсэн...” /хх 3-н 176-177/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач Дашцэрэнгийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хоёр талын зулай чамархай хэсэг, тархины суурийн хэсэг бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цусан хураа, тархины баруун зулайн хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, нүүр, хүзүү, цээж нуруу мөчдийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1686 дугаартай дүгнэлт /хх 1-н 41-42/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Н-ийн биед хамар, баруун тохойд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12609 дугаартай дүгнэлт /хх 1-н 55/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Цусан дахь 3,2 промилли спиртийн илрэл нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. Талийгаач нь тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсэг, тархины суурь, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цусан харвалт бүхий гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх тул тухайн гэмтэлд эхлэл ба төгсгөл гэж үгүй болно. Хавтаст хэрэгт авагдсан сиди бичлэгээс харахад бараан өнгийн хүрэмтэй, цагаан өнгийн өмдтэй, хар цагаан өнгө хосолсон пүүзтэй хүний үйлдлээс үүссэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх, орчинтойгоо харьцах боломжгүй. Идэвхитэй үйлдэл гэдэг нь бусадтай харилцан ярилцах, ухамсарт үйлдэл хөдөлгөөн хийх зэрэг орно. Дээрх гэмтлийг авсан хүн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй...” гэсэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 633 дугаартай дүгнэлт /хх 3-н 174-175/,

            хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 5-7/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 111-124/, сиди бичлэг зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг прокурорт шилжүүлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба прокуророос шүүгдэгч Э.Э-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.А, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Э.Э, Ж.Б нарын үйлдлээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг, мөн шүүгдэгч Л.А-н үйлдлээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр, шүүгдэгч Л.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э, Л.А, Ж.Б нарт холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч тус бүрийн үйлдэлд тохирсон зүйл, хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

             Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нараас “...Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь: хэрэгт авагдсан камерийн бичлэгээс үзэхэд шүүгдэгч Э.Э, Л.А нар нь хохирогч Б.Д, Д.Н нарыг зодож байхад Ж.Б нь дээрх үйлдлийг таслан зогсоох талаар ямар нэг үйлдэл хийхгүй, хууль ёсны шаардлага тавьсан бусад хүмүүсийг эсэргүүцэж байсан ба шүүгдэгч Ж.Б-н дээрх үйлдлийг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл гэж үзэх тул түүнд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий зөв болжээ.

 Иймд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.