Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 00014

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдох “Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Санал уламжлах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах болон Ашигт малтмалын МҮ-020941 дугаартай ашиглалтын тусгай зөршөөрлийн дагуу явуулж буй Блэкрок ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс зогсоосон Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.С-ийн үйл ажиллагаа /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг сумын Засаг даргад даалгах тухай ” шаардлага бүхий Блэкрок ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Блэкрок ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Р, Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Блэкрок ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Блэкрок ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмал хайгуул, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болно. Манай компани Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Төмөртийн ам гэдэг газарт ашигт малтмал ашиглах МҮ-020941 тоот тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

               Гэтэл Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 тоот тогтоол гарсан байна. ... Блэкрок ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Маргаж буй хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, хийх ёстой судалгаа шинжилгээ санал дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр төрийн эрх бүхий байгууллагаас Блэкрок ХХК-д олгосон. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын удаа дараагийн албан тоотууд гарсан байдаг. Компанийн зүгээс уурхайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан нөхцөл, шаардлагыг огт зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллага, аймаг, сумаас авах ёстой санал, зөвшөөрлийг холбогдох журмын дагуу авч, хайгуул хийсэн талаарх мэдээ, тайланг зохих журмын дагуу хугацаанд нь гарган өгч, ашиглалтын өмнөх бэлтгэл ажил хуульд заасны дагуу явагдаж байгаа. Энэ хугацаанд Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн зэрэг эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт гарч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой, байгаль экологид сөрөг нөлөөгүй гэдгийг шалгаж тогтоосон болно. Бодит байдал ийм байхад Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 тоот тогтоолд үндэслэлгүй зүйл дурьдагдан Блэкрок ХХК-ийн цаашдын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүссэн тул эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдрийн байдлаар Блэкрок ХХК-ийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах болон тэдгээрийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны тушаал шийдвэр гараагүй болно. Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

               Нэхэмжлэгч Блэкрок ХХК нь: “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших Төмөртэйн аманд ашигт малтмал ашиглах МV-020941 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Манай компани ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллааа явуулахдаа хуулийн хүрээнд явуулж, ямар нэгэн көрчил гаргаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, бусад хууль хяналтын байгууллагуудаас манай тусгай зөвшөөрлийг цуцалсан, эсхүл үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гараагүй. Гэтэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга нь эрх бүхий байгууллагаас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гараагүй байхад манай үйл ажиллагааг зогсоохыг хууль бусаар шаардаж улмаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 01/194 тоотоор мэдэгдэл ирүүлэн манай үйл ажиллагааг зогсоосон болно. Бүрэнтогтох сумын Засаг даргын дээрх үйл ажиллагааг манай компанийн тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй ажиллагааг зогссохыг үүрэг болгосон, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хязгаарласан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “... хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалтад хамаарах илт хууль бус захиргааны акт / үйл ажиллагаа / гэж үзэж байгаа юм. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Бүрэнтогтох сумын Засаг даргыг хариуцагчаар татаж, Ашигт малтмалын МV-020941 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй Блэкрок ХХК-ийн үйл ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс зогсоосон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.С-ийн үйл ажиллагаа /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү.

               Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Төмөртийн ам нэртэй газар орших МҮ-020941 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэг /булш, хиргисүүр бүхийхэсэг/-ийг буцааж өгөх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу сумын Засаг даргад 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 18/102 дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18/135 дугаартай албан тоотоор дахин хүргүүлсэн боловч  Бүрэнтогтох сумын Засаг дарга нь иргэдийн Хурлын 13 дугаартай “Санал уламжлах тухай”  шийдвэрийг биелүүлж байгаа гэх нэрийдлээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 01/276 дугаартай албан тоотоор “... хүсэлтийг хүлээн авах боложгүй” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн.Блэкрок ХХК нь байгаль орчиныг хамгаалах үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд аливаа зөрчил гаргаагүй атал сумын Засаг даргын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан тодорхйлолтыг Блэкрок ХХК-д олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, уг тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг сумын Засаг даргад даалган шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Блэкрок ХХК-аас энэ хэрэгт үндсэн гурван шаардлага гаргаж байгаа. Үүнд

1 дүгээрт: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тоот тогтоолыг илт хууль бус гэдгийг тогтоолгох,

2 дугаарт: Ашигт малтмалын MY-020941 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй Блэкрок ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс зогсоосон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.С-ийн үйл ажиллагаа/ захиргааны акт/ -г илт хууль бус болохыг тогтоолгох”

3 дугаарт: Ашигт малтмалын тухай хуулийн 55.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тодорхойлолтыг Блэкрок ХХК-д олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, уг тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг сумын Засаг даргад даалгуулах тухай шаардлагыг тус тус гаргаж байгаа. Иймд эдгээр шаардлагуудыг үндэслэн манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигчид хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахдаа хуулийн хүрээнд явуулж аливаа зөрчил гаргаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага болон Байгал орчны асуудал эрхэлсэн байгууллага бусад хууль хяналтын байгууллагуудаас манай тусгай зөвшөөрлийг цуцалсан эсвэл үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гаргаагүй байхад нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага эдгээр тогтоолуудыг гаргаж манай үйл ажиллагааг зогсоож, Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж олгохгүй байгаа нь илт хууль бус гэж үзэж байгаа. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. 13 дугаар тогтоол яагаад хуульд нийцэхгүй байгаа талаар тайлбарлъя.

1 дүгээрт: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд хуралд хэлэлцсэн асуудлын талаар тогтоол гарна гэж заасан байгаа. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ямар асуудал хэлэлцэх юм гэдэг дээр хэлэлцэх асуудлын талаар жагсаалт гаргаад гишүүддээ тараасан байдаг. Тухайн жагсаалтад Блэкрок ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэх үг үсэг байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн өдрийн хуралдаанд оролцсон ийм асуудал хэлэлцээгүй гэдэг. Хариуцагч тайлбартаа ийм асуудал яригдаж шийдвэрлэгдсэн гэдэг. Энэ бол эргэлзээ бүхий зүйл юм. Дээр нь хэрэгт авагдсан баримтуудаас энэ хурал дээр ийм асуудлыг хэлэлцээгүй юм байна гэдгийг нотолсон. Тогтоолд хуулийн заалтууд дурдагдсан байгаа. Гэтэл хэлцэл нь “Санал уламжлах тухай” гэдэг асуудал дээр хэлэлцэж байгаа асуудал нийцэхгүй байгаа. Энэ талаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн  нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл дээр маш тодорхой зааж өгсөн байгаа. Үүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл хууль нийцэхгүй байгаа. Тогтоох хэсэг дээр зөрчлүүд дурдсан байгаа. Үүнд: Зөрчлүүд нь баримтаар нотлогдож тогтоогдов гэсэн байгаа. Хэрэгт авагдсан бусад баримтуудаар 13 дугаар тогтоол хуульд нийцээгүй юм гэж давхар нотолдог. Блэкрок ХХК-ийн үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс зогсоосон Засаг даргын үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож байгаа. Хэдийн өөрт нь эрх хэмжээ олгогдсон хэдий ч хуулийн хүрээнд байх ёстой. Энд агуулга ярихгүй үг үсэг хуулийн заалт ярих ёстой. 13 дугаар тогтоолд үйл ажиллагааг зогсоох нэг ч заалт байхгүй. Засаг даргад Блэкрок ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох эрх байхгүй. Холбогдох байгууллагын тухайн үйл ажиллагааг зогсоо гэх Улсын байцаагчийн акт гаргуулж, түүнийг үндэслэж, Засаг дарга шийдвэрлэх ёстой. Нэг бол хуулийн байгууллагын шийдвэр байх ёстой. Түүнээс 13 дугаар тоот тогтоолыг үндэслэж шийдвэр гаргана гэдэг нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа. 3 дахь шаардлагын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа тухай этгээд өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэмжээг буцааж өгөх эрхтэй. Энэ талаар тус хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6, 55.1 дэх хэсэгт заасан байдаг. Энэ эрхээ хэрэгжүүлэх гэж сумын Засаг даргад 2 удаа асуудал тавьсан. Эхний удаа боломжтой гэдэг хариу өгсөн. Дараа нь шүүхээр асуудал шийдвэрлэгдэж байгаа гэх хариу өгсөн. Энэ үйл ажиллагаагаар сумын Засаг даргын үйлдэл болон гаргаж байгаа шийдвэр хууль бус. Бидний зүгээс байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Сөрөг нөлөө үзүүлж холбогдох хуулийг зөрчсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй” гэв.

Хариуцагч Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Рэнчиндорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Блэкрок ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар гаргуулан авсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Төмөртийн ам гэх газарт байрлах ХV-013580 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Ойн сан бүхий газар нутагтай давхцалтай, булш хиргэсүүр, оршуулга, тахилга тайлгын байгууламж бүхий соёлын үнэт өв оршин байгаа болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудаар хамгаалагдсан байдаг. Тухайэ талбайд Соёлын өв оршин байгаа болохыг Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн баримт мэдээллийн төвд хадгалагдаж байгаа “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь “Black Rock” ХХК-ийн 13580Х, 13958Х дугаар бүхий лицензийн талбайд хийсэн археологийн авран хамгаалах хайгуул судалгааны ажлын тайлан” УБ2011/-д тодорхой дурьдсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан “Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн хууль зүйн нөхцлийг бүрдүүлсэн.

               Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад олгогдсон эрх хэмжээний дагуу дээрх зөрчлийг туслан зогсоох арга хэмжээ авч Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоол гаргасан. ... Блэкрок ХХК нэхэмжлэлдээ “аймаг, сумаас авах ёстой санал зөвшөөрлийг холбогдох журмын дагуу авсан” хэмээн бичжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар Бүрэнтогтох сумын ИТХ, Хөвсгөл аймгийн ИТХ-аас тухайн компанийн үйл ажиллагааг дэмжсэн ямар ч санал гараагүй байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий газрыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 54 дугаартай “Тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалд авсан болно. Иймд Блэкрок ХХК-ийзн гаргасан “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

               Хариуцагч Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.С шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт, Төмөртийн ам гэх 1080 гектар талбайд Аспайр Майнинг ъомпанийн охин компани Блэкрок ХХК-д 2008 оны 4 дүгээр сарын 21-нд 13580 тоот хагуулын лиценз, 2017 оны 10 дугаар сарын 6-нд тус хайгуулын талбайгаас 860.91 гектар талбайг шилжүүлж, 020941 тоот ашиглалтын лицензийг Ашигт малтмал газрын тосны газраас олгосоныг цуцлах, үйл ажиллагааг нь зогссох хүртэл шаардлага хүргүүлсэн нь дараах үндэслэлтэй гэж байна. Эрчимийн нурууны ар бүс нутаг тус талбай нь малын бэлчээрийн гол бүс, 2000-3000 жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсийн 140 ш булш бунхан хиргэсүүртэй, ойн сан бүхий газартай, доороо булаг шандтай, Эрчимийн нуруунаас зун намартаа тунгалаг уст горхи урсаж мал амьтныг тэтгэдэг тусгай хамгаалалтанд байх байгалийн цогцолбор онцгой бүс нутэг юм. Үүнд: 1. Ашигт малтмалын тухайхуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар санал аваагүй, анх 13580 тоот хайгуулын лицензийг олгосон.

               2. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасны дагуу байгаль орчны үнэлгээг бүрэн хийгээгүй байхад 20941 тоот ашиглалтын лицензийг олгосон. Ерөнхий үнэлгээ хийлгэсэн ч нарийвчилсан үнэлгээг цаг хугацаандаа буюу 2018.03.31-ний дотор хийлгээгүй, өмнөх ерөнхий үнэлгээ цуцлагдсан, орон нутгийн ард иргэдээс санал аваагүй, шат шатны хуралд мэдэгдээгүй ашиглах эрх авсан

               3. 13580 тоот хайгуулын лицензтэй талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх олборлохыг хориглох тухай хуулийн 4.3-т заасан ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

               4. 13580 тоот хайгуулын лицензтэй талбай болон 20941 тоот ашиглалтын лицензтэй талбай /анх 2008 онд 13580 тоот хайгуулын лиценз бүхий талбай 1080 га байсан ба үүнээс 2017 онд 861 га бүхий 20941 тоот ашиглалтын лиценз олгосон/-д Ашигт малтмалын тухай хуулийн 401.2 болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1.2-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр 2008-2011 онд хайгуулын үйл ажиллагааг явуулсан.

               5. 2011 онд тухайн талбайд Палеонтологи, археологи, угсаатны байгууллагын хайгуулаар соёлын өв байгаа нь тогтоогдож “Нүүрстэй ам”-ны дурсгалуудыг хөндөлгүй унаган төрхөөр нь хадгалах нь зүйтэй хэмээн” дүгнэж соёлын өвд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг мэдэгдсээр байтал Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.2-ын дагуу компани хайгуул, ашиглалтын үйл ажиллагаагаа зогсоогоогүй хууль зөрчсөн.

               6. 13580 тоот хайгуулын лицензтэй талбай, 20941 тоот ашиглалтын лицензтэй талбайнуудад соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.1.5-н дагуу соёлын биет өв буюу 145 ш хиргэсүүр байгаа нь тогтоогдсон, мөн Ашиг малтмалын тухай хуулийн 56.1.7-н дагуу 13580 тоот хайгуулын лиценз, 20941 тоот ашиглалтын лицензийг /анх 2008 онд 13580 тоот хайгуулын лиценз бүхий талбай 1080 га байсан ба үүнээс 2017 онд 861 га бүхий 20941 тоот ашиглалтын лиценз олгосон/ цуцлах үндэслэл бүрдсэн байна.

               7. Аймгийн хэмжээнд ашигт малтмалын болон ашиглалтын нэг ч зөвшөөрлийг дэмжихгүй уул уурхайгүй аймаг гэдгээ зарлаж аймгийн ИТХ-ын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 50 дугаар өргөгөөс урагш орших 3837410 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, сумын ИТХ-ын 2018 6 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тус компаний ашиглалтын болон хайгуулын лицензийг цуцлуулах саналаар сумын Засаг даргад үүрэг болгосон нь тус тус Блэкрок ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах үндэслэл болсныг тайлбарлаж байна.

               Блэкрок ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/135 дугаартай тус суман дахь Төмөртэй ам нэртэй МҮ-020941 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 239.55 га-г хэсэгчлэн буцааж өгөх хүсэлт гаргасан нь Эрчим багийн ИНХ-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний 05 тоот тогтоол, сумын ИТХ-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 тоот тогтоолоор тус тус ашиглалтын лицензийг нийтэд нь цуцлуулах шийдвэрийн дагуу сумын Засаг дарга сумын ИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй ба тухайн ашиглалтын талбайгаас хэсэг хэсгээр хэсэгчилж хүлээн авах боломжгүй, бүхэлд нь зөвшөөрлийг цуцлах дээд шатны байгууллагын шийдвэртэй, шүүхийн маргаантай байгаа зэрэг үндэслэлээр сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны 01/276 тоот хүргүүлснийг тайлбарлаж байна” гэв.                                       

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Блэкрок ХХКомпани нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдогдуулан “Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Санал уламжлах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын Засаг даргад холбогдуулан  “Ашигт малтмалын МҮ-020941 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй Блэкрок ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс зогсоосон үйл ажиллагаа /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг сумын Засаг даргад даалгах тухай” шаардлагыг нэмэгдүүлжээ.  

            Нэг. “Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Санал уламжлах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлагын тухайд:       

1.Блэкрок ХХК нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багт орших Төмөртийн ам хэмээх газарт ашигт малтмал ашиглалтын  МҮ-020941 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уурхайн үйл ажиллагааны талаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд энэ тухай танилцуулжээ.

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад... ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй”,

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт “ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” гэж заасны дагуу хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаж буй доорхи актыг гаргасан байна. Үүнд: 

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 06 дугаар 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор: Монгол Улсын  Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь заалт, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3,  Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т  заасныг тус тус үндэслэн:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстэйн аманд Төмөртэйн ам нэртэй талбайд Блэкрок ХХК-д анх 13580 дугаартай хайгуулын MV-020941 дугаартай ашиглалтын лиценз олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй,  ойн сан бүхий газар нутагтай давхцуулж олгосон, палеонтологи, археологи, угсаатны байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан, уг талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасны дагуу лиценз цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж, ... компаний хайгуулын болон ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг дэмжсүгэй ...” гэж, тогтоолын 2 дахь заалтаар уг тогтоолыг холбогдох газар, байгууллагад хүргүүлж, биелэлтийг хангаж ажиллахыг Сумын Засаг дарга Г.С-д үүрэг болгожээ.  /хх-4 дэх тал/

               Хариуцагчийн тайлбар, баримтуудаас үзвэл 2011 онд тухайн талбайд Палеонтологи, археологи, угсаатны байгууллагын хайгуулаар соёлын өв байгаа нь тогтоогдож “Нүүрстэй ам”-ны дурсгалуудыг хөндөлгүй унаган төрхөөр нь хадгалах нь зүйтэй хэмээн” дүгнэж соёлын өвд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг мэдэгдсээр байтал Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.2-ын дагуу компани хайгуул, ашиглалтын үйл ажиллагаагаа зогсоогоогүй хууль зөрчсөн, 13580 тоот хайгуулын лицензтэй талбай, 20941 тоот ашиглалтын лицензтэй талбайнуудад соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.1.5-н дагуу соёлын биет өв буюу 145 ш хиргэсүүр байгаа нь тогтоогдсон учраас холбогдох эрх бүхий албан тушаалтанд хайгуулын болон ашиглалтын лицензийг цуцлууулах эсэх санал хүргүүлсэн нь нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгэж, түүний эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй,  буруутгах боломжгүй, Түүнчлэн, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.3-д заасныг үндэслэж ... өөрт нь эрх хэмжээ олгогдоогүй хэмээн  маргаж байгаа энэхүү захиргааны акт илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ тодорхойлж байна.

Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл хариуцагчийг маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн ашиглалттай холбоотой асуудлыг хэлэлцэн хуулиар зөвшөөрөгдсөн шийдвэр гаргах эрх олгогджээ.

 Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх эсхүл байгаль орчныг хамгаалах гэх зэрэг асуудлаар зөрчил гаргасан гэж үзвэл таслан зогсоох шийдвэр гаргах боломжтой байна.

Тиймээс энэ тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар “... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэж, маргаж буй 13 дугаар тогтоолыг илт хууль бус гэж үзэх хууль үндэслэлгүй юм.

 Мөн  Соёлын өвийг хамгаалах  тухай хуулийн 15.1.4 “харьяалах нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр санал гаргах, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор дээрхи маргаан бүхий актыг гаргасаныг буруутгах үндэслэлгүй байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үүссэн зөрчлийг таслах зогсоох зорилгоор захиргааны акт гаргасныг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар  “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны  акт гаргасан байна” гэж үзэн түүний гаргасан маргаан бүхий дээрхи тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй  байх  тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй болно.

Хоёр.“Ашигт малтмалын МҮ-020941 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй Блэкрок ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс зогсоосон үйл ажиллагаа /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг сумын Засаг даргад даалгах тухай” шаардлагын тухайд:

 Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай, тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гаргаж өгөхийг зохицуулсан боловч, нэгэнт 2011 онд тухайн талбайд Палеонтологи, археологи, угсаатны байгууллагын хайгуулаар соёлын өв байгаа нь тогтоогдож “Нүүрстэй ам”-ны дурсгалуудыг хөндөлгүй унаган төрхөөр нь хадгалах нь зүйтэй хэмээн” дүгнэж улмаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 06 дугаар 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор: “...уг талбайд соёлын өв байгаа нь тогтоогдож Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасны дагуу лиценз цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж, ... компаний хайгуулын болон ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг дэмжиж холбогдох газар, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг хүлээсэн , мөн түүнчлэн энэхүү маргаан нь шүүхээр хянагдаж байгаа учраас Ашигт малтмалын МҮ-020941 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй Блэкрок ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс зогсоосон үйл ажиллагаа /захиргааны акт/-г гэх Бүрэнтогтох сумын албан бичиг нь илт хууль бус болохыг  тогтоох  үндэслэлүүд тогтоогдохгүй байна,  

Мөн түүнчлэн   Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн талаар тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт гаргаж өгөх ...”-д заасны дагуу  гаргаж өгөхөөс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болох үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь шууд үр дагаварт хүрч, эрх ашиг нь  зөрчигдөөгүй тул  ... тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай сумын Засаг даргын тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах тухай хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 55 дугаар зүйлийн 55.3.2-д -т заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Санал уламжлах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдох “Ашигт малтмалын МҮ-020941 дугаартай ашиглалтын тусгай зөршөөрлийн дагуу явуулж буй Блэкрок ХХК-ний үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг /захиргааны акт/-г илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасан тодорхойлолтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг сумын Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэгч Блэкрок ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН