Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0545/З |
Дугаар | 221/МА2022/0102 |
Огноо | 2022-02-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2022/0102
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
“Э Э А А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч
Нэхэмжлэгч: “Э Э А А” ХХК
Хариуцагч: АМГТГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Хариуцагч тус компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын XV-017634, XV-017645, XV-017646 дугаартай 3 тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 803 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Хэргийн индекс: 121/ШШ2021/545/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э Э А А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Хариуцагч тус компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын XV-017634, XV-017645, XV-017646 дугаартай 3 тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 803 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Э А А” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Хариуцагч тус компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын XV-017634, XV-017645, XV-017646 дугаартай 3 тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э А А” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх шийдвэрийн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох өгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч Ашигт малтмалын, газрын тосны газар нь “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. тодруулбал нэхэмжлэгч “Э Э А А” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны 21-2/19 дугаартай албан бичгээр, Ашигт малтмал газрын тосны газар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 8/2358 дугаартай албан бичгээр “...тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа ..дуусгавар болсон байна...” гэсэн хариуг хүргүүлж байжээ...гэсэн байна. Шүүх хуралд оролцсон хариуцагчийн төлөөлөгч болон шүүх давагдашгүй хүчин зүйл болон хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн хууль зүйн тус тусдаа ойлголт болохыг анхааран үзээгүй байна.
3.2. Маргааны гол зүйл нь хуулийн хугацаанд нэхэмжлэгч “Э Э А А” ХХК нь давагдашгүй нөхцөлд орсон гэж маргааны үндэслэл шаардлага тодорхойлж байхад хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэсэн мэтгэлцээн явуулах бөгөөд үүнийг шүүх анхааран үзсэнгүй. Хувь хүнд хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн ойлголт яригдах бол хуулийн этгээдэд давагдашгүй хүчин зүйл гэсэн нөхцөл байдал яригдах ёстой болохыг анхааран үзсэнгүй. Өөрөөр хэлбэл бие хүн буюу бодьгалын хувьд өөрөө оролцох боломжгүй байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг бол хуулийн этгээд нь зохион байгуулалт бүхий хүмүүсийн нэгдэл тул үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байсанг давагдашгүй хүчин зүйл гэж үздэг болохыг анхааран үзсэнгүй.
3.3. МҮХАҮТ-аас хөндлөнгийн дүгнэлтээр буюу Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-д “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” гэж зааснаар давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон бөгөөд энэхүү гэрчилгээг хариуцагч тал үгүйсгэх нотлох баримт гаргах ба мэтгэлцээн явуулаагүй бөгөөд бүүр давагдашгүй хүчин зүйл гээд байхад хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж тэмээ гэхээр ямаа гэж мэтгэлцээн явуулж байгааг шүүгч мөн ойлгосонгүй.
3.4. Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-д “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” гэж зааснаар давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон байгааг хэн ч үгүйсгэх боломжгүй бөгөөд аж ахуйн нэгжийн хувьд энэ гэрчилгээ нь дотоодод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баримт болохыг анхааран үзэлгүй илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
3.5. Нэгэнт МҮХАҮТ-аас хөндлөнгийн дүгнэлтээр баталгаажсан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.4, 53.1.1 иш татаж байгаад Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5 дахь заалтыг үндэслэн хариуцагчийн зөв гэсэн дүгнэлт хийсэн нь харин шүүх хуульд үндэслэх түүнийг дээдлэх зарчимыг зөрчсөн дүгнэлт болжээ.
3.6. Иймд хариуцагч тал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг үгүйсгэн захиргааны акт гаргасан болохыг анхан шатны шүүх анхааран үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, “Э Э А А” ХХК-ийн “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын XV-017634, XV-017645, XV-017646 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгаж өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Ашигт малтмал газрын тосны газраас Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт орших “Хашаатын хөндий” нэртэй 22428,06 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017634 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, мөн сумын нутаг дэвсгэрт орших “Хар ат уул” нэртэй 4283,93 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017646 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, мөн сумын нутаг дэвсгэрт орших “Цогтхайрхан уул” нэртэй 1313,75 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017645 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус нэхэмжлэгч “Э Э А А” ХХК-д олгосон байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 595 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 599 дүгээр тус тус шийдвэрээр “Э Э А А” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг тус тус 3 жилийн хугацаагаар сунгасан. Тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус дуусгавар болсон, тусгай зөвшөөрлүүд дуусгавар болсон талаар 2020 оны 10 дугаар сарын 07 болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
3.2. Харин нэхэмжлэгч нь “...компанийн өмчлөгч нь өвчний учир гадаад улсад эмчлүүлж байсан, .. гүйцэтгэх захирал Ц.Өнь 2020 оны 07 дугаар сараас цагдан хоригдсон тул хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг хариуцагчид гаргаж чадаагүй, манай компани давагдашгүй, гэнэтийн хүчин зүйлийн нөхцөлд байсныг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим тогтоосон, гэрчилгээ олгосон, тус баримтыг хавсаргаж Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргахад хүсэлтийн дагуу шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бу эс үйлдэхүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гарган маргасан бол хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй. ...Тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болгон, Геологи, уул уурхайн Кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Ашигт малтмал, газрын тосны газраас эс үйлдэхүй гаргаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэмт хэрэг үйлдээд хоригдсон, эсхүл гадаадад эмчилгээ хийлгэж байгаа этгээд хамаарахгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан. 2020 оны 10 дугаар сард маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг мэдсээр байж, 7 сарын дараа давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч ирж, дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сунгахыг шаардаж байгаа нь хууль бус ...” гэж маргажээ.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “... төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина”, тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй”, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.
3.4. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу “Э Э А А” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах байжээ.
3.5. Гэтэл нэхэмжлэгч компани нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “... компанийг үүсгэн байгуулагч, бүх хувьцааг эзэмшигч Т.Гнь өвчний учир гадаад улсад 2018 оноос хойш эмчилгээ хийлгэж байгаа, 2020 онд буцах гэсэн боловч ковид-19-ээс болж одоо ч ирж чадаагүй байна. Энэ үед гүйцэтгэх удирдлага Ц.Ө2020 оны 07 дугаар сараас цагдан хоригдсон компанийн тамга, гэрчилгээ олдоогүй зэрэг байдлаас болж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргач чадаагүй... эдгээр нөхцөл байдлыг Монголын худалдаа Аж Үйлдвэрийн танхимын “гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн” болохыг тодорхойлуулж гэрчилгээ авсан ...” гэсэн шалтгаан үндэслэлийг дурдаж хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтийг гаргасан байх бөгөөд хариуцагчаас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8/2358 дугаар албан бичгээр “... танай компанийн эзэмшилд байсан ... хайгуулын ХВ-017634, ХВ-017645, ХВ-017646 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ... гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 07, 29-ний өдрөөр дуусгавар болсон байна. Иймд ... хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй ...” гэж татгалзсаныг /эс үйлдэхүйг/ шүүх хууль бус гэж үзэх үндэслэлгүй, улмаар сунгахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэлтэй.
4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар тухайн тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор байх тул анхан шатны шүүх “нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, хугацаа сунгахыг даалгах хууль зүйн боломжгүй” гэж дүгнэснийг үгүйсгэх, мөн хариуцагчийг нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн аваагүйг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.1. Нэхэмжлэгч “Э Э А А” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зөвхөн хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох хууль зүйн боломжтой, хуулийн этгээдийнхээ хувьд зохион байгуулалтын хувьд дан ганц хувь хүнээс ялгаатай тул эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах талаар өргөдөл, хүсэлтийг хуульд заасан цаг хугацаанд гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, дан ганц “компанийн гүйцэтгэх удирдлага цагдан хоригдсон” гэх шалтгааныг компанийг өөр хэн нэгнээр төлөөлүүлэх бүх бололцоо нөхцлийг хаасан гэж үзэх үндэслэл болгох боломжгүй буюу тэрээр цаг хугацааны хувьд цагдан хоригдохоос өмнө болон хоригдож байх хугацаанд итгэмжлэл, төлөөллийн үндсэн дээр төрийн захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргах бүх бололцоо нөхцөл хаагдсан, хязгаарлагдсан байсныг нотлох үндэслэлгүйн дээр “компанийн тамга, гэрчилгээ олдохгүй байсан” гэх шалтгаан нь компанийн дотоод зохион байгуулалт, хувийн хариуцлагатай холбоотой шалтаг шалтгаан байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн аваагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
4.2. Түүнчлэн нэхэмжлэгчээс “компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Т.Г гадаадад эмчлүүлж байсан” гэж хариуцагчид гаргасан хүсэлтдээ дурдсан байх боловч энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж мэтгэлцээгүй тул шүүх хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч “Э Э А А” ХХК-ийн маргаж буй гурван тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар Т.Г-н гадаад паспортын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны 77 дугаар тогтоолын хуулбар гэсэн баримтуудыг судлаж гаргасан гэх Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь “тус компанийн хувьцаа эзэмшигч Т.Г Монгол Улсын нутаг дэвсгэрт ирж чадаагүй нь ... компаниас Ашигт малтмалын газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ мөн болохыг нотолсон” гэсэн агуулгатай байх боловч энэхүү гэрчилгээ нь дангаараа “Э Э А А” ХХК-ийг ашигт малтмалын газарт хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргах боломжгүй байсныг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.
4.3. Өөрөөр хэлбэл, дээрх гэрчилгээнд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Т.Г хэзээнээс хэзээ хүртэлх цаг хугацаанд гадаадад байсан эсэх, тэрхүү хугацаа нь “Э Э А А” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах цаг хугацаанд хамаарч байгаа эсэхийг ч заагаагүй байхаас гадна энэхүү гэрчилгээг тус компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ямарч боломжгүй байсныг баримт гэж үзэх буюу өөрөөр хэлбэл, компани бүхэлдээ Ашигт малтмалын газарт маргаж буй асуудлаар хүсэлт гаргах бүхий л бололцоо нөхцөл нь хаагдсан байсныг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Мөн хэрэгт нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Т.Г-н гадаад паспортын хуулбар авагдсан байх боловч зөвхөн дан ганц тус баримт болон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гэрчилгээ зэрэг баримтууд нь “Э Э А А” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах боломжгүй байсныг бүхэлд нь нотлохгүй, нэхэмжлэгчээс энэ талаар өөр баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, гаргуулахаар шүүхэд хүсэлт шаардлага гаргаж байгаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.
5.1. Түүнчлэн нэхэмжлэгчээс Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гэрчилгээг үндэслэн дуусгавар болсон тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах боломжтой байсан гэх хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гэрчилгээг хавсаргасан тохиолдолд дуусгавар болосн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой байдлаар Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуульд заасан” гэсэн үндэслэлийг гаргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй байна.
6. Ийнхүү хариуцагч хууль бус “эс үйлдэхүй” гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “... хуулийн этгээдийн хувьд Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын хөндлөнгийн дүгнэлтээр давагдашгүй хчүийн зүйлийн гэрчилгээг олгосон байхад хариуцагч үгүйсгэх баримтыг гаргаж мэтгэлцээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж мэтгэлцсэнийг анхан шатны шүүхийн шүүгч ойлгоогүй ... давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хэн ч үгүйсгэх боломжгүй ... энэ гэрчилгээ нь дотоодод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт байхад анхаарч үзээгүй ... шүүх хуульд үндэслэх зарчим зөрчсөн” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ