Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2017/00043

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суух, ЙС61042206 дугаарын регистртэй, Палиа овогт Цэрэндоржийн Цагааны

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цагаан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Цагаан миний бие Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд үйлчлэгчээр 1978 оноос 1983 оныг хүртэл ажилласан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүй учраас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1978 оноос 1983 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цагаан нь Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд 1978 оноос 1983 оныг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Цагаан нь 1978 оноос 1983 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 346 дугаартай, Ц.Цагааны 1980, 1981, 1982 онуудын хөдөлмөрийн хөлсний бичилттэй архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №30 дугаартай “Баярын дежур томилох тухай” тушаалын хуулбар, гэрч Д.Ганбаатарын “...Би 1980 онд ойн аж ахуйд жолоочоор ажилд орж байхад Ц.Цагаан нь үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Намайг ажилд орох үед л ажиллаж байсан. Шагнал урамшууллын хувьд гэвэл баярын бичиг, мөнгөн шагнал авч байсан. Ц.Цагаан нь Ойн аж ахуйд үйлчлэгч хийдэг байсан ба цэвэрлэгч, галч, мод тарих ажил зэрэг олон ажлуудыг хавсран гүйцэтгэдэг байсан. 1988 оны 03 дугаар сараас Ойн аж ахуй тарж би Бат-Өлзий сум руу явсан юм. Тэр үед Ц.Цагаан нь Ойн аж ахуйд ажиллаж байсан. Хэдэн онд ажлаасаа гарсныг мэдэхгүй байна. Ц.Цагаан нь Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд үйлчлэгчээр 1978 оноос 1983 оныг хүртэл ажиллаж байсан нь үнэн болохоор би гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Буянцогтын “...Би Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйн инженерээр 1980-1988 он хүртэл ажиллаж байсан. Намайг ажилд орох үед Ц.Цагаан нь ажиллаж байсан ба яг хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй байна. Ойн аж ахуйд ажиллаж байхдаа үйлчлэгч, галч зэрэг ойн аж ахуйн бүхий л ажлыг хийдэг байсан. Ямар шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Ц.Цагаан нь Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд үйлчлэгчээр 1978 оноос 1983 оныг хүртэл ажиллаж байсан нь үнэн болохоор би гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын ойн аж ахуйд нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Палиа овогт Цэрэндоржийн Цагааныг 1978 оноос 1983 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд үйлчлэгчээр ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Ц.Цагаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Палиа овогт Цэрэндоржийн Цагааныг Өвөрхангай аймгийн Ойн аж ахуйд 1978 оноос 1983 оныг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Ц.Цагаан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА