| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0094/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа,
улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Н,
шүүгдэгч Ж.Э, Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жгийн Э, Б П нарт холбогдох 2035000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Сантмаргац сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Жгийн Э, регистрийн дугаар: ИК98051612.
Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Завхан аймгийн Сантмаргац сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т ургийн овогт Б П, регистрийн дугаар: ИК96061038
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Э, Б.П нар нь бүлэглэн Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Улаан үзүүр гэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө тус сумын иргэн Ч.Цийн адуунаас иргэн Ч.Цийн хоёр тооны, иргэн Т.Өийн нэг тооны, иргэн Б.Пгийн нэг тооны, нийт дөрвөн тооны гүү буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж нийт 3.400.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000000076 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.Цийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчим адуугаа очиж үзэхэд манай ижилтэй адуунаас дөрвөн адуу алга байсан. Тэгээд би азарга байхгүй болохоор салаад явсан байх гэж бодоод тэр өдрөө мотоцикльтой ойр орчмоор явж хайгаад олдохгүй болохоор нь гэртээ харьсан. Маргааш өдөр нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мотоцикльтой Завхан аймгийн Сонгино, Цэцэн-Уул сумын нутгаар хайж явж байгаад утсаар Т.Ө ахтай ярихад манай адууг хоёр мотоцикльтой хүн “Ихэр”-ийн өвөлжөөнөөс тууж явсан мөр байна гэж ярьсан. Тэгээд би Завхан аймгийн Сонгино сумаас мотоцикльтой “Ихэр” гэх газарт ирсэн. Тэр газраас Даваа ах бид хоёр уг мөрийг хөөж явсаар Завхан аймгийн Сантмаргац сумын нутаг “Баян давс” гэх газарт хүргээд орой болоод ул мөр харагдахгүй байсан болохоор бид хажуухан талд Б гэх айлд хоносон. Тэр оройгоо тэднийхээс Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Уртнасантай утсаар холбогдож “бид нар адуугаа алдаад ул мөрийг нь олоод хөөж байна, та хүрээд ирээч” гэсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Зүүнхангай сумаас хэсгийн төлөөлөгч Б.Уртнасан ирж бид нар уг адууны ул мөрийг хөөж цааш явж Завхан аймгийн Сантмаргац сумын “Бор өндөр” гэх газарт айлын өвөлжөөнд хүргээд ул мөр бүдгэрч алдсан юм. Уг алга болсон гэх дөрвөн тооны адууны хоёр нь миний өөрийн адуу, нэг нь манай хадам ах Б.Пгийнх, нэг нь миний хойд эцэг Т.Өийн адуу юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,
мөн хохирогч Ч.Цийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчоор дахин өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би сумын төв ороод ирэхэд Завхан аймгийн Сантмаргац сумын залуучууд болох Н, Л нар манай гэрт гурван адуу тууж ирсэн байсан. Уг адуу нь миний хулгайд алдсан дөрвөн адууны гурван адуу байсан. Тэр хоёр залуугаас адуу хаанаас авч ирсэн талаар асуухад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой бид хоёрыг Намхайдэмидийн гэрт унтаж байтал Ж.Э намайг утсаар дуудаж хүрээд ир гэхээр нь би Лийн хамт явж очсон. Ж.Э, П хоёр хориод тооны адуу туучихсан явахаар нь хамт туулцаж “Ихэр”-ийн өвөлжөөнд хүргэж дөрвөн гүү ялгаж аваад цааш нь тууж “Баян Өндөр”-ийн өвөлжөөнд хашаанд орхисон. 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буцаад ирсэн чинь таныг адуу хайж явна гэж сонсоод би Б.Птай утсаар ярьж “нөгөө дөрвөн адуу чинь Хөхөө буюу Ц ахын адуу байна, гаргаж явуул” гэж хэлсэн. Тэгээд өвөлжөөнөөс гаргаад явуулчихсан байсан. Тэгээд цагдаа нар уг адууг олдохгүй хайж байна гэхээр нь бид хоёр авч ирж өгч байгаа юм гэж хэлээд надаас уучлалт гуйгаад явсан юм. Т.Ө ахтай утсаар ярихад манай адууг “Ихэр”-ийн өвөлжөөн дээрээс 2 мотоцикльтой хүн тууж явсан байна гэхээр нь би очиж үзсэн чинь хоёр мотоциклийн мөр манай адуу байсан газраас “Ихэр”-ийн өвөлжөө рүү чиглэж яваад адуу туусан байдалтай “Ихэр”-ийн өвөлжөөн дээр ирээд 4 адууг ялгаж аваад цааш нь Сантмаргац сумын нутаг “Бор өндөр” гэх өвөлжөө хүргэсэн байсан. Тэр хоёр мотоциклийн мөр адууг хоёр талаас нь хашиж хөөсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р хуудас/,
мөн хохирогч Ч.Цийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчоор дахин өгсөн: “Би ганцаараа мөр хайж Цэцэн уулаар ороод Сонгино гэх газраар явж байхад манай ээжийн нөхөр Ө ах над руу яриад мөр “Ихэр”-ийн өвөлжөөнд байна 2 мотоцикльтой, морь хөөсөн ул мөр байна гээд яриад би Даваахүү гэгчтэй хамт мөр мөшгөсөн. Ө ах бие нь өвдөж байна гээд гэрлүүгээ явчихсан. Даваахүү бид хоёр мөр хөөж байгаад Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд хэсгийн төлөөлөгчтэй хамт мөр мөшгөөд “Давсан” гэх газрын ард нэг хар зүсмийн гүү машины хажуугаар ганцаараа гүйгээд зөрсөн. Бид нар цааш нь яваад Бор Өндөр гэх газарт очсон. Тэгээд цагдаа Эрдэнэбат гэх айлд очоод уулзсан юм. Тэгээд манай 4 адууг Сантмаргац сумын Э, П, Н, Л нар хулгайлсан болох нь тогтоогдсон. Н, Л нар 3 тооны гүүг тууж манай гэрт авч ирээд Э, П нар тууж байхад араас нь очоод туусан талаар хэлээд 4 тооны гүү хулгайлахад оролцсон гээд уучлалт гуйгаад бид хоёр хайж олж ирлээ гээд авчирсан. Ө нь манай ээжийн нөхөр, П нь манай хадам ах юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/,
2. Хохирогч Т.Өийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Зүүнхангай сумын Далан булаг багт мал маллаж амьдардаг. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр миний дүү Т.Д адуугаа цуглуулж азаргаа манай сумын малчин Н.Эрдэнэпүрэвт зарсан юм. Миний дүү Даваахүүгийн адуутай манай адуу цуг байдаг. Азаргаа зараад адуугаа бэлчээрт гаргаж явуулсны маргааш өдөр нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манай хажууд айл байдаг Ч.Ц адуунд явж ирээд манай адуунаас дөрвөн гүү алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би азарга байхгүй болохоор салаад явсан холдоогүй байлгүй гэж бодоод миний бие ходоод өвдөөд эмчилгээтэй байсан болохоор явж эрж хайж чадаагүй. Миний дүү Т.Д, Ц.Ц нар адуугаа хайж явсан утсаар холбогдоход ул мөрийг нь сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт хайж байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нөгөө алдсан адуунаас хар зүстэй гүү гүйж ирсэн. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Э.Н, Д.Л нар манай алга болсон гурван гүүг туучихсан ирсэн юм. Надад гомдол санал байхгүй. Адуу хайж явсан Ч.Цид гарсан хохирол мөнгийг нь гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60-р хуудас/,
мөн хохирогч Т.Өийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчоор дахин өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү Даваагийн хамтаар Бага хайрхан, “Ихэр”-ийн өвөлжөөний чиглэлд яваад “Ихэр”-ийн өвөлжөөнөөс адууны мөрийг олоод Завхан аймгийн Сантмаргац сумын “Хөшиг” гэх газар хүргээд бие өвдөөд байхаар нь орхичихоод буцаад гэртээ хүрээд ирсэн. Тэгээд Ч.Ц гар утсаар ярихад нь би “Ихэр”-ийн өвөлжөөнд мөр олсон талаараа, мөр мөшгөсөн талаар хэлсэн юм. Ч.Ц үргэлжлүүлээд хайсан. Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтарч мөр хөөж явсан, тэгээд адуу хулгайлсан Сантмаргац сумын Э, П, Н, Л нарыг хайж олж тогтоосон юм байна лээ. Сүүлд манай гэрийн гадна Н, Л нар хулгайлагдсан гэх 4 адууны 3 адууг тууж авчирсан. 1 адуу нь өөрөө гүйж ирсэн. Н, Л нар адуугаа Ц, П нарт хүлээлгэж өгч байсан. Ц нь манай төрсөн хүү бөгөөд манай 1 дэх хүүхэд юм. Би 4 хүүхэдтэй. Цийн хадам ах нь П юм. Миний алдсан адуу нь зүүн гуяндаа 6 тоо тамгатай, бор хээр зүсмийн 10 настай гүү байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,
3. Хохирогч Б.Пгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Зүүнхангай сумын Далан булаг багт мал маллаж амьдардаг. 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчим манай хүргэн Ч.Ц утсаар Т.Д ахын адуунд байсан 4 морь алга болсон байна гэж ярьсан. Тэгээд би машинтай явж Увс аймгийн Өндөрхангай сумын нутгаар адуугаа хайж яваад гэртээ ирэхэд Ч.Ц над руу утсаар алдсан адууны мөр олчихсон, мөрөөр нь явж байна гэж ярьсан. Тэгээд би олчих байх гэж бодоод манайх ганц гэрээрээ байдаг, хонь малаа хараад хайж явж чадаагүй юм. Миний нэг гүү манай авга ах болох Т.Д ахын адуунд байсан юм. Уг алга болсон гэх адуунд миний өөрийн 1 адуу байгаа бусад адуу нь манай хүргэн Ч.Цийн 2 адуу, манай авга ах Т.Өийн 1 адуу байсан юм. Миний алга болсон гэх адуу нь хээр зүсмийн, зүүн гуяндаа ДМ тамгатай, 6 настай гүү байсан. Манай хүргэн Ч.Цийн 2 адууны нэг нь хар зүсмийн, баруун талын чих цуулбар, зөв чих нь хойноос хөндлөн цуулбар, зөв гуяндаа жинстэй ширээтэй дормон тамгатай 8 настай гүү байсан, нөгөө нь хүрэн зүстэй, баруун талын чих цуулбар, зөв чих хөндлөн цуулбар, зөв гуяндаа жинстэй ширээтэй дормон тамгатай, 4 настай гүү байсан. Манай авга ах Т.Өийн 1 морь нь хээр зүсмийн, зүүн гуяндаа 6 тоо тамгатай, 10 настай гүү байсан. Би хээр зүсмийн 6 настай гүүгээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Одоогоор миний адууг авсан гэх нотлох баримттай хардаж байгаа хүн байхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65-р хуудас/,
мөн хохирогч Б.Пгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчоор дахин өгсөн: “Миний хээр зүсмийн гүү нь Цийн адуунд байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хулгайлагдсан. Миний гүү хулгайлагдсан талаар хадам дүү Ц гар утсаар надад хэлсэн. Би адуугаа Өндөрхангайн хэсгээр хайсан боловч олоогүй. Хадам дүү Цийн хойд аав болох Т.Ө мөр олсон бөгөөд бие нь өвдөөд мөр мөшгөж чадаагүй, харин Ц мөр үргэлжлүүлэн хөөсөн байсан. Миний хулгайлагдсан гэх адууг Завхан аймгийн Сантмаргац сумын Л, Н нар буцааж тууж авчирсан бөгөөд надад адуу хулгайлсан гэж хэлсэн. Харин хэрхэн яаж хулгайлсан талаар ямар нэг зүйл хэлээгүй юм. Гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгний 6 настай хээр гүү алга болсон. Миний гүү олдсон тул надад ямар нэг санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,
4. Гэрч Э.Эын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэр Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-Улаан багийн нутаг Зонхио гэх газар хаваржиж байгаа юм. 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би хонио эргүүлээд мотоцикльтой явж байтал манай сумын Ж.Э нэг танихгүй залуутай хамт мотоцикльтой ирсэн. Тэр хоёр архи уусан бололтой халамцуу байсан. Тэгээд намайг “та хоёр танилц, миний найз байгаа юм” гээд тэр хажууд нь сууж явсан залуу бид хоёр танилцсан чинь тэр хамт явсан залуу өөрийгөө И гэж танилцуулсан. Тэгээд надтай уулзаад адуу худалдаж авч яваа талаар яриад сууж байгаад Ж.Э “би ойрхон хүнтэй очоод уулзаад хүрээд ирнэ, та хоёр явж бай” гэж хэлээд мотоцикльтой явсан. Тэгээд би хэсэг сууж байгаад И гэх залууг суулгаад гэрт очоод байж байтал Ж.Э орж ирээд сууж байгаад “танай хажуу талын Бор өндөр гэдэг өвөлжөөнд хашчихсан адуу байна” гэж хэлсэн. Тэгээд “би юун адуу байдаг юм бэ” гэсэн чинь Ж.Э “чамд ямар ч хамааралгүй, чи дуугүй байж бай” гэж хэлсэн. Тэгтэл хамт явсан И гэх залуу нь Ж.Э луу нүдээрээ ирмэсэн чинь Ж.Э чимээгүй болсон. Би ямар учиртай хэдэн тооны адуу хашчихсан байсан талаар мэдээгүй. Би тэр адууг хараагүй. Ж.Э тэгж хэлж ирсэн. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө Ж.Э цагдаа нар ирчихсэн байхад надад “тэр адууны талаар хэлж болохгүй шүү чи” гэж хэлсэн юм. Тэгээд би тэр адуу хулгайн адуу байсан юм байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72-р хуудас/,
5. Гэрч Б.Иын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Би адуу худалдаж авч өсгөх санаатай 2020 оны 4 дүгээр сарын 05-ны үед Ж.Этай утсаар яриад “зарах хээлтэй гүү байна уу” гэж хэлсэн чинь “байгаа хүрээд ир” гэж хэлэхээр нь замын машинаар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд ирээд Ж.Этай уулзаад суманд хоносон. Ж.Э надад өөрийн адуунаасаа хээлтэй 10 тооны гүү зарна гэж хэлээд 5.000.000 /таван сая/ төгрөг бэлнээр авсан юм. ...Тэгээд Ж.Этай уулзсан чинь адуугаа цуглуулсан, хойноос урт хөлийн дөрвөн тооны адуу авч ирээд хойно орхичихлоо гэж хэлсэн. Би Ж.Э, Б.П нарыг адуу хулгайлсан юм байна гэж бодоод “би адуу өсгөх гэж худалдаж авч байгаа хүн, хулгайн адуу авмааргүй байна. Чи өөрийнхөө адуунаас зүсэлсэн адуугаа өгөөч” гэж хэлсэн чинь харин тийм гээд өөрийнхөө адуугаа цуглуулаад Батдоржийн хашаанд надад зүсэлж өгсөн таван тооны гүүг бариад хашиж үлдээчээд Ж.Э бид хоёр сумын төв мотоцикльтой яваад тэндээ хоносон. Өглөө нь 11 цагийн үед Ж.Э намайг хамт нөгөө дөрвөн тооны адуун дээр очоод ирье гэж хэлээд мотоцикльтой явсан. Сумын төвөөс баруун зүгт 15 орчим км явж байтал замд хонь хариулж явсан Эрдэнэбат гэж хүн таараад уулзаад сууж байгаад Ж.Э чи энэ хүнтэй байж бай, би хүнтэй уулзчихаад ирье гээд мотоцикльтой яваад би Эрдэнэбат гэх залуутай уулзаад сууж байгаад Эрдэнэбатын гэр лүү бид хоёр түүний мотоцикльтой явсан. Тэднийд очоод Эрдэнэбат хоол хийж өгч байтал Ж.Э орж ирэхэд Эрдэнэбат “чи хүнтэйгээ уулзсан юм уу” гэсэн чинь “уулзсан, явж байтал замд таараад” гэж хэлсэн. Тэгээд Ж.Эт танай хажуу талын өвөлжөөнд дөрвөн тооны адуу хашаад хаячихсан байна. Би зургийг нь авах гэсэн чинь миний утас цэнэггүй болчихсон байна гэж хэлсэн. Эрдэнэбат ямар им тамгатай адуу байна гэсэн чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар хоол идчихээд 2-3 цаг унтаад 16 цагийн үед Батдорж гэх айлд очих гээд явсан замдаа би “чи хаашаа явчихаад ирэв” гэсэн чинь хойноос авч ирсэн дөрвөн адууг хашаанд хашчихсан байсан гаргаад хөөчихлөө араас нь хүмүүс хайгаад байна гэж хэлсэн. ....Намайг очсоны дараа Э хойшоо Сонгино хайрхан уулын хойд руу нэг хөдөөний айлд хүргүүлээд үлдсэн. Тэгээд хоёр хоноод ирснийхээ дараа хойноос дөрвөн адуу аваад ирлээ, буруу гарын адуунууд шүү гээд намайг “авах уу” гэхээр нь би “адуу авч өсгөх гэж байгаа хүнд дэмий байх” гээд аваагүй юм. Эыг буруу гарын адуу шүү гэхээр нь би хулгайн адуу гэдгийг мэдсэн. Этай би найз нөхөд болохоор хүн чанар зулгаагаад арай ч цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй юм. Э Эрдэнэбатын гэрт ирчихээд өвөлжөөнд 4 адуу хашаад хаячихсан байхаар нь гаргаад явуулчихлаа, зургийг нь авах гэсэн чинь утас цэнэггүй, сум руу ярих гэсэн утас нь болохгүй байна гэж ярихаар нь би Эыг өөрөө тэр адуунуудыг хашсан гэсэн байж, тэгж яриад байхаар нь инээд хүрээд нүдээ ирмэсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74, 78-р хуудас/,
6. Гэрч Б.Мын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр сумын төвөөс Өлзийбаярын машинтай Отгоо, Отгонцэцэг, Э, И, П нарын хүмүүс манайд ирж хоол цай идэж ууцгааж, ганц хоёр шил архи ууж байгаад сумын төв орно гэж Өлзийбаяр, Отгоо, Отгонцэцэг, И нарын дөрвөн хүн буцаж яваад Э, П хоёр манайд үлдэж хоноод маргааш өдөр нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үдийн орчим манай ах Балжиннямын эзэмшлийн улаан өнгийн хятад мотоциклийг хэлэхгүй унаад явсан байхаар нь би Нгаас Ж.Э, П нар хаашаа явсан талаар асуухад мэдэхгүй гэж байсан. Би тэр хоёр залууг мотоцикль унаж хаашаа ямар санаатай явсан талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/,
7. Гэрч Г.Бын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хот явахдаа өөрийн дүү Бүрэнтогтохыг унаж бай гэж хэлээд өөрийн мотоциклийг түлхүүртэй нь хамт үлдээгээд явсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн чинь миний мотоциклийг манай сумын Ж.Э, Б.П нар нь хэлж мэдэгдэлгүйгээр авч явсан гэж Бүрэнтогтох надад хэлсэн. Мөн Э, П нар чиний мотоциклийг унаж яваад хүний адуу хулгайлсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-р хуудас/,
8. Гэрч Д.Лын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Н, Л нар хонохоор болоод бид нар хэвтээд унтах гэж байтал оройн 22 цагийн үед Нгийн утсанд дуудлага ирж нэг хүнтэй утсаар ярьж байгаад Лыг дуудаж босгож хувцасаа өмсөөд гарч мотоциклио унаад урд зүгт явчихсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93-р хуудас/,
9. Мал үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “2020 оны 4 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд Азарганы зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нас гүйцсэн морь 1.000.000 /нэг сая/ төгрөг, нас гүйцсэн гүү 900.000 /ерөн зуун мянга/ төгрөг, соёолон морь 800.000 /найман зуун мянга/ төгрөг, соёолон гүү 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, хязаалан морь 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, хязаалан гүү 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, шүдлэн /эр, эм/ 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг, даага эр/эм 400.00 /дөрвөн зуун мянга/ төгрөг, унага 300.000 /гурван зуун мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх 107 дугаартай дүгнэлт /хх-ийн 129-р хуудас/,
10. Шүүгдэгч Ж.Эын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Батдоржийн гэрт Иын хамтаар байж байхад П Сантмаргац сумын төвөөс ирсэн бөгөөд И бид хоёр хамт байсан. И ахаасаа 5.000.000 төгрөг авч надад өгсөн. Мөн надад 10 гүү олоод өг гэж хэлсэн. П ирээд би нэг адуу олж өгнө гэхээр нь би мөнгөө тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас Иад өгчихсөн байсан. Иыг нэг адууны мөнгө өгчих гээд 500.000 төгрөгийг Пад өгүүлсэн. И, П бид гурав Өлзийбаяр гэх айлын автомашинд бензин авах мөнгийг нь өгөөд Бүрэнтогтохын гэрт 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 14-15 цагийн үед очсон. Тэр өдөр би 2-3 шил архи авч очсон бөгөөд тэднийд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. ...Түүний дараагаар орой болчихоор нь Б.П бид хоёр хамтдаа ярилцаж байгаад адуу хулгайлахаар болоод бид хоёр унаа байхгүй болохоор Бүрэнтогтохын гэрт архи ууж байхдаа мотоциклиор чинь сумын төв орчихоод ирье гэхэд “за тэг, тэг” гэж хэлсэн. Бүрэнтогтохын эзэмшилд байсан улаан өнгийн “Мустанг-5” загварын мотоциклиор П бид хоёр баруун урд зүг рүү адуу хайгаад явж байхад адуунууд байсан бөгөөд тэр адуунуудыг хараад явж байсан юм. П надтай хамт явж байхдаа “чи адуу аргалах арга байна уу?” гэхээр нь би “Надад адуу өөрөөсөө аргалаад өгөх арга байхгүй, би та нарт адуу авах мөнгө өгсөн. Иад мөнгийг нь авсан юм чинь өөрийнхөө адуунаас өгнө, гэхдээ та нараас адуугаа аваад хамтад нь оролцуулаад өгмөөр байна” гэж хэлсэн. Тэгтэл П эндээс хоёулаа адуу авчихья гэж хоорондоо ярилцаад хулгайлсан адуугаа урагшаа Иад өгч явуулахаар тохиролцсон. Би Пад адуугаа Иад өгөөд чи өөрөө адууныхаа мөнгийг аваарай гэж хэлсэн. Бид “Ихэр”-ийн наад талд Бага хайрхан гэх газрын цаад талд байсан 20 гаруй тооны, хүрэн алаг адуутай, сүүлгүй шодон буурал морьтой адуунуудыг “Ихэр”-ийн өвөлжөө рүү Б.Пын хамтаар улаан өнгийн мотоциклиор туусан. Би тухайн адууг туухаас өмнө Н руу утсаар ярьсан. Нгаас хүрэн зүсмийн адууг 1 сая төгрөгөөр авахаар болчихсон байсан бөгөөд 500.000 төгрөгний урьдчилгаа мөнгийг өгчихсөн байсан учраас нөгөө хүрэн морио аваад “Ихэр”-ийн энд хүрээд ир гэж 22 цагийн үед ярьсан. Б.П бид хоёр Балжиннямын улаан өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг ээлжилж жолоодоод адууг туугаад явж байхад араас Л цэнхэр өнгийн мотоцикльтой Нтай хамт ирсэн бөгөөд Н морь олдохгүй байна гэж хэлсэн. Н, Л нарыг хамт туулцаад өг гээд “Ихэр”-ийн өвөлжөө рүү туугаад 4 адуу барьсны дараагаар Н би одоо явлаа гэхээр нь “би яаж 4 адуу туух юм, чи туулцаад хашаанд хүргээд өгчих” гэж хэлэхэд тэд нар зөвшөөрөөд П бид хоёр нэг мотоцикльтой, Л, Н нар 1 мотоцикльтой ингээд 2 мотоциклиор тухайн 4 тооны адууг туугаад нэг айлын өвөлжөөнд очоод хашсан. Тэгээд П, Лын хамтаар сумын төв рүү явсан. Би Нгийн хамтаар Сантмаргац сумын Булан гэх газарт байрлах Батдорж гэгчийн гэр лүү явсан. 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үдээс хойш П над руу яриад хоёулаа буруу зүйл хийсэн байна, наад адуугаа гаргаад хаячихаарай гэж хэлсэн. Тухайн үед миний гар утас холбогдохгүй, цэнэг дуусаад унтраад байсан ба П над руу “нөгөө 4 яасан бэ?” гэж мессэж бичиж ирүүлсэн байсан бөгөөд би хариу бичсэн эсэхээ санахгүй байна. Би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тухайн 4 тооны адууг хашаанаас нь гаргаад хойд зүг рүү туугаад хаячихсан. ...Тухайн үед П бид хоёр хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юмаа. Архины халуундаа хамт ярилцаж байгаад хулгайлах гэмт хэрэг үйлдсэн юм. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. ...И нь хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би хойноос 4 адуу Б.Пын хамтаар тууж авчирсан талаараа хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-163, 164-165-р хуудас/,
11. Шүүгдэгч Б.Пын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 14-15 цагийн үед Э, Баяраа ах эхнэрийн хамт, И, манай багийн даргын эхнэр аймаг руу явах гээд бид нар Бүрэнтогтох ахын гэрт очоод Э бид хоёр Бүрэнтогтох ахын гэрт үлдсэн. Бусад хүмүүс нь Сантмаргац сумын төв рүү явсан. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ...Э улаан өнгийн “Мустанг-5” загварын мотоцикль дээр суучихсан явъя гээд намайг мотоцикль барьчих гэхээр нь би зөвшөөрөөд баруун урд зүг рүү байх ойролцоогоор 17-18 цагийн үед байх бүрэнхий болж байсан. Бид 2 явж байтал 20 гаруй тооны адуу Тариат гэх газрын ойролцоо таарч адууг туусан. Э нь Н руу гар утсаар яриад хүрэн морио аваад хүрээд ир гэж ярьсан. Бид 2 адуугаа туугаад “Ихэр”-ийн өвөлжөө рүү очиж байхад араас Н, Л нар “хүрэн морь олдсонгүй” гэж хэлээд ирсэн. “Ихэр”-ийн өвөлжөөнд Э 4 адуу барьж авна гээд өвөлжөөний хашаанд хашаад 4 адуу барьж бусад адууг нь хашаанаас гаргаад хойд зүг рүү туусан. Тухайн үед Н, Л нар хэний, ямар адуу болох талаар мэдээгүй. Э бид 2 ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд Э бид 2 Н, Л хоёрыг гуйгаад цаад талын өвөлжөө рүү туугаад өг гээд 4 адууг цааш нь туугаад танихгүй айлын өвөлжөөнд очоод адуугаа хашаа руу нь хийгээд хашчихаад би Лын хамтаар сумын төв рүү явсан. ...Түүний дараа 2 хоногийн дараа байх хугацааг тодорхой санахгүй байна. Н над руу гар утсаар яриад 4 адууг хүмүүс хайгаад яваад байна. Тэр 4 адуу Хөхөө буюу Цийн адуу байсан юмуу, хулгайн адуу байсан юмуу, гаргаж явуул гэж хэлсэн. Э луу залгахаар холбогдохгүй байна гэж хэлсэн. Би Э луу залгаад холбогдож хэлэхэд “за за” гэж хэлсэн. Түүний дараагаар дахин Э луу залгахад түүний утас холбогдохгүй болохоор нь би “нөгөө 4 яасан бэ?” гэсэн мессэж бичиж явуулсан. Э над руу хариу “Байхгүй” гэсэн хариу явуулсан. ...Би тухайн үед Этай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. 4 тооны адууг эзэнгүй өвөлжөөний газарт хашсан. Э адууг энд хашаад орхичихъё би урагшаа явуулна гэж хэлсэн. Хохирогч нарын адууг буцаагаад хүргээд өгчихсөн. Цаашид хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-174-р хуудас/,
12. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-7-р хуудас/
13. Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-14-р хуудас/,
14. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-25-р хуудас/,
15. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1-р хх-ийн 28-29-р хуудас/,
16. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-34-р хуудас/ зэрэг болно.
Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, шинжээчийн 107, 119 дугаартай дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэдэгт наймаг бог, 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно.” гэж хуульчлан тайлбарлажээ.
Тиймээс шүүгдэгч Ж.Э, Б.П нар нь бусдын 4 тооны адууг хулгайлсан нь дээрх хуульд заасанчлан олон тооны мал гэх ойлголтод хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Э, Б.П нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг хүсч үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул шүүгдэгч Э.Э, Б.П нарын хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Э, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж /мотоцикль/ хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Цийн 2 тооны адуу хулгайлагдаж 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн, хохирогч Г.Өийн 1 тооны адуу хулгайлагдаж 900.000 /есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Пгийн 1 тооны адуу хулгайлагдаж 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн, нийт 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ж.Э, Б.П нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.Цийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал, хүсэлт байхгүй. Миний адууг буцаагаад аваад ирсэн учир гомдолгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/, хохирогч Т.Өийн “...манай алга болсон гурван гүүг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Э.Н, Д.Л нар гурван гүү туучихсан ирсэн юм. Гомдол санал байхгүй. Харин Ч.Цид адуу хайхад гарсан зардлыг гаргуулж өгнө үү....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р хуудас/, хохирогч Б.Пгийн “...миний хулгайлагдсан гэх адууг буцаагаад Сантмаргац сумын Л, Н нар буцааж тууж авчирсан. Миний хулгайд алдсан гүү буцаж олдсон тул надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Б.Пд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Шүүх хуралдааны товыг хүлээн авлаа. Миний адууг зүсээр нь буцаан өгсөн. Харин эрэл хайгуулын зардал өгнө гэсэн боловч одоог болтол өгөөгүй байгаа” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар нь “Хохирогч нар малын эрэл хайгуулд 500.000 төгрөг зарцуулсан гэсэн. Тэр мөнгийг төлж барагдуулна” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч нарын хэн аль нь энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т зааснаар хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх” эрхтэй бөгөөд хохирогч нарын хулгайд алдагдсан малын эрэл, хайгуулд зарцуулсан хөрөнгө нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцогдоно.
Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч нар нь өөрт учирсан гэм хор, хор уршгаа арилгуулах зорилгоор хулгайд алдагдсан малын эрэл, хайгуулд зарцуулсан зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгч нараас гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ж.Э, Б.П нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан /мотоцикль/ хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э, Б.П нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Ж.Эын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 202-р хуудас/, Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 207-211-р хуудас/, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн талаарх шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 212-215-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь, харин шүүгдэгч Б.Пын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 226-р хуудас/-аар урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Ж.Эт гурван жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Пад хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан байна.
Шүүгдэгч Б.П нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулсан, хулгайлсан адууг буцааж хохирогч нарт зүсээр нь өгсөн, гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ж.Эын хувьд урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд засарч хүмүүжихгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Э, Б.П нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Haojue” маркийн улсын дугааргүй мотоцикль нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Б, гэрч Б.М, гэрч Г.Бүрэнтогтох нарын мэдүүлгүүдээр Г.Бын эзэмшлийн мотоцикль болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Ж.Э, Б.П нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Г.Бын эзэмшилийн “Haojue” маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгон, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох мотоциклийг эзэмшигч Г.Бд олгох нь зүйтэй байна.
Харин тухайн тээврийн хэрэгсэл болох Haojue маркийн улсын дугааргүй мотоциклийг 1.875.000 төгрөг /1-р хх-ийн 141-р хуудас/-өөр үнэлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан тус мотоциклийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Э, Б.П нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.П нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Жгийн Э, Т ургийн овогт Б П нарыг бүлэглэж, машин механизм /мотоцикль/ ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Пыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эт оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Пад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Э, Б.П нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э, Б.П нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.875.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.Эаас 937.500 төгрөгийг, шүүгдэгч Б.Паас 937.500 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд 4хөрөнгө болох мотоциклийг эзэмшигч Г.Бд олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ч.Ц, Г.Ө, Б.П нар нь малын эрэл, хайгуулд зарцуулсан зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.П нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН