| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0108/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Дгийн Год холбогдох 2035000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар баг /Цагааннуур баг/-т оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Дгийн Г, регистрийн дугаар: ОК96090918.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Хуурай барчиг” гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн А.Бын адуунаас иргэн С.Гийн нэг тооны нас гүйцсэн гүүг хулгайлж 800.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000000097 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Өндөрхангай сумын төвд байдаг. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн 1 тооны гүүг Өндөрхангай сумын 3-р багийн иргэн Аийн Б буюу М гэх хүний адуунд аваачиж тавьсан. Тэгээд байж байтал 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр над руу М утсаар яриад “таны авч ирж тавьсан 1 гүү алга болчихлоо, би хайгаад олсонгүй” гэж хэлэхээр нь “чи хайж байгаарай” гэж хэлсэн юм. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр утсаар яриад “олдоогүй байна” гэхээр нь мотоциклтэй ганцаараа А.Бын гэрлүү явсан. Тэндээс Быг аваад бид хоёр хамт мотоциклтой алга болсон адууныхаа араас хайгаад ололгүй байж байгаад 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Х гэх айлын адуунд миний гүүний дэлийг засаад тавьчихсан байсныг олсон юм. Би адууны эзэн Хгээс “яагаад миний адуу танай адуунд байгаа юм бэ?” гэхэд “Тугаагийн Б гэдэг залуу Г гэж залуугаас нэг адуу авах ёстой байсан. Тэрний өрөнд авлаа” гээд Б нь манай адуунд авч ирж тавьсан. Миний гүү дэллээгүй байсныг дэлийг нь авчихсан байхаар нь Хгээс асуухад “дэлийг нь засчихсан ирсэн” гэж ярьсан. Би алдсан гүүгээ буцаагаад олчихсон. Одоо манай ахын адуунд байгаа. Миний алдсан гүү бор хээр зүсмийн, 2 чих цуулбар имтэй, зөв талын гуяндаа угалз дором тамгатай, 6 настай гүү байсан. Надад ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-22-р хуудас/,
2. Гэрч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 10-ны 22 цагийн үед байх Б нь ганцаараа бор хээр зүсмийн гүү хөтөлчихсөн өөрийнхөө морийг унаад ирсэн. Б нь “Гоос 1 адуу авах ёстой байсан. Тэрнийхээ оронд энэ гүүг авч ирлээ. Танай адуунд түр тавиад авъя” гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа манай сумын иргэн Б буюу М, Г 2 мотоциклтэй ирээд “Танай адуунд миний 1 гүү байна уу? Үзэж хармаар байна” гэж хэлэхээр нь “Б 1 гүү авч ирж тавьсан юм. Тэрнийг очиж үзээч” гэж хэлээд дагуулаад очтол Г “энэ миний гүү байна” гэж хэлээд аваад явсан. Тэр гүүг манайд авч ирж өгөхдөө дэлийг нь засчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
3. Гэрч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал Б манайд морьтой ганцаараа ирээд “би нөгөө адуугаа авах гэж ирлээ, чи надад 1 адууны өртэй шүү дээ” гэхээр нь би “Мгийн гадаа адуунд 1 адуу байсан. Тэрийг чамд авч өгье” гээд бид 2 бугуйл, хазаар, ногт, эмээл, чөдөр, хайч зэргийг ганзагалаад Мгийн гэрийн ойролцоо очоод тэдний адуу байхаар нь бид 2 харж байгаад бор хээр зүсмийн гүүг би бугуйлдаж барьж аваад ойролцоо харганад очоод бор хээр гүүний дэлийг нь засаж хайчилсан. Тэгээд “чи энэ адууг аваад яв” гээд би гэртээ харьсан. Би Бөд 1 адууны өртэй байсан. М ахынд нэг бор хээр зүсмийн дэлтэй адуу байна лээ. Тэр адууг аваад явж байхгүй юу? гэж хэлэхэд “Б яаж авах вэ?” гэж надаас асууж хоорондоо ярилцаад тэр адуун дээр очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
4. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар 13-ны өдөр Гтой уулзах гэж морьтой тэднийд очсон. Гыг дуудаж бугуйл, хазаар, ногт, эмээл, чөдөр, хайч зэргийг ганзагалаад бид 2 морьтой Мгийн гэрийн ойролцоо очоод М гэх айлын адуу байхаар нь бид 2 харж байгаад бор хээр зүсмийн гүүг бугуйлдаж барьж аваад хөтлөөд харганы захад очиж бор хээр гүүний дэлийг засаж хайчилсан. Тэгээд Г намайг Хгийн гэрлүү аваад яв. Тэнд очоод тэдний адуудтай холбоод тогтоочих гээд өөрөө гэр лүүгээ явсан. Би тэр адууг хөтлөөд Хгийн гэрт шөнө 2 цагийн үед очиход Х гэртээ байсан бөгөөд би нэг адуу авч ирлээ. “Г надад 1 адууны өртэй байсан юм. Өрөндөө авлаа. Танай адуунд холбочихмоор байна” гэж хэлээд тэдний адуунд тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
5. Гэрч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын эхээр байх. Өндөрхангай сумын 3-р багийн нутагт гэртээ байж байхад Г бор хээр зүсмийн 2 чих цуулбар имтэй, зөв гуян дээрээ угалзтай дором тамгатай нас гүйцсэн гүү авч ирж манай адуунд тавьсан. 5 дугаар сарын 14-ний өглөө адуугаа харахад тухайн гүү байгаагүй. Ойр хавиар 2 хоног хайгаад олоогүй. Гт энэ талаар утсаар хэлэхэд 2 хоногийн дараа Г ганцаараа мотоциклтой ирсэн. 3 хоног хайж байгаад Өндөрхангай сумын 3-р багт байх Х гэх хүний адуунд манай гүү байсан. Гүүний дэлийг авчихсан байсан. Хгээс “энэ гүү яагаад танайд байгаа юм бэ?” гэж асуухад “Б гэж хүн ирж манай адуунд тавьсан” гэж хэлсэн. Ингээд гүүгээ аваад Бийн гэрт очиход Гоос 1 адуу авах ёстой байсан. Тэрнийхээ оронд авсан гэж хэлсэн. Тухайн гүүний дэл 3 жил засаагүй өнжмөл дэлтэй гүү байсан. Гийн гүү нь манай адуунд байх хугацаандаа азарганд орсон гүү байсан болохоор ижил буруулж салж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 31-р хуудас/,
6. Яллагдагч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад сонсгосон ялын талаар би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Год өөрийн эзэмшлийн 2 бугуйл өгчихсөн байсан. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Гын гэрт 2 бугуйландаа адуу авах зорилгоор очиход Г надад “өөрийн эзэмшлийн адуунаасаа барьж өгье” гээд Хуурай барчиг гэх газарт дагуулж очсон. Тухайн газарт би очиж байгаагүй. Г нь өөрийн бугуйлаараа нас гүйцсэн гүү барьж өгсөн. Тухайн гүүг аваад Х гэх айлд очоод “ Энэ гүүг би Гоос бугуйлынхаа оронд авсан гүү. Танай адуунд түр тавьчихъя” гэж хэлээд тавиад явсан. 5 хоногийн дараа Г гэх хүн миний адуу гээд аваад явсан байсан. Тухайн адууг хулгайн адуу байсан гэж мэдээгүй. Г нь ямар зорилгоор тухайн гүүний дэлийг зассаныг ойлгоогүй. Гыг өөрийн эзэмшлийн гүүний дэлийг авч байна гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,
7. Яллагдагч Д.Гын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би Бөөс 2 бугуйл авсан байсан юм. Тэр өрөндөө 1 адуу өгнө гэж тохирсон юм. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б нь манайд ирээд “адуугаа авъя” гээд ирэхээр нь би урьд өмнө Өндөрхангай сумын Барчиг гэх газарт бэлчээрт бөөн адуу байдгийг мэддэг байсан болохоор тухайн өдрийн 15-16 цагийн хооронд Бийг дагуулан очиход миний урьд өмнө харж байсан адуунууд байсан. Би адуунаас бор зүсмийн нас гүйцсэн гүүг бугуйлдаж аваад “Энэ миний гүү, чи өрөндөө ав” гэж хэлээд Бөд хөтлүүлээд явуулсан. Би Бөд хулгайлж авсан гэдгээ хэлээгүй. Б мэдээгүй. Тухайн үед гүүний дэлийг засаад Бөд өгөөд явуулсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Б гүүг хаашаа авч явсныг мэдэхгүй. Тухайн үед би хайчаа гутлын түрийндээ хийгээд аваад явсан тул Б нь хайч авч явсан гэх талаар мэдэхгүй. Би дахин хэзээ ч ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,
8. Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дугаар хуудас/,
9. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р хуудас/,
10. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,
11. Мал үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “2020 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймгийн Өндөрхангай суманд 6 настай гүүний зах зээлийн үнэ цэнэ 800.000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 152 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,
12. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 13 дугаартай тогтоол /хх-ийн 118-119-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг Хуурай барчиг гэх газраас хохирогч С.Гийн нас гүйцсэн 1 тооны гүүг хулгайлж, гэрч Б.Бөд өрөндөө тооцож өгсөн байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул шүүгдэгч Д.Гын хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Гт 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч С.Гийн “Би алдсан гүүгээ буцаагаад олчихсон. Надад ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, гэрч А.Бын “Өндөрхангай сумын 3-р багт байх Х гэх хүний адуунд манай гүү байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Г.Х нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Д.Г нь урьд шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/-аар нотлогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгасан, хэл ярианы хөгжил муутай байдлаасаа болж бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй зэрэг бусад хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн бусад хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг нийгмээс тусгаарлан, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хулгайлсан адууны дэлийг засаж хайчилсан гэх 1 ширхэг хайчийг устгах нь зүйтэй байна.
2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 204 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/-ээр гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Д.Гын эзэмшлийн хээр зүсмийн нас гүйцсэн морийг 900.000 төгрөгөөр, бүрэн тоноглолтой цэрэг хар эмээл /хуучин/ 1 ширхэгийг 30.000 төгрөгөөр, суран хазаар /хуучин/ 1 ширхэгийг 5.000 төгрөгөөр, суран бугуйл /хуучин/ 1 ширхэгийг 35.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд эдгээр эд зүйлсийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Иймд энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны адуу, мөн эд мөрийн баримтаар хураагдсан бүрэн тоноглолтой цэрэг хар эмээл /хуучин/ 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор, битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол”-ыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Год өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Дгийн Гыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг устгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан энэ хэрэгт битүүмжлэгдсэн хээр зүсмийн нас гүйцсэн нэг тооны адуу, мөн эд мөрийн баримтаар хураагдсан цэрэг эмээл 1 ширхэг /бүрэн тоноглолтой/, хазаар 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.
8. Битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН