Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00273

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2017/00273

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 11-14 тоотод оршин суух, РН64032871 дугаар регистртэй, Шарнууд овогт Ядамын Амарбаясгалангийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/00171/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Я.Амарбаясгалан нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Амарбаясгалан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөө рамын ачигч, буулгагч /грушик/-аар ажиллаж байгаад 1982 онд цэрэгт явсан. Цэргийн албанаас 1985 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ 1986 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нарийн мужаанаар ажиллаж байсан. Нэгдэл тараад өдийг хүртэл хугацаанд мөн хувиараа мужаан хийж байна. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, сумын захиргааны архив шатсан зэргээс миний ажиллаж байсан үеийн баримт материалын зарим нь олдохгүй байна. Биеийн байдлаас шалтгаалан групп тогтоолгох гэтэл ажилласан тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөө рамын ачигч, буулгагч /грушик/, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Я.Амарбаясгалан нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.Амарбаясгалан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөө рамын ачигч, буулгагч /грушик/, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Я.Амарбаясгалангийн 1987 оны 5, 7 дугаар сар, 1988 оны 1, 4 дүгээр сар, 1989 оны 1, 9-12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн даргын 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ...1. Цэрэгт явах хүмүүсийг тус тус үүрэгт ажлаас энэ оны 06 сарын 30-наар тасалбар болгон чөлөөлсөнд тооцсугай... 18. Ядмаагийн Амарбаясгалан, ачигч буулгагчаас... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №56 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ...2. ...Я.Амарбаясгаланг мужаанаар... 12 сарын 16-наас тус тус томилсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай №42 дугаартай тушаалын хуулбар, 1979 оны 4 дүгээр сард аав Ядамын хамт ажлын байранд авахуулсан гэрэл зураг, 1980 оны 9 сард шагнал авч байх үед-ээ авахуулсан гэрэл зураг, гэрч Р.Баасанжавын ...Я.Амарбаясгалан нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 01 сараас 1982 оны 06 сар хүртэл хөрөө рамын грушик хийж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд 1986 оноос Жаргалант амьдрал нэгдлийн мужаанаар ажилласан. Аав Ядмаа нь нэгдлийн сайн мужаан байсан. Тэгээд 1990 он хүртэл тасралтгүй мужаанаар ажилласан, одоо ч хувиараа мужаан хийдэг юм... нэгдлийн мужаан нь сандал ширээ, авдар, ор, гэрийн моднууд зэрэг зүйл хийж малчид иргэдэд худалдаалдаг байсан. Тусдаа бригад байсан ба олон мужаан байсан... 14, 15 наснаас эхлээд туслах малчин, ажилчнаар эхлээд 16 нас хүрэхээр бие даан ажилладаг байсан юм... Я.Амарбаясгалан нь сургууль соёлоор яваагүй, цэргээс ирээд тасрахгүй мужаанаар ажиллаж байсан нь үнэн... Би Жаргалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1976 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан... хамт нэгдэлд ажиллаж байсан учир Амарбаясгалангийн талаар сайн мэдэх юм... гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхбаярын ...Я.Амарбаясгалан нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн туслах бригадад 1979 оны 06 сараас 1982 оны 07 сар хүртэл грушикээр ажиллаж байгаад 1982-1985 онд цэргийн алба хааж ирээд 1985 онд халагдаж ирэнгүүт 1990 он хүртэл нэгдлийн мужаанаар ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... 7-р анги төгсөөд нэгдэлд ажиллахаар гарсан... 7-р ангийг 15 настай төгсөөд шууд ажилладаг байсан, тэр үед тийм тогтолцоотой байсан... тэр үед нэг өдөр ч ажилгүй сууж болдоггүй байсан. Амарбаясгалан нь аавынхаа хамт мужаан хийдэг, тасралтгүй ажиллаж байсан нь үнэн... Би Жаргалант амьдрал нэгдэлд 1973-1990 он хүртэл малчин саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд Я.Амарбаясгалангийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөө рамын ачигч, буулгагч /грушик/, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Я.Амарбаясгалангийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд ажиллаж байсан үеийн цалин хөлсний баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Ядмаа овогтой Амарбаясгалан нь Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ээс 1982 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл хөрөө рамын грушик, 1986 оны 12 сарын 16-аас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж үлдээгүй. Тус сумын санхүүгийн өрөөнд гал гарсны улмаас архив шатсан гэх бичилттэй 11/04 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Тус аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн гишүүдийн 1991 оны бүртгэлд Я.Амарбаясгалангийн бүртгэл байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/48 тоот тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-нд шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг, гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж Цагдаагийн газар шилжүүлсэн гэх бичилтэй тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Ядамын Амарбаясгалангийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөө рамын ачигч, буулгагч /грушик/, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА