Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/00068/И |
Дугаар | 289 |
Огноо | 2016-01-24 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 67-27 тоотод оршин суух Хайгуулчин овогт Шийтэрийн Мөнхзаяа /РД: ЧН 72081200/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв /9129073/-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 5.628.174 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Мөнхзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хайгуулчин овогт Шийтэрийн Мөнхзаяа би 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажилд орж тасралтгүй ажиллаж байгаад 2014 оны 04 дүгээр сараас сургалтын менежерийн үүрэгт ажлыг хийх болсон. Энэ хугацаанд манай байгууллага хөдөлмөрийн гэрээг миний биетэй байгуулан, хугацаа дууссан тохиолдолд үргэлжлүүлэн сунгаж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр даргын Б/128 тоот тушаал гарч ажлаас халсан. Иймээс шүүхэд хандсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00717 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 529 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 101/ХТ2016/00588 тоот тогтоол тус тус гарч 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон.
Манай байгуулага Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00717 тоот шийдвэрийн дагуу 2.282.818 төгрөгийн нөхөн олговорыг 2016 оны 11 дүгээр сард олгосон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх үлдсэн 6 сарын цалинг аваагүй байхад нийгмийн даатгалын дэвтэрт өмнөх мөнгөн олговорыг хуваан бичилт хийсэн байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна. Иймээс үлдсэн цалин болох нийт 5.628.174 төгрөгийн цалинг гаргуулан өгч нийгмийн даатгалын дэвтэрт үнэн зөв бичилтийг хийлгэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Мөнхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбаруудыг гаргаж байна. Үүнд: Ш.Мөнхзаяа нь Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд /хуучнаар/ сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байхдаа сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төвийн даргын тушаалаар ажлаас халагдсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00717 дугаар шийдвэрийн дагуу Мөнхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Манай байгууллага Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр, магадлалыг гардан авснаас хойш хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхтэй гэсний дагуу шүүхэд давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хуульд заасан эрхээ эдэлж байсан.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гарч анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн тогтоолыг гардан авч 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажилд эгүүлэн томилж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговорыг олгосон.
Мөн Ш.Мөнхзаяа нь нэхэмжпэлдээ 5.628.174 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Ш.Мөнхзаяагийн сарын үндсэн цалин 622.878 төгрөг байна. Иймд хуульд заасны дагуу эрхээ эдэлж байсан учир Ш.Мөнхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ш.Мөнхзаяа нь хариуцагч Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 5.628.174 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 717 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Мөнхзаяаг Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежерийн ажилд тогтоож шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 529 дүгээр магадлал, Улсын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 588 дугаар тогтоолоор хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн б/71 тоот тушаалаар Ш.Мөнхзаяаг сургалтын менежерийн албан тушаалд томилсон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч шүүхийн шийдвэрийн үл биелүүлж, 6 сар ажилд томилоогүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 5.628.174 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь давж заалдах гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн хугацааны цалин тул зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 717 дугаар шийвэр 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Ш.Мөнхзаяаг ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 717 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг дурдаагүй бөгөөд шүүх үндсэн цалин буюу 622.878 төгрөг 6 сараар тооцож, 3.737.268 төгрөгийг хариуцагч Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.890.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 12 дугаар сараас 285.352 төгрөгөөр тооцож шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд үндсэн цалин 622.878 төгрөгөөс тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийлгэх нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнхзаяагийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 622.878 төгрөгөөр тооцон зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Мөнхзаяагийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 622.878 төгрөгөөр тооцож нөхөн төлүүлж, бичилт хийхийг Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд даалгах даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвөөс 74.746 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Мөнхзаяад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР