Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Г.Г, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гийн Г, Гын Б нарт холбогдох 2035000890117 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, бүрэн дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Давст сумын Торхилог багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б ургийн овогт Гийн Г. /Регистрийн дугаар: ОВ90092552/,

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Давс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Давст сумын Торхилог багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, И ургийн овогт Гын Б. /Регистрийн дугаар: ОВ96031758/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Г, Г.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Давст сумын нутаг Монгол улсын хилийн 158 дугаар тэмдэгтийн зүүн талаар 200 метр газраар 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу морин уналгатай зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар 2035000890117 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хилийн 0245 дугаар ангийн албаны тасгийн даргаар ажиллаад 1 жил болж байна. Өмнө нь Баян-Өлгий аймаг дах хилийн 0285 дугаар ангид боомтын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх тасгийн даргаар ажиллаж байсан. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хилийн 0245 дугаар ангийн 6 дугаар заставын дарга, ахмад Г.Ч өдрийн 21 цаг 40 минутын үед хилийн 158 дугаар тэмдэгтийн зүүн талаар 200 метр газраар Оросын Холбооны Улсын талаас 2 морьтой хүн хил зөрчиж саатуулагдсан талаар мэдээлсэн. Үүссэн цагийн байдлын дагуу хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд хил талыг хааж хил зөрчигч нарыг саатуулах арга хэмжээ зохион байгуулж хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж ангийн төвөөс ангийн захирагч, онцгой байдлын газраас холбогдох албаны хүмүүс хилийн зөрчил гарсан газар оронд үзлэг шалгалт хийж зөрчил үйлдсэн этгээдүүдийг болон саатуулсан албан хаагч нарыг 21 хоногийн хугацаатай тусгаарласан. Мөн Оросын Холбооны Улсын талаас 4 тооны адууг Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт хилээс 3 км зайтай айлын малын хашаанд хашаалсан байдалтай байхад нь илрүүлж манай талд 2020 оны 6 дугаар 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Дээрх адуунууд хилийн 6 дугаар заставын “Боом” түр хилийн харуулын хариуцсан хэсэгт хадгалалтад байгаа. Дээрх адууг мөн адил 21 хоногийн хугацаатай тусгаарласан. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 36 тоот захидал ирсэн ангид байгаа. Зөрчил гарсан цаг хугацаанд хулгайд малаа алдсан айл өрх байхгүй. Зөрчил гарахаас 2 хоногийн өмнө хилийн бүс нутгаар нутаглаж байгаа айл өрхүүдээр явж цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гарын авлага тараахад хулгайд малаа алдсан талаар гомдол ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

2. Гэрч Г.Чийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хилийн 0245 дугаар ангийн 6 дугаар заставын даргаар ажиллаж эхэлсэн. Өмнө нь 0245 дугаар ангид шуурхай жижүүр хийж байсан. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг 30 минутын үед “Боом” хилийн харуулын дарга, дэд ахлагч С.О над руу утсаар яриад хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу морин уналгатай 2 хүн хил нэвтрээд явж байна. Үүссэн цагийн байдлын дагуу 2 хил зөрчигчийг саатуулах арга хэмжээ авлаа гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хил зөрчигч нарыг саатуулсан гэхээр нь заставын орлогч Д.Оыг болсон явдлыг шалгуулахаар явуулсан. Тэгээд 19 цагийн үед миний бие өөрөө очиход хил зөрчигч этгээдүүдийг харуулын байрлалд авч ирсэн байсан. Үүний дараа О, О нартай хамт хил зөрчигч нарын явсан газар оронд ул мөрийн шалгалт хийхэд улсын хилийн 158 дугаар тэмдэгтийн зүүн гар талаар 200-300 метр орчим газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу хилийн торон саадгүй газраар хил нэвтэрч орсон 4-5 тооны адууны ул мөр илэрсэн. Уг ул мөрийг хадгалалтад авч буцаж харуулын байранд очоод хил хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдээс урьдчилсан байдлаар “Ямар учраас хил нэвтэрсэн юм бэ” гэж асуухад хилийн шугам хаагуур байгааг бид хоёр мэдэж байсан. Оросын Холбооны Улсын талд манай 5 тооны адуу байсан, дурангаар харж бүх адуугаа зүсээр нь таньсан. Тэгээд хилийн харуулд мэдэгдэх гэсэн чинь Оросын Холбооны Улсын талаас морьтой 1 хүн манай 5 адууг чиглээд давхиад ирэхээр нь бид нарын адууг аваад явчих байх, мөн хилийн харуулд хэлэх гэсээр байтал цаг алдана гэж бодоод хил хууль бусаар нэвтэрч адуугаа авах гээд явж байтал харуулын дарга ирээд саатуулсан” гэсэн. Тэгээд хил зөрчигч этгээдүүдийг харуулын байрлалаас авч яван заставаас 300 метр зайтай ирж тусгай бүлгийг хүлээж байгаад эмнэлэгийн тусгаарлалтад орсон. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Оросын Холбооны Улсын талаас 4 тооны адуу хүлээлгэж өгсөн гэсэн. Уг 4 тооны адууг би хүлээж аваагүй, манай заставын орлогч дарга хүлээж авсан. Хил зөрчигч нар адуугаа авах зорилгоор улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэж хэлсэн. Зөрчил гаргагч нар улсын хил хаагуур явж байгааг мэддэг. Хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн иргэд өөрөөр хэлбэл хилийн бүс нутагт амьдардаг малчин хүмүүс байсан. Тухайн 4-5 тооны адууны ул мөр нь хилийн 158 дугаар тэмдэгтийн зүүн талаар 200-300 метр газраар хил нэвтэрч Оросын Холбооны Улсын нутаг руу орсон байсан. Харин 2 хил зөрчигч этгээдүүд нь мөн тэр хэсгээр буюу 158 дугаар тэмдэгтээр орсон байсан. Өөрсдөө хэлэхдээ адууны ул мөр байсныг анзааралгүй хил нэвтэрсэн гэсэн. Хилийн хүмүүс адуу малаа хүлээлцсэн гэсэн. Гэхдээ биечилж уулзахгүйгээр 2 талаасаа зайнаас хүлээлцсэн гэсэн. Хилийн зөрчилд холбогдуулан тусгаарлагдсан 4 тооны адуу Монгол тамгатай адуу байсан. Хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд адуу мал бэлчээрээр хил давах бүрэн боломжтой. Хилийн торон саадгүй газар юм. Хилийн зөрчил гардаг өдөр нартай цэлмэг өдөр байсан. Дээрх адуунууд улсын хилийн манаатай таараагүй, өмнөх өдөр нь ч гэсэн ямар нэг адуу хяналтад орж байгаагүй. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэнэт гарч ирсэн. Хэрэв хяналтад орсон бол харуулын байрлалд авч ирээд хашаалаад эздийг нь тогтоогоод торгуулийн арга хэмжээ аваад өгөөд явуулдаг. Нутгийн иргэдийн адуу мал бэлчээрээр хил нэвтэрсэн тохиолдолд хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгдэж адуугаа буцааж хүлээж авдаг.  ...2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гарсан зөрчлийн хувьд хил зөрчигч Г, Б нар нь адуугаа Оросын Холбооны Улсын талд орчихсон байгааг харсан бол хилийн харуул заставд даруй мэдэгдэх ёстой байсан. Тэгсэн бол хэрэг төвөгт орооцолдолгүйгээр адуугаа авчих байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71-р хуудас/,

3. Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орой 16-17 цагийн хооронд застав дээр байгаа бүрэлдэхүүнээрээ албаны хурал хийгээд байж байтал “Боом” хилийн харуулын дарга, дэд ахлагч С.О над руу утсаар яриад хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу морин уналгатай 2 хүн хил нэвтрээд явж байна. Илрүүлсэн саатууллаа гэсэн. Үүссэн цагийн байдлын дагуу тусгай томилгоот бүлэг гарч миний бие өөрөө ахлан хэрэг гарсан газарт очиход 2 хил зөрчигч Оросын Холбооны Улсын талд мориноосоо буучихсан үл тоох байдалтай байсан. Тэгээд 2 хил зөрчигч этгээдээс ямар учраас хил хууль бусаар нэвтэрсэн талаар асуухад улсын хил хууль бусаар нэвтэрсэн талаар ярьсан. Мөн адуугаа алдаад 3 хоног хайсан боловч хилийн заставд мэдэгдээгүй тэгээд эрж хайж байтал хилийн цаана байхаар нь өөрсдөө хилийн торон саадгүй газраар улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэж хэлсэн. Тэгээд хилийн хаагуур нь нэвтэрсэн талаар асуухад хилийн 158 дугаар тэмдэгтийн торны төгсгөлөөр гэж хэлээд буцаж тэр хэсгээрээ хил нэвтрэн оруулж ирсэн. Тухайн иргэд нь өөрсдөө хилийн бүс нутагт нутагладаг, хил хаагуур байгааг өөрсдөө маш сайн мэддэг хүмүүс байна лээ. Үүний дараа хил зөрчигч нарын явсан газар оронд ул мөрний үзлэг шалгалт хийхэд улсын хилийн 158 дугаар тэмдэгтийн зүүн гар талаар 200-300 метр орчим газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу хилийн торон саадгүй газраар хил нэвтэрч орсон 4-5 тооны адууны ул мөр илэрсэн. Мөн тэр үеэр Оросын Холбооны Улсын талаас цэргүүд ирээд хичнээн тооны ямар тамгатай адуу болохыг тэмдэглэж аваад буцаад явсан. Тэгээд хил зөрчигч этгээдүүдийг харуулын байрлалаас авч яван заставаас 300 метрийн зайтай ирж тусгай бүлгийг хүлээж байгаад эмнэлэгийн тусгаарлалтад орсон. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Оросын Холбооны Улсын талаас 4 тооны адуу хүлээлгэж өгсөн. Үүнд: Зөв талдаа ширээтэй ланз тамгатай бор морь, зөв гуяндаа саран дэвсгэртэй 8 тоо тамгатай зээрд даага, зөв хаа, гуяндаа дэгрээ тамгатай /хэвтээ “S” тамгатай/ 2 тооны зээрд даага, нийт 4 тооны адуу хүлээлгэж өгсөн. Мөн хил зөрчигч этгээдүүдийн унаж явсан 2 тооны адууг бас 14 хоногоор тусгаарласан. Хил зөрчигч этгээдүүд адуугаа авах зорилгоор улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэж хэлсэн. Зөрчил гаргагч нар улсын хил хаагуур явж байгааг мэддэг. Мөн бид нарт хэлэхдээ хил зөрчигч Г.Г, Г.Б нар улсын хил хаагуур байгааг мэднэ. Хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/,

4. Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр заставын даргын тушаалаар хилийн 160-158 дугаар тэмдэгтийн чиглэлд байлдагч Б.Жийн хамтаар хилийн цагийн манааны үүрэг гүйцэтгэхээр үүрэг даалгавар авч хилийн 160 дугаар тэмдэгт рүү өглөөний 08 цагийн үед явж ул мөрний үзлэг шалгалт хийгээд буцаад 15 цагийн үед ирээд харуул дээр байж байтал хянах манаа 15 цаг 30 минутын үед Оросын Холбооны Улсын талд 5 тооны адуу гараад ирлээ гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь байлдагч Жийн хамтаар морио эмээллээд 158 дугаар тэмдэгтийн чиглэлд 5 тооны адуу торонд тулсан гэх мэдээллийг шалгахаар очиход дээрх адуу надад харагдаагүй учир цаашаа мод руугаа орсон байх гэж бодоод 158 дугаар тэмдэгтийн чиглэлд ул мөрний шалгалт хийгээд явж байтал 158 дугаар тэмдэгтийн зүүн гар талаар 200-300 метр Оросын Холбооны Улсын талд морин уналгатай 2 этгээд явж байхыг хараад “Зогс! Монгол улсын хилийн манаа байна” гэхэд зогссон. Ямар учиртай хүмүүс юм бэ гэхэд Монгол хүмүүс байна гэсэн. Яагаад хил нэвтрээд явж байгаа юм бэ гэхэд хил зөрчигч этгээдүүд “манай адуу хил давсан учир түүнийг авахаар явж байна” гэсэн. Тэгээд 2 хил зөрчигч этгээдүүдэд “Битгий хөдөл! Наанаа байж бай” гэж хэлээд заставын дарга луу радио станцаар мэдэгдсэн. Тэгээд 17 цагийн үед О дарга заставын тусгай томилгоот бүлгийг ахалж ирсэн ба хил зөрчигч этгээдүүдээс ямар учраас хил хууль бусаар нэвтэрсэн талаар асуухад манай 5 тооны адуу бэлчээрээр хил нэвтэрсэн тул түүнийг авахаар улсын хил хууль бусаар нэвтэрсэн талаар ярьсан. Тэгээд улсын хилийг хаагуур нэвтэрсэн талаар асуухад хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд торон саадгүй хэсгээр хил нэвтэрсэн гэсэн. Тэгээд О дарга “хил нэвтэрсэн газраараа буцаад хилээр нэвтэрч орж ир” гэхэд хил зөрчигч этгээдүүд буцаж хил давсан газраараа орж ирсэн. Тухайн иргэд нь хилийн бүс нутагт нутагладаг хүмүүс байсан. Үүний дараа хил зөрчигч нарын явсан газар оронд ул мөрний үзлэг шалгалт хийхэд улсын хилийн 158 дугаар тэмдэгтийн зүүн гар талаар 200-300 метр орчим газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу хилийн торон саадгүй газраар хил нэвтэрч орсон байсан. Хил зөрчигч этгээдүүдийн хил нэвтэрсэн тэр хэсгээр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу бэлчээрээр хил нэвтэрсэн 5 тооны адууны ул мөр илэрсэн. Тэгээд хил зөрчигч этгээдүүдийг харуулын байрлалаас авч яваад тусгаарласан. Бид нарыг мөн адил өөр өөр өрөөнд тусгаарласан. ...Эдгээр адууг өмнө өдөр харсан бол Оросын Холбооны Улсын талдаа мэдэгдээд авчих боломж байсан. Эдгээр адуунууд нь бид нарт 1 цагийн өмнө нь л харагдсан, ямар айлын адуу гэдгийг нь холоос хараад таних боломжгүй. Өмнө нь харуулд явж байхад эдгээр адуунууд ерөөсөө харагдахгүй байсан. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед л гэнэт харагдсан. Эдгээр 5 тооны адуу улсын хилээр өмнөх өдрүүдэд харагдаагүй. Хэрэв хил зөрчигч этгээдүүд адуугаа Оросын Холбооны Улсын талд харсан бол өөрсдөө хил нэвтрэхгүйгээр хилийн харуулд ирж мэдэгдээд адуугаа авах бүрэн боломжтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77, 78-79-р хуудас/,

5. Гэрч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Улсын хилийн 133-160 дугаар тэмдэгтийн чиглэлд хилийн манааны үүрэг гүйцэтгэдэг. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хилийн 0245 дугаар ангийн 6 дугаар заставын дарга, ахмад Чинзоригоос хилийн 158.2-158 дугаар тэмдэгтийн чиглэлд хилийн цагийн манаанд үүрэг гүйцэтгэхээр тушаал авсан. Өгөгдсөн тушаалын дагуу дэд ахлагч С.Оын хамтаар хилийн 0245 дугаар ангийн 6 дугаар заставын “Боом” хилийн харуулаас оройны 17 цагт хөдөлгөөн үйлдэж хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд явж байтал Оросын Холбооны Улсын талд 2 морин уналгатай хүний хөдөлгөөн илэрсэн. Тэгээд “Зогс! Монгол Улсын хилийн манаа байна” гэж хэлэхэд зогсохоор нь “Наанаа байж бай” гэж хэлчихээд дэд ахлагч С.О застав руу холбоонд орж мэдэгдсэн. Үүний дараа заставаас бүлэг ирж хил зөрчигч этгээдүүдтэй уулзсан. Хил зөрчигч 2 этгээд “Оросын Холбооны Улсын тал руу манай 5 тооны адуу бэлчээрээр орсон, түүнийг авах зорилгоор улсын хил нэвтэрсэн” гэж хэлсэн. Бид нарыг хил зөрчигч этгээдүүдийг саатуулах үед цаад талд нь ойрхон адуу мал байгаагүй. Цаг агаарын байдал салхитай сэрүүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

6. Гэрч С.Бн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Г.Г, Г.Б нарын адуунд миний 3 настай бор морь байгаа. Миний бор морь хангал учраас сургуулахаар Г.Г, Г.Б нарт өгсөн. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын сүүлээр гэр дээр тэжээж байсан морьдоо бэлчээрт тавих гэж байна” гэхээр нь хамтад нь тавьчих гэж хэлээд тавиулсан. Оросын Холбооны Улсын талаас хүлээлгэж өгсөн 4 тооны адуунд миний ганцхан адуу байгаа. Би энэ адууг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгаас хурдан морь зарж ирсэн хүмүүсээс авсан. Миний морь зүүн талын гуян дээрээ ширээтэй ланзан тамгатай, 3 настай бор морь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86-р хуудас/,

7. Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Манайх хүний 6 адуутай, ихэнхийг нь би уяж уралдуулдаг. ...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр адуугаа бэлчээрт тавьчихаад 2 өдөр ногоо тариад 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би сумын төв рүү яваад Б адуугаа харахаар үлдсэн. Би сумын төв яваад ирэхэд Б адуугаа хайгаад олоогүй байсан. Тэгээд маргааш нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төмс үрлэгчийнхээ гинжийг тасалчихаад сумын төв рүү хамт орж засуулаад гарах замдаа нутгийн ах Д.Мтэй таарахад “танай 7 тооны адуу Давсны уурхайн ойролцоо манай өвөлжөөний хажууд байсан. Маргааш нь өвөлжөө рүүгээ дахиж очиход 2 адуу нь байсан бусад нь харагдахгүй байсан” гэж хэлсэн. Бид хоёр түүнийг сонсоод гэртээ ирээд төмсөө тарьж дуусгаад мотоциклоор Давсны уурхай гарч Намсрай гэх айлд очиход түүний дүү П байсан. Пагаас адуугаа асуухад 7 адуу Давсны уурхай орчмоор байж байгаад 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2 адуу нь харагдаад бусад адуу нь харагдахгүй байгаа талаар хэлсэн. Нөгөө 2 адуу нь хаана байгаа талаар асуухад улсын хил тал руу эргээд явж байсан гэхээр нь араас нь мод руу ороод явганаар газар самнаад явж байтал миний өөрийн нэг үрээ, 1 даага байсан бусад адуу нь байхгүй байсан дахин цааш хайх гэсэн боловч харанхуй болсон тул гэр лүүгээ буцсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өглөө 05 цагийн үед Б өөрийнхөө 6 настай бор морио унаад би өөрийнхөө 4 настай зээрд морио унаад хоёулаа гэрээсээ гараад адуугаа хайж яваад хилийн харуул дээр саатуулагдсан байж магадгүй гээд “Боом” хилийн харуул дээр очиж үл таних цэргээс асуухад улсын хилийн 158.1 дүгээр тэмдэгт дээр 2 тооны адуу байсан, өөр адуу хараагүй гэсэн. Тэгээд буцаж нутгийн гүн талдаа явж хайсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ хариад цай уучихаад буцаад гол өгсөөд Давсны уурхайн ойролцоо байгаа Тооёоо гэх айлаас очиж дуран гуйж аваад гол өгсөж яваад “тоочигтой орой” дээрээс адуугаа дурандахад манай 5 тооны адуу Оросын Холбооны Улсын талд орчихсон байгааг нь харсан. Тэгээд Боомын харуулын дарга Уламбаяр ахлагч руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь адуугаа дурандаад сууж байтал Оросын Холбооны Улсын талд байгаа айлын өвөлжөөний ойролцоогоос нэг морьтой хүн манай адууг чиглээд ирж байгаа харагдсан. Тэгээд бид нарын адууг авчих байх гэж бодоод морьтойгоо хилийн баганын ар талаар торон саадгүй газраар Оросын Холбооны Улсын тал руу нэвтэрч ороод хилээ дагаад явж байтал хилийн манаа урд талаас хүрээд ирсэн. Тэгээд “Зогс! Хилийн манаа байна” гэхээр нь зогстол “Мориноосоо буугаад байж бай” гэсэн. Тэгээд буугаад байж байтал О дарга ирээд бид нарыг хил нэвтэрсэн газраараа буцаж гарч ир гэсэн. Тэгээд бид хоёр орсон газраараа буцаж гарч ирсэн. Би улсын хилийн шугам хаагуур явж байгааг мэднэ. Хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үедээ манай адууг оросын нутаг руу аваад явчих байх гэж бодоод хил нэвтэрсэн. 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 4 тооны адууг нь хүлээлгэж өгсөн. Хил нэвтэрч байхад үзэгдэх харагдах орчин сайн, нартай цэлмэг байсан. Улсын хил нэвтрэх явцдаа ямар ч хүнтэй тааралдаагүй. Манайх жилийн 4 улирал улсын хилийн ойролцоо нутагладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-109-р хуудас/,

8. Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Манайх 12 адуутай түүнээсээ 2 даага уралдуулахаар тэжээж байгаад 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бэлчээрт нь тавьсан. Миний ээжийн төрсөн дүү Г.Г ах бид хоёр хамт морь уядаг болохоор Г ахын адуутай хамт 2 даагаа тавьсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2 даагаа барьж аваад өсөргөж байгаад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр адуунд нь буцааж тавьсан. Энэ үеэр манай хоёр гэр ногоо тарьж байсан учир 2 өдөр адуугаа хараагүй харин 28-ны өдөр Г ах сумын төв яваад, би адуугаа харахаар үлдсэн. Тэгээд адуугаа хайсан боловч олоогүй. Тэр өдөр ногоо булж байгаад төмс үрлэгчээ эвдчихээд бид хоёр 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр сумын төв рүү орж үрлэгчээ засуулаад гарах гэж байгаад нутгийн ах болох Мтэй таарахад танай адуу Давсны уурайн ойролцоо байсан, маргааш нь буурь дээрээ ажил хийх гээд очиход 2 адуу нь харагдсан бусад нь харагдаагүй гэхээр нь буцаж ирээд ногоогоо тарьж дуусгаад адуугаа хайхаар уурхай руу очсон. Уурхайн ойролцоо М ахын дүү байдаг бөгөөд тэднийд очиж адуугаа асуухад манай гэрийн ойролцоо байж байгаад мод руу орсон гэхээр нь араас нь орж хайхад Г ахын 2 морь олдсон, үлдсэн адуугаа хайх гэсэн боловч харанхуй болсон учир явж чадаагүй. Маргааш нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 5 цагийн үед Г ах бид хоёр манай адуу хилийн харуулд саатуулагдсан байж магадгүй гээд “Боом” хилийн харуул дээр очиж үл таних цэргээс асуухад улсын хилийн 158.1 дүгээр тэмдэгтийн ойролцоо нутгийн гүн талдаа 2 тооны адуу өчигдөр харагдсан түүнээс өөр адуу харагдаагүй гэсэн. Тэгээд буцаж нутгийн гүн талдаа явж адуугаа хайсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ ирээд цай уучихаад буцаад гол өгсөөд Тооёоо гэх айлаас очиж дуран аваад уурхай ороод явж байгаад тоочигтой орой дээр гарч адуугаа дурандахад манай 2 даага, Гын 2, Буудайгийн 1 нийт 5 адуу Оросын Холбооны Улсын талд орчихсон байгааг нь харсан. Тэгээд “Боом” хилийн харуулын дарга Ууганбаяр луу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь адуугаа дурандаад сууж байтал Оросын Холбооны Улсын талд байдаг айлын өвөлжөөний араас нэг морьтой хүн манай адууг чиглэн ирж байгаа харагдсан. Тэгээд бид нар манай адууг авчих байх гэж бодоод морьтойгоо Улсын хилийн 158 дугаар баганын ар талаар орон саадгүй газраар Оросын Холбооны Улсын тал руу хил нэвтэрч ороод хилээ дагаад явж байтал хилийн манаа урд талаас хүрч ирээд “Зогс! Хилийн манаа байна” гэхээр нь зогстол “Мориноосоо буугаад байж бай” гэсэн. Тэгээд мориноосоо буугаад байж байтал О дарга ирээд бид нарыг “хил нэвтэрсэн газраараа буцаад гараад ир” гэхээр нь бид хоёр хил нэвтэрсэн хилийн 158 дугаар тэмдэгтийн ар талын торон саадгүй газраар буцаад гараад ирсэн. Би улсын хилийн шугам хаагуур явж байгааг мэднэ. Хилийн харуулд хэлэх гэсээр байтал Оросын Холбооны Улсын нутаг руу манай адууг аваад явчих байх гэж бодоод хил нэвтэрсэн. Хоёр даага нь минийх, нөгөө бор морь нь Буудайгийн, зээрд даага нь Г ахын даага байсан. Хил нэвтэрсэн байхад цаг агаарын үзэгдэх харагдах орчин сайн байсан. Манайх жилийн 4 улиралд улсын хилийн ойролцоо байнга нутагладаг. Ер нь бол хил хууль бусаар нэвтэрч болохгүй гэдгийг мэднэ. ...Улсын хил хууль бусаар нэвтрэхдээ унаж явсан 6 настай бор морь миний өөрийн морь, орос хар өнгийн эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, модон ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, “Samsung” маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлтэй явсан. Улсын хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрч байна. Бид нарын асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 110-114-р хуудас/,

9. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/

10. Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 22-р хуудас/,

11. Хилийн зөрчлийн тухай бүртгэл /хх-ийн 23-р хуудас/,

12. Хил зөрчигчийн явсан газар оронд хийсэн үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт /хх-24-р хуудас/

13. Хил зөрчин саатуулагдсан этгээдийг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /хх-ийн 27-р хуудас/,

14. Амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт /хх-ийн 34-р хуудас/,

15. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-49-р хуудас/,

16. Адуу малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-56-р хуудас/,

17. “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 57-58-р хуудас/

18. Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-66-р хуудас/,

19. “Гэрэгэ эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 95-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн тухайн хилийн тэмдэгтээр бэлчээрээр нэвтэрсэн адуунууд нь шүүгдэгч Г.Г, Г.Б, гэрч С.Бн адуу мөн болох нь адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-56-р хуудас/, Оросын Холбооны Улсын талаас адууг буюу амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт /хх-ийн 34-р хуудас/, адууны тамга тэмдэг нь эд зүйлд үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлэгдсэн тамганы зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-р хуудас/-ээр давхар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Монгол Улсын хилийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хилийн зөрчилд дараахь үйлдлийг тооцно”. 22.1.1 дэх заалтад “Хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан” гэж заасан байна.

Шүүгдэгч Г.Г, Г.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Давст сумын нутаг Монгол улсын хилийн 158 дугаар тэмдэгтийн зүүн талаар 200 метр газраар 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу морин уналгатай зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Г, Г.Б нарыг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Г, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1.6 жил хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан, төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталсан, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан болно.  

Шүүгдэгч Г.Гын хувийн байдлыг тогтоосон дараахь баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд: Урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-р хуудас/, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Засаг дарга Д.Самбуугийн гаргасан тодорхойлолт /хх-ийн 125-р хуудас/, малын “А” дансны хуулга /хх-ийн 128-130-р хуудас/ зэрэг болно.

 Мөн шүүгдэгч Г.Бгийн хувийн байдлыг тогтоосон дараахь баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд: Урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-р хуудас/, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Засаг дарга Д.Самбуугийн гаргасан тодорхойлолт /хх-ийн 127-р хуудас/, малын “А” дансны хуулга /хх-ийн 131-133-р хуудас/, гэрч Ш.Гын “Манайх 7 хүүхэдтэй. Г.Б нь миний хамгийн том хүү байгаа юм. Г.Б нь гэрлээгүй, ганц бие, удахгүй гэрлүүлэх санаатай байгаа юм. Манайх олон хүүхэдтэй, мал цөөхөн 50-60 богтой, адуу 12, үхэр 7, нийтдээ 80 гаруй толгой малтай, амьдрал ахуй тааруухан учир манай хүүхдэд оноох ялыг багасгаж өгнө үү. Улсын хилийг нэвтэрсэн талаар маргах асуудал байхгүй. ...Миний хүү өмнө нь хулгай хийж, худал хэлж байгаагүй, ямар нэг хорт зуршил байхгүй, хүнд их тусархуу хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/ болно.

Мөн шүүгдэгч Г.Г, Г.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г, Г.Б нарт хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Г, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Гаас хурааж авсан орос хар өнгийн эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг, шүүгдэгч Г.Бгаас хурааж авсан орос хар өнгийн эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, модон ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 2 тооны адуу болон бэлчээрээр хил нэвтэрсэн шүүгдэгч нарын эзэмшлийн 4 тооны адуу, нийт 6 тооны адууг прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 38 дугаартай тогтоол хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, ...орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн ...албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Иймд энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан зүүн талын гуян дээрээ сартай, 8 тоо тамгатай, 4 настай зээрд зүсмийн морь 1 ширхэг, шүүгдэгч Г.Бгийн зүүн талын хаан дээрээ хөндлөн дэгрээ тамгатай, 6 настай бор морь 1 ширхэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор,

Мөн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Оросын Холбооны Улсын талаас хүлээлгэн өгсөн шүүгдэгч Г.Гын эзэмшлийн зүүн талын гуян дээрээ сартай 8 тоо тамгатай, зээрд зүсмийн даага 1 ширхэг, гэрч С.Бн эзэмшлийн зүүн талын гуян дээрээ ширээтэй ланзан тамгатай, 3 настай бор зүсмийн морь 1 ширхэг, шүүгдэгч Г.Бгийн эзэмшлийн зүүн талын гуя болон хаан дээрээ хөндлөн дэгрээ тамгатай, зээрд зүсмийн 2 тооны даага, нийт 4  тооны адууг битүүмжилснийг хүчингүй болгож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн бусад адуу болох шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 2 тооны морийг улсын орлого болгосонтой холбоотойгоор тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б ургийн овогт Гийн Г, И ургийн овогт Гын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Б нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Г, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт болох шүүгдэгч Г.Гаас хурааж авсан орос хар өнгийн эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг, шүүгдэгч Г.Бгаас хурааж авсан орос хар өнгийн эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, модон ташуур 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан шүүгдэгч Г.Гын эзэмшлийн зүүн талын гуян дээрээ сартай, 8 тоо тамгатай, 4 настай зээрд зүсмийн морь 1 ширхэг, шүүгдэгч Г.Бгийн зүүн талын хаан дээрээ хөндлөн дэгрээ тамгатай, 6 настай бор зүсмийн морь 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.

8. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Оросын Холбооны Улсын талаас хүлээлгэн өгсөн шүүгдэгч Г.Гын эзэмшлийн зүүн талын гуян дээрээ сартай 8 тоо тамгатай, зээрд зүсмийн даага 1 ширхэг, гэрч С.Бн эзэмшлийн зүүн талын гуян дээрээ ширээтэй ланзан тамгатай, 3 настай бор зүсмийн морь 1 ширхэг, шүүгдэгч Г.Бгийн эзэмшлийн зүүн талын гуя болон хаан дээрээ хөндлөн дэгрээ тамгатай, зээрд зүсмийн 2 тооны даага, нийт 4 тооны адууг битүүмжилснийг хүчингүй болгож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн бусад адуу болох шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 2 тооны морийг улсын орлого болгосонтой холбоотойгоор тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН