Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,

улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа,

шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З ургийн овогт Згийн Гд холбогдох 2035000880107 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Улаанбаатар Хуйг” ХХКомпанид үйлчлэгч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Монлаагийн 17-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, осолд орсны улмаас хүнд гэмтэл авсан гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З ургийн овогт Згийн Г, регистрийн дугаар: ОЭ80010606.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 25-08 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг сайжруулсан шороон зам дээр жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.3-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Бийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000880107 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Найз Г нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр над руу залгаж “Найз нь сонгуулийн ажил хийхээр Увс руу явж байна. Сагил суманд ажиллах юм шиг байна. Чи надад боломжоороо туслаад өгөөрэй” гэж байсан юм. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манайд ирж байр үзээд хамт ирсэн хүмүүсээ хонуулаад манай байшинг ашиглахаар болсон. Тэгээд тэр орой манайд миний найз Болдбаатар, Г бид 3 манайд хоносон. Маргааш өдөр нь эхлээд би 1 шил архи гаргаад Болдбаатар, Г бид 3 архи хувааж ууж дуусгасан. Нэмж дэлгүүрээс 0.75 граммын архи, жүүс, боорцог зэргийг аваад гэртээ ууж байгаад би манай хашаанд байдаг Гэрэлцогтыг дуудаж оруулж ирээд бид 4 тухайн архийг хувааж уусан. Тэгээд архи хувааж ууж дуусахад Г нь Улаангом сум орж “материал авчихаад ирье” гээд байсан ба Гэрэлцогтын эхнэр нь машинд суугаад хамт явж байгаад Гэрэлцогтын эхнэр машинаас бууна гэсээр байгаад буугаад үлдсэн. Тэгээд бид 2 цааш явж байхад машины дугуй хагарч байгаа чимээ сонсогдсон бөгөөд машин дайвалзаж байгаад замын хажуугаар орж өнхөрч эхэлсэн. Тэгээд гэнэт ухаан ороход хүмүүс намайг өргөж байсан шиг санагдаж байна. Тодорхой сайн санахгүй байгаа. Орой нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж эмчлэгдэж эхэлсэн. Гд уг нь жаахан тогтуухан, удаан яв гэж хэлээд удаагүй байтал осол болсон. Миний баруун гарын алганы арын бугуй орчмын яс цуурсан. Өөр ямар нэг гэмтэл учраагүй. Энэ асуудлын улмаас хүн үхээгүйд баярлаж байна. Миний хугарсан гар эдгэж ямар нэг өвчин зовуурь байхгүй байгаа. Ггаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39, 40-р хуудас/,

2. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 32 минутад Сагил сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон зам дээр машин онхолдож хүн бэртсэн гэх дуудлага хүлээн авч очсон. Очиход Приус 20 маркийн автомашин замын хажуу руу орж онхолдсон, ойр орчимд нь нэг эмэгтэй хүн ухаангүй доош харан хэвтсэн, нүүр, баруун талын гар, гарын шуу, бугуйн хэсгээс, зүүн нүдний зовхи зүсэгдэн цус гарсан, биеийн байдал хүнд байдалтай, мөн нэг эрэгтэй хүн ухаантай, босож зогссон, баруун талын гар доош унжсан байсан ба манай сумын Б гэж хүн байсан. Харин бэртсэн эмэгтэйг огт харж байгаагүй. Тухайн үед осолдсон 2 хүнд анхан шатны тусламж үзүүлж, эрүүл мэндийн төв дээр авч ирэхэд эмэгтэй нь ухаан орж орилж чарлаж эхэлсэн ба эмэгтэйн баруун гарны шуу хэсэгт 3 оёдол тавьж, өвчин намдаах, цус тогтоох, тайвшруулах эмчилгээ хийж амин үзүүлэлт нь хэвийн байсан учир дараагийн шатлалт эмчилгээнд тээвэрлэж оруулсан. Мөн эрэгтэйд өвчин намдаах эмчилгээ хийж, баруун гарны сойлт, боолт хийж, амин үзүүлэлт тогтвортой байсан тул хамтад нь тээвэрлэж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

3. Гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10-11 цагийн үед шиг санагдаж байна. Сумын Шонтоо гэж дууддаг ах манай дэлгүүрт нэг эгчтэй орж ирсэн бөгөөд тухайн эгчийг өмнө нь огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Тэгээд тухайн хүнтэй хамт орж ирээд дэлгүүрээс Соёрхол нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Ерөөл нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг, чихэр, боорцог зэрэг зүйлсийг аваад хамт явсан эмэгтэй нь картаар тооцоогоо хийгээд явсан. Дахин тухайн өдрийн 18-19 цагийн үед байх орой болсон байхад дахин Шонтоо ах орж ирээд архи авна гэхэд нь өгөхгүй гэхэд гараад явсан ба ардаас нь Шонтоо ахын өмнө нь дагуулж орж ирсэн эмэгтэйтэй цуг манай сумын Өнөрзаяа эгч хамт орж ирээд танихгүй эгч архи авна гэж 2-3 удаа хэлэхээр нь архи зарах цаг өнгөрсөн байна, архи өгөхгүй гэхэд ...гараад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

4. Гэрч З.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Бийн хашаанд түр байгаа бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өглөө хашаа дотор саарал өнгийн Приус байсан. Б нь манай гэрт орж ирээд намайг дуудсан. 11 цагийн үед Бийнд ороход үл таних эмэгтэй, сумын Болдоо гэх залуу, Б 3 байсан. Тэгээд намайг орж ирэхэд дундаа Соёрхол нэртэй 0.75 литрийн архи тавьчихсан тойруулан ууж байсан. Тэгээд би хамт жаахан ууж байгаад гараад гэртээ ороод унтсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд өнөөдөр өглөө эхнэр Өнөрзаяа нь “Гэрлээ архи уучихсан халамцуу байхдаа дэлгүүр явчихаад ирье гээд намайг дагуулж гараад цаашаа Улаангом сум руу явна гээд хурдтай давхиад байхаар нь арай гэж бууж үлдсэн юм. Тэгтэл намайг буулгаад удаагүй цаашаа явж байгаад машин нь замын хажуу руу 2 удаа өнхөрчихсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

5. Гэрч М.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байсан бөгөөд хажууд байх Бийн байшинд олон хүмүүс ирээд орж гараад байсан. Ямар хүмүүс болохыг мэдээгүй. 18-19 цагийн үед Гэрэлээ гэх эмэгтэй нь намайг хашаан дотор байхад Бийн байшингаас архи уучихсан гэмээр нүүр нь улайчихсан, сонин яриатай болчихсон гарч ирээд надад хандаж “Найзаа дэлгүүр орчихоод буцаад ирье” гээд Бийн хамт Ггийн машинд сууж дэлгүүр явахаар болсон. Тэгээд сумын Мардаа гэх эзэнтэй дэлгүүр орж карт уншуулна гэхэд эзэн нь карт уншихгүй гэсэн. Г, Б 2 гараад явсан. Би араас нь гарсан. Тухайн үед Г машин барьж явсан бөгөөд дэлгүүрээс гараад шууд Улаангом руу орох зам руу явж “Улаангом орно, гялс яваад ирье” гээд нэлээд хурдтай явж байсан бөгөөд би айж, татаж чангаасаар байгаад арай гэж сумын гарах хэсгийн айлын хашааны ойролцоо бууж үлдсэн юм. Тэгээд Г машинаа бариад, Б хажууд нь суугаад яваад удаагүй Улаангом явах сайжруулсан зам дээр нэлээн хурдтай, шороо манаргаад явж байгаад гэнэт машин нь эсрэг урсгал руу орж миний харснаар 2 удаа эргэж онхолдсон. Удалгүй хойноос нь сумын төвөөс машин ирж нөгөө талд нь зогсож Хаан банкны теллер Б гэх залуу цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,

6. Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Сагил сумаас Улаангом сум руу явахаар замын унаанд суугаад сумын төвөөс гараад явж байсан. Гэтэл замын зүүн талд замын хажуугаар орж онхолдсон машин байсан ба нэг эрэгтэй хүн машины урдхан хэсэгт, нэг эмэгтэй хүн машины цаад талд шидэгдсэн байдалтай харагдсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/-үүд,

7. Шинжээч, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мгийн: “1. 25-08 УНЕ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч З.Г нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. 2. Материалд авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж үзэхэд жолооч Згийн Г /РД:ОЮ80010606/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а-д “жолооч нь тухайн ангилалын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. “Тоёота Приус-20” маркийн 25-08 УНЕ улсын дугаартай автомашины жолооч З овогтой Г нь ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс лавлагаа хийж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхийн үнэмлэхтэй байна. 4. Жолооч З.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Увс аймгийн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Шүүх химийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2.1 хувийн промиллийн спиртийн агууламж илэрч байгаагаар нотлогдож байна. Осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь жолооч З овогтой Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хурдыг зохих хэмжээнд сонгож яваагүй нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болсон гэж дүгнэж байна” гэх 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64-р хуудас/,

8. Шинжээч эмчийн: “1. Үзүүлэгч Д.Б-н биед гэмтэл учирсан байна. Баруун шуу ясны доод 1/3 хэсгийн хөндлөн далд зөрөөтэй хугарал, баруун бугалга, баруун, зүүн дал, бүсэлхийн баруун, зүүн ард, баруун сарвууны ард зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 4. Баруун шуу ясны доод 1/3 хэсгийн хөндлөн далд зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-84-р хуудас/,

9. Шүүх химийн шинжилгээний “1. Иргэн З.Г-н гэх цусанд 2.1 хувь промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх 40 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-92-р хуудас/,

10. Увс аймгийн Авто тээврийн төвийн ТХТ Хяналтын үзлэгийн инженер Б.Адъяагийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...2. Тоормослохтой холбоотой эд анги эвдэрч гэмтээгүй байв...” гэх 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-109-р хуудас/-үүд,

11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6-р хуудас/,

12. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 7-9-р хуудас/,

13. Зам тээврийн ослын хэргийн газарт хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-24-р хуудас/,

14. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 25-26-р хуудас/,

15. Хохирогч Д.Бийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний 1188 дугаартай түүхийн хуулбар /хх-ийн 137-142-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүн”-ийг жолооч гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а-д “жолооч нь ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглохоор, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан.

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолоочийн талаарх лавлагаа мэдээллийн хуудас /хх-ийн 65-р хуудас/-аар шүүгдэгч З.Г нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхний хүчинтэй хугацаа 2028 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох ба ямар нэг байдлаар эрх хасуулсан арга хэмжээ авагдаагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүнийг тус ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч гэж үзнэ.

Гэтэл шүүгдэгч З.Г нь өөрийн эзэмшлийн 25-08 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн суудлын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн тээврийн хэрэгслийн хурдыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож яваагүй болох нь хохирогч Д.Бийн “...машины дугуй хагарч байгаа чимээ сонсогдсон бөгөөд машин дайвалзаж байгаад замын хажуугаар орж өнхөрч эхэлсэн. ...Гд уг нь жаахан тогтуухан, удаан яв гэж хэлээд удаагүй байтал осол болсон” гэх мэдүүлэг, Шүүх химийн шинжилгээний “Иргэн З.Г-н гэх цусанд 2.1 хувь промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх 40 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /осол гарах үеийн автомашины км-ын заалт нь 149.9 км/-ээр нотлогдсон бөгөөд энэ нь тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон гэж дүгнэж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Энэ нь “үзүүлэгч Д.Б-н биед баруун шуу ясны доод 1/3 хэсгийн хөндлөн далд зөрөөтэй хугарал, баруун бугалга, баруун, зүүн дал, бүсэлхийн баруун, зүүн ард, баруун сарвууны ард зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учирсан. ...Баруун шуу ясны доод 1/3 хэсгийн хөндлөн далд зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээч эмчийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-84-р хуудас/-ээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж болон согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинж мөн хангагдсан болно.

Шүүгдэгч З.Г нь согтуурсан үедээ “Тоёота Приус-20” маркийн 25-08 УНЕ улсын дугаартай суудлын автомашин жолоодон хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч З.Гг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Энэ асуудлын улмаас хүн үхээгүйд баярлаж байна. Миний хугарсан гар эдгэж ямар нэг өвчин зовуурь байхгүй байгаа. Найз нөхөд гэж хамт идэж ууж яваад энэ асуудал үүссэн тул Ггаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, шүүгдэгч З.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “Хохирогчид эмчилгээний зардал болон унааны зардлыг төлсөн” гэж мэдүүлсэн байх тул хохирогчид ямар нэг төлөх төлбөр байхгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч З.Г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч З.Оийн: “З.Г нь миний төрсөн хамгийн бага дүү минь байгаа юм. ...Зан байдлын хувьд дүү З.Г нь төлөв даруу, бусадтай нийтэч, ажилч хичээнгүй, бусдад тусархаг, даруухан, төлөв зантай, амьдралынхаа төлөө явж байгаа өрх толгойлж байгаа эмэгтэй хүн. Мөн ямар нэгэн муу зуршилгүй. ...Дүү З.Г нь өдөр болгон өвчин намдаах эм ууж байгаа бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэж хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар үзэж байгаа учир хэргийг нь яаралтай шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 1189 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 143-151/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

            Мөн урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

 Шүүгдэгч нь уг ослын улмаас тархины хүнд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн чамархайн хэсэгт, бага тархины баруун тал бөмбөлөгт тархины эдэд цусан хураа, баруун талын дагз чамархайн заадас дагуу хугарал, духны зүүн хэсэг, дагзны баруун хэсгийн хуйхан доор цусан хураа, сээрний 11-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р нугаламын 2 талын хөндлөн сэртэн, бүсэлхийн 2-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, ахар сүүлний 5, 6-р үеийн нугаламын хугарал, хамар ясны хугарал, баруун шуу, баруун бугуйн үеийн гадна хэсэгт язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, хамрын нуруу, хүзүү, дагзны баруун хэсгийн хуйханд, баруун, зүүн хөхлөг сэртэнд, зүүн мөр, бугалга, тохой, баруун өгзөг, баруун зүүн гуя, шилбэ, баруун өвдөг цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, хацар, баруун бугалга, тохой, шуунд зулгаралт гэмтэл учирсан. Тархины хүнд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн чамархайн хэсэгт, бага тархины баруун тал бөмбөлөгт тархины эдэд цусан хураа, баруун талын дагз чамархайн заадас дагуу хугарал, духны зүүн хэсэг, дагзны баруун хэсгийн хуйхан доор цусан хураа гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 384 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-75-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, эрүүл мэнд болон хувийн байдлыг тус тус харгалзан түүнд хорих ял шийтгэлийг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч З.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтов.

Хэрэгт битүүмжлэгдсэн 25-08 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины өмчлөгч нь “Бат Ундран  Мандах” ББСБайгууллага болох нь Увс аймгийн автотээврийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181 тоот албан бичиг /хх-ийн 127-р хуудас/-ээр нотлогдож байна.

Энэ талаар “Бат Ундран Мандах” ББСБайгууллагын эдийн засагч Б.Хулан нь: “З.Г нь манай байгууллагаас 2019 оны 7 дугаар сарын 31-ны өдөр 2.000.000 төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар зээл нь төлөгдөөд дуусчихсан. З.Гд ямар нэгэн байдлаар санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/ хэрэгт авагдсан байх тул энэ хэргийн улмаас машины өмчлөгч “Бат Ундран Мандах” ББСБайгууллагад ямар нэг хохирол учраагүй байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 25-08 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машин битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.

Мөн шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч З ургийн овогт Згийн Гг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнх 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 25-08 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.МӨНХСАЙХАН