| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0111/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Цийн Мд холбогдох 2035000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Цийн М, 1996 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр баг, Цамбагаравын 105 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, регистрийн дугаар: ОЕ96110318.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.М нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө хууль сахиулагч Зүүнхангай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар 2035000000105 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.У хөдөө ажлаар яваад 23 цаг өнгөрч байхад ирсэн юм. ...өөрийн эзэмшлийн 07-78 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүл хийж явсан юм. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 01 цагийн үед Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далан булаг” хүнсний дэлгүүрийн хажуугаар өнгөрч байтал дэлгүүрийн эзэн О.Г гараа өргөөд намайг зогсоосон. Би зогсоод машинаас буугаад очсон чинь О.Г, эхнэр Ш.М хоёр “М согтуу ирчихээд дэлгүүрийн хаалга цохиод архи зарчих гээд байна, чи авч яваад амраачаач, хүүхэд уйлаад байна” гэж хэлсэн. Тэгээд би Ц.Мн хажууд очоод “Амрыг эрьё, та шөнийн 01 цаг болж байхад яагаад айлын хаалга цохиод хүний амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ? Ийм асуудал гаргаж болохгүй, та явж амар” гэсэн шаардлага тавьсан чинь М урдаас “чамд ямар хамаатай юм пизда минь, чи юу юм” гэж хэлсэн. Тэгээд би “чи юу яриад байгаа юм” гээд тохойн тус газраас нь бариад дагуулаад цааш нь явах гэтэл гаран дээр цохиод гар тавиулаад, баруун гараараа миний зүүн талын шанааны хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гээд цамцны захнаас нь бариад авахад миний урдаас заамдсан. Тэгээд байж байтал дэлгүүрийн хажуу талаас манай сумын Тайванбаяр гэх залуу гарч ирээд “та хоёр болиоч” гээд бид хоёрыг салгах гэж оролдсон, тэгэхээр нь би “Тайванбаяраа чи хойшоо болж бай, би энэ хүнийг авч явах шаардлагатай байна” гэж хэлэх хооронд Ц.М дахин миний зүүн талын шанаа болон уруул хэсэгт гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд би хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-р хуудас/,
2. Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Гийн гэр манай цагдаагийн хэсгийн байрнаас 500 орчим метр газар байдаг. Би машин асаагаад яваад очсон чинь хэсгийн цагдаа, дэд ахлагч Н.Б, Ц.М гэж залуутай бие биенээ заамдчихсан хажууд нь манай сумын Н.С, Б.Т, Б.Д гэх залуучууд зогсож байсан. Би очоод “юу болж байгаа юм бэ, больцгоо” гээд Н.Б Ц.М хоёрын дундуур нь ороод салгах хооронд Н.Б Ц.М хоёр заамдалцчихаад байж байгаад Ц.М татагдаад газар унаад Н.Б, Ц.М хоёр салсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
3. Гэрч О.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...01 цагийн үед манай дэлгүүрийн хаалгыг хүн цохьсон. Би гарч харалгүй хэсэг байж байгаад дахин дахин цохиод байхаар нь эхнэр Мөнхнасангийн хамтаар гарч харахад манай сумын иргэн М гэх залуу нэлээд согтолттой ганцаараа дэлгүүрийн хаалга цохиод зогсож байсан. ...Би Мг “чи явж амар, бид нар амарч байна” гэж хэлээд зогсож байтал манай сумын хэсгийн цагдаагийн машин ирж байхаар нь би гараа өргөөд зогсоосон. Тэгсэн чинь машин дотроос хэсгийн цагдаа Буянцогт ганцаараа буугаад ирсэн. ...Буянцогт Мг “чи гэртээ очиж амраач, яагаад хүн амраахгүй байгаа юм бэ” гээд баруун талын ханцуйн дээрээс нь бариад авсан чинь Ц.М “би хаана явах нь чамд ямар хамаатай юм” гээд шууд Буянцогтын цээж хэсэгт нь өөрийн гараа тавиулах гээд гараараа нэг удаа цохиод авсан. Тэр хоёр бие биенээ заамдаад авахаар нь би дундуур нь ороод Мг “чи яахаараа цагдаагийн шаардлага эсэргүүцээд байгаа юм” гээд салгасан. ...гараад очсон чинь хэсгийн төлөөлөгч Уртнасан ирчихсэн, хэсгийн цагдаа Буянцогт Ц.Мтэй заамдалцаад зогсож байсан хажууд нь манай сумын Совдсамдан, Тайванбаяр, Даваа-Очир нар тойроод зогсчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
4. Гэрч Ш.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед манай дэлгүүрийн хаалгыг хүн цохисон. Гарч харалгүй хэсэг байж байгаад дахин дахин цохиод, манай 10 сартай хүүхэд цочиж уйлаад байхаар нь манай нөхөр О.Г бид 2 хамт хашааны хаалгаар гадагш гадна талаас нь дэлгүүрийн урд талд хүрээд ирсэн чинь манай сумын Ц.М гэж залуу нэлээн согтолттой ганцаараа дэлгүүрийн хаалга цохиод зогсож байсан. Тэгээд бид 2 очоод “яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь Ц.М нь “нэг шил архи зарчих” гэхээр нь “архи зарахгүй, шөнийн цагаар архи зарах хориотой” гэж хэлсэн чинь дахин дахин архи зарчих гээд байсан. Манай нөхөр бид 2 зарахгүй гээд хэлээд зогсож байтал манай сумын хэсгийн цагдаагийн машин ирээд машин дотроос хэсгийн цагдаа Буянцогт ганцаараа гарч ирсэн. Тэгээд би Буянцогтод “энэ М согтуу ирчихээд дэлгүүрийн хаалга цохиод, архи зарчих гээд хүүхэд уйлуулаад байна, чи аваад яваач” гэж хэлчихээд би гэртээ ороод манай нөхөр Г тэд нар үлдсэн. Удалгүй манай нөхөр Г гаднаас орж ирэхээр нь “юу болов, М явсан уу” гэж асуухад М хэсгийн цагдаа Буянцогттой маргаад Буянцогтыг нэг цохихоор нь би дундуур нь орж салгачихаад ирлээ гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
5. Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.М тухайн дэлгүүрээс пиво авахаар яваад Б.Т, Н.С бид гурав дэлгүүрийн хойно хүлээгээд ирэхгүй болохоор нь дэлгүүрийн гадна очсон чинь хэсгийн цагдаа Н.Б, Ц.М хоёр бие биенээ заамдаад маргалдсан зогсож байсан бид хоёр очоод дундуур нь ороод салгах гээд зогсож байтал хэсгийн төлөөлөгч Б.У ирээд “та нар юу болоод байгаа юм бэ больцгоо” гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
6. Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар хоорондоо ярилцаад дахин 1 пиво авч уухаар болоод сумын төвд байдаг О.Г гэж хүний хүнсний дэлгүүр гэрэлтэй байхаар нь гадаа нь очоод Ц.М тухай дэлгүүрээс пиво авахаар болж үлдээд Н.С, Б.Д бид гурав дэлгүүрийн хойно 10 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь Б.Д бид хоёр Ц.Мн араас очсон чинь дэлгүүрийн гадна хэсгийн цагдаа Н.Б, Ц.М хоёр бие биенээ заамдаад барьчихсан маргалдаж байхаар нь би дундуур нь ороод салгах гээд нэлээн юм болсон. Нэгийг нь арай гэж салгахаар нөгөөх нь барьж авчихаад болдоггүй. Тэгээд байж байтал хэсгийн төлөөлөгч Б.У ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн “1. Үзүүлэгч Н.Б-н биед гэмтэл учирсан байна. 2. Хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Хүзүүний зулгаралт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргууны 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх 394 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
8. Шүүгдэгч Ц.Мн согтуурлыг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5-р хуудас/
9. Шүүгдэгч Ц.Мн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Дэлгүүрийн хаалга цохиод огт онгойлгохгүй байсан бөгөөд Зүүнхангай сумын цагдаа Н.Б ирээд орой болчихсон байна гэртээ харь гэж байсан ба түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би урьд нь ганц нэг л удаа жаахан пиво ууж байсан, огт архи ууж байгаагүй бөгөөд тухайн өдөр согтчихсон юм шиг байсан. Юу болсон талаар мэдэхгүй байгаа. Найзуудаас асуухад чи цагдаатай барьцалдаж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байна.
Хохирогч Н.Б нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын Зүүнхангай сум дахь цагдаа, цагдаагийн дэд ахлагчаар томилогдсон /хх-ийн 79-80-р хуудас/ байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт заасан “хууль сахиулагч” гэж үзнэ.
Хохирогч Н.Б нь 2020 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө албан үүргээ биелүүлж явсан болох нь түүний “Тухайн өдөр хэсгийн төлөөлөгч дэслэгч Б.У хөдөө ажлаар яваад 23 цагийн үед ирээд гэртээ цай, хоол идэж байхаар нь би сумын нөхцөл байдлыг танилцуулаад МАХН-аас нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигч манай суманд ирсэн, хоолонд орж байна гэж хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч хаана хоолонд орж байгаа, хаана амрах талаар мэдээд ир гэж намайг 00 цаг 40 минутын үед явуулсан. Тэгээд би мэдчихээд буцаад явж байгаад ийм асуудал болсон” гэх мэдүүлгээр /хх-ийн 14-р хуудасны ар тал/ нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагч Н.Быг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хууль сахиулагчийн зүгээс хууль ёсны шаардлага тавьсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Б, гэрч Б.У, Б.Г, Ш.М, шүүгдэгч Ц.М нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Мөн хохирогчийн биед халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, гэмтэл учруулсан нь шинжээч эмчийн 394 дугаартай дүгнэлтээс харагдаж байна.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Иймд шүүгдэгч Ц.Мн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, шөнийн цагаар бусдаас архи согтууруулах ундаа худалдахыг шаардсан үйлдлийг “таслан зогсоох” арга хэмжээ авахаар хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагч Н.Бын биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна.
Хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Ц.М гэх залуу надаас уучлалт гуйж, бид нар учраа олж хоорондоо тохиролцсон, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 15-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ц.Мн хувийн байдлын талаар гэрч Э.Батпүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М бид хоёр Увс аймгийн Зүүнхангай сумын ерөнхий боловсролын ахлах сургуульд хамт сурсан арван жилийн найзууд байгаа юм. ...Зан байдлын хувьд М нь төлөв даруу, бусадтай нийтэч, ажилч хичээнгүй, бусдад тусархаг, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, элдэв муу зуршилгүй, огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй сайн залуу байгаа юм. Хийсэн хэрэгтээ нэлээд гэмшиж байгаа, хэргээ хурдан шийдүүлмээр байна гээд өдөр, шөнөгүй санаа зовж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/ хэрэгт авагдсан байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/ хэрэгт авагдсан байх бөгөөд энэхүү нотлох баримтаар шүүгдэгч Ц.М урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал болон бусад хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар, 36.8 дугаар, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Цийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН