| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0141/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/144 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б
Улсын яллагч Н.Д
Хохирогч Д.С
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2025001130128 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Зуун айл” худалдааны төвийн урд хамтран амьдрагч Д.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт
хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.С мэдүүлэхдээ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.С-гийн “Би Г.Б-тай хамтран амьдраад 4 жил орчим болж байгаа ба Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2019 оны 09 дүгээр сард Орхон аймагт ирсэн юм. Г.Б “Сод монгол” ШТС-д түгээгч хийдэг ба ажлынхаа газрын эмэгтэйтэй утсаар яриад байдаг юм. Энэ асуудлаас болж бид 2 маргаантай байсан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Бын ажлын газрын нягтлан нь намайг дуудаж уулзсан ба би Г.Б-ын ажлаас нь хамт гараад явж байгаад ажлынх нь газрын эмэгтэйтэй хардаж бид хоёр маргалдсан. Тэгээд Г.Б бид хоёр “Зуун айл” худалдааны төвийн урд талд явж байгаад миний хамар луу цохиод авахаар нь би ээж рүү нь залгаад танай хүүхэд намайг зодоод байна гэтэл Г.Б миний утсыг булааж аваад дахиад миний хамар луу цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гараад байж байтал замын урд талд цагдаагийн машин байж тараад Г.Б бид хоёрыг дуудаад цагдаагийн газар аваачсан. 5 хоногийн дараа эмнэлэгт үзүүлтэл миний хамрын яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/
2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаартай “Д.Сгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамрын нуруунд цус хуралт духанд зулгаралт бүхий үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт нь хуучин гэмтэл, бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, чихний хэнгэргэн хальсны цооролт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын нуруунд цус хуралт, духанд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-р хуудас/
3. Яллагдагч Г.Б-ын “Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний орой ажил дээрээ хонож байхдаа эхнэртэйгээ утсаар маргалдсан. Улмаар маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө намайг ажлаасаа буух гэж байхад эхнэр ирсэн ба над руу уурлаад намайг цохиж аваад байсан. Тэгэхээр нь би эхнэрээ түлхээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Ингээд би хувцасаа солиод манай компаний байран дээр очиж нягтлантай уулзчихаад гараад явж байтал Д.С намайг хардаад бид 2 маргалдсан. Тэгээд Дэнж рүү такси бариад “зуун айл” худалдааны төвийн орчим явж байтал бид 2-г маргалдаад байсан чинь такси маань бид 2-г буулгачихаад яваад өгсөн. Тэгээд зуун айл худалдааны төвийн урд зогсож байгаад Д.Сгоос холдоод явах гэтэл Д.С над руу чулуу авч шидэх гээд мөн манай ээж рүү залгаад байхаар нь гар утсыг нь авч шидчихээд нүүр лүү нь дахиад нэг удаа цохисон. Энэ үед замын урд талд цагдаагийн машин байж таараад бид 2-г цагдаагийн газар аваачсан” гэсэн мэдүүлэг /хх- ийн 27-28-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Д.Д.Сг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч эмчилгээний зардалд хохирол нэхэмжлээгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Ингээд 700.000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналын гаргаж байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн маргаанаас болсон байдаг. Шүүгдэгч ийм үйлдэл гаргахгүй байх, хохирогч ийм үйлдэл дахин давтагдвал таслан зогсоох шаардлагатай гэдгийг сануулж хэлье” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Сгийн “Г.Бын ажлаас нь хамт гараад явж байгаад ажлынх нь газрын эмэгтэйтэй хардаж бид 2 маргалдсан. Тэгээд Г.Б бид 2 “Зуун айл” худалдааны төвийн урд талд явж байгаад миний хамар луу цохиод авахаар нь би ээж рүү нь залгаад танай хүүхэд намайг зодоод байна гэтэл Г.Б миний утсыг булааж аваад дахиад миний хамар луу цохисон” гэсэн мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Г.Бын “2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө намайг ажлаасаа буух гэж байхад эхнэр ирсэн ба над руу уурлаад намайг цохиж аваад байсан. Тэгэхээр нь би эхнэрээ түлхээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд зуун айл худалдааны төвийн урд зогсож байгаад Д.Сгоос холдоод явах гэтэл Д.С над руу чулуу авч шидэх гээд мөн манай ээж рүү залгаад байхаар нь гар утсыг нь авч шидчихээд нүүр лүү нь дахиад нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Зуун айл” худалдааны төвийн урд хамтран амьдрагч Д.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч, шүүгдэгч нар гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хамтран амьдрагч бөгөөд Г.Б нь шууд санаатай үйлдлээр Д.Сгийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа боловч маргаан үүссэн шалтгаан, харилцан маргалдсан байдал, тэдний харилцаа зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед гэр бүлийн хүчирхийллийн шинж болох бие махбодь, эдийн засгийн бусад давуу байдлаа ашиглан, хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл зүйд айдас дарамт үүсгэж, хүчирхийлсэн шинж тогтоогдохгүй байна. Хохирогч, шүүгдэгч нарын маргалдсан шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь хувийн таарамжгүй харилцааны шинжтэй, гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байх тул Орхон аймгийн прокурорын газраас Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Д.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Онгиуд овогт Ганбаярын Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС