| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0158/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/153 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн 2025000000132 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.М нь 2020 оны 03 дугаар сарын 13- ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Л.М- Э-тэй маргалдан эрүүн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Л.М-Э нь “2 сая төгрөг хохиролд хүлээн авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.М-Э-ний “2020 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед би Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Бүрэн бүстийн овооны хажууд Х, Б, Т, З, М.М нарын хамт 2 шил архи хувааж уусан. Би архи уугаад их согтсон. Нэг мэдсэн М.М зүүн талын эрүү орчимд гараараа их хүчтэй цохиж газар унагаасан юм. Тэнд байсан Т намайг М.Мээс салгасан. 22 цагийн үед миний эрүү их өвдөөд байсан. Тэгэхээр нь эмнэлэгт очиж үзүүлтэл миний зүүн талын эрүү 2 хугарсан байсан" гэсэн мэдүүлэг. /хх-н 4-5-р хуудас/
2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 299 дугаартай “... Л.М- Э-ний биед доод эрүүний ясны зүүн талын их биеийн далд хугарал, зүүн хөмсөг дээр язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Язарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..” гэсэн дүгнэлт. /хх-н 11-12-р хуудас/
3. Гэрч Б.Төвшинбаярын “2020 оны 03 сарын 13-ны өдөр архи уугаад бид нар бага зэрэг согтсон. Нэг мэдсэн Л.М-Э манай найз М.Мийг хоёулаа зодолдох уу гээд ноолоод байсан. М.М болохоор яах юм бэ хөгшөөн зүгээр байцгаая гэж хэлсэн. Тэгж байгаад Л.М-Э М.Мийн хүзүүг маажсан юм. М.М уурлаад М-Э-ний зүүн эрүү орчимд нэг удаа гараараа цохисон. гэсэн мэдүүлэг /хх-н 7-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Энхтайван дүгнэлтдээ “ ” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.М-Э-ний “2020 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед би Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Бүрэн бүстийн овооны хажууд Х, Б, Т, З, М.М нарын хамт 2 шил архи хувааж уусан. Би архи уугаад их согтсон. Нэг мэдсэн М.М зүүн талын эрүү орчимд гараараа их хүчтэй цохиж газар унагаасан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт, гэрч Б.Т-рын “2020 оны 03 сарын 13-ны өдөр архи уугаад бид нар бага зэрэг согтсон. Нэг мэдсэн Л.М-Э манай найз М.Мийг хоёулаа зодолдох уу гээд ноолоод байсан. М.М болохоор яах юм бэ хөгшөөн зүгээр байцгаая гэж хэлсэн. Тэгж байгаад Л.М-Э М.Мийн хүзүүг маажсан юм. М.М уурлаад М-Э-ний зүүн эрүү орчимд нэг удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.М нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт бусадтай архи ууж байхдаа Л.М- Э-тэй маргалдан эрүүн тус газарт цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Л.М-Э-нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС