| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 001/2020/0478/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/149 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А
Улсын яллагч Л.Э
Хохирогч Д.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1825000180485 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өрмийн хошуу нийлүүлнэ гэж гэрээ байгуулан 67500 америк доллар буюу 136 352 700 төгрөгийн урьдчилгаа авч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Миний хувьд анхнаасаа ямар нэгэн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг залилах санаа байгаагүй. Өрмийн хошууны туршилт хийгдэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ил уурхайн нөхцөл байдалд тохирох юм байна гэж бодсон. Гэрч Эрдэнэбилэгтэй хамт туршилт хийх үед байлцаж байсан учраас би сонсож мэдсэн. Би өмнө нь бие дааж бизнес хийж байгаагүй. Өөрөө бие дааж хувийн бизнес хийж үзье гэж хийсэн болохоос биш ямар нэгэн байдлаар залилан хийе гэсэн санал бодол байгаагүй. 2016 оны 04-р сард гэрээ байгуулахаас өмнө Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Алтлос ХХК-тай холбогдож Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нөхцөл байдалд таарах өрмийн хошуу ямар үнэ ханшаараа Монголд ирэх вэ гэж судалж үзсэн. Алтлос Ковко ХХК Дэлхийд маш том компани байдаг. Энэтхэг улсад байдаг салбарын өрмийн хошуу нь Монголд ирвэл буусан үнэ дээр нь мөнгө нэмж зараад ашигтай болох юм байна гэж тооцоолж байсан. Тухайн үед Монгол улсад ирэх үнэн нь 1 ширхэг нь 2100 доллар болж байсан. Эрдэнэт үйлдвэрт ХХК 2700 доллараар нийлүүлэхэд Эрдэнэт үйлдвэрт ашигтай. Би бас өөрийнхөө ашгийг нэмж зарж болох юм байна гэж тооцсон. Гэрээ хийсний дараа тухайн үйлдвэрээс гарч байгаа өрмийн хошууны үнэ өртөг нь 2900 доллар болж байсан. Миний хувьд эдийн засгийн алдагдалд орохоор болж би урьдчилгаа мөнгө төгрөгийг нь авчихсан байсан болохоор сандарч өөр хүмүүсээс сураглаж ярьсан. Өөртөө ашигтай, Эрдэнэт үйлдвэрийн хохироохгүй өрмийн хошуу нийлүүлэх зорилготой байсан. Гадны хүмүүсээр дамжуулж Африкт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниас удаан хугацаагаар агуулахад хадагласан илүүдэл өрмийн хошуу байна уу гэж судлуулж үзсэн. Илүүдэл удаан хадгалсан юмаа арай бага өртөгөөр зардаг гэсэн мэдээлэл байсан. Өмнөд Африк хүнд надад тусалж өрмийн хошууг чинь хямд зардлаар олоод өгье гэж яриад би өөрөө тэр хүнтэй Бээжинд очиж уулзаж урьдчилгаа мөнгө төгрөгийг нь өгсөн. Тэр хүн нь өөрөө цаанаа ямар асуудалтай байсныг нь би мэдэхгүй. Ор тас алга болсон. Миний хувьд анхнаасаа залилах бодол байгаагүй. Миний хэлсэн ажил үйлдлээс болж Эрдэнэт үйлдвэр ХХК хохирч байгааг ойлгож байгаа. Хохирлыг нь барагдуулахаар хөөцөлдөж явсан. Их хэмжээний мөнгө учраас өнөөдрийг хүртэл мөнгө олдоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-г хохиролгүй болгох талаас нь бодож байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК Эрдэнэт үйлдвэр ХХК-д өрмийн хошуу нийлүүлэхээр 2016 оны 04-р сард гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай Эрдэнэт үйлдвэрт 64500 америк долларын хохирол учруулсан. Д.Бтай утсаар ярьж гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шардаж байсан боловч санаатайгаар зайлсхийж, хуурч мэхэлж, гадаад улсын иргэнд мөнгөө алдсан мэтээр тайлбар тавьж ор сураггүй холбоо тасраад алга болсон. “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК -ийн захирал Д.Б нь Эрдэнэт үйлдвэр ХХК-тай гэрээний аргаар итгэл төрүүлэх замаар залилан хийсэн. Бид хохирогчийн хувьд тэгж үздэг. Залилан хийсэн гэх хэд хэдэн үндэслэл байгаа. Д.Б ачаагаа ачсан. Гаалийн бүрдүүлэлт хийсэн. Одоо гарч байна. Маргааш гарна гэж мессеж бичиж манай Эрдэнэт үйлдвэр бараа ирж байгаа юм байна гэж хүлээцтэй ханддаг байсан. Сүүлд нь би мөнгө гадаад улсын иргэнд өгөөд алдчихсан гэж хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл ярьдаг. Би хохирлоо төлнө. 4 өрөө байраа зараад төлье гэдэг. Хохирлоо төл гээд гарахаар араас нь юу болов гэхээр банкнаас зээл авах гэж байна. Гэрээгээ хийж байна гэдэг. “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК нь “Атлас Копко Монгол”ХХК-ийн нэрийг ашигласан. “Атлас копко Монгол” компани бол дэлхийн брэндийн өрмийн хошуу үйлдвэрлэдэг компани. Энэ өрмийн хошууг авах юм шүү гэж бодож гэрээ байгуулсан. Ийм, ийм үндэслэлээр Эрдэнэт үйлдвэрийг хохироогоод байгаа юм” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Гансүхийн “Манай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай өрмийн хошуу нийлүүлэхээр “Атлас түүлс” ХХК-ий захирал ажилтай Доржгарам овогтой Д.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №2016/13-10-122 дугаартай гэрээ байгуулж 67 500 америк долларын урьдчилгаа авсан бөгөөд манай байгууллагад 90 хоногийн хугацаанд бараа материал болох өрмийн хошууг нийлүүлэх байсан боловч одоо болтол гэрээний үүргээ биелүүлээгүй өрмийн хошуу хил дээр ирж байгаа, гадаад улсын иргэнд мөнгөө залилуулсан гэх зэргээр ямар нэгэн шалтаг хэлж худал хэлж, мөнгө аваад сураггүй алга болоод байна. Энэ хүнтэй анх хийсэн гэрээний хугацаа дуусаад түүн рүү манай байгууллагын менежер Эрдэнэбаяр холбогдож гар утсаар ярихад тэрээр БНХАУ- ын Эрээн Замын-Үүдийн хил дээр байна. Өрмийн хошуунуудаа том тэргэнд аччихсан байгаа өнөөдөр замын үүдээр гарна гэж хэлж байгаад алга болсон. Дараа нь Улаанбаатар хотоос дагуулан компаний байранд авчран тайлбар авхад Би тухайн үед ачаа бараагаа аваагүй байсан худлаа ярьсан юм гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 29-32-р хуудас/
2. Гэрч Л.Т-гийн “Д.Б нь миний ээжийн төрсөн дүү байгаа юм. 2015 онд байх Д.Б ах надруу яриад ах нь нэг ажил хөөцөлдөх гэсэн юм чи наанаа өөрийнхөө нэрээр нэг компани үүсгэн байгуулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би түүнд би ийм ажлын талаар мэдэх зүйл байхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.Б ах би чамд зааж зөвлөөд өгье миний дүү бичиг баримтыг нь хөөцөлдөөд өг. Дараа нь миний нэр дээр шилжүүлж болох нь уу үгүй юу гэдгийг мэдээд өгөөрэй гэсэн. Тэгээд би өөрийнхөө гэрийн хаягаар 10000 төгрөгийн дүрмийн сантай уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Атлас түүлс” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ хуулийн этгээд байгуулаад хэсэг хугацааны дараа Д.Б ах Орхон аймагт ирсэн. Түүнийг Орхон аймагт ирэхээр нь “Атлас Түүлс” ХХК-г шилжүүлэн өгч байсан. Д.Б ах үүнээс хойш хоёр, гурван удаа ажлаар явж байна гээд Орхон аймагт ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40-р хуудас/
3. Гэрч Б.Э-рын “Өрмийн хошуугаа авахаар судалж байсан чинь Ил уурхайгаас манай үйлдвэрт туршилт хийгдсэн, шаардлагад нийцсэн компани байна гэсэн зүйл яригдсан. Тэгэхээр нь тухайн хуулийн этгээдийн хүмүүсээ явуулаач гэсэн чинь Д.Б, Ч.Эрдэмбилэг гэж хоёр хүн ирсэн. Тухайн хүмүүс нь “Атлас копко” группийн үйлдвэрлэж байгаа өрмийн хошууг нийлүүлэх боломжтой. Тухайн өрмийн хошууг “Эрдэнэт үйлдвэр” -ийн үйл ажиллагаанд туршилт хийсэн баримт материалыг гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Энхбаатар гэж хүнтэй уулзуулаад туршилт хийсэн өрмийн хошуу байна. Манай үйл ажиллагаанд ашиглаж болох юм байна гэдгийг нь танилцуулсан. Тэгээд Д.Б захиралтай “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-наас өрмийн хошуугаа авахаар болоод гэрээ хийгдэж урьдчилгаа 67 500 америк долларыг өгсөн. Гэтэл Д.Б гэрээнд заасан хугацаандаа өрмийн хошуугаа авчирч өгөөгүй. Хойноос нь утсаар холбоо барихад танай захиалсан өрмийн хошуу Америк улсаас гараад Хятад улсаар дамжаад Монголд ирж байгаа. Замдаа явж байна. Гааль дээр ирсэн байна. Би Замын-Үүд суманд бараагаа авах гээд явж байна гэх мэтээр л яриад байдаг байсан. Тухайн үед өрмийн хошууг “Волгабурмаш” ХХК-наас нэг бүрийг нь 2850 америк доллараар худалдан авч байсан байдаг юм. Үүн дээр ирэх зардал нь нэмэгдээд 3000 гараад явчихдаг байсан юм байна лээ. “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК нь нэг бүрийг нь 2700 америк доллараар нийлүүлэх үнийн санад тавьсан. “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-наас нийлүүлэх өрмийн хошууг манай үйлдвэр үйл ажиллагаандаа ашиглаж болохуйц үр дүн туршилтаар тогтоогдсон байсан учир энэ байгууллагаас өрмийн хошуу худалдан авах болсон юм. Атлас копко монгол” ХХК нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэж байсан. Д.Б нь дээрх хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар болох “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-аар гэрээ хийгдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47-р хуудас/
4. Гэрч Ч.Э-гийн “Би өөрөө Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Атлас Копко Монгол” ХХК-д өрөмдөлгийн багажны худалдааны менежер хийж байсан. 2015 оны 07 дугаар сард “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хүдрийн ил уурхай дээр миний ажиллаж байсан “Атлас Копко Монгол” ХХК нь өрмийн хошууны туршилт хийх гэрээ байгуулан гэрээний дагуу өрмийн хошууны туршилт хийсэн. Туршилтаар “Атлас Копко” брэндийн өрмийн хошууг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь үйл ажиллагаандаа ашиглавал ашигтай юм байна гэсэн техникийн комиссын дүгнэлт гарсан. Энэ туршилтын үр дүн сайн гарсан боловч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-нь “Атлас Копко Монгол” ХХК-тай өрмийн хошуу нийлүүлэх гэрээ байгуулаагүй. Ажлаасаа гараад байж байх хугацаандаа Д.Бтай уулзаад “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ашиглаж байгаа өрмийн хошууг “Атлас Копко Монгол” ХХК-наас буюу “Атлас Копко” группын Энэтхэг улс дахь салбараас нь худалдан авч нийлүүлэх юм бол ашиг олох боломжтой юм байна гэдэг зүйлийг ярьсан. Гэтэл Д.Б тэгвэл судлаж үзье хөөцөлдье гэсэн. Би өөртөө байсан “Атлас Копко” брэндийн өрмийн хошууны туршилтын дүнг өгсөн. Д.Б гэрээ хийх талаар хөөцөлдөхөөр болсон бөгөөд хэсэг хугацааны дараа Д.Б Орхон аймагт бүртгэлтэй гэрээ хийхэд бэлэн миний өөрийн компани байгаа. Тэр компаний нэр дээр гэрээ хийе. Орон нутгийн компани гэдгээр гэрээ хийхэд нааштай хандах байх гэдэг зүйл ярьсан. Ингээд Д.Б өөрөө гүйсээр байгаад л “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т өрмийн хошуу нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний нөхцлийн хувьд миний санаж байгаагаар урьдчилгаа шилжүүлснээс хойш 3 сарын дотор бараагаа нийлүүлэх, урьдчилгаа нь гэрээний үнийн дүнгийн 50 хувийг өгнө гэсэн нөхцөл байсан санагдаж байна. Нэг бүрийн үнэ нь хэдэн төгрөгийн үнэтэй хэдэн ширхэг өрмийн хошуу нийлэх ёстой байсныг ёстой санахгүй байна. Гэрээг яг хэдэн сарын хэдний өдөр хийснийг санахгүй байна. Ямар ч байсан хаврын улирал байсан. Гэрээгээ хийчихээд гэрээний урьдчилгааг хүлээгээд байж байх хугацаанд Финлянд улсын “Робит” компаний Солонгос улс дахь худалдааны менежер нь надтай холбогдоод “Оюу толгой” ХХК-ийн далд уурхайн өрөмдлөгийн багаж нийлүүлэх тендерт хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу энэ ажлыг нь хийлцэж яваад гэнэт Д.Бтай холбоо бариад “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-с гэрээний урьдчилгаа орж ирсэн үү гэсэн чинь Д.Б гэрээний урьдчилгаа орж ирээд бараг сар болж байна гэсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөг орсон бэ гэж асуусан чинь Д.Б гэрээний урьдчилгаа хэдэн төгрөг орж ирснийг хэлээгүй. Тэгэхээр нь өрмийн хошууг “Атлас Копко Монгол” ХХК-р дамжуулаад “Атлас Копко” брэндийн өрмөө Энэтхэг улсын үйлдвэр лүү нь захиалмаар байна гэсэн чинь Д.Б Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг “ 303” ХХК-наас хямд өрмийн хошуу авах гэж байгаа гэж хэлээд нэг сар орчим явсан. Сүүлдээ Д.Б надтай уулзахаа болиод зугтаагаад, гэрт нь очихоор хүүхдүүдээрээ гэртээ байхгүй гэж хэлүүлдэг болсон. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр би Д.Бтай холбогдоод “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын өрмийн хошууг нийлүүлэхгүй юм бол гэрээний урьдчилгаа болох мөнгийг буцаах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол чи бид хоёр гэрээний хугацаа дуусч алдангид орж магадгүй байна гэж хэлсэн чинь Д.Б Өмнөд Африкт Родни гэж хүн Атлас копко брэндийн өрмийн хошуу зарж байна тэр хүнээс өрмийн хошуу авна гэдэг зүйл яриад эхэлсэн. Тэгэхээр нь би Батсайхныг худлаа ярьж байна гэдгийг ойлгосон. Атлас Копко брэндийн бараа бүтээгдэхүүн сэлбэг хэрэгслийг зөвхөн Атлас Копко группын салбар л зарна. Атлас Копко групп нь уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч 2 байгууллагын нэг нь юм. Д.Бтай уулзах гэхээр зугтаагаад олдохгүй байсан. Түүнтэй уулзах гэж явсаар байгаад 2016 оны 07 дугаар сарын сүүлээр улсын баяр наадмын дараа өглөө эрт гэрт нь очоод Д.Бтай уулзаад чиний Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг үзье. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-с гэрээний урьдчилгаа болгож өгсөн мөнгө байна уу гэхэд Д.Б би танд өөрийнхөө дансны хуулгыг үзүүлэхгүй. Танд хамаагүй гэсэн. Би үзнэ гээд жоохон шахсан чинь Д.Б та нэг цагийн дараа хүрээд ир. Би усанд ороод цайгаа уугаад гарья гэсэн. Тэгэхээр нь би эргэж яваад нэг цагийн дараа ирэхэд Д.Б гэрийнхээ үүдийг тайлж өгөөгүй. Үүнээс хойш би өнөөдрийг хүртэл энэ хүнтэй холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг. /2-р хавтас 37-38-р хуудас/
5. ‘Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-нуудын хооронд байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ” /хх-н 71-79-р хуудас/
6. Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-ны Худалдаа хөгжлийн банкин дахь 407256373 дугаартай долларын дансны хуулга /хх-н 157-р хуудас/
7. Д.Бы Худалдаа хөгжлийн банкин дахь 415012909 дугаартай төгрөгийн дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 158-171, 201-214-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт үйлдвэр ХХК-д өрмийн хошуу нийлүүлнэ гэж хуурч гэрээ байгуулж 67500 америк доллар буюу 136 352 700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, худалдах худалдан авах гэрээний хуулга, компани болон Д.Бы дансны хуулга, холбогдох баримтууд, “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК албан бичгүүд, Д.Бы гэрчээр өгсөн мэдүүлэг, “Атлас Копко Монгол” ХХК-ийн тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Тухайн гэмт хэрэг нь залилах гэмт хэрэг байгаа. Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан. Шүүгдэгч Д.Б “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-ийг 2016 онд үүсгэн байгуулсан. Энэ компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Хоёрдугаарт “Атлас Копко Монгол” ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ХХК-д өрмийн хошууны туршилтийг ил уурхай дээр ирж хийсэн. Энэ туршилт амжилттай болсон. Тухайн хугацаанд “Атлас Копко Монгол” ХХК-ийн албан ёсны туршилтын үр дүнд далимдуулж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн албан тушаалтанууд итгэл төрүүлж ойлгуулж “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК нь “Атлас Копко Монгол” ХХК-ийн өрмийн хошууг нийлүүлэх боломжтой талаар итгэл төрүүлж энэ гэрээг байгуулсан. Гэрээн дээр “Атлас Копко Монгол” ХХК-ийн хошууг авах талаар заасан. Гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авсан. Үүнийг авчихаад энэ мөнгийг зарцуулсан байдлаас харахад залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Тухайн “Атлас Копко Монгол” ХХК-ийн өрмийн хошууг авч өгөх талаар байгуулсан гэрээ контракт хийгээгүй байж энэ мөнгийг гаргуулж авсан. Эрдэнэт үйлдвэрт энэ компаниас авна эгж итгэл төрүүлсэн нь хуурах аргыг ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн. “Атлас Копко Монгол” ХХК-ийн албан ёсны салбар компани байна гэж Эрдэнэт үйлдвэрт ойлгуулсан. Мөнгийг гэрээний дагуу өрмийн хошууг авах зориулалттай шилжүүлж авсан боловч энэ мөнгийг өөр зүйлд зарцуулдаг. Юу юунд зарцуулсан бэ гэдэг нь шинжлэн судалсан дансны хуулга дээр тодорхой харагддаг. Хичнээн хэмжээний төгрөг, яаж гарсан байна гэдэг дээр дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл дээр тодорхой харагдаж байна Ямар нэгэн байдлаар өрмийн хошуу нийлүүлэх санаа зорилгогүйгээр гэрээ байгуулж урьдчилгаа мөнгө авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Хохирол хэр хэмжээ бол тогтоогдож байгаа. Энэ нь хуульд зааснаар их хэмжээний хохирол учруулсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Хохирол төлбөр одоогоор төлөгдөөгүй байгаа юм байна. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа баталгааг өөрчилж цагдан хорих саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б гэрээ байгуулж урьдчилгаа мөнгө авсан учраас энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өөр компаниас өрмийн хошуу хайж нийлүүлье гэсэн боловч энэ нь бүтэлгүйтсэн. Энэ талаар Өмнөх Африкийн хүнтэй очиж уулзаж тодорхой хэмжээний мөнгө өгсөн байдаг. Өөртөө ямар нэгэн баримт үйлдээгүй нь мөнгө өгсөн гэдгээ нотолж чадахгүй байдалд хүргэж байна. Гэрээний дагуу өрмийн хошуугаа нийлүүлээч гэдэг асуудал яригдсан. Д.Б бол өөрийнхөө зохион байгуулалт муутай ажлаас болж энэ өрмийн хошуу нийлүүлэх ажил бүтэлгүйтсэн учраас би өрмийн хошууг ачуулсан гэх мэтээр ярьдаг байсан. Энэ үйл явдалд миний буруу байхгүй гэж Д.Бы хувьд мэтгэлцэхгүй байгаа. Шүүхээс шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэн. Хохирлыг төлөх талаар завсарлага авсан боловч амжсангүй. Д.Б нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн нөхцөл байдлыг буруу төсөөлж үүнээсээ болж гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Өрмийн хошууг авч нийлүүлж чадна гэж төсөөлж байсан боловч буруу төсөөлөлтэйгээр бүтэлгүйтэж энэ хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д хохирол учирч байна гэж үзэж байгаа боловч хохирогч байгууллага энэ компаний талаар сайн нягталж шалгаагүй. Гэрээний нөхцөлд заасан ийм баримтуудыг хянаагүй. Шууд гэрээг батлаад явуулж байгаа. Гэрээ хийж байсан ажилтны хувд энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэхийг хүсч байна. Хохирлыг нөхөн төлөхөө байнга илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Д.Б нь 3 насанд хүрээгүй хүүхдийн эцэг байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд торгох ялыг санал болгож байна. Торгуулийн ялыг гэр бүл болон ойр дотны хүмүүсийн дэмжлэгтэйгээр төлөх боломж байгаа гэж үзэж байгаа. Шүүх миний саналыг хүлээж авахгүй байх боломжтой. Улсын яллагч хорих ялыг сонгож хэрэглэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулах нь зохимжгүй байна. Гэхдээ заавал хорих ял оногдуулна гэвэл хамгийн бага хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Мөн торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэж санал болгож байна. Д.Б өөрөө нийгмээс тусгаарлагдахгүй байвал Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ газарт учруулсан хохирлыг төлж барагдуулна. Торгуулийн ялыг төлөөгүй тохиолдолд хорих ялаар солих боломж байдаг” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Г-ийн “Манай байгууллага болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай өрмийн хошуу нийлүүлэхээр “Атлас түүлс” ХХК-ийн захирал ажилтай Д.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №2016/13-10-122 дугаартай гэрээ байгуулж 67 500 америк долларын урьдчилгаа авсан бөгөөд манай байгууллагад 90 хоногийн хугацаанд бараа материал болох өрмийн хошууг нийлүүлэх байсан боловч одоо болтол гэрээний үүргээ биелүүлээгүй гадаад улсын иргэнд мөнгөө залилуулсан зэргээр ямар нэгэн шалтаг хэлж, худал хэлэн залилан мэхэлж мөнгө аваад сураггүй алга болоод байна” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Тунгалагийн “би өөрийнхөө гэрийн хаягаар 10000 төгрөгийн дүрмийн сантай уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Атлас түүлс” ХХК-г үүсгэн байгуулсан. Энэ хуулийн этгээд байгуулаад хэсэг хугацааны дараа Д.Б ах Орхон аймагт ирсэн. Түүнийг Орхон аймагт ирэхээр нь “Атлас Түүлс” ХХК-г шилжүүлэн өгч байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Э-рын “Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э гэж хүнтэй уулзуулаад туршилт хийсэн өрмийн хошуу байна. Манай үйл ажиллагаанд ашиглаж болох юм байна гэдгийг нь танилцуулсан. Тэгээд Д.Б захиралтай “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-наас өрмийн хошуугаа авахаар болоод гэрээ хийгдэж урьдчилгаа 67 500 америк долларыг өгсөн. Гэтэл Д.Б гэрээнд заасан хугацаандаа өрмийн хошуугаа авчирч өгөөгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Э-гийн “Ажлаасаа гараад байж байх хугацаандаа Д.Бтай уулзаад “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ашиглаж байгаа өрмийн хошууг “Атлас Копко Монгол” ХХК-наас буюу “Атлас Копко” группын Энэтхэг улс дахь салбараас нь худалдан авч нийлүүлэх юм бол ашиг олох боломжтой юм байна гэдэг зүйлийг ярьсан. Гэтэл Д.Б тэгвэл судалж үзье хөөцөлдье гэсэн. Би өөртөө байсан “Атлас Копко” брэндийн өрмийн хошууны туршилтын дүнг өгсөн. Д.Б гэрээ хийх талаар хөөцөлдөхөөр болсон бөгөөд хэсэг хугацааны дараа Д.Б Орхон аймагт бүртгэлтэй гэрээ хийхэд бэлэн миний өөрийн компани байгаа. Тэр компаний нэр дээр гэрээ хийе. Орон нутгийн компани гэдгээр гэрээ хийхэд нааштай хандах байх гэдэг зүйл ярьсан. Ингээд Д.Б өөрөө гүйсээр байгаад л “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т өрмийн хошуу нийлүүлэх гэрээ байгуулсан. Д.Б Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг “ 303” ХХК-наас хямд өрмийн хошуу авах гэж байгаа гэж нэг сар орчим явсан. Сүүлдээ Д.Б надтай уулзахаа болиод зугтаагаад, гэрт нь очихоор хүүхдүүдээрээ гэртээ байхгүй гэж хэлүүлдэг болсон. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр би Д.Бтай холбогдоод “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын өрмийн хошууг нийлүүлэхгүй юм бол гэрээний урьдчилгаа болох мөнгийг буцаах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол чи бид хоёр гэрээний хугацаа дуусч алдангид орж магадгүй байна гэж хэлсэн чинь Д.Б Өмнөд Африкт Родни гэж хүн Атлас копко брэндийн өрмийн хошуу зарж байна тэр хүнээс өрмийн хошуу авна гэдэг зүйл яриад эхэлсэн. Худлаа ярьж байна гэж бодсон. Урьдчилгаа орсон дансны хуулгыг чинь үзэе гэтэл үзүүлээгүй, тэгээд холбогдоогүй” гэсэн мэдүүлэг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-нуудын хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээ, Атлас Түүлс Эрдэнэт” ХХК-ны Худалдаа хөгжлийн банкин дахь 407256373 дугаартай долларын дансны хуулга, Д.Бы Худалдаа хөгжлийн банкин дахь 415012909 дугаартай төгрөгийн дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь “Атлас копко” компаний үйлдвэрлэсэн өрмийн хошууг үйлдвэрлэлд туршсан туршилтын үр дүн, холбогдох материалыг ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өрмийн хошуу нийлүүлнэ гэж гэрээ байгуулан 67500 америк доллар буюу 136 352 700 төгрөгийн урьдчилгаа авсан боловч өрмийн хошуугаа нийлүүлэх ажлыг гүйцэтгэлгүй их хэмжээний хохирол учруулан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Б нь Олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий байгууллагын нэрийг ашиглан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ний худалдан авах ажил хариуцсан хүмүүст итгэл төрүүлж, хуурч мэхлэн гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа 67500 америк долларыг авч хувьдаа ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Д.Б нь гэрээнд заасан өрмийн хошууг “Атлас копко” компаниас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд нийлүүлэх зорилгогүй байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Д.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй байна.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд хамаарах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна. Прокурорын газраас яллагдагчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ирүүлээгүй боловч шүүх тус хуулийн зүйл хэсгийг журамлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 67500 ам.доллар буюу гэрээ байгуулах үеийн ханшаар 136 352 700 төгрөгийн хохирол учирсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 136 352 700 төгрөг гаргуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д олгуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 136 352 700 төгрөг гаргуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС