| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/02163/И |
| Дугаар | 181/ШШ2017/00203 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2017/00203
| 2017 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 181/ШЗ2017/00203 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Г ХХК
Хариуцагч: “МББСБ” ХХК
Хариуцагч: Г банк
Г банк болон Кредит Монгол ББСБ ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365-А тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Кредит Монгол ББСБ ХХК-ийн төлөөлөгч Т.Даваатулга, хариуцагч Г банкны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч С.Батхүлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г банк ба Кредит Монгол ББСБ ХХК нар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ8115100365 тоот зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ8115100365-А тоот нэмэлт гэрээг байгуулан, Кредит Монгол ББСБ ХХК дахь Г ХХК-ийн 99.97 хувийн /нэг ширхэг хувьцаа бүрийн нэрлэсэн үнэ нь 100.000 төгрег бүхий 33950 ширхэг/ хувьцааг барьцаалж, дээрх хувьцаанд оногдох Кредит Монгол ББСБ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон барьцаат зээлийн багцийг барьцаалсан.
Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.” зааснаар их хэмжээний хэлцэп хийх эрх хэмжээ нь зөвхөн компанийн төлөөлөн удирдах зөвлөл эсхүл компанийн хувьцаа ззэмшигчдийн хуралд байхад өөр бусад этгээд компанийг төлөөлөх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Г ХХК өөрийн 99.97 хувийн хувьцааг эзэмшдэг Кредит Монгол ББСБ ХХК-ийн Г банктай байгуулсан 2 000 000 000 төгрөгийн зээлийн хэлцэлд хувьцаанд оногдох эрхийнхээ хүрээнд оролцох эрхээр хангагдаагүй, энэ талаар Г ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагуй байна.
Иймд Г банк ба Кредит Монгол ББСБ ХХК нар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ8115100365 тоот зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ8115100365-А тоот нэмэлт гэрээг байгуулахдаа хуульд зааснаар Г ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй, компанийн тухай хуулийг зөрчиж хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 “хууль зөрчсөн...”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” тус тус зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Г банк болон Кредит Монгол ББСБ ХХК нарт холбогдох ЗГ8115100365 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбар, нотлох баримтыг гаргаж байна.
Кредит Монгол ББСБ-ийн зээл авах үеийн сүүлийн баланс буюу 2015 оны 1-р улирлын санхүүгийн тайланд тусгагдсан активын нийт дүн 16,317,353.28 мянган төгрөг байна. Харин Кредит монгол ББСБ Г банк нарын хооронд 2015-06-25-ны өдөр байгуулсан ЗГ8115100365 тоот зээлийн гэрээний дүн 2,000,000,000 төгрөг буюу тус компанийн балансын нийт активын 25 хувиас бага байна. Түүнчлэн, зээл авах тухай хэлцэл нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах, барьцаалахтай, эсхүл хувьцаа, үнэт цаас гаргахтай холбогдсон хэлцэл биш байна. ЗГ8115100365 тоот зээлийн гэрээ нь Компанийн тухай хуулийн 87.1.1 дугаар зүйлд зааснаар Кредит Монгол ББСБ-ийн хувьд их хэмжээний хэлцэл биш болно.
Тус зээлийг авах тухай шийдвэрийг Кредит Монгол ББСБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2015-06-25-ны өдрийн хуралдаанаар 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэж зээл авах шийдвэрийг санал нэгтэй гаргасан байдаг. Энэ талаар 2015-06-25-ны өдрийн 15/02 тоот хурлын тэмдэглэл, 15/03 тоот тогтоолыг Г банкинд ирүүлжээ.
Компанийн тухай хууль болон Кредит Монгол ББСБ-ийн дүрэмд зааснаар ТУЗ-ийн санал нэгтэй гаргасан шийдвэр нь аливаа хэлцэл, түүний дотор их хэмжээний хэлцлийг хүртэл байгуулахад хангалттай зөвшөөрөл болно.
Харин Команийн тухай хууль болон Кредит Монгол ББСБ-ийн дүрэмд компани хэлцэл байгуулахын тулд аль нэг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг тусгайд нь авах тухай ямар нэг зохицуулалт байхгүй байна. Тэгээд ч зээлдэгчийн дээрх ТУЗ-ийн шийдвэрт нэхэмжлэгч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Барбарих, хувьцааны 93.96%-ийг эзэмшигч У.Барсболд нар зурсан байгаа нь толгой компанийн төлөөлөл шийдвэр гаргалтад хангалттай оролцсон болохыг харуулж байна.
Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Энэхүү нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Кредит Монгол ББСБ-ын Г банкнаас авсан зээлийг эргүүлэн төлөхөөс зайлсхийх, уг зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжилсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд саад учруулах гэсэн зорилго бүхий явуургүй үйлдэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Кредит Монгол ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед “Кредит Монгол ББСБ” ХХК нь “Г банк” ХХК-аас зээл авахдаа зохих шаардлага, шаардсан баримт бичгийг бүрдүүлж өгөөд зээл авсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Г банк, Кредит Монгол ББСБ ХХК-д холбогдуулан Г банк болон Кредит Монгол ББСБ ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365-А тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г банк болон Кредит Монгол ББСБ ХХК нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөгийг 14 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон ба 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийг энэхүү гэрээний хавсралт №1 болгон өөрчилсөн байна.
Нэхэмжлэгч Г ХХК нь Кредит Монгол ХХК-ийн нийт хувьцааны 99.97 хувийг эзэмшдэг бөгөөд их хэмжээний хэлцэл хийхдээ хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг аваагүй, компанийн тухай хуулийг зөрчиж хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365-А тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч Кредит Монгол ББСБ ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365-А тоот гэрээг байгуулахдаа зохих зөвшөөрөл аваагүй тул хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргаагүй.
Хариуцагч Г банк нь Кредит Монгол ББСБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл зөвшөөрөл олгосон, түүнчлэн Кредит Монгол ББСБ ХХК-ийн зээл авахад буюу 2015 онд нийт хөрөнгийн дүн 16.317.353.280 /арван зургаан тэрбум гурван зуун арван долоон сая гурван зуун тавин гурван мянга хоёр зуун наян/ төгрөг гэж татварын байгууллагад тайлагнасан байдлаас үзвэл 2.000.000.000 төгрөгийн хэлцэл их хэмжээний хэлцэлд тооцогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл /төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх/-ийн 76.1.16-т “энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох”, 88 дугаар зүйлийн 88.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Хариуцагч Кредит Монгол ББСБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15/03 тоот тогтоолын 1 дэх заалтаар “Г банкнаас “Кредит Монгол ББСБ” ХХК-д 14 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй, 2.000.000.000 төгрөгийн зээл авахыг зөвшөөрсүгэй” гэж нийт гишүүдийн санал нэгтэй зөвшөөрөл олгосон болох нь баримтаар тогтоогдов.
Кредит Монгол ББСБ ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.10-д заасан бүрэн эрхийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлөөс зээлийн гэрээ байгуулах тухай санал нэгтэй олгосон зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигч нарын шийдвэргүйгээр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл” гэж заажээ.
“Кредит Монгол” ББСБ ХХК-ийн нийт хөрөнгийн дүн 16.317.353.280 төгрөг болох нь 2015 оны нэгдүгээр улирлын санхүүгийн (нэгтгэсэн) тайлангаар тогтоогдож байна.
“Кредит Монгол” ББСБ ХХК-ийн 4.079.338.320 төгрөгөөс дээш хэлцэл их хэмжээний хэлцэлд тооцогдох бөгөөд 2.000.000.000 төгрөгийн зээл их хэмжээний хэлцэлд тооцогдохгүй.
2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365-А тоот зээлийн гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан ба уг хэлцэл нь хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Г банк болон Кредит Монгол ББСБ ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365 тоот зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ 8115100365-А тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.158.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР