Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00015

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл АЗЗА" ТӨХК-ний нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Ж, Г.М нарт  холбогдох "Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 170009231 тоот актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ч.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Хөвсгөл АЗЗА" ТӨХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс манай байгууллагын 2011.01.01-2013.12.31-ны хоорондох санхүүгийн убаримтад шалгалт хийж нийт 24.581.317.2 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль, тавьсан нь үндэслэлгүй бөгөөд уг актыг хүчингүй болгох нь хууль тогтоомжинд нийцэхээс гадна манай байгууллагын эрх, ашгийг хангах үндэс болно. Татварын байгууллагын шалгалт нь хэтэрхий нэг талыг баримталснаас гадна Цагдаагийн газар болон манай байгууллагын зүгээс өмнө ажиллаж байсан дарга, ня-бо нарын ажлын бодит байдлыг баталгаажуулж, хүмүүсийн гомдлыг барагдуулах зорилгоор шалгалт хийсэн гэж үздэг. Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 170009231 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гаргасан хүсэлтдээ:  Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 170009231 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Хөвсгөл АЗЗА ТӨХК-ний нэхэмжлэлтэй аймгийн Татварын хэлтсийн холбогдох “аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 170009231 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан дээрхи шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан  тул  шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрхлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Хөвсгөл АЗЗА ТӨХК-ний нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч Ч.Ж, Г.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.                     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.1-д заасныг баримтлан “Хөвсгөл АЗЗА" ТӨХК-ний нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Ж, Г.М нарт холбогдох "Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 170009231 тоот актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Б.ЭНХТАЙВАН