| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/00105/И |
| Дугаар | 181/ШШ2017/00288 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2017/00288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Орхон, Баян өндөр сум, Уурхайчин баг нутаг дэвсгэрт байрлах “О” ХХК /РД: 4392418/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, нарны зам, Жэй Эс-ийн байр, 7-8 давхарт байрлах, М.ДХХК /2791617/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.700.185 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Нямцэрэн, хариуцагчийн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол дайвин” ХХК нь Эрдэнэт хотод баригдаж байгаа Эко хорооллын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан гэдгээ танилцуулж, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бетон зуурмаг худалдан авахаар манай компанитай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О/ДБТ-1 тоот гэрээ байгуулсан. Анх гэрээ байгуулахад авахаар тохирсон бетоны хэмжээ 53.700.000 төгрөг байсан бөгөөд явцын дунд захиалагч “Монгол дайвин” ХХК-ийн нэмэлт захиалгаар энэ гэрээний нөхцлөөр талууд тохиролцон нийлүүлэлтийг нэмж нийтдээ 105.959.800 төгрөгийн бетон нийлүүлсэн. “Монгол дайвин" ХХК худалдан авсан нийт бетоны үнээс 83.978.800 төгрөгийн төлбөр хийсэн бөгөөд 22.405.000 төгрөгийг төлөөгүй байгааг талууд тооцоо нийлж баталгаажуулсан. Үүнээс хойш “Монгол дайвин” ХХК өр төлбөрт тооцуулан манайд 424.000 төгрөгийн ус халаагч нэгийг өгч өрийн үлдэгдэл 21.981.000 төгрөг болсон. Иймд үлдэгдэл төлөгдөөгүй төлбөр 21.981.000 төгрөг дээр гэрээний тусгай нөхцлийн 6 дугаар зүйлд зааснаар тооцсон алданги 3.719.185, 20 төгрөгийг нэмж, бүгд 25.700.185, 20 төгрөгийг нэхэмжилж байна. “Монгол дайвин” ХХК-иас 25.700.185, 20 төгрөгийг гаргуулан манай “О” ХХК-д олгоно уу” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч “Монгол дайвин” ХХК нь 2014 оноос эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд 200 айлын амины орон сууцны хороололын “Эрдэнэт Эко хороолол төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ төслийн хүрээнд хийгдэх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар “Монгол дайвин” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийг шүүн үзэхэд “О” ХХК-иас Монгол дайвин ХХК нь нийт 118.484.800 төгрөгийн ийн бетон зуурмагыг худалдан авснаас 96.503.800? төгрөгийн авлагыг төлж, 21.981.000 төгрөгийн өглөгтэй байна. Монгол улсын хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас “Монгол дайвин” ХХК-ийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын санхүүжилт олгогдохгүй байгаатай холбоотойгоор бид нэхэмжпэгч талд 21.981.000 төгрөгийн үүргийг биелүүлж чадаагүй байгаа бөгөөд уг өр төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс өмнө үе шаттайгаар төлж барагдуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж “О” ХХК-ийн гаргасан 25.700.185, 20 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 21.981.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэгдэл 3.719.185, 20 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч М.ДХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.700.185 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх” 14/18, 2/207 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу БМ-300, БМ-250 маркийн бетон зуурмагийг 1 м3-ийг 179.000 төгрөгөөр тооцож, нийт 300 м3-ийг худалдан авахаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан цагаас хойш нийт 105.959.800 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд хариуцагч 83.978.800 төгрөгийг төлсөн, одоо гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 21.981.000 төгрөг, алданги 3.719.185 төгрөг, нийт 25.700.185 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрийн дүн 21.981.000 төгрөгийг төлнө гэж маргаагүй, харин алданги төлөх боломжгүй гэж маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх” 14/18, 2/207 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 21.981.000 төгрөгийг төлнө гэж маргаагүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хэмжээгээр алданги төлнө”, 6 /тусгай нөхцөл/-д “төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.03 хувиар алданги төлнө” гэж заасан бөгөөд хариуцагч нь алдангийн дүн болох 3.719.185 төгрөгийн тооцоололд мараагүй.
Талууд гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувиар алданги төлөх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний алданги хоногийн 6.594,3 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хугацааны хүртэл хугацааны алданги 681 хоногийн алданги нийт 4.490.718 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 3.719.185 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иймд хариуцагч М.ДХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.700.185 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.ДХХК-иас 25.700.185 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монгол Дайван” ХХК-иас 286.451 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР