Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/00315

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  “Э.Ү” ХХК 

 

Хариуцагч: , “С.А” ХХК 

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 52.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Б.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Севиллиа аудит ХХК нь Э.Ү ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 08 -ны өдөр 5/012-13 тоот Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5/004-13 тоот Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээг тус тус байгуулсан.

Э.Ү ХХК 5/012-13 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 49.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны Орхон салбар дахь 407016667 дугаартай данснаас Севиллиа аудит ХХК-ийн Улаанбаатар хотын Худалдаа хөгжлийн банк дахь 404201671 дугаартай дансанд 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Э.Ү ХХК 5/004-13 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 64.000.000 төгрөгийг ХХБ-ны Орхон салбар дахь 407016667 дугаартай данснаас Севиллиа аудит ХХК-ийн Улаанбаатар хотын ХХБ дахь 404201671 дугаартай дансанд 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн.

Севиллиа аудит ХХК нь 5/012-13 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ хийх гэрээт ажлыг, 5/004-13 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээ хийх гэрээт ажлыг тус тус гэрээ байгуулснаас хойш календарийн 45, 60 хоногийн дотор хийж өгөх ёстой атал заасан хугацаанд нийлүүлэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс манай компанид нийтдээ дээрх хоёр гэрээний дагуу 113.000.000 төгрөгийн авлага үүссэн. Э.Ү ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, авлага барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Севиллиа аудит ХХК нь 5/012-13 тоот гэрээний дагуу Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ хийх, 5/004-13 тоот гэрээний дагуу Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээ хийх гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйгээс манай компанид учруулсан хохирол болох 113.000.000 төгрөгийг Севиллиа аудит ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Севиллиа аудит ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахи тайлбарыг гаргаж байна.

Уг сөрөг нэхэмжлэлд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/012-13 тоот Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр 28.000.000, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/004-13 тоот удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг Э.Ү ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон байна.

Э.Ү ХХК нь Севиллиа аудит ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний 5/004-13 тоот гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний 5/012-13 тоот гэрээг тус тус байгуулж, захиалагч ажил гүйцэтгэх 5/004-13, 5/012-13 тоот гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөрт нийт 113.000.000 төгрөгийг Севиллиа аудит ХХК-д шилжүүлсэн.

Севиллиа аудит ХХК нь хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээт ажлыг гэрээний нэгдүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу календарийн 45 хоногт, Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээг ажлыг календарийн 60 хоногт багтаан дуусгах ёстой атал гэрээнд заасан хугацаанд дээрх ажлуудыг гүйцэтгээгүй, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар удаа дараа шаардсан боловч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс манай компанид нийтдээ дээрх хоёр гэрээний дагуу 113.000.000  төгрөгийн хохирол учраад байна.

Севиллиа аудит ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэх Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлан, Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайланг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бөгөөд харин Э.Ү ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын тайлангуудыг хүргүүлсэн гэх боловч гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн талаар баримт байдаггүй ба өнөөдрийг хүртэл дээрх 2 тайланг албан ёсоор хүлээн аваагүй, тайлан хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байна.

Севиллиа аудит ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн нь 5/004-13, 5/012-13 дугаартай гэрээнүүдээр гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн асуудлыг Авилгатай тэмцэх Газарт шалгагдаж, цагдан хоригдож байсан тул гэрээнд заасан хугацаанд тайланг хийж гүйцэтгээгүй гэсэн тайлбар өгдөг. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш 6 cap өнгөрсний дараа буюу 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Т/170 тоот албан бичгээр гэрээний хугацаа сунгах талаар санал ирүүлсэн нь манай компанийн хувьд саналыг хүлээн авах боломжгүй санал гэж үзсэн ба уг гэрээт ажлаар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ, удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил зөвхөн тухайн цаг үе буюу 2013 онд манай компанид нэн хэрэгцээтэй зүйл байсан.

Э.Ү ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэж шаардсан ба Севиллиа аудит ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор тайлангаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг Э.Ү ХХК-ийн Өр барагдуулах албаны даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 79/15-141 тоот албан бичгийг факсаар явуулсан. Севиллиа аудит ХХК уг албан бичгийг хүлээж авснаа хариу мэдэгдсэн боловч тайлангаа ирүүлээгүй. Харин 2015 оны 5 дугаар сард Севиллиа аудит ХХК-аас хэлбэр төдий тайлан ирүүлснийг Э.Ү ХХК судалж үзэхэд шаардлага хангахгүй нэр төдий байсан тул 2015 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 108-01 тоот, 2015 оны 06 дугаар сарын 24-ний 79/15-141 тоот албан бичгээр тус тус албан ёсоор хариу мэдэгдсэн.,

            Севиллиа аудит ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн цагдан хоригдсон асуудал нь гэрээний дагуу ажил гүйцэтгэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь Э.Ү ХХК-ийн хувьд иргэн Ч.Даваасүрэнтэй бус хуулийн этгээд Севиллиа аудит ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд уг компани нь гэрээний аргаар итгэл төрүүлж, урьдчилгаа мөнгө аваад ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй нь манай компанийн хувьд итгэл алдсан найдваргүй түнш гэдгийг нотолсон юм.

Иймд Севиллиа аудит ХХК-иас нэхэмжилж байгаа 52.000.000 төгрөгийг Э.Ү ХХК эс зөвшөөрч байгаа тул уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Ерөнхий захирал Ч.Даваасүрэн нь 4 сар цагдан хоригдсоны дараа 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Хэдий нөхцөл байдал хүнд байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, эдгээр гэрээт ажлыг хийж дуусгах хүсэлтэй байсан. Иймээс Севиллиа Аудит ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т/170 тоот албан бичгээр “Э.Ү” ХХК-д хандаж, дээрх гэрээнүүдийн хугацааг сунгах хүсэлтээ илэрхийлсэн.

Харилцан тохиролцооны хувьд дээр дурдсан гэрээнүүдийн хугацааг сунгах талаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Т/170 тоот албан бичгийг явуулах үед Э.Ү ХХК-ийн удирдлагууд өөрчлөгдсөн байсан. Севиллиа Аудит ХХК нь Э.Ү ХХК-д явуулсан энэхүү албан тоотыг шинээр томилогдсон ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандаж хаягласан. Гэвч 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэ үйлдвэр ХХК-иас БУ-05-12/629 тоот албан бичиг ирсэн бөгөөд Еренхий захирльг эдийн засаг эрхэлсэн орлогч Б. Алтанхуяг гарын үсэг зурсан байсан.

Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн энэхүү албан бичигт «Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээ, Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнүүдийн гүйцэтгэлийг дахин мөнгө төлөхгүйгээр танай авсан урьдчилгаанд тооцохоор тайлангуудыг хүлээлцэх» гэж дурдсан байсан.

Хэдийгээр энэ санал нь Севиллиа Аудит ХХК-д 52.000.000 төгрөгийн алдагдалтай байсан боловч бид өмнөх хамтын ажиллагаа, бизнесийн ёс зүйг харгалзан саналыг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэхгүйгээр ажлыг хийж, тайланг хүргүүлсэн.

Гэрээний үүргийн биелэлт ба тайлан хүргэлтийн тухайд Севиллиа Аудит ХХК нь “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ”-ний гэрээнд заасны дагуу «Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлан»-г бэлтгэж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий захирал Ч.Даваасүрэн өөрийн биеэр очиж, хүлээлгэн өгсөн.

Энэхүү гэрээнд Э.Ү ХХК-ийн зүгээс Ерөнхий нягтлан бодогч Платонов.М.В, түүнийг орлож Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Хандсүрэн гарын үсэг зурсан байсан. Гэвч Хандсүрэн нягтлан бодогч тэтгэвэртээ гарч, түүний оронд ерөнхий нягтлан бодогчийн орлогчоор Пүрэвсүрэн гэдэг хүн ажиллаж байсан. Иймээс Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Пүрэвсүрэнтэй уулзаж, тайлангаа танилцуулсан. Ингэж танилцуулах үедээ би уг аргачлалыг Э.Ү ХХК-ийн өмнөх жилүүдийн тоо болон жишээн дээр үндэслэж хийсэн байгаа, та бүхэн чухам аль хөрөнгө оруулалтын хувьд энэ аргачлалаар тооцоо хийлгэх хүсэлтэй байна, тэр мэдээ баримтаа өгөөрэй гэсэн. Харин Пүрэвсүрэн нягтлан бодогч компанийн нууцлалтай холбоотой тул ямар баримт өгч болох эсэхийг би мэдэхгүй, удирдлагуудаасаа асууя гэж хэлсэн.

Нэг цаг орчим ярилцаж, тайлангаа танилцуулсны дараа Эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг захиралтай уулзаж танилцуулъя гэж намайг дагуулан захирлын өрөөнд очсон.  Алтанхуяг захирлын үүдний өрөөнд намайг хүлээлгээд Пүрэвсүрэн нягтлан бодогч өөрөө дотогш орсон, хэсэг хугацааны дараа гарч ирээд «захирал завгүй байна, бид дотроо ярилцаж байгаад хариу хэлье. Буцаж бай.» гэсэн. Ингээд би 2 хувь тайлангаа ерөнхий нягтлан бодогчийн орлогч Пүрэвсүрэнд өгөөд Улаанбаатар хот руу буцсан.

Севиллиа Аудит ХХК нь “Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх” үйлчилгээний гэрээнд заасны дагуу «Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайлан»-г бэлтгэж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандсан “Тайлан хүргүүлэх тухай” Т/176 тоот албан бичгийн хамтаар “Э.Ү” ХХК-д баталгаат шуудангаар илгээсэн.

Энэхүү тайланг бэлтгэн дуусаж байх үедээ Ч.Даваасүрэн Э.Ү ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн орлогч Пүрэвсүрэнтэй утсаар ярьж, тайлангаа дууссан уулзая, захирлуудаасаа цаг авч өгөөч, өмнөх тайлангаа авч хэлэлцье, танай зүгээс санал байна уу, хэрэв тайлангийн талаар санал байхгүй бол “Тайлан хүлээлцсэн акт” үйлдье гэхэд захирлууд завгүй уулзах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Сүүлдээ утсаа авахгүй болохоор нь Ч.Даваасүрэн тайлангаа баталгаат шуудангаар илгээсэн болно.

Үл хамтран ажилласан талаар Севилла Аудит ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр «Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх эний тайлан»-г, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр «Удирддагын бүртгэлийн нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайлан»-г хүргүүлснээс хойш Э.Ү ХХК-ийн зүгээс ямар нэг хариу ирүүлээгүй, санал тавиагүй, түүнчлэн гомдол ч гаргаагүй.

Свиллиа аудит ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Т/16 тоот хариу албан бичгээс хойш дахин  1 жил 4 сар гаруй хугацаа өнгөртөл буюу 2016 оны 11  дүгээр сар Э.Ү ХХК-иас ямар нэг хариу, баримт материал ирүүлээгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Севиллиа Аудит ХХК нь “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээ”-ний гэрээнд заасны дагуу “Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлан”-г бэлтгэж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий захирал Ч.Даваасүрэн өөрийн биеэр очиж, хүлээлгэн өгсөн. “Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх” үйлчилгээний гэрээнд заасны дагуу “Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайлан”-г бэлтгэж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандсан “Тайлан хүргүүлэх тухай” Т/176 тоот албан бичгийн хамтаар “Э.Ү” ХХК-д баталгаат шуудангаар илгээсэн.

Севиллиа Аудит ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлан”-г, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайлан”-г тус тус хүргүүлснээс хойш Э.Ү ХХК-ийн зүгээс ямар нэг хариу ирүүлээгүй, санал хүсэлт тавиагүй, түүнчлэн гомдол ч гаргаагүй.

2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэ үйлдвэр ХХК-иас БУ-05-12/629 тоот албан бичиг ирсэн бөгөөд Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг гарын үсэг зурсан байсан.

Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн энэхүү албан бичигт ”Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээ, Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнүүдийн гүйцэтгэлийг дахин мөнгө төлөхгүйгээр танай авсан урьдчилгаанд тооцохоор тайлангуудыг хүлээлцэх” гэж дурдсан байсны дагуу бид хамтын ажиллагаагаа хүндэтгэн 52.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүйгээр гэрээгээ дуусгавар болгох юм байна гэж ойлгоод явж байтал энэ албан бичгээс хойш 3 жил 2 сарын дараа урьдчилгаа төлбөр 113.000.000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул манай компани дээрх 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ дуусгавар болгосон шийдвэрээ Э.Ү ХХК хүчингүй болгож байгаа юм байна гэж ойлгон гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/012-13 тоот Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр 28.000.000, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/004-13 тоот удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг Э.Ү ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Э.Ү ХХК нь хариуцагч Севиллиа аудит ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Севиллиа аудит ХХК нь нэхэмжлэгч Э.Ү ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 52.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Ү ХХК нь Севиллиа аудит ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5/004-13 дугаартай Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээний дагуу 64.000.000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5/012-13 дугаартай Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр 49.000.000 төгрөг шилжүүлж,  гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 113.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Севиллиа аудит ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2012-01 дугаартай “Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээ”, 2012 оны 10 дугаар сард “Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан байна.

 

Зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2012-01 дугаартай “Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээ”-г 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5/012-13 дугаартайгаар байгуулсан, 2012 оны 10 дугаар сард “Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5/004-13 дугаартай байгуулсан” гэж тайлбарласан бөгөөд уг хугацаа болон гэрээний дугаарт талууд маргаагүй тул тайлбарт дурдсан хугацаанд байгуулсан гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажлыг 80.000.000 төгрөг, Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах ажлыг 70.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон ба Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажлын урьдчилгаа төлбөр 49.000.000 төгрөг, Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах ажлын урьдчилгаа төлбөрт 64.000.000 төгрөг, 113.000.000 төгрөг хариуцагчид дансаар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 11-12 дахь тал/

 

Нэхэмжлэгч Э.Ү ХХК нь Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал, болон Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил нь Э.Ү ХХК-ийн  урьд жилүүдийн тайлан тооцоо дээр тулгуурлан  судалгаа дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаагүй, Э.Үийн тоо баримтад суурилан аргачлалыг боловсруулаагүй тул шаардлага хангаагүй, дээрхи ажил нь одоо ач холбогдол байхгүй, албан ёсоор хүлээлгэн өгч акт үйлдээгүй тул ажлын үр дүнг хүлээж аваагүй тул гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Э.Ү ХХК-иас хариуцагч Севиллиа аудит ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 79/15-141 дүгээр албан бичиг /хх-ийн 15 дахь тал/, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 130/107 дугаар албан бичиг /хх-ийн 16 дахь тал/, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 108-01 дугаар албан бичгүүдээр баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг 2013 онд хүлээн авсан атлаа талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-д заасан хугацааны дотор доголдлын талаар гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5/012-13 тоот гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5/004-13 дугаартай гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй /хүлээлгэн өгөөгүй/ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул цаашид доголдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Түүнчлэн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайланг Севиллиа аудит ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн өөрийн биеэр хүргэж өгсөн үйл баримт дээр талууд маргаагүй, харин уг тайланг хэлэлцэж, алдааг засуулах зорилгоор буцаан өгч явуулсан гэж тайлбарлах боловч баримтаар нотлоогүй тул тайланг хүлээлгэн өгсөн гэж үзэв.

 

Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажлын тайланг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Ү ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 108-01 дугаар албан бичигт “Севиллиа аудит ХХК-ийн 2013 онд Э.Ү ХХК-д хийсэн Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах ажлын тайлан, удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тайлангуудтай танилцаад дараах саналыг  хүргүүлж байна.” гэж дурдсан албан бичгээс үзэхэд хариуцагч нь 2013 онд ажлын тайланг гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохыг нотолж байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-д зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

 

Хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байхад гэрээнд заасан ажлын хөлсийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Севиллиа аудит ХХК нь нэхэмжлэгч Э.Ү ХХК-д холбогдуулан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ дуусгавар болгосон шийдвэрээ хүчингүй болгож байх тул үлдэгдэл төлбөр 52.000.000 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Севиллиа аудит ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн тул  2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5/004-13 дугаартай Э.Ү ХХК-д удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5/012-13 дугаартай Э.Ү ХХК-ийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээний үлдэгдэл төлбөр 28.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд  бүхэлд нь эс зөвшөөрч маргасан болно.

 

Хариуцагч Севиллиа аудит ХХК-иас нэхэмжлэгч Э.Ү ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний хугацааг сунгах саналыг тавьсан бөгөөд нэхэмжлэгч Э.Ү ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр БУ-05-12/129 дугаар албан бичгийн 2 дахь заалтад “Удирдлагын бүртгэлийн систем нэвтрүүлэх судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээний гэрээ, Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ хийх аргачлал боловсруулах үйлчилгээний гэрээнүүдийн гүйцэтгэлийг дахин мөнгө төлөхгүйгээр танай авсан урьдчилгаанд тооцохоор тайлангуудыг хүлээлцэх” гэсэн саналыг хариуцагч хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Э.Ү ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн БУ-05-12/129 дугаар албан бичгийг нэхэмжлэгч талаас шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1549 дүгээр захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг албан бичигт нэхэмжлэгч талын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг бичмэл нотлох баримтад тавих шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно.

 

            Хариуцагч Севиллиа аудит ХХК-ийн төлөөлөгч эрүүгийн хэрэгт холбогдож, цагдан хоригдсон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь гэрээний хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн, урьдчилгаа төлбөрт ажлыг гүйцэтгэх саналыг хариуцагч хүлээн авсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

            Талууд хүсэл зоригоо илэрхийлж, төлбөрийн дүнг тодорхойлсон ба хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, хугацаанд нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Севиллиа аудит ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Ү ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Э.Ү ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 52.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Севиллиа аудит ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                С.ЭНХБАЯР