Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 711

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           28                                      2020/ШЦТ/711

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Б.Батнасан /томилолтоор/,

хохирогч М.Б ,

шүүгдэгч Д.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005020141133 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, ам бүл 5, эх, эмээ, хойд аав, эхнэрийн хамт  0000  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.А /РД:00000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.А  нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ..... тоот хаалганы гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Б ын зүй бус үйлдэл гаргасны хариуд “хөгшин настай хүн, жирэмсэн хүн байхад согтуу ирж үймүүллээ” гэх шалтгаанаар М.Б тай маргаан үүсгэн харилцан заамдалцах явцдаа түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, толгой тус газар нь шанагаар цохих зэргээр эрүүл мэндэд нь “духанд шарх, хуйх, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А  мэдүүлэхдээ: “Хэрэг гарсан өдрийн өглөө би эхнэртэйгээ эмнэлгээр явсан. Гэрт ээжийн эгч Ц  ирсэн байсан. Хохирогч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд утсаар ярьмаар байна гээд орилоод байсан. Өвөө наашаа гарч ирээд энэ хүнтэй уулзаад маргалдаж байсан. Би тухайн үед цаад өрөөнд байсан. Хаалгаар өвөөг цохиод орж ирсэн. Би цохиж байхыг нь хараагүй, цохих чимээ гарсан. Өвөөг гэрээс татаж гаргаад намайг барахгүй шүү дээ гэж хэлж байсан. Өмнө ийм зүйл гарч байсан болохоор тухайн үед уур хүрээд цохисон. Тухайн үед юу болж байгааг би мэдээгүй. Гэр бүлээ хамгаалж цохисон. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн байсан” гэв.

 

Хохирогч М.Б  мэдүүлэхдээ “2020 оны 5 сарын 27-ны өдөр гэртээ байж байтал О  ирээд миний гар утсыг аваад явсан байсан. Утсаа авах зорилгоор хүний утсаар залгатал утсаа авахгүй байсан. Гэртээ байж магадгүй гэж бодоод гэр рүү нь ороход өвөө хаалгаа онгойлгосон. Ц  гуайг цохиогүй цаашаа түлхсэн. Д.А намайг нэг цохиогүй, нэг удаа цохиход надад учирсан гэмтэл учрахгүй. Д.А намайг хоолой боогоод олон удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарсан. Д.А хараад зогсож байсан. Шүүгдэгч энэ мэтээр худал ярьж болохгүй. Би 10 сая төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан материал байхгүй. Би мөрдөн байцаалтанд Д.А той уулзаж хохирол төлбөр боломжоороо өгчих гэхэд “би мөнгө өгөхгүй, чи цагдаа, шүүхээрээ яв” гэж өөдөөс хэлсэн. Би 10 сая төгрөг нэхэхгүй. Би гэрийнх нь коридорт цохиулж унасан учир цаана ямар хүн байсныг мэдэхгүй, коридор харанхуй байсан” гэв.

 

Шүүгдэгч Д.А  нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 77 тоот хаалганы гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Б ын зүй бус үйлдэл гаргасны хариуд “хөгшин настай хүн, жирэмсэн хүн байхад согтуу ирж үймүүллээ” гэх шалтгаанаар М.Б тай маргаан үүсгэн харилцан заамдалцах явцдаа түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, толгой тус газар нь шанагаар цохих зэргээр эрүүл мэндэд нь “духанд шарх, хуйх, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйл түр хурааж авсан “...30 орчим сантиметр урт бариултай, 2 литр орчим багтаамжтай ган төмөр ёроолдоо хүндрүүлэгчтэй шанагыг хурааж авав...” гэсэн тэмдэглэл /хэргийн 8 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О  бид хоёр хамт байр түрээслэн хамт амьдардаг байсан. О ын хүү Д.А той анх танилцаж байхад надад дургүй байдаг байсан. Сүүлдээ гайгүй болсон. ...О  бид хоёр 2019 оны 8 дугаар сараас эхлэн Москва хороололд байрлах нийтийн байрыг түрээслэн хамт амьдарч байсан. О  гэр лүүгээ ирж очин байдаг байсан. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 11 цагийн орчим шиг санаж байна. Би гэртээ 0,33 литрийн архи уугаад сууж байтал О  над руу яриад “юу хийж байна, би одоо ингэсгээд очлоо” гэхээр нь би “ганцаараа архи ууж байна” гэж яриад утсаа тасалсан. Гэртээ байж байтал О  гэрт орж ирээд надтай хэрүүл хийх гээд байхаар нь би “чи яв аа” гээд О тай маргалдсан зүйл байхгүй унтчихсан. Унтаж байгаад сэрээд гар утсаа хайтал миний гар утас байхгүй болохоор нь би О ыг миний гар утсыг авчихсан байна гэж бодоод хөрш айлынхаа хүний утсаар О  луу болон өөрийнхөө гар утас руу залгахад О  утсаа авахгүй байсан. Би шууд гэрээсээ гараад О ын өөрийнх нь гэрт нь очсон. Тэдний орц нь гэрэлгүй харанхуй байсан. Би гэрт нь ороход О ын хүү Д.А  найз охиныхоо хамт байсан. Тэгээд би гэрт нь ороод “ээж нь ахынх нь гар утсыг аваад явчихаж, ах нь гэрийнх нь утсаар ээжтэй нь ярья” гэхэд Д.А  шууд миний нүүр рүү цохиод пудволкноос маань зуураад доошоо татаад миний дээрээс цохиод байхаар нь би гарыг нь тавиулах гэтэл миний дух руу юмаар цохисон. Миний толгой эргээд доошоо унахад дахин миний дээрээс цохиод байсан. Найз охин нь ирээд салгах гэхэд Д.А  найз охиныхоо үгэнд орохгүй, миний дээрээс дэвсээд байсан. Миний ам, хамар, духнаас цус гараад байхаар нь би Д.А ыг ахын дүү чи түргэн дуудаадахаа, хүн аллаа гэхэд Д.А өөрийнхөө пудволкыг тайлаад миний духны цус гарч байгаа хэсэг дээр дарсан. ...Гэмтлийн эмнэлэг рүү очоод дагз болон дух хэсэг дээрээ оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч З.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим шиг санаж байна. Д.А бид хоёр эмнэлгээр явж байгаад гэртээ ирэхэд Д.А ын ээж нь Гэрэлмаа гуай ирчихсэн, Ц  гуай бас байсан. Бид нар бүгдээрээ хоол хийж идчихээд байж байхад хаалга тогшсон. Ц  гуай хаалга онгойлгох гээд явсан. Нэг хүнтэй яриад нөгөө хүн утсаар яриулчих, хамаг юм аваад явчихсан байна. О тай ярьмаар байна гээд байсан. Ц  гуай нөгөө хүнийг чамайг танихгүй юм байна, гэртээ оруулахгүй гээд нөгөө хүнтэй маргалдаад байсан. Тэгтэл Ц  гуай хүнд цохиулж байгаа юм шиг дуу гаргахаар нь Д.А үүд рүү очоод Ц  гуайг хойш нь болгоод би өрөөнд нь оруулсан. Ц  гуай нөгөө хүнд цохиулсан бололтой нүүрээ бариад “пизда чинь намайг цохьчихлоо, ямар том гар вэ” гээд үглээд байсан. Би Ц  гуайг өрөө рүү нь оруулж буцаад үүдний хэсэгт иртэл Д.А манайхаар орж гараад байдаг хадам ээжийн найз болох М.Б тай зууралдчихсан “чи хөгшин настай, жирэмсэн хүн байхад согтуу орж ирлээ” гэж байсан. Нөгөө М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой Д.А той хэрэлдээд байсан. Би сайн харж чадаагүй ээ. Эмээ дээр очоод буцаад үүдний хэсэг дээр иртэл М.Б ын толгойноос цус гарчихсан байхаар нь би хадам ээж О  руу залгаад дуудсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 11 цагийн орчим М.Б  намайг гэртээ хүрээд ирээч гээд байхаар нь би яваад очиход М.Б  зурагтынхаа төхөөрөмжийг барьцаанд тавиад архи уучихсан байсан. Тэгэхээр нь унтаж байхаар нь гар утсаа бас тавиад уучих юм болов уу гэж бодоод гар утсыг нь аваад ажил руугаа явчихсан юм. Тэгээд би ажил дээрээ байж байхад манай бэр Долгоржав над руу залгаад “ээж хурдан ирээч, энд бөөн юм болж байна” гэхээр нь би ажил дээрээсээ гараад гэртээ ирэхэд М.Б  нилээн архи уучихсан толгойн дух хэсэг нь хагарчихсан, М.Б  танай хүүхэд чинь намайг цохьчихлоо гэсэн. Би М.Б ыг дагуулаад эмнэлэг дээр очоод дух хэсэгт оёдол тавиулсан. М.Б  нилээн согтсон байдалтай танай хүүхдийг шоронд суулгана эсвэл 10 сая төгрөг өг гээд байсан. Би болсон асуудлын талаар хүүхдээсээ асуухад Ц ийг цохихоор нь би өмөөрөөд дух руу нь шанагаар цохьчихсон юм аа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6320 дугаартай шинжээчийн

“1. М.Б ын биед духанд шарх, хуйх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйл хүлээн авсан тухай “...Саарал мөнгөлөг өнгийн 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай 1 ширхэг шанагыг хүлээн авав...” гэсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн өглөө эхнэр Долгоржавын хамт бид хоёр гадуур явж байгаад 13 цагийн орчим гэртээ орж Ц , эмээ Гэрэлмаа гэрт хоол хийж өгөөд байж байхад хаалга тогшсон. Ц  өвөө хаалга онгойлгож өгнө гэж яваад би зочны өрөөндөө сууж байхад үүдэнд Ц  өвөө хаалга онгойлгож өгсөн хүнтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би үүдний хэсэг рүү очтол ээжийн эрэгтэй найз М.Б  орж ирээд өвөөтэй маргалдаад өвөөгийн нүүрэнд нь цохьчихсон гээд Ц  өвөө нүүрээ барьчихсан байхаар нь би очиход М.Б  нилээн согтсон байдалтай “би ээж рүү чинь залгамаар байна” гээд нилээн ууртай байдалтай байж байсан. Би Ц  өвөөг татаж оруулаад М.Б т “манай гэрт хөгшин настай хүмүүс байна. Манай эхнэр жирэмсэн байхад согтуу орж ирлээ” гээд хэлсэн чинь би зүгээр утсаар ярьчихаад гаръя, чи намайг барахгүй шүү дээ пизда минь гээд орилоод намайг түлхээд байхаар нь би гал тогооны өрөө рүү ороод шанага авч ирээд М.Б ын дух хэсэг рүү нь нэг удаа цохьсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 39-40 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 15-16 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.А  нь хохирогч М.Б ын хууль бус, зүй бус үйлдэл гаргасны хариуд “хөгшин настай хүн, жирэмсэн хүн байхад согтуу ирж үймүүллээ” гэх шалтгаанаар хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр түүний толгойн дух хэсэг рүү шанагаар цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А  нь хохирогч М.Б ын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А ын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

         Тиймээс шүүгдэгч Д.А ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 1.500.000 төгрөг нэхэмжилж буйгаа илэрхийлсэн.

 

Хэдийгээр хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөрт мөнгө нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт баримт авагдаагүй байх тул хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000мэ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Д.А  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь хохирогч М.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц ийн биед халдаж зөрчил гаргасан үйлдэлдээ шийтгэл хүлээсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан холбогдох баримтуудаар тогтоогдсон болно. /хэргийн 50-52 дугаар хуудас/

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг шанага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг шанага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.А  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО