Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2017/00045

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, Шарбулаг гэх газар оршин суух, ЙС62010505 дугаарын регистртэй, Адуучин овгийн Эмээлийн Үүрийнтуяа

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.Үүрийнтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Э.Үүрийнтуяа миний хөдөлмөрийн дэвтэр дээр овог нэрийг нь баллаж надад дэвтэр нээж зөрчил гаргасан тул энэ дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Э.Үүрийнтуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Миний хөдөлмөрийн дэвтрийг боловсон хүчин Л.Долгормаа нь баллаж сохлоод миний нэрийг бичиж зөрчил гаргасан учир энэ дэвтрийг миний дэвтэр мөн болохыг тогтоон сэргээж өгнө үү. Урьд өмнө нь дэвтрээ би анзаардаггүй байсан. Энэ дэвтрийн эзэмшигч би өөрөө мөн байгаа юм...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.Үүрийнтуяа нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Э.Үүрийнтуяад 1985 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Эмээлийн Үүрийнтуяа гэсэн нэртэйгээр хөдөлмөрийн дэвтэр олгогдсон байна.

Хүсэлт гаргагч нь “...Миний хөдөлмөрийн дэвтрийг боловсон хүчин Л.Долгормаа нь баллаж сохлоод миний нэрийг бичиж зөрчил гаргасан ...” гэж тайлбарласан нь мөн дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Эмээлийн Үүрийнтуяа болох нь түүний цахим үнэмлэхний хуулбар, 1985 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Даваа, Ё.Зориг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд 1985 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр Эмээлийн Үүрийнтуяа гэсэн нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч Эмээлийн Үүрийнтуяа мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “эдгээр үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Э.Үүрийнтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар хүсэлт гаргагч Адуучин овогтой Эмээлийн Үүрийнтуяагийн 1985 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эмээлийн Үүрийнтуяа нэртэйгээр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Э.Үүрийнтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ДАГИЙМАА