Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 715

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           30                                      2020/ШЦТ/715

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал /томилолтоор/,

хохирогч Ш.А ,

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003150224 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:....../.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 22 цаг 48 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сөөхий” гутлын худалдааны төвийн урд замд “Тоёота Ланд Круйзер-200” маркийн 0000 АААулсын дугаартай Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин уур амьсгалын сангийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хардуу хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ш.А ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “Би хувийн компаны машин засдаг хүн. Тухайн өдөр хамаатны ахынхаа машиныг засах гэж яваад хохирогчийг мөргөсөн. Хүнд тус болох гэж яваад өөртөө гай болчлоо. Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулна. Хохирогчийг шүргэж гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргахгүй. Тухайн үед хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн. ...Тухайн үед анхаарал саринасан байсан. Хохирогч гэнэт гараад ирсэн.” гэв.

 

Хохирогч Ш.А  мэдүүлэхдээ: “Би тухайн үед 9 цагийн үед 5 шараас ажлаасаа тараад явж байсан. Урьд нь хамт ажилладаг байсан хүүхэд ирээд 0,5 литрийн архи уусан байсан. Уг ослын улмаас давсагны хагалгаанд орсон. Гар их өвддөг. Ойр ойрхон шээдэг болсон. Бороо орохоор хатгаад байдаг. Цаашдаа цалингүй байсан өдрийнхөө мөнгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 22 цаг 48 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сөөхий” гутлын худалдааны төвийн урд замд “Тоёота Ланд Круйзер-200” маркийн 0000 АААулсын дугаартай Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин уур амьсгалын сангийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хардуу хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ш.А ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-12 дугаар хуудас/,

2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Явган зорчигч урдаасаа хойшоо зам хөндлөн явган хүний гарцаар явж байх үед нь Тоёота Ланд Круйкер-200 маркийн 0000 АААулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б  нь замын 3 дугаар эгнээнд 22 цаг 48 минут 34 секундэд мөргөн, ослын газар 22 цаг 48 минут 37 секундэд зогсоод мөргөсөн хүнээ тэврэн автомашиныхаа зүүн хойд суудалд суулгаад ослын газраас 22 цаг 50 минут 26 секундэд хөдлөөд явж байлаа...” гэсэн тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн Парадоксын автобусны буудлын явган хүний гарцаар 2020 оны 5 дугаар сарын 19-ний орой 21 цаг 40 минутын орчимд урдаасаа хойшоо явж байгаад автомашинд мөргүүлсэн. Автомашинд мөргүүлээд л ухаан алдсан ба нэг ухаан орсон чинь гэмтлийн эмнэлэгт байсан. Осол болохын өмнө явган хүний гарцаар зам хөндлөн гарч байснаа санаж байгаа. ...Осол болохын өмнө Төмөр замд зүс таних хүнтэй 0,5 литр Хараа архи уусан байсан. Автомашинд баруун талаараа мөргүүлсэн ба мөргөлдөх үед миний давсаг задарсан. ...нийт 10 сая төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Э.Дөлгөөнтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад ...Апекс их дэлгүүрийн баруун урд талд харалдаа, явган хүний замар ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байтал тас нис хийх чимээ гарсан. Эргээд хартал хар өнгийн Ланд-200 маркийн автомашин, Апекс их дэлгүүрийн урд талын явган хүний гарц өнгөрөөд, гэрэл нь асаалттай зогсож байсан. Удаагүй жолооч залуу автомашинаасаа буугаад автомашины гупер, крылоны хагарсан хэсгийг зам дээрээс түүгээд авч байсан. Жолоочийн нүүр царайг хараагүй. Эрэгтэй хүн байсан. Жолооч залуу мөргөсөн хүнээ өргөөд автомашины зүүн хойд талын хаалгаараа суулгаад аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5995 дугаартай:

“1. Ш.А ийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, тархины доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн чамархай, зүүн хөмсөг, хоёр нүдний гадна доод хэсэг, хамар, баруун гарын хураа, өвдөгт зулгаралт, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэн боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 69-70 дугаар хуудас/,

 

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн:

“1. Тоёота Ланд Круйзер-200 маркийн 0000 АААулсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Б нь жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ш.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэсэн магадлагаа /хэргийн 91-92 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 19-ний орой ...Гандангаас өгсөөд хорооллын Ялалт кино театрын урдуур гараад Гэсэр сүмийн уулзвараар Гандангаар өгсөөд хорооллын зам руу орсон. Хорооллын Сөөхий гутлын дэлгүүрийн урд талын замаар зүүнээсээ баруун тийшээ замын 3 дугаар эгнээгээр явж байгаад автомашиныхаа хөгжмийг суллаад урагшаа зам харсан чинь хүн гэнэт ороод ирсэн. Би хүнийг харангуутаа тоормоз гишгэсэн боловч мөргөсөн. Хүн мөргөчихөөд ослын газар зогсоод мөргөсөн хүнээ автомашиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 103 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч, хохирогч Ш.А ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд оршдог. Шүүгдэгч Б.Б  нь автомашин жолоодон явахдаа тухайн ослыг гарч болохыг мэдсэн ч хохирол хор уршигт зориуд хүргээгүй нь түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б  нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

.

 

Хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ш.А ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна. Хохирогч Ш.А  нь эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид эмчилгээний зардалд нийт 1.840.600 төгрөг төлж барагдуулсан /хэргийн 24-29, 32 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ш.А ийн биед хүнд гэмтэл учирсан тул эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодохыг 2 жилийн хугацаанд хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б т мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Батболдын Батдэлгэрийн №400929 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б ийг тээврийн хэрэгсэл жолоодохыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б т мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Хохирогч Ш.А  нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Б-ийн 0000 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО