Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/00355

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.Г 

 

Хариуцагч: ш.ш,

 

Хариуцагч:С.Г 

 

 Гэм хорын хохиролд 8.424.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.П.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагч С.С.Г, гэрч М.Баярхүү, иргэдийн төлөөлөгч Р.Хоролсүрэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баярцэцэг нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ П.П.Г миний бие нь 2003 онд Мөнхөө овогтой Баярхүүтэй гэр үл болохоор зорин амьдрах үед бидний дунд таагүй харьцаа үүсч бид хоёр тийшээ салсан. Би өөрийн хүү Б.Тэмүүлэнтэй эцэг Баярхүүгээс тусдаа амьдрах болсон. Миний хүү Б.Тэмүүлэн нь 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэндэлсэн. Тухайн үед М.Баярхүү нь маш хартай улмаас бидний дунд үе үе маргаан их гардаг болсон учраас салж өөрөө хүүгээ өсгөхөөр болсон.

Ингээд бид өөрсдийн хүсэлтээр ш.шд эцэг тогтоолгох шинжилгээ болох ДНХ-ийн шинжилгээг өгсөн. Биологийн шинжилгээний эмч гэх С.С.Г бидэнтэй уулзаж, 140.000 төгрөгийн төлбөр авч шүлснээс дээш авч 14 хоногийн дараа хариугаа аваарай гэсэн. Ингээд хариугаа автал санаанд оромгүй дүгнэлт гаргаад Тэмүүлэн нь Баярхүүгийн хүүхэд биш гэсэн өөрийн гарын үсэг, тамгатай дүгнэлтийг өгсөн. Энэ мөчөөс эхлэн үнэхээр миний амьдрал орвонгоороо эргэж чин үнэнч байсан гэдгээ өөрөө л мэдэхээс цаашгүй хаана, хэнд хандахаа мэдэхгүй 10 жил ганцаараа хүүгээ өсгөж, суралцах, ажиллах олон боломжоо алдан, хадмууддаа нэр хүндгүй болж, сэтгэл санааны асар их дарамт, доромжлол гомдолтойгоор амьдарч ирсэн. Миний бие энэ хугацаанд С.С.Г эмч болон М.Баярхүүд л маш их гомдож, уурлаж тэр эмчид хахууль өгсөн гэж итгэж, үнэмшиж ирсэн.

Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй орлого багатай амьдралд хүрэлцэхгүй байдал зэрэг олон шалтгааны улмаас М.Баярхүүгээс тусламж дэмжлэг гуйдаг байсан. Гэвч нэг ч удаа дэмжиж тусалж байгаагүй. Энэ бүгдийн эцэст маш их доромжлуулж гомдол минь эцэстээ туслан учраас үнэнийг тогтоолгохоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд М.Баярхүүг хариуцагчаар татан 2016 оны 03 дугаар сард эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар хандсан юм. Энэ хэргийн дагуу шүүхийн журмаар дахин ДНХ-ийн шинжилгээг ш.шд 10 жилийн дараа өгөхөд Тэмүүлэн нь Баярхүүгийн биологийн эцэг мөн болох нь 99.99 хувийн магадлалтай хариу гарч үнэн нь тогтоогдсон. Ингээд шүүхийн шийдвэр гарч хойшид хүүхдийн тэтгэмж авахаар болсон. М.Баярхүү нь өдий болтол миний үгэнд итгэлгүй мунхаг бодолдоо автан С.С.Г эмчийн гаргасан дүгнэлтэд итгэн тэтгэмж, тэтгэлэг өгөлгүй хүүхдээ гэсэн сэтгэлгүй явсандаа маш их харамсаж байна уучлаач гэж хэлсэн.

Иргэн П.П.Г миний бие өнгөрсөн 10 жилд хүүхдийн тэтгэмж 100 хувь авч байх боломжтой байтал ш.шгийн тусгай шинжилгээний хэлтсийн дарга, хошууч С.С.Г гаргасан худал дүгнэлтийн улмаас нэг ч төгрөг авч чадалгүй 10 жил бүх ачааг өөрөө үүрэн амьдарч өдийг хүрэхдээ ямар их сэтгэл санаагаар хохирсноо бодох тусам тэр буруу дүгнэлт бичсэн С.С.Г гэдэг хүнд гомдолтой байна.

Иймд дээр үйл явдал болж хохирсон миний хувьд 2006 оноос 2016 он хүртэл хүүхдийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгийг 11 нас хүртэл 50 хувиар тооцно гэдгийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгийн 50 хувь болох 70.200 төгрөгийг 1 жилийн 842.000 төгрөгийг 10 жилээр тооцоон 8.424.000 төгрөгийг өнгөрсөн 10 жилд бүрэн авах ёстой байсан учраас миний амьдралыг бусниулсан ш.ш болон холбогдох ажилтнаас нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Энэ мөнгөн дүн нь зөвхөн хүүхдийн тэтгэмжийн мөнгөн дүн юм” гэв.

 

Хариуцагч ш.шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа П.П.Гын нэхэмжлэлтэй ш.шд холбогдох иргэний хэрэгт 8.424.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

П.П.Г, М.Баярхүү нар нь 2006 оны 3 дугаар сард цагдаагийн хошууч, доктор С.С.Год хувийн журмаар хандан ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа уламжлан шинжилгээ хийлгэн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Эцэг тогтоох шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт” гарсан байдаг.

Тус тодорхойлолт нь шүүх, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоол, шийдвэрт үндэслээгүй бөгөөд гагцхүү иргэн П.П.Г, М.Баярхүү нарын хүсэлтийн дагуу хийгдсэн байна.

Дээрх тодорхойлолт нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй бөгөөд доктор С.С.Г нь М.Баярхүү, П.П.Г нарыг шүүхийн байгууллагад нэхэмжлэл гарган албан ёсоор шүүхийн шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилуулан дүгнэлт гаргуулахыг зөвлөсөн байдаг.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэгдээгүй, шүүхийн шинжилгээний байгууллагаас доктор С.С.Гыг шинжилгээ хийлгүүлэхээр томилоогүй байтал П.П.Г нь байгууллагыг хариуцах ёстой хэмээн үзэж нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй байна.

П.П.Г нь нэхэмжлэлдээ “Пүрэвдорж овогтой П.Г миний бие нь 2003 онд Мөнхөө овогтой Баярхүүтэй гэр бүл болохоор зорин амьдрах үед бидний дунд таагүй харьцаа үүсч бид хоёр тийшээ салсан. Би өөрийн хүү Б.Тэмүүлэнтэйгээ эцэг Баярхүүгээс тусдаа амьдрах болсон. Миний хүү Б.Тэмүүлэн нь 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр мэндэлсэн. Тухайн үед М.Баярхүү нь маш их хартайн улмаас бидний дунд үе үе маргаан их гардаг болсон учраас салж өөрөө хүүгээ өсгөхөөр болсон. Ингээд бид өөрсдийн хүсэлтээр ш.шд эцэг тогтоолгох шинжилгээ болох ДНК-ийн шинжилгээ өгсөн.” гэжээ. Үүнээс харвал П.П.Г, М.Баярхүү нарын дунд таагүй харилцаа байсан, М.Баярхүү нь маш их харддаг байсан зэрэг шалтгаанаас болж салсан. Салахдаа П.П.Г нь хүүгээ өөртөө авч өсгөсөн. Ингээд П.П.Г, М.Баярхүү нар нь 2006 онд ДНХ-ийн шинжилгээ өгсөн байна.           

Дээр дурдсан гэр бүлийн маргаантай байсан асуудал, тэдний салсан шалтгаан, эцэг нь хүүгээ тэжээн тэтгээгүй, энэ талаар П.П.Г нь М.Баярхүүд холбогдуулан гомдол гаргах эрх нь нээлттэй байсаар байхад 11 жилийн хугацаанд нэхэмжлэл, гомдол гарган шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлээгүй зэрэг тэдний өөрсдийн буруугаас шалтгаалсан хариуцлагын асуудал нь ш.штэй холбогдох шалтгаан, үндэслэл огт тогтоогдохгүй байна.

Хүүхдийн эцэг, эхийг тогтоох харилцааг Монгол улсад Гэр бүлийн тухай хуулийн 22, 23 дугаар зүйлүүдэд зааснаар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно.”, 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.” гэжээ.

Үүнээс харвал Шүүхийн шинжилгээний байгууллага нь хүүхдийн эцэг, эхийг тогтоох эрх бүхий байгууллага биш бөгөөд хүүхдийн эцэг, эхийг зөвхөн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага, эсхүл эрх бүхий этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн шүүхийн байгууллага тогтоох зохицуулалттай байна.

П.П.Г, М.Баярхүү нарын дундаас 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүү болох Баярхүүгийн Тэмүүлэн төрсөн болохыг тогтоосон төрсний бүртгэлийн 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0093524 Г-527 дугаар гэрчилгээ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн дагуу М.Баярхүү, Б.Тэмүүлэн нар нь эцэг, хүү мөн болохыг тогтоосон иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын хууль ёсны баримт юм. Гэтэл эцэг, хүү мөн болох нь 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тогтоогдсон байх тул М.Баярхүү нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж заасны дагуу өөрийн хүү Б.Тэмүүлэнг төрсөн цагаас эхлэн асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэгтэй байсан болохоос Шүүхийн шинжилгээний байгууллага нь бусдын үр хүүхдийг тэжээн тэтгэх талаар хуулиар даалгасан үүрэггүй юм. Учир нь Д.П.Г, М.Баярхүү нар гэр бүл болоогүй, эцэг нь хүүгээ тэжээн тэтгээгүй буруутай үйлдлээс үүссэн хохирол нь Шүүхийн шинжилгээний байгууллагатай холбогдох шалтгаан нөхцөл огт байхгүй байна.

Иймээс ш.ш нь тус хэргийн хариуцагч нь ш.ш биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.С.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж байгаа П.П.Гын нэхэмжлэлтэй ш.шд холбогдох иргэний хэргийн хамтран хариуцагч С.С.Г би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

П.П.Г, М.Баярхүү нар нь 2006 оны 3 дугаар сард ирж уулзан ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний байгууллага нь зөвхөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага тул албан ёсоор шүүхээр дамжуулан манай байгууллагад хандах ёстойг хэлэхэд: бид зөвхөн хариуг нь мэдмээр байна, өөр маргаан байхгүй хэмээн хүссэний дагуу иргэн П.П.Г, М.Баярхүү, Б.Тэмүүлэн нараас дээж аван шинжилгээ хийж түүний үр дүнгээр 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтыг гаргасан.

Дээрх тодорхойлолтоос болж гэр бүл салсан гэх ойлголт байх боломжгүй юм. Монгол Улсад гэрлэлт гэдэг ойлголт нь насанд хүрсэн эмэгтэй, эрэгтэй хоёр хүмүүс сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хамтын амьдралыг ойлгоно.

Гэтэл П.П.Г нь Баярхүүгийн маш их хардалтын улмаас маргалддаг байсан тул салж өөрөө хүүгээ өсгөх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү хардалт, маргаан нь ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээс өмнө эхэлсэн байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжпэл, хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3371 дугаартай шийдвэр зэрэгт тодорхой дурдсан байна.

Дээрх тодорхойлолтоос үл хамаарч П.П.Г нь хүүхэд төрснөөс хойш цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тэр үедээ шүүхэд хандан эцэг тогтоолгох, тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг гаргах эрх нь 100 хувь нээлттэй байсан ч гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай эс үйлдэхүй байхад үүнийг шүүхийн шинжилгээний байгууллага болон түүний албан хаагчийн буруу мэтээр тайлбарлан нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: 1-т. П.П.Г нь М.Баярхүүгийн хардалтаас болж түүнээс салсан тухайгаа нэхэмжлэлдээ болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3371 дугаартай шийдвэр зэрэгт тодорхой дурдсан байна. Огт маргаангүй, хардалтгүй гэр бүл болохоор хамтран амьдарч байсан хүмүүс зайлшгүй шаардлага гараагүй л бол эцэг тогтоолгох шинжилгээ өгөхөөр шүүхэд хандах тохиолдол байдаггүй. Тэгэхээр М.Баярхүү нь маш их хартай байсны улмаас болж гэр бүл болж хамтран амьдраагүй гздэг нь харагдаж байна. Түүнээс биш дээрх тодорхойлолтоос болж гэр бүл салсан гэх ойлголт биш юм.

2-т 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Тэмүүлэн мэндэлсэн болох нь 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0093524 Г-527 дугаар төрсний гэрчилгээгээр нотлогдож байна. Гэрлэлтийн бүртгэлгүй хосууд хүүхдээ эцгийн нэрээр овоглохдоо иргэний бүртгэлийн байгууллагад Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу эцэг болох М.Баярхүү өөрийн хүү нь мөн болохыг хүлээн зөвшөөрч энэ талаар өргөдөл гаргасныг үндэслэн дээрх 0093524 Г-527 дугаар төрсний гэрчилгээг бүртгэлийн байгууллага олгосон байна. Дээрх гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн өөрчлөлтгүй хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд Б.Тэмүүлэн нь төрсөн цагаас эхлэн М.Баярхүүгийн хүү нь мөн байсан болохыг нотолж буй юм. Тиймээс П.П.Г нь Б.Тэмүүлэнгийн эцэг болох М.Баярхүүгээс хүүхдийн тэтгэмж хүсэх, шаардах, энэ талаар шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах боломж 100 хувь нээлттэй байсан ч гаргалгүй өдийг хүрсэн нь П.П.Гын өөрийн буруу болохоос бусдын буруу огт биш юм.

3-т Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3371 дугаар шийдвэрээр “...Б.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр эцэг М.Баярхүүгээс тэтгэлэг гаргуулсугай” гэж шүүх тогтоожээ. Иймд П.П.Г нь Б.Тэмүүлэнгийн эцэг болох М.Баярхүүгээс хуулийн дагуу гаргуулах тэтгэмжээ алдаагүй болох нь харагдаж байна.

4-т Тэтгэлэг нөхөн гаргуулах асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зохицуулсан байх бөгөөд 49.1 дэх хэсэгт “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэжээ. Үүнээс харвал тэтгэлэг нөхөн төлөх үүрэг нь тэтгэлэг төлөгч этгээдийн үүрэг болохоос өөр хэн нэгэн этгээдэд хуулиар хүлээлгэсэн үүрэг огт биш байна.

5-д Иргэний хуулийн 497-514 зүйлүүдэд гэм хор учруулснаас үүсэх үүрэг буюу зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагын талаар тусгасан байх бөгөөд зөрчлөөс үүдэн хохирол бий болсон байхыг гэм хор учруулах гэж үздэг. Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг нь гэм хорын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсэн хэм хэмжээ бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу зэргийг шаарддаг байна. Өөрөөр хэлбэл: Зөрчил үйлдсэн объект нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө байх бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас дээрх нэрлэн заасан хөрөнгөнд гэм хор учирсан байх, үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байх зэрэг нөхцөлүүд тогтоогдсоноор гэм хор, түүнд ногдуулах хариуцлагын асуудлыг тогтоодог.

Тиймээс С.С.Г миний бие дээрх шинжилгээг хийж тодорхойлолт гаргахдаа хууль бус үйлдэл хийгээгүй, зөрчил гаргаагүй, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч П.П.Г нь хариуцагч ш.ш болон С.С.Г нарт холбогдуулан гэр хорын хохиролд 8.240.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 10 жил хүүхдийн тэтгэлэг авах боломжтой байхад хариуцагч ш.ш, түүний ажилтан С.С.Гын буруу дүгнэлтийн улмаар тэтгэлэг авч чадаагүй тул хүүхдийн тэтгэлгийг нэг сарын 140.400 төгрөгийн 50 хувиар тооцож 70.200 төгрөгийг нэг жилийн 842.000 төгрөгийг 10 жилээр тооцож, нийт 8.420.000 төгрөгийг гэм хорын хохирол гэж хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Хариуцагч ш.ш нь С.С.Гыг шинжилгээ хийлгэхээр томилоогүй, М.Баярхүү нь хүү Тэмүүлэнгийн эцэг хүлээн зөвшөөрч, төрсний гэрчилгээ авсан тул манай байгууллага бусдын хүүхдийг тэжээн тэтгэх үүрэггүй гэж маргав.

 

Хариуцагч С.С.Г нь буруу дүгнэлт гаргасан үйл баримтад маргаагүй, харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

М.Баярхүү, П.П.Г нарын дундаас 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү Тайж овогт Баярхүүгийн Тэмүүлэн төрснийг 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсний бүртгэлд бүтгэсэн болох нь 0093524 Г-527 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хүү Тэмүүлэнгийн биологийн эцэг М.Баярхүү мөн эсэхийг тогтоолгох зорилгоор  М.Баярхүү, П.П.Г нарын хүсэлтийн дагуу хариуцагч С.С.Г нь 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Эцэг тогтоох шинжилгээ хийсэн тодорхойлолт” гаргаж, түүний дүгнэлт хэсэгт “Хүний 13, 7, 16, 12, 15-р хромсом дээр байрладаг микросателлитын D13S317, D7S820, D16S539, vWA8 FESFRS локусын аллелиар М.Баярхүү нь Тэмүүлэнгийн биологийн эцэг байх боломж үгүйсгэгдэж байна” гэх дүгнэлт гаргасан.

 

ш.шгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2845 дугаар шинжээчийн дүгнэлтээр “М.Баярхүү нь Б.Тэмүүлэнгийн биологийн эцэг байх боломжтой, 99,99 хувийн магадлалтай байна” гэх дүгнэлтийг гаргасан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3371 дугаар шийдвэрээр М.Баярхүүг хүү Тэмүүлэнгийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3371 дугаар шийдвэрээр үнэлсэн ш.шгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2845 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангуулан авах шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Хариуцагч С.С.Г нь эрх бүхий байгууллагын шийдвэргүй, хувиараа эцэг тогтоох шинжилгээ хийж, буруу дүгнэлт гаргасан буруутай боловч нөхөн төлөх үүрэг бүхий гэм хорын хохиролд хүүхдийн тэтгэлэг нь хамаарахгүй юм.

 

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтоох бөгөөд захиргааны журмаар эцэг тогтоосноор эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүргийн харилцаа үүснэ.

 

2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Тэмүүлэнгийн эцгээр Тайж овогт Мөнхөөгийн Баярхүүг 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь 0093524 Г-527 дугаар төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хүү Тэмүүлэн, эцэг Баярхүү нарын хооронд эцэг, хүүхдийн харилцаа үүссэн гэж үзэх ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг М.Баярхүү насанд хүрээгүй хүү Тэмүүлэнг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Түүнчлэн хариуцагч С.С.Г буруу дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгч П.П.Гын хүү Тэмүүлэнд хүүхдийн тэтгэлэг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч ш.ш, С.С.Г нарт холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэгт 8.424.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.П.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ш.ш, С.С.Г нарт холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэгт 8.424.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.П.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР

 

                                                      ШҮҮГЧИД                                   Т.БАДРАХ

 

                                                                                                            Ө.УЯНГА