Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 726

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Шүүгдэгч О.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт О-Г-д холбогдох эрүүгийн 2005020341184 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, .....-т засварчин ажилтай, Төв аймгийн Батсүмбэр сумын .... дүгээр баг, Мандал, төмөр замын байрны ......  тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, ...... дугаар гудамжны ........ тоотод түр оршин суух хаягтай /РД:/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч О.Т  нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ...тоот хашааны гадаа иргэн М.А зодож эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Т  нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ...тоот хашааны гадаа хохирогч М.А зодож эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хуруунд  зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Э  нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын ...тоот гэрээсээ 21 цагийн орчим гарсан. Би 23 цагийн орчим гарахад манай дүү Э  нь уйлаад салсан нөхөр Г-н  хамт хашааны гадна зогсож байхаар нь би очоод нөхөрт нь “чи эндээс яв, чи энд ямар ч хэрэггүй” гэхэд бид хоёрын амьдрал танд хамаагүй гээд манай дүүгийн гарнаас татаж явах гээд байхаар нь би явуулахгүй гээд дүүгийнхээ гарнаас татахад эргэж хараад нүүр рүү цохисон. Би чи хүн цохидог хэн юм бэгээд заамдалцаад ноцолдож байхад Г намайг үүрээд газар шидэж унагаахаар нь би босоод Гантулгыг нэг гараараа заамдахад миний зүүн гарыг арагш нь дараад ядам болон чигчий хурууг гэмтээчихсэн. Г миний гарыг арагш нь дарахад миний хуруу гэмтсэн. Үүрээд газар унагаахад миний баруун талын хавирга, дал орчмоор хөндүүрлээд байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлмээр байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал гараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэрч С.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн салсан нөхөр болох Гтай гэрийнхээ гадаа буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 1 дүгээр гудамжны ... тоот хашааны гадаа 22 цагийн үед уулзаад зогсож байтал манай үеэл эгч болох А  гарч ирээд Г руу дайраад байсан. ...Г А  хоёр би биенээ түлхэж байгаад ноцолдоод А  газар унахдаа намайг дараад унасан. ...М.А  манай нөхөр О.Т тай маргалдаад О.Т  М.А түлхэхдээ гарнаас нь базаж байгаад түлхэж газар унагаасан. Тэгэхэд гаранд нь гэмтэл учирсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6301 дугаартай “...М.А ын биед зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...М.А ын биед учирсан ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хүнтэй зууралдах ноцолдох зэргээр өөртөө учруулах боломжгүй. Гарыг нь мушгих, арагш хөших, дарах үед үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 45, 49 тал/,

 

Шүүгдэгч О.Г-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эхнэр Э тай уулзчихаад гэрт нь хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 1 дүгээр гудамжны ... тоотын гадаа очоод хоорондоо юм яриад зогсож байтал Э гийн үеэл эгч нь гарч ирээд энд хэрүүл хийхгүй шүү, эндаас зайл гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь Э  бид хоёр холдож байгаад юм ярья гээд гудамжаар алхтал араас ирээд Э гийн ардаас нь татаад миний өмсөж явсан футболкийг ураад хүзүү цээж маажаад дайраад байсан. ...Би А тай ноцолдож байх үед гарнаас нь барьж байгаад хойш нь түлхчихсэн юм. Тэгэхэд А ын гарын хуруунд гэмтэл учирсан байх. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37 тал/, нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 39 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 40-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Т ас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 21-22 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч О.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч М.А ын зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 6301 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч О.Г-н  хохирогч М.А ын зүүн гарын ядам хурууг хойш хөшиж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч О.Т  нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ...тоот хашааны гадаа хохирогч М.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Гантулгыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол   учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 16-17 дахь талд ...Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал гараагүй... гэж, хавтас 49 дэх талд ...Гас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэж тус тус мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч О.Т ас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Т  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг О.Т д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.Г-н  хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Т д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Т д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч М.А  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА