| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0518/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 501
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .... овогт ....-ийн Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910016490592 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ..... овогт Б-н Б. /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь 2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..... төвийн ..... дэлгүүрт үйлчлүүлж байхдаа гээгдүүлсэн иргэн Б-н эзэмшлийн Ай фоне-7 маркын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшин 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б нь 2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..... төвийн ..... дэлгүүрт үйлчлүүлж байхдаа гээгдүүлсэн иргэн Б-н эзэмшлийн Ай фоне-7 маркын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшин 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны ... дугаар сарын ..-ны өдрийн .. цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .... төвийн дэлгүүр хэсэж байхдаа 1 давхарт байрлах хувцасны дэлгүүрийн хувцас өмсөж үзэх гээд хувцас солих өрөө рүү ортол Ай фоне-7 маркын гар утас сандал дээр байхаар нь аваад гэртээ харьсан. ...тухайн үед гар утсыг сандал дээрээс авахад 2 хүүхэд гар утас харсан уу гэж асуусан би хараагүй гэж хэлээд аваад явсан. ...гар утсыг эзэнд нь буцаагаад өгсөн, хийсэн хэргээ хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,
Хохирогч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны .. дугаар сарын ..-ны өдрийн 16:20 минутын үед хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дэлгүүрт хувцас өмсөж үзэж байгаад өөрийн Ай Фоне-7 маркын гар утсаа ... дэлгүүрийн хамгийн хойд талын хувцас солих өрөөний жижиг сандал дээр цүнхний хамт тавиад хувцсаа өмсөж үзээд гарахдаа ...мартаад гарсан байсан. Тэгээд удаагүй буцаж очиход байхгүй байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19х/,
Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү А уг дугаарыг барьдаг бөгөөд хотод сурч байхдаа ангийнхаа хүүхдээс худалдаж авч байсан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,
Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын дунд үед байхаа яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотод сургуульдаа сурч байхдаа Монгол Улсын багшийн их сургуулийн харьяа “Математик, байгалийн ухааны их сургуулийн химийн ангийн 4 дүгээр курсын оюутан Б.Б гэх ангийнхаа таньдаг найзаасаа өөрийнхөө барьж байсан Самсунг галакси А6 гэх цэнхэр, хар өнгө хосолсон алтлаг шаргал өнгийн гадна гэртэй утсан дээрээ нэмж 50.000 төгрөг өгч сольж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай сургуулийн нэг тэнхимийн А гэх залуу өөрийн Самсунгийн гар утсаа 150.000 төгрөг гэж тохироод нэмээд 50.000 төгрөг надад өгөөд нийт 200.000 төгрөг гээд надаас тэр Ай фоне 7 маркын гар утсыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,
“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Х-293 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10х/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-17х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-н гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б нь 2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..... төвийн ..... дэлгүүрт үйлчлүүлж байхдаа гээгдүүлсэн иргэн Б-н эзэмшлийн Ай фоне-7 маркын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшин 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б-г “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б нь “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “....анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгуулийн ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... Б-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... овогт Б-н Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
6. Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН