Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Я.Амарзаяа

                         Шүүгдэгч                                               Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Н-д холбогдох 2032000740082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, * оршин суух хаягтай. Ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг. Ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Зуутраг овогт Баянжаргалын Н.

 

Прокуророос  ирүүлсэн яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Отай маргалдаж улмаар Ц.Оы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ... Би Ц.О ахын нүүр лүү нь гараараа цохисон. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим мотоцикльтойгоо эргээд хонь байгаа газартаа очтол манай хонь биш айлын хонь байхаар нь буцаад цааш эргүүлчихээд буцаад харих гэтэл цагаан өнгийн машинтай 3 залуу давхиж ирээд манай хонийг үргээж хөөлөө гээд дуудаад байхад ирсэнгүй гэсээр машинаасаа бууж ирсэн. ... Н эхлээд миний нүүрэн тус газар 3-аас 4 удаа гараараа цохьсон. ... Цолмон, Сз намайг цохиогүй харин гарнаас татаад байсан. Тухайн үед би тэр хоёрыг намайг барьж байгаад нэгээрээ зодууллаа гэж бодсон. Тэгсэн чинь салгаж авах гэж байсныг нь буруу ойлгосон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/

Гэрч  Б.Сз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... О ах Нтай маргалдаж эхлэхээр нь Цолмон бид хоёр дундуур нь орж салгах гэтэл Н нүүр лүү нь гараараа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн №80 дугаартай дүгнэлт: ...

 

1. Ц.Оы биед хамрын ясны хугарал, баруун доод 3,6-р шүд авахуулсан, тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хамрын ясны хугарал, тархины доргилт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ц.Оы баруун доод 3,6-р шүд гэмтлийн улмаас хөдөлсөн, үрэвссэн улмаар авахуулсан байгаа тул ерөнхий хөдөлмөрийн чадвар 10% тогтонги алдагдаж Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Баянгол сумын нутаг дэвсгэрт хонио оторлуулаад машин дотроосоо хараад сууж байсан. ... О ах та нарыг хэн энд ирж буу гэсэн юм гээд өөдөөс бэлчээр булаацалдаж надтай хэрүүл маргаан хийгээд бид хоёр харилцан барилцаж авсан. Энэ үед О ах бид хоёрыг салгах гээд манай хоёр ах Сайнзаяа, Цолмон нар дундуур ороод О ахыг татахаар нь би нүүр лүү хамран тус газар нь 2 удаа гараараа цохьсон тэгсэн чинь О ахын хамраас цус гараад эхэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Нын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /48 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Отай маргалдаж улмаар Ц.Оы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Оы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, Гэрч  Б.Сзын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн №80 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, Б.Нын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Над хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж  байгаа, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, үйлдсэн хэргийн хувьд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуутраг овогт Баянжаргалын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Нын торгуулыг 03 /гурав/ сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.