Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Б.Ганзаяа

             Улсын яллагч                                Н.Улсболд                                      

   Шүүгдэгч                                           Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2032000000047 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *тоотод оршин суудаг, урьд нь:

1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн №374 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар,

            2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн №178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Галтын Г.

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

            Шүүгдэгч Г.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ахуй үйлчилгээний 10-01 тоотод оршин суух өөрийн гэртээ иргэн А.Бстэй маргалдан улмаар түүний зүүн гуян тус газар хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

            Хохирогч А.Бс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Намайг Улаанбаатар хотод байхад Мандал сумаас Г буюу шонх манай найз Нбаар над руу дамжуулж Мандал суманд ирж хамт ажил хийе гэж хэлүүлсэн байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Нб бид хоёр Мандал сум руу гарсан. Замаасаа Баянчандмань сумаас Гмыг аваад наашаа ирсэн. Мандал суманд ирээд Гийн гэрт ажилд явах гэж гурав хоносон. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г, Нб, Гм бид 4 Төв аймгийн Баянцогт сум руу явахаар Мандал сумаас гараад сайжруулсан шороон зам дээр явж байтал машины хагас гол эвдэрээд бид нар эргэж буцаад Мандал суманд ирсэн. Мандал сумаас гарахдаа дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” архи авсаныг Г бид хоёр замдаа ууж явсан юм. Мандал суманд буцаж Гын гэрт ирээд хашаан дотор машины эвдэрсэн хагас голыг засаж янзлангаа үлдэгдэл тал шил архиа хувааж уусан. Архиа хувааж ууж дуусах үед би нилээн халж согтсон байсан. Тэгээд Гыг чи намайг гэртээ 3 хоног байлгаж машин тэргээр хааж боолоо гээд би уурлаад Гийг сууж байхад нь түлхсэн. Тэгсэн чинь Г цаашаа өнхөрөөд унахаар нь би очиж татаж босгосон. Энэ үед Г уурласан юм уу шаралхсан юм уу мэдэхгүй нэг мэдэхэд миний гутлын түрийнд байсан хутгыг аваад миний зүүн гуя руу хатгасан. Тэгээд миний хөлнөөс цус гараад байхаар нь Гм, Нб хоёрыг дагуулж эмнэлэг орж хөлөө боолгосон.Тухайн үед Г гэртээ үлдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/

            Гэрч У.Нб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Анх Зүүнхараагаас гараад Баянцогт сум руу явж байхад замдаа Шонх, Бс хоёр  1 шил архи хувааж уусан. Зүүнхараад буцаж ирээд Шонхын гэр лүү орцгоосон. Тэгээд би Гмын хамт Шонхын гэрийн гадаа машин дотор сууж байхад Шонх, Бс хоёр хоорондоо маргалдаад гараад ирсэн. Тэгээд Гм бид хоёр очиход Бс хөл сонин болчихлоо гэхээр нь үзэхэд зүүн хөлний гуяанд зүсэгдсэн шарх байсан учир Гм бид хоёр эмнэлэг дээр аваачсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Г.Гм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Бс, Шонх хоёр Шонхын гэрийн гадаа машин дотор архи ууцгаасан. Нб бид хоёр бол архи уугаагүй. Машин дотор Шонх Бс хоёр архи хувааж уугаад бүгдээрээ гэрт орцгоосон. Гэрт сууж байгаад эхлээд Нб ах гэрээс гараад би араас нь гарч бид хоёр машин дотор сууж байтал 10 орчим минутын дараа Бс ах гарч ирээд намайг хутгалчихлаа гээд гараад ирэхээр нь Нб бид хоёр Бсийг гэр лүү дагуулж ороод өмднийхөнө шуумгийг дээш сөхөөд үзэхэд зүүн гуян дээр нь шарх үүсээд цус гарчихсан байсан. Тэгээд түүний хөлийг би боосон боосныхоо дараа Бсийн гар нь бас зүсэгдсэн байсныг харсан. Тэгээд эмнэлэг дээр Бсийг авчирахад “Шонх пиздаг ална аа л” гээд байсан. Тиймээс Бсийн хөл болон гарыг Шонх гэмтээсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/

Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Бс бид 2 манай хашаанд эвдэрсэн машинаа янзалж байхдаа тал шил архи хувааж уусан. Тэгээд архи ууж дууссаны дараа нэлээн оройхон харанхуй бүрэнхий болсон хойно буюу 22 цаг өнгөрч байхад намайг Төв аймгийн Баянцогт сум хүргээд өг гэхэр нь сая машин эвдэрснийг мэдэж байгаа биздээ  би хүргэж өгч чадахгүй гэхэд намайг машин тэргээр боолоо гээд уурлад тэгээд бага зэрэг маргалдаад намайг боосон. Тэгээд түлхэхээр нь би босож ирээд Бсийн зүүн хөлийн гутлын түрийнд байсан жижиг хутгыг аваад Бсийн зүүн хөлийн гуяанд хатгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №52 дугаартай дүгнэлт: ...

1. А.Бсийн биед зүүн гуя, баруун гарын 1,2-р хурууны хооронд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 46 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 47 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 34 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 37-40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ахуй үйлчилгээний 10-01 тоотод оршин суух өөрийн гэртээ иргэн А.Бстэй маргалдан улмаар түүний зүүн гуян тус газар хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч А.Бсийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/, Гэрч У.Нбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/, Гэрч Г.Гмын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №52 дугаартай дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Гыг иргэн А.Бсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Г.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч А.Бс нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

Иймд шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Галтын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Г.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Г.Гт даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.