| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00082/Э |
| Дугаар | 00085 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, Х.Мөнгөнсүх, Ч.Мөнгөнцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гаравгаанжуур
Иргэний нэхэмжлэгч Д.Чц /ховдын шүүхээс онлайнаар/
Шүүгдэгч Ц.Д, С.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Д, С.Б нарт холбогдох 1832002140119 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1954 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, Ам бүл 2, эхнэрийн хамт * тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын Задгайд оршин суудаг. Урьд нь Хилийн ба дотоодын цэргийн шүүхийн 1974 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Шонхор овогт Цэндбазарын Д.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй Ам бүл 2, эхнэрийн хамт * тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Олхонод овогт Сайнбаярын Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Ц.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газар “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай “77-78” БЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь араас нь мөргөж, зам тээврийн осол гарч улмаар иргэн улмаар Г.Ганбат нас барж, иргэн С.Бгийн эрүүл мэндэд хүнд, иргэн Д.Чцын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан.
С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газар “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дугаар зүйлийг зөрчсөний улмаас “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай “77-78” БЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г.Ганбат нас барж, иргэн Д.Чцын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 сарын 02-нд миний тэрэг явж байгаад мотор нь зуурч ямар ч хөдөлгөөн хийх бололцоогүй зогссон. Жолооч хүний нэг номерт явдаг юм бол ослын тэмдэг аваар байдаг учраас би ослын тэмдэгээ тавиад аваараа асааж тэр өдрийг өнгөрөөсөн. Өдөр нь хүүхдүүдтэйгээ яриад мотор болохоо байлаа. Яаралтай ир гэж дуудсан. Ингээд манай хүү ирсэн. Ирээд доороос нь кастерийг нь авч задлаад энэ ямар ч хөдөлгөөн байхгүй аав минь яаралтай чирэгч олж ирж эвдэрсэн толгойгоо чирээд, нэгээр нь чиргүүлээ чирээд явъя гээд гурвуулаа ярьж тохироод Эрдэнээ гэж хүүгийнхээ найзыг машиндаа үлдээгээд тэнд машинаасаа 15 метрт замын хажуугаас олсон купер тавьсан. Хоёр талд нь ахуй хэрэглээний газан баллон тавиад, хүүгийнхээ жижиг тэрэгний араас ослын тэмдэгийг нь аваад 30 метрт тэмдэг тавиад аваараа асаагаад явсан. Ингээд хот руу орж явсан. Тэгээд дөнгөж ороод явж байтал хүүгийн утас дуугараад машины араас машин орчихлоо гээд ирэхэд ахмад М.Отгонбаяр байцаагч ирсэн байсан. Орой болсон ослын улмаас Ганбат гэж хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна гэв.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн машинтайгаа талийгаач Ганбат, хүргэн ах Яс, Чц нарын хамт ОХУ-ын Эрхүү хотоос өглөө 8 цагт орж ирсэн. Наашаа Дархан хүртэл Яс жолоодож, би унтаж явсан. Дарханд 17 цаг 17 минутад бид хэд хоол идээд наашаагаа би өөрөө жолоодож явсан. Баруунхараад ирэхэд үзэгдэх орчин хязгаарлагдмал зам дээр цагдаа нар зогсож байсан. Миний тээврийн хэрэгслийн бичиг баримт, бүрэн бүтэн байдал гэрэл дохио, согтуурал зэргийг шалгаж гаргаж явуулж байсан. Наашаа гараад 15 км орчим явж байхад урдаас машинууд урсгал их байсан. Би гэрлээ байнга ойр дээрээ татаж машинуудаа өнгөрөөгөөд хол дээр татаад явж байсан. Даваа өөд өгсөж байхад урдаас нэг тээврийн хэрэгсэл хол дээрээ гэрлээ тавьчихсан байсан. Тухайн үед би ойр дээрээ нэг дохиод гэрлээ ойр дээрээ тавиад явсан. Тухайн үед тэр машин ойртож ирж байгаад ойрын гэрэлдээ шилжүүлсэн. Тэгээд би тэр машин өнгөрөөд хол дээрээ тавьтал миний явах урсгалыг тэр чигт нь хаачихсан байсан. Ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Хав харанхуй том машины кузов харагдсан. Тэгээд би тормозоо гишгээд очоод мөргөсөн. Мөргөөд тухайн үед юу болсоныг санахгүй. Нэг мэдсэн эмнэлэгт ямар ч байсан сэрсэн. Сэрэхэд нэг цагдаа надаас юм асуугаад байсан. Би цагдаатай юм яриад байсан. Тэгээд дахиад нэг сэрэхэд Улаанбаатарын гэмтэлд сэрсэн. ОХУ-руу 4 удаа машинтай явсан байдаг. Явах тоолондоо би өөрөө байнга машинаа оношилгоонд оруулж тухайн үед би 65 км цагийн хурдтай явдаг. Би хурдаа хянаж явдаг. Би архи хэрэглэдэггүй. Би өөрөө хүнд гэмтсэн. Группт орсон. Нялх хүүхэдтэй. Талийгаачийнхаа 3 настай хүүг эгчтэйгээ тэжээн тэтгэж байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гаравгаанжуур шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Иргэн Дгийн замын хөдөлгөөний дүрэм мөрдөөгүйн улмаас миний нөхөр Ганбат нь амь эрсэдсэн. Би маш их хэцүү байна. Ой 8 сартай хүүхэдтэйгээ өнөөдрийг хүртэл маш хүнд нөхцөлд байсан. Эмч Бг хүртэл тэсэхгүй шүү гэж хэлж байсан. Миний дүү Б биднийг асран хамгаалж хань түшиг болж өнөөдрийг хүртэл итгэж харж явж байна. Би айж байна. Энэ Д гэдэг хүнийг тусгаарлаж өг. Хэн ч мэдэхгүй хүн ирээд намайг шүүхийн гадаа хөөж туусан. Яагаад энд суугаад байгаан бэ. Яв одоо яагаад хүний яриа чагнаад байгаа юм гэсэн. Нэг авгай толгой түрийгүй загнахаар нь танихгүй хүн дайраад байна гэж орж хэлсэн. Хохирогч би яаж тайван байх юм бэ. Өнөөдрийг хүртэл сая харамсаж байна гээд хэлсэнээс хойш юу ч хэлээгүй. Өнөөдрийг хүртэл Б л эцгийнх нь оронд эцэг болж аавыгаа санасан сэтгэлийг нь тайлж байна. Бг ааваа гэж дуудаж байна. Би бол энэ хүнд маш их гомдож байна. Манай нөхөр маш том хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байсан. Дд маш их гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол эд зүйлээ Дгээс нэхэмжилж байна. Энэ хүний авто замын дүрмээ мөрдөөгүйгээс миний нөхөр амь насаа алдсан. Оршуулгын зардал сэтгэл санааны хохирол дүүд гарч байгаа эрүүл мэндийн хохирлыг Дгээс нэхэмжилж байна. Оршуулгын зардал 9,300,000 төгрөг байгаа. Өөрт цугларсан баримтаа авчирсан. Охиноо 18 нас хүртэл тэтгэвэр тогтоолгож, сэтгэл санааны хохирол барагдуулж, энэ хугацаанд Ховдоос өчнөөн удаа ирж, буцсан бүх зардал 3 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би 80 сая төгрөг гэж сэтгэл санааны хохирол, хүүхдийн тэтгэлэгтэй нийлээд тооцсон. Хүүхдийн тэтгэлэг сарын тухайн үед 500,000 төгрөг байсан гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Чц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Нэг мэдэхэд аваар болчихсон. Машины гэрлийн гялбаа гэх үгийг би сайн мэдэхгүй байна. .... Би аваарт орж байсан учраас ойрын хараа муу гэв.
Хохирогч С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тухайн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулагаас Дархан-Уул аймаг дээр хоолонд талийгаач Г.Ганбат ах, Чц, Яс бид 4 орсон. Тэгээд хоол цайгаа ууж идчихээд Дархан-Уул аймгаас орой 17 цаг 15 минутын үед Улаанбаатар хот руу гарах үедээ би өөрөө өөрийнхөө 70-97 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодсон. Тэр үед жолоочийн хажуугийн суудал дээр Чц ах сууж, арын суудал дээр манай хүргэн ах Г.Ганбат, найз нь Яс зорчиж явсан. Тэгээд орой 19 цагийн үед Баянгол сумын төвөөр орж ирэх үед сумын төвд зам дээр цагдаа нар машин шалгаж байсан. Тухайн үед би машиныхаа бичиг, баримт болон архи согтууруулах ундааны зүйлээ уусан эсэхийг шалгуулж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тухайн өдөр миний эсрэг урсгалаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байсан. Тэр үед би машиныхаа их гэрэл болон ойрын гэрлийг машин өнгөрөх ирэх үед нь шилжүүлээд явсан. Тэр үед миний эсрэг урсгалаас машин ирж байсан болохоор нь би машиныхаа гэрлийг ойр дээр нь татаж тухайн тээврийн хэрэгслийг өнгөрөх үед нь гэрлээ хол дээр нь тавьсан чинь ачааны машины кузов харагдсан. Ямар нэгэн гэрэл гэгээ байгаагүй. Тэр үед би зам дээр саад бий болохыг харж машиныхааа тоормосыг гишгэж зогсох арга хэмжээ авсан боловч тухайн тээврийн хэрэгсэлтэй ойрхон болчихсон байсан болохоор өөр ямар нэгэн арга хэмжээ авч амжаагүй. Тэр үед би зүүн тийш дарж эсрэг урсгал руу орох гэж дарсан боловч тухайн тээврийн хэрэгслийн кузов хэсгийн буюу тухайн тээврийн хэрэгсэл миний явах буюу зорчих хэсэгт бүрэн зогссон байсан болохоор би эсрэг урсгал руу орохоор дарсан боловч тухайн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарсан. ... Тухайн үед нэг тээврийн хэрэгсэл өнгөрөх үед би өөрийнхөө машины холын гэрлийг ойр дээрээ татаж тухайн машинтай зөрж өнгөрөөд би өөрийнхөө машины гэрлийг хол дээр нь тавих үед миний машины холын гэрэлд тавьтал зам дээр машины кузов хэсэг харагдсан. Тэгээд би шууд машиныхаа тоормосыг гишгэж зогсоох арга хэмжээ авсан боловч тухайн машинтай ойртсон байсан болохоор эсрэг урсгал буюу зүүн тийш машиныхаа рулийг дарсан. Тэгтэл тас хийгээд л явсан. Тухайн үед эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл байгаагүй гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 34-35 дугаар хуудас/
Гэрч, Иргэний нэхэмжлэгч Д.Чц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бид нар Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор Монгол Улс руу орж ирээд орой 18 цагийн үед Дархан уул аймаг дээр хоол идчихээд тэндээсээ орой 19 цагийн үед Альфард маркийн 70-97 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй талийгаач Ганбат, Яс, жолооч С.Б бид нар Улаанбаатар хот руу гараад явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт явж байтал бид нарын урдаас нэг машин ирээд зөрсөн. Тухайн үед жолооч гялбаанд ороод нэг мэдсэн зогсож байсан чиргүүлтэй том машины араас явж орсон. Тухайн үедээ ухаан алдаад нэг мэдсэн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан юм. ... Тухайн ослын улмаас миний толгой хагарч оёдол тавиулсан буцаж хот орж оёдлоо авахуулж дахин оёдол тавиулсан. Мөн Томографикийн зураг авахуулсан. Мөн нүдний зураг авахуулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Энэ эмчилгээндээ нийт 2,000,000 орчим төгрөг зарсан. Авахуулсан зурагнууд бол байгаа баримт бол байхгүй. ... Би албан ажилтай тул хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд орж чадахгүй. ... Ямар ч байсан даваа өөд өгсөөд явж байтал эсрэг урсгалаас маш тод гэрэлтэй машин Дархан-Уул зүг рүү уруудаад орж ирсэн. Тэр машиныг өнгөрөөгөөд хартал нэг юм харагдсан. Жолооч машинаа дарсан Тэгээд юу болсон бүү мэд тэрүүхэн үед би ухаан алдсан байсан. ... Байсан бол харах л байсан. Тухайн үед ямар ч харагдах зүйл байгаагүй. Тухайн үед жолооч анзаараагүй байсан ч би харах байсан. ... Тухайн үед замын хажуу руу нэг том бүхээгтэй ачааны машин хөндөлсөөд орчихсон харагдсан. Тэрийг бид нар хараад жолоочдоо аажуухан яваарай гэж хэлж байсан. Тэр үед бид нар эсрэг урсгалаас орж ирсэн машины гэрлийн гялбаанд орж урдаа зогсож байсан машиныг харалгүй гэнэт ийм асуудал боллоо. ... Өнөөх зам дээр зогсож байсан машины жолооч зам дээр машины гупер сүүлд гаргаж тавьсан байх тухайн үед байсан бол гупер бүтэн байхгүй болох байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 41, 56-58 дугаар хуудас/
Гэрч Н.Яс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгтэл гэнэт тас хийх чимээ гарч би урд суудалаа мөргөж сэрэх үед нэг бор чиргүүл хальт харагдсан. Мөн миний сууж явсан машин хойш ухарч замын хажуу руу орсон. Тухайн үед миний цээж бүсэнд баригдан өвдөж мөн тухайн үед шоконд орсон байсан. Тэгээд би уг сууж явсан машиныхаа жолооч болон жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан Чц, талийгаач Ганбат нарыг дуудахад надад хариу өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Чц машинаас буух үед би араас нь жолоочийн хажуугийн хаалгаар Чцтай хамт буусан. Тэр үед Улаанбаатар хот руу чиглэлтэй том ачааны машин ямар учраас зам дээр зогсож байсанг бол мэдэхгүй ямар ч байсан том ачааны машин зам дээр зогсож байсан ба тухайн үед тэр машины гэрэл дохиог асаалттай болон унтраастай байсанг бол би яг сайн санахгүй байна гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 54-55 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт: ...
1. Д.Чцын биед тархи доргилт, дагзны хуйхны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 64 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: ...
1. С.Бгийн биед баруун 1-7 хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, зүүн 1,2-р хавирга, баруун гарын богтос ясны хугарал, тархи доргилт, баруун зулайд шарх, дагз, нүүрний зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 69 дүгээр хуудас/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Отгончимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №118 дугаартай дүгнэлт: ...
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийн 250-300мл шингэн цус хуримтлагдалт, үнхэлцэг хальсны урагдал, элэгний эдийн язрал, цээжний баруун талын 1-11-р, 2-4р хавирганы шууд хугаралууд, дотор эрхтнүүдийн доргилт, баруун шуу ясны битүү хугарал, баруун хөмсөгт шарх, баруун чамархайн хуйх, хуйхан доорх булчин, зүүн хөмсөг, доод эрүү, цээжний хэсэг, баруун, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн хөлийн 1-р хурууны цус хуралт, зулгаралтууд бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох мөргөгдөх, доргих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ.
6. Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
7.Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна.
8.Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байжээ гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 92-94 дүгээр хуудас/
Шинжээч Ц.Одбаярын дүгнэлт: ...
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйл “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх”, 18.3 дугаар зүйлд “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 6 дугаар хуудас/
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №13/16 дугаартай техникийн шинжээч нарын дүгнэлт ... “Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан материалууд болон 77-78 БЧ улсын дугаартай чиргүүлтэй Daewoo загварын 22-73 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Дгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд шинжээч Нимонс ХХК-ийн инженер Б.Өсөхбаяр, засварчин Ч.Алтангэрэл, Нимонс ХХК-ийн ерөнхий инженер А.Баярсайхан нарын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд 2. Уг гэмтэл нь хөдөлгүүрийн гэмтэл байна. Энэ үед хөдөлгүүр зуурч зогсох буюу тахир гол шатуны механизмд дуу цохио үүсэх гэмтлийн шинж тэмдэг илэрнэ” гэснээс авч үзэхэд зайлшгүй зогсолт хийсэн байх үндэслэлтэй байна. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 77-78 БЧ улсын дугаартай чиргүүлтэй Daewoo загварын 22-73 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтад заасан арга хэмжээг аваагүй байна. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 77-8 БЧ улсын дугаартай чиргүүлтэй Daewoo загварын 22-73 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт 4. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 77-8 БЧ улсын дугаартай чиргүүлтэй Daewoo загварын 22-73 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна гэх дүгнэлт /2-р ХХ-ийн 200-201 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р ХХ-ийн 7 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч С.Бгийн ял шийтгэгдсэн эсэх талаар лавлагаа /ХХ-ийн 126 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 123 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Дгийн шийтгэх тогтоолын хуулбар, Сахилга бат хүмүүжлийн тодорхойлолт /ХХ-ийн 154-156 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 220 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газар “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай “77-78” БЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан ”Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам чөлөөлөөгүй байсны улмаас “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь зогсож байсан тээврийн хэрэгслэлийн араас нь мөргөж, зам тээврийн осол гарч улмаар “Toyota Alphard” маркийн машинд зорчин явсан иргэн улмаар Г.Ганбат нас барж, жолооч С.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газар “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дугаар зүйлп заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. Гэсэн заалтыг зөрчиж зам дээр зайлшгүй зогсолт хийсэн / эвдрэлийн улмаас/ “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай “77-78” БЧ улсын дугаартай чиргүүлтэй том оврын тээврийн хэрэгслийг араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас С.Бгийн машинд зорчин явсан иргэн Г.Ганбат нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 34-35 дугаар хуудас/, Гэрч, Иргэний нэхэмжлэгч Д.Чцын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 41, 56-58 дугаар хуудас/, Гэрч Н.Ясгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 54-55 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт /1-р ХХ-ийн 64 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-ийн 69 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Отгончимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №118 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 92-94 дүгээр хуудас/, Шинжээч Ц.Одбаярын дүгнэлт /2-р ХХ-ийн 6 дугаар хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №13/16 дугаартай техникийн шинжээч нарын дүгнэлт /2-р ХХ-ийн 200-201 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р ХХ-ийн 7 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Д, С.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газар “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай “77-78” БЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь араас нь мөргөж, зам тээврийн осол гарч улмаар иргэн улмаар Г.Ганбат нас барж, иргэн С.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Хоёр даваа гэх газар “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дугаар зүйлийг зөрчсөний улмаас “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай “77-78” БЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийг араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г.Ганбат нас барж, иргэн Д.Чцын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь тус тус тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрх хасах ял оноон, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гаравгаанжуурт шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оршуулгын зардал 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 5,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сард багтаан төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Чц нь шүүгдэгч нараас хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болно.
Харин нас барагч Г.Ганбатын төрсөн охин болох 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ганбат овогтой Эгшиглэнд хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг гаргахдаа тэжээгч цалин орлого өндөртэй ажил хийж байсан гэх боловч цалин хөлс нь тодорхой бус байх тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцон 420000 төгрөг-170000 төгрөг тооцож шүүгдэгч нараас 250000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хүүхдийг насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүргийг гэм буруутай этгээдүүдээр хариуцуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Мөн С.Бгийн №872503 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэх, Ц.Дгийн №47846 дугаартай жолоочийн “В,С,D,E” ангилалын үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, Ц.Дгийн “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, С.Бгийн “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгож, автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэлийг эзэмшигч нь буцаан олгож, энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шонхор овогт Цэндбазарын Д, Олхонод овогт Сайнбаярын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, Шүүгдэгч Шонхор овогт Цэндбазарын Дг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгээс шүүхийн тогтоолоор гаргасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг 06 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Шүүгдэгч С.Бгийн №872503 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэх, шүүгдэгч Ц.Дгийн №47846 дугаартай жолоочийн “В,С,D,E” ангилалын үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.Дгийн “DAEWOO” маркийн “22-73” УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч С.Бгийн “Toyota Alphard” маркийн “70-97” УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гаравгаанжуурт шүүгдэгч Ц.Дгээс оршуулгын зардал 5,000,000 төгрөг, Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох сар бүр 125,000 төгрөг гаргуулж олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч С.Бгаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгч Д.Чц нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэнг тус тус дурьдсугай.
9. Автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэлийг эзэмшигч нь буцаан олгосугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.