| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0089/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/104 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/104
2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дугаар 2020/ШЦТ/104 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Аюуш,
Шүүгдэгч: Ц.Ц,
Шүүгдэгч: Э.Д
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн №1269/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, Э.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000360064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Тэс петролиум ШТС-42 салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа салбарын эрхлэгч Ц.Цтой бүлэглэн байгууллагынхаа орлогын мөнгөнөөс 58.656.611 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Тэс петролиум ШТС-42 салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлыг ашиглаж, түгээгч Э.Дтой бүлэглэн байгууллагынхаа орлогын мөнгөнөөс 58.656.611 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, шүүгдэгч Э.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдгээрт холбогдох эрүүгийн 2029000360064 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ:
“...Би 2019 оны 07 дугаар сараас Өмнөговь аймаг, Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” ШТС-42-т эрхлэгчээр ажиллах болсон. “Тэс петролиум” ХХК-д их хэмжээний хохирол учруулсандаа харамсаж байна. Хохирлыг барагдуулах болно. Э.Д нь энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй, би ганцаараа энэ хэргийг үйлдсэн. Цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө айж сандарсан байсан болохоор Э.Дтой хамт үйлдсэн гээд хэлчихсэн юм. Энэ хэргийг би дангаараа зохион байгуулж хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ:
“...2019 оны 04 дүгээр сараас Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ШТС-42-т түгээгчээр ажилд орсон. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үед Ц.Ц надад хандаж ирж бензин аваад байдаг ах 3 сая төгрөг 10 % хүүтэй мөнгө зээлээч гэж байна яах уу гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна гэж хариулсан. Энэ талаараа ч цагдаа дээр эхний мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Ц.Ц ах гуйгаад 2-лаа хамт энэ хэргийг үйлдсэн гээд хэлчихья гэхээр нь үгээ нийлүүлж байгаад цагдаад хамт үйлдсэн гээд мэдүүлчихсэн. Тэрнээс энэ хэргийг би үйлдээгүй, Ц.Ц ах дангаараа хийсэн. Би худал мэдүүлэг өгсөндөө бол хариуцлага хүлээнэ. Ц.Ц ахын “Тэс петролиум” ХХК-д учруулсан хохирлыг төлж барагдуулахад найзын хувьд тусалж дэмжинэ, Ц.Цын мөнгө зээлүүлээд хүүд нь авсан 300.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг 6.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг түр зээлж аваад буцаагаад өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аюуш мэдүүлэхдээ:
“...манай компани өдөр болгон орлогын мөнгөө банкинд тушаадаг, тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн өдөр болгон тушаах ёстой орлогын мөнгө тухайн өдрөө биш хэд хоногийн дараа тушаагдаад яваад байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” ШТС-42 дугаартай газар шалгалт хийхэд нийт 58.656.611 төгрөг дутсан, түүнээс 12.000.000 төгрөгийг Ц.Ц, Э.Д нар төлсөн, одоо 46.656.611 төгрөг үлдсэн учир хохирлоо барагдуулж авахыг хүсч байна. 12 сая төгрөгийн хохирлыг барагдуулахдаа ажил дээр Ц.Ц, Э.Д нар нь ирж 6, 6 сая төгрөгөөр зээл авч төлсөн, энэ байдлаас харахад хэргийг энэ 2 хүн хамтдаа хийсэн учир хохирлоос тал хагасыг барагдуулсан байх гэж бодож байна. Мөн ар гэрийн хүмүүс нь хүртэл ирж уулзсан ба ажилд нь эргүүлж аваад хохирол төлбөрийг барагдуулах саналыг тавьсан. Компанийн зүгээс 46.656.611 төгрөгийн 50 хувийг төлчихбөл ажилд нь эгүүлэн авч ажиллуулаад хохирлоо барагдуулж болно гэсэн саналыг хэлсэн боловч одоог хүртэл дахин нэмж хохирлоос төлөгдөөгүй” гэв.
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аюушийн мэдүүлэг /хх-28-30/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Аюушийн мэдүүлэг /хх-31-33/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Гэрэлмаагийн өгсөн мэдүүлэг /хх-34-36/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цын өгсөн мэдүүлэг /хх-41-43/,
-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Цын өгсөн мэдүүлэг /хх-52-54/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дийн өгсөн мэдүүлэг /хх-41-43/,
- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Дийн өгсөн мэдүүлэг /хх-55-57/,
- “Тэс петролиум” ШТС-42 салбарт гарсан төлбөрийн акт /хх-15-16/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт /хх-126-127/,
- “Тэс петролиум” ХХК-ийн захирлын тушаал, Э.Д, Ц.Ц нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн тайлан /хх-113-122, 158-159/,
- Шүүгдэгч Э.Д, Ц.Ц нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59, 63/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-58, 61/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Тэс петролиум ШТС-42 салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлыг ашиглаж, түгээгч Э.Дтой бүлэглэн байгууллагынхаа орлогын мөнгөнөөс 58.656.611 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Тэс петролиум ШТС-42 салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа салбарын эрхлэгч Ц.Цтой бүлэглэн байгууллагынхаа орлогын мөнгөнөөс 58.656.611 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аюушийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” ШТС-42 дугаартай газар шалгалт хийхэд нийт 58.656.611 төгрөг дутсан, түүнээс 12.000.000 төгрөгийг Ц.Ц, Э.Д нар төлсөн одоо 46.656.611 төгрөг үлдсэн учир хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-28-30/,
Гэрч Б.Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай компани өдөр болгон орлогын мөнгөө банкинд тушаадаг, тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн өдөр болгон тушаах ёстой орлогын мөнө тухайн өдрөө биш хэд хоногийн дараа тушаагдаад яваад байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэнэтийн шалгалт хийхэд тухайн мөнгө дутсан байсан. Тэгээд Ц болон түгээгч нараас асуухад түгээгч Э.Д, эрхлэгч Ц.Ц нар нь байгууллагын мөнгийг хувьдаа завшин хүнд өндөр хүүтэй зээлүүлсэн тухайн мөнгөө олж авч чадахгүй нөгөө хүнээ олохгүй байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-31-33/,
Гэрч П.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ШТС-42-н эрхлэгч Ц.Ц гэх хүн 2019 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн банкинд тушаах ёстой мөнгө тушаахгүй байсан. Тэгэхээр нь өөрөөс нь асуухад шинээр ажилд орсон түгээгч нар банкинд орох ёстой бэлэн мөнгө дутсан учир банкинд тухайн мөнгийг нь тушаахгүй байгаа юм бүрдүүлж байгаад банкинд тушаана гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын дундуур 11 сарын тушаагаагүй байсан мөнгөө нөхөж хийсэн боловч 12 дугаар сарын мөнгө тушаагдаагүй. Тэгэхэд нь Цд чи банкинд тушаах ёстой бэлэн мөнгөө дутуугаар нь хурдан тушаагаадах гэж хэлэхэд мөнгө тушаасан түгээгч зээл авч байгаа өнөөдөр бүтнэ тэгэхээр нь бүрэн болгоод энэ 7 хоногт багтаагаад тушаана гэж хэлсэн. Түүнээс хойш тушаахгүй байхаар нь дахиж нэхэхэд Улаанбаатар хотод ирчихсэн байна, эмнэлэгт байна, зодолдоод цагдаа дээр байна бэлэн мөнгө сейфэнд байгаа, очоод тушаана гэх мэтээр ярьдаг байсан. Тэгээд болохгүй байхаар нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр удирдах албан хаагч нарт мэдэгдээд гэнэтийн шалгалт хийхээр Улаанбаатар хотоос Ханбогд суманд байрлах “Тэс петролиум” ШТС-д ирэхэд шалгалтаар 58.656.611 төгрөг дутсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн мөнгийг яасан талаар Цоос асуухад хүнд зээлдүүлчихээд алдчихсан тухайн хүнээ олохгүй байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-34-36/,
Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сараас Өмнөговь аймаг, Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” ШТС-42-т эрхлэгчээр ажиллах болсон. 2019 оны 10 дугар сарын сүүлээр цагаанхад гэх газар нүүрс тээврийн том автомашин жолооддог гэх Батдорж овогтой Буяндэлгэр гэж хүнтэй танилцсан бид хоёр хамт Улаанбаатар хотоос замын нэг автомашинаар ирж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Буяндэлгэр гэх хүн манай ажил дээр ирээд 7 хоногийн хугацаатай 3 сая төгрөг зээлчих ах нь 10% хүүтэй буцааж өгнө хувиараа юм хийх гэж байна ах нь баталгаатай 7 хоног дотор 300000 төгрөг ороод ирэхээр чамд зүгээр байгаа биз гэж гуйгаад байхаар нь би ШТС-ийн 2 өдрийн орлогоос бэлэн 3 сая төгрөг аваад Б.Буяндэлгэр гэх хүнтэй орой ажлаас холдож байгаад уулзаад өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа Буяндэлгэр надтай уулзаад 3300000 төгрөг өгсөн. 3 хоногийн дараа буюу 12 сарын 05-ны өдөр Буяндэлгэр манай ажил дээр ирсэн тэгээд Д бид хоёртой уулзаад ах нь Цагаанхад гэх газар нүүрс тээврийн том автомашин аваад хувиараа явахад ашиг гайгүй олно та хоёроос мөнгө гарч байгаа юм чинь ах нь арай илүү өгнө наад мөнгө төгрөгийг чинь дор нь буцаагаад өгнө 37 сая төгрөг олоод өг гэж гуйсан тэгэхээр нь Дтой дахиж зөвөлдөхөд зөвшөөрсөн тэгээд тушаагаагүй байсан орлогоны мөнгөнөөс 37 сая төгрөг бэлнээр авч өгсөн 7 хоногийн дараа 10 % хүүтэй хамт буцааж өгнө гэж хэлсэн тэгээд миний утас руу залгахгүй байхаар нь 8 хоногийн дараа Буяндэлгэрийн барьж байсан 99674668 дугаар руу байгууллагын 80502042 дугаараас залгаж ярихад 37 сая төгрөг арай хүрэхгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь юу гэсэн үг юм 7 хоног өнгөрчихлөө мөнгө төгрөг өг гэж хэлэхэд арай хүрэхгүй байна чи одоо 18 сая төгрөг олоод өгчих тэгээд ах нь бүгдийг нь нэг мөсөн хүүтэй нь өгнө гэж хэлсэн тэгэхээр нь байгууллагын тушаагаагүй байсан орлогын мөнгөнөөс 18 сая төгрөгийг 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Тухайн өдөр Буяндэлгэр өөрөө ирж Д бид хоёртой уулзаад аваад явсан тэгэхдээ taxi аваад явж байна цагаан хаднаас явж байна гэж хэлсэн саарал өнгөтэй prius 11-ээр явж байсан дугаарыг нь хараагүй. Түүнээс хойш 2-3-н хоногийн дараа Буяндэлгэрийн гар утас дуудаад авахгүй байсан тэгж байснаа маргааш нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгэхээр нь Буяндэлгэр манай гэр энэ гэж зааж өгч байсан газар нь очиход гэрээ аваад нүүгээд явчихсан байсан. Түүнээс хойш Тэс петролиумын өдөр тутам тушаадаг мөнгө дутаад байсан учир дараагийн өдрөөс нь нөхөөд хийгээд яваад байсан тэгэхэд Улаанбаатар хотоос гэрэлмаа гэх нягтлан яагаад мөнгөө тушаахгүй байгаа юм гэж нэхэхэд нь би удаа дараа сейф-д байгаа мөнгө дутаад байгаа болохоор тушаагаагүй юм гүйцээгээд бүгдийг нь хийнэ гэж хэлсэн дараа нь мөнгө тушаа гээд нэхээд байхаар нь зам тээврийн осолд орчихсон эмнэлэг дээр байна мөнгө сейфинд байгаа очоод тушаана гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос гэнэтийн шалгалт ирээд тэгээд 58.656.611 төгрөг дутсан байна гэж цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хх-37-40/,
Гэрч Э.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сараас Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ШТС-42-т түгээгчээр ажилд орсон тэгээд 07 сард нь Цэдэнсондном манай ШТС-ийн эрхлэгчээр ажиллахаар ирсэн. 2019 оны 11 дүгээр сарын 24-ны үед Ц надад хандаж ирж бензин аваад байдаг ах 3 сая төгрөг 10 % хүүтэй мөнгө зээлээч гэж байна яах уу гэж асуухаар нь бид 2 ярьж байгаад ШТС-ийн орлогын мөнгөнөөс зээлэхээр болсон тэгээд Ц бид хоёр Буяндэлгэр гэх хүний Ханбогд сумын төвд байдаг хашааны гадаа нь очиж дуудаад бэлнээр 3 сая төгрөг өгөхөд 7 хоногийн дараа буцаагаад 3300000 төгрөг өгсөн тэгэхдээ дахиж мөнгө зээлээд нүүрс тээврийн том машин хувьдаа аваад зээлсэн мөнгөө өгөөд орлогоо хувааж авья гэж яригдсан учир тухайн өдрөөс хойш орлогын мөнгийг тушаалгүй хадгалаад байсан. Ц бид хоёр хүүний 300000 төгрөгийг хувааж авсан, 12 сарын 05-ны өдөр Буяндэлгэр ажлаас холгүй ирчихсэн байна гэж хэлсэн тэгээд 37 сая төгрөг зээлчих гэсэн учир тушаагаагүй хадгалж байсан орлогны мөнгөнөөс 37 сая төгрөг аваад бэлнээр нь аваачиж өгсөн 7 хоногийн дараа Буяндэлгэр гэх хүн сумын хаалганы тэнд ирчихсэн байна гэж Цыг дуудсан тэгээд Ц ганцаараа очоод хүү гэж 6 сая төгрөг аваад хүрч ирсэн тэр мөнгийг нь Ц бид хоёр хувааж авсан. 12 сарын 10-д гаргаад Буяндэлгэр гэх хүн дахиж Ц руу залгаад машин авах гэсэн мөнгө дутчихлаа 18 сая төгрөг дахиад зээлчих гэж хэлсэн тэгээд 12 сарын 15-ны өдөр Буяндэлгэр гэх хүн сумын хаалган дээр ирээд дуудахад нь Ц ганцаараа орлогын мөнгөнөөс 15 сая төгрөг бэлнээр аваад хүргэж өгсөн 7 хоногийн дараа буцааж хүүтэй нь хамт өгнө гэж хэлээд тэрнээс хойш утсаа авалгүй унтраагаад алга болсон” гэх мэдүүлэг /хх-41-43/,
Шүүгдэгч Ц.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 07 дугаар сараас Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ШТС-42 салбарын эрхлэгчээр ажиллах болсон. 2019 оны 10 сарын сүүлээр Улаанбаатар хот руу ажлаар яваад буцаж замын унаагаар ирж байхдаа хамт унаанд суусан Батборжын Буяндэлгэр гэх 30 гаран насны ахтай танилцсан. Тэр хүн өөрийгөө Цагаанхад гэх газарт том тэрэгний жолооч хийдэг гэж байсан. 2019 оны 11 сарын 24, 25-ны үед хотоос ирж байхдаа танилцсан Б.Буяндэлгэр гэх хүн манай ажил дээр ирээд ахдаа 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай 10 %-ийн хүүтэй зээлчих ах нь найдвартай буцааж өгнө гээд гуйгаад байхаар нь 3 сая төгрөгийг “Тэс петролиум” ШТС-42-ийн орлогноос бэлнээр ажлын гадаа гаргаж өгсөн. Тэгээд яг 7 хоногийн дараа Б.Буяндэлгэр манай байгууллагын 80502042 дугаар руу 99674668 дугаараасаа залгаад надтай уулзаж зээлсэн 3 сая төгрөгөө 10 % хүүгийн хамт 3.300.000 төгрөг өгсөн. Тэгээд 2019 оны 12 сарын 05-ны өдөр Б.Буяндэлгэр ах надтай Ханбогд сумын Говь рестораны хойд талд байдаг сагсны шийдний тэнд хүрээд ир гэхээр нь түгээгч Э.Дийн хамт очиход Б.Буяндэлгэр ах нэг хүний машинд сууж байсан тэгээд Буяндэлгэр өөрийгөө Цагаанхад гэх газар нүүрс тээврийн автомашинтай нүүрс тээвэрт явдаг ашиг сайн олдог юм, одоо дахиж нэг автомашин аваад жолооч олоод хувиараа явахад гайгүй мөнгө олно шүү гээд том оврын машин авах юм яриад ах нь жолооч олно гээд 37 сая төгрөг олоод өг 7 хоногийн хугацаатай 10 %-ийн хүүтэй зээлээч гэж гуйсан тэгэхээр нь түрүү 3 сая төгрөг зээлээд хугацаанд нь хүүтэй өгсөн болохоор итгэж болохоор санагдсан тул Дтой дахиж зөвлөлдөөд зөвшөөрсөн тэгээд ажил руу очиж орлогын мөнгөнөөсөө 37 сая төгрөг бэлнээр аваад буцаж сагсны шийдний тэнд байхад нь аваачиж өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа Буяндэлгэрийн 99674668 дугаар руу залгаж ярихад ах нь нэг машин авах гэсэн чинь жоохон мөнгө дутаад байна чи одоо 18 сая төгрөг олоод өгчих тэгээд ах нь бүгдийг нь нэг мөр хүүтэй нь өгнө одоо бол удахгүй гэхээр нь 2019 оны 12 сарын 15-ны өдөр байгууллагын орлогын мөнгө тушаагаагүй байсан учраас уг мөнгөнөөс 18 сая төгрөгийг тэр оройдоо Ханбогд сумын гарах хаалган дээр уулзаж бэлнээр өгсөн. Ингээд нийт 55 сая төгрөг зээлсэн. Тухайн үед Буяндэлгэр ирэхдээ Приус 11 маркийн саарал өнгийн машинтай Цагаанхаднаас ирлээ Таxi-тай явж байна гэсэн, машины дугаарыг нь хараагүй, түүнээс хойш хэд хоног нягтлан Гэрэлмаа залгаад орлогоо яагаад тушаахгүй байгаа юм гэж яриад байхаар нь дутаад болдоггүй ээ хэд хоногоос гүйцээж байгаад тушаая гэж хэлсэн. ...2020 оны 01 сард Улаанбаатар хотоос гэнэтийн шалгалт ирсэн тэгээд 58.656.611 төгрөг дутсан байна гэж ажлаас халж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хүнд 55 сая төгрөг зээлсэнээс гадна 3.656.611 төгрөгийг Э.Д бид 2 дутаасан” гэх мэдүүлэг /хх-52-54/,
Шүүгдэгч Э.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум ШТС-42” дугаартай салбарын түгээгчийн ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж хийсэн. 2019 оны 11 сард нэг Цэнхэр өнгийн портер маркийн машинтай 30 гаран насны ах түлш авсан юм, тэр ах Ц бид хоёртой танилцаад манай ажлын дугаарыг авсан юм. Тэр хүн Цагаанхад гэх газарт том тэрэгний жолооч хийдэг өөрийгөө Буяндэлгэр гэж танилцуулж байсан. Тэгээд хэд хоногийн дараа 11 сарын 24, 25-ны үед байх манай байгууллагын 80502042 руу Буяндэлгэр гэх хүн залгаад Цтой ярьсан тэр хүн 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай 10% хүүтэй зээлчих ах нь найдвартай буцааж өгнө гэж байна гэж Ц надад хэлсэн тэгээд 3 сая төгрөгийг “Тэс петролиум ШТС-42”-ийн орлогоноосоо авч бид хоёр хамт тэдний гэр гэх хашааны гадна очиж өгсөн. Тэгээд яг 7 хоногийн дараа Б.Буяндэлгэр манай байгууллагын 80502042 дугаар руу 99674668 дугаараасаа залгаад зээлсэн мөнгөө буцааж өгье гэхээр нь Ц явж зээлсэн 3 сая төгрөгөө 10 хувийн хүүгийн хамт 3.300.000 төгрөг авчирсан. Ц бид хоёр хүний 300.000 төгрөг хувааж авсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Буяндэлгэр гэх хүн Ханбогд сумын “Говь” рестораны хойд талд байдаг сагсны шийдний тэнд хүрээд ир гэж байна Ц хэлэхээр нь очиход Б.Буяндэлгэр өөрийгөө Цагаанхад гэх газар нүүрс тээврийн автомашинтай нүүрс тээвэрт явдаг ашиг сайн олдог юм, одоо дахиж нэг автомашин аваад жолооч олоод хувиараа явахад гайгүй мөнгө олно шүү гээд том ачааны машин авах юм яриад байсан тэгээд 37 сая төгрөг олоод өг 7 хоногийн хугацаатай 10 %-ийн хүүтэй зээлээч гэж гуйсан тэгэхээр нь түрүү 3 сая төгрөг зээлээд хугацаанд нь хүүтэй өгсөн болохоор итгэж болохоор санагдсан Ц бид хоёр ярилцаж байгаад 37 сая төгрөг зээлэхээр зөвшөөрсөн тэгээд ажил руу очиж орлогын мөнгөнөөс 37 сая төгрөг бэлнээр аваад буцаж сагсны шийдний тэнд байхад нь аваачиж өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа Буяндэлгэр сумын хаалганы тэнд ирчихсэн байна гэж Цыг дуусан тэгээд Ц ганцаараа очиж хүү гэж 6 сая төгрөг авч ирсэн тэр мөнгийг Ц бид хоёр хувааж авсан. Тэгээд хэд хоногийн дараа 12 дугаар сарын 10-д гаргаад Буяндэлгэр гэх хүн Ц руу дахиж залгаад машин авах гэсэн чинь 18 сая төгрөг дутаад байна гэж ярьж байна гэж байсан тэгээд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын орлогын мөнгө тушаагаагүй байсан учраас уг мөнгөнөөс 18 сая төгрөгийг тэр оройдоо Ханбогд сумын гарах хаалган дээр Ц ганцаараа явж хүргэж өгсөн 7 хоногийн дараа буцааж хүүтэй нь хамт өгнө гэж хэлээд тэрнээс хойш утсаа авалгүй унтраагаад алга болсон. Хүнд 55 сая төгрөг зээлсэнээс гадна
3.656.611 төгрөгийг Ц.Ц бид 2 дутаасан” гэх мэдүүлэг /хх-55-57/,
Шүүгдэгч Ц.Цын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дийн өгсөн “...Ц.Ц ах гуйгаад 2-лаа хамт энэ хэргийг үйлдсэн гээд хэлчихья гэхээр нь үгээ нийлүүлж байгаад цагдаад хамт үйлдсэн гээд мэдүүлчихсэн. Тэрнээс энэ хэргийг би үйлдээгүй, Ц.Ц ах дангаараа хийсэн...” гэх мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аюушийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, “Тэс Петролиум” ХХК-тай тооцоо нийлсэн акт, тайлбар бичиг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгө завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Дид бусдад их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгө завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Ц.Цыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгө завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Дид бусдад их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгө завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тэс Петролиум” ХХК-д гэм хорын хохиролд 58.656.611 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэс Петролиум” ХХК-ийн шалгалт хийж, төлбөр тогтоосон акт, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт /хх-123-127/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аюушийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч П.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Цын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тэс Петролиум” ХХК-д учирсан гэм хорын хохирлоос 12.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц, Э.Д нар тус бүр 6.000.000 төгрөгөөр төлсөн, энэ тал дээр талууд маргаагүй болно. Үлдэх 46.656.611 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц төлж барагдуулна, шүүгдэгч Э.Д Ц.Цын найзын хувьд төлж барагдуулна гэж тус тус тайлбарласан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Э.Д нараас гэм хорын хохиролд нийт 46.656.611 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тэс Петролиум” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ц.Ц, Э.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг бүрэн арилгаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь хохирлоо нөхөн төлнө гэдэг боловч хэзээ хэрхэн төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй тохиролцоонд хүрч чадаагүй учир хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлмийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 11.000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц, Э.Д нар цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд шүүгдэгч Ц.Ц, Э.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.