Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01152

 

“Б Т” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00233 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 747 дугаар магадлалтай,

“Б Т” ХХК-ний нэхэмжлэлтэй

ММК ХХК-д холбогдох

Өөрөө буулгагч 10 ширхэг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний дагуу илүү төлсөн 49 866 122 төгрөг, хохиролд 193 080 720,5 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зээлээр худалдан авсан 15 автомашины төлөгдөөгүй үнэ, хүү, алдангид 901 228 330,56 төгрөг гаргуулах, уг барьцааны зүйл болох өөрөө буулгагч 18 ширхэг автомашин, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмжийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн Р.Буянтогтох, хариуцагч өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ММК ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр МЛ15/02 тоот Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг бүр нь 355 000 юань буюу нийт 1 775 000 юанийн үнэ бүхий Фотон үйлдвэрийн BJ3252DLPJB маркийн 5 ширхэг өөрөө буулгагч автомашиныг зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр МЛ15/04 тоот Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу мөн дээрх үнэ, үзүүлэлт, марк бүхий 5 ширхэг автомашиныг ижил нөхцлөөр зээлээр худалдаж авсан. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дахин ММК ХХК-тай гэрээ байгуулж, нэг бүр нь 65 000 000 төгрөг буюу нийт 325 000 000 төгрөгөөр фотон үйлдвэрийн BJ2531 маркийн 51-42 УНМ, 67-42 УНМ, 46-08 УНМ, 47-14 УНМ, 51-37 УНМ улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг худалдаж авахаар тохиролцсон. Манай компани гэрээний дагуу нийт 1 161 175 862 төгрөгийг төлж барагдуулсан нь дээрх 3 гэрээний үнийг бүрэн төлсөн гэх үндэслэл болно. Учир нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үед Монгол банкнаас тогтоосон юанийн ханшаар төлөх ёстой ба тухайн үеийн юанийн ханш 313.88 төгрөг байсан юм. Иймд бид 49 866 122 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна. Хариуцагч ММК ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 18, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд манай компанийг тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Заамар суманд ажил хийж байхад ажлын талбай дээр очиж, хууль бусаар, хүч хэрэглэн нийт 8 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг хураан авч явсан. Бид Уулс заамар ХХК-тай хөрс шорооны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд 25 автомашин ажиллуулах, ажиллуулж буй машин нь гэрээгээр тохирсон нийт машины 75 хувьд хүрэхгүй бол гэрээнд заасны дагуу торгууль төлөх үүрэг хүлээсэн байсан. Түүнчлэн бид нэг машин ажиллуулаад хоногт 331.917 төгрөгийн орлого олдог, ММК ХХК-иас худалдаж авсан 2 машин 88 хоног ажиллаагүй, 3 машин 81 хоног ажиллаагүй. Иймд 5 автомашины олох ёстой байсан орлого болох 140 080 720,5 төгрөгийг алдсан. Мөн Уулс заамар ХХК-д гэрээний дагуу нийт 53 000 000 төгрөгийн торгууль төлсөн. Иймд 3 гэрээний дагуу худалдаж авсан нийт 15 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний үүргээ гүйцэтгэхийг ММК ХХК-д даалгаж, илүү төлсөн 49 866 122 төгрөг, мөн гэм хорын хохиролд нийт 193 080 720,5 төгрөгийг тус тус хариуцагч ММК ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авдаг бөгөөд “Б Т” ХХК-тай 3 удаа гэрээ байгуулж, нийт 15 ширхэг өөрөө буулгагч автомашиныг сарын 2 хувийн хүүтэйгээр төлбөрийг төлж барагдуулахаар зарсан. Эхний 2 гэрээний хувьд урьдчилгаа авсан, үлдэх төлбөрийг график гаргаж, хүү тооцож төлөхөөр харилцан тохиролцсон ба 10 ширхэг нь шинэ автомашин юм. 3 дахь гэрээгээр “Б Т” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 5 ширхэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг бүрийг нь 65 000 000 төгрөгөөр тооцож, нийт 325 000 000 төгрөгөөр хүүгүйгээр, тохирсон хугацааны дагуу төлж барагдуулахаар худалдсан. Гэтэл “Б Т” ХХК нь хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйн улмаас манай компани их хэмжээний алдагдалд орсон. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Б Т” ХХК-ийн захирал, нягтлан бодогч, манай компанийн захирал, нягтлан бодогч нар 3 гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоогоо нийлж баталгаажуулсан ба улмаар уг төлбөр тооцоо нийлсэн актыг үндэслэн 3 гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч “Б Т” ХХК нь төлбөрөө төлөлгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр сүүлийн гэрээний төлбөр буюу 325 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээнд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүү тооцохоор тохирч, эхний гэрээний үүрэг биелэгдсэн болохыг дүгнэж, төлбөрийг Монгол төгрөгт шилжүүлж, 2 болон 3 дугаар гэрээний нийт төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг, төлбөл зохих хүүгийн хамтаар 770 818 887,04 төгрөг болохыг тогтоосон. Үүнээс 170 000 000 төгрөгийг “Б Т” ХХК төлсөн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу ойлгож хэрэглэж байна. Түүнчлэн гэрээнд заасны дагуу манай компани худалдсан хөрөнгөө барьцаалах эрхтэй тул “Б Т” ХХК-д ямар нэг хохирол учруулаагүй, хохирол учруулсан гэх баримт нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ05/02, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЛ15/04, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн МЛ16/02 тоот гэрээнүүдийн дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлж 770 818 887.04 төгрөг болохыг баталгаажуулж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өмнөх 3 гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл юм. “Б Т” ХХК нь тооцоо нийлснээс хойш 170 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн бид гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, харин гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө шаардах эрхтэй тул үлдэх төлбөр болох 600 818 887.04 төгрөгийг, 50 хувиар тооцсон алданги 300 409 443,52 төгрөг, нийт 901 228 330,5 төгрөгийг “Б Т” ХХК-иас гаргуулж, барьцааны гэрээний дагуу “Б Т” ХХК-д зарсан 15 ширхэг автомашин болон тус компанийн өмчлөлийн 3 автомашин, нийт 18 автомашин, мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо,1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний дагуу нэг бүр нь 65 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашиныг 325 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Б Т” ХХК-ийн өмч байсан нэг бүр нь 70 000 000 төгрөгийн үнэтэй, нийт 210 000 000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг норд бенз маркийн автомашиныг хариуцагч ММК ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлэх замаар барьцаалж авч явсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 18, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд манай гэрээт ажлын байрнаас өөрийн зарсан 5 машинаа хууль бусаар, хүчээр хураан авч манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн хүү болон алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх гэрээнүүдийн дагуу ММК ХХК нь тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг манай компанид шилжүүлж өгөх ёстой бөгөөд өмчлөх эрхийг удаа дараа шилжүүлж өгөхийг шаардаж байхад өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээ нь логик авцалдаагүй, 3 гэрээг нэгтгэн дүгнэсэн шинжтэй хууль зөрчсөн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл 3 өөр төрлийн гэрээг нэгтгэн дүгнэж болохгүй тул бид уг гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00233 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан “Б Т” ХХК-иас 578 452 099,04 төгрөгийг гаргуулан ММК ХХК-д олгож, Автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашины, мөн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, BJ2531 маркийн, 51-42 УНМ, 67-42 УНМ, 46-08 УНМ, 47-14 УНМ, 51-37 УНМ улсын дугаартай, 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг ММК ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 322 776 231,52 төгрөг гаргуулах, Фотон үйлдвэрийн BJ3252DLPJB маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашин, BJ2531 маркийн, 51-42 УНМ, 67-42 УНМ, 46-08 УНМ, 47-14 УНМ, 51-37 УНМ автомашинуудыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг, мөн хохиролд 193 080 720,5 төгрөгийг, илүү төлсөн 49 866 112 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч “Б Т” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг, Бэйбэн үйлдвэрийн ND2534 маркийн, 75-42 УНИ, 92-74 УНИ, 72-15 УНИ улсын дугааруудтай 3 ширхэг автомашинуудыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасаны журмын дагуу худалдан борлуулж, үнийн дүнгээс шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 759 431 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 4 834 798 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 8 311 393 төгрөгийг, хариуцагчаас дутуу төлсөн 100 507 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч ММК ХХК-иас 8 856 089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б Т” ХХК-д, нэхэмжлэгч “Б Т” ХХК-иас 3 120 410 төгрөгийг гаргуулан хариуцагч ММК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 747 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б Т” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаартай гэрээний дагуу Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч ММК ХХК-д даалгаж, нэхэмжлэгч “Б Т” ХХК-иас 578 452 099 төгрөгийг гаргуулан хариуцагч ММК ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай болон илүү төлсөн 49 866 112 төгрөгийг хохиролд 193 080 720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 322 776 231 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2. дах заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б Т” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Фотон үйлдвэрийн 15 ширхэг, Бэйбэн үйлдвэрийн 3 ширхэг, нийт 18 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын 8 856 089 гэснийг 2 928 813 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Б Т” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ММК ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 120 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч хэргийг хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянах эрх хэмжээтэй байтал хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ талуудын гаргасан гомдолд тулгуурлан шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол өгөөгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэж тухайн гэрээгээр шилжүүлсэн 1 775 000 юаны үнэ бүхий 5 ширхэг Фотон үйлдвэрийн өөрөө буулгагч автомашины өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн хэрнээ талуудын хооронд 2017 оны 05 сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулсан нэмэлт оруулах гэрээний дагуу төлбөрийг тооцсон байгаа нь тооцооллын хувьд өөрчлөлт оруулах үр дагавартай бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. 2. Гэрээний үүрэг нэг тал зөрчсөн нь нөгөө талдаа гэм хор учруулах боломж олгох үндэслэл болохгүй. Гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг төлөхийг шаардах, эрх бүхий байгууллагад хандах эрхийг эхний ээлжинд хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэдэг нь гэрээлэгч нөгөө талдаа гэм хор учруулж бизнесийн алдагдал хүлээлгэх үндэслэл болохгүй. 3. Шүүх иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218-ийг зөв тайлбарласан байна гэж үзсэн. Хуулийг шүүх хэрэглэхдээ үгийн шууд утгаар нь хэрэглэж тайлбарлах бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “мөнгөний ханш өссөн, буурсан,” гэх ойлголт нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш бус, харин мөнгөний арилжих чадвар, өөрийнх нь үнэ цэнийг илэрхийлсэн ойлголт тул” гэж тайлбарласан. Гэвч мөнгөний арилжих чадвар, өөрийнх нь үнэ цэнийг илэрхийлсэн ойлголт гэдэг нь Монгол төгрөгийн худалдан авах чадвар буурсан тохиолдолд түүнтэй харьцаж буй бусад валютын ханш өсөх зүй тогтолтой учир нь юаны ханш өссөн явдал нь төгрөгийг арилжих чадвар буурч өөрийн нь үнэ цэн унасан гэж ойлгох тул иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн 747 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.3-т нийцжээ.

Нэхэмжлэгч ““Б Т”” ХХК нь хариуцагч “ММК” ХХК-д холбогдуулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт буюу өөрөө буулгагч 10 ширхэг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, автомашины үнэд илүү төлсөн 49 866 122 төгрөг, 8 автомашиныг хурааж авснаас учирсан хохиролд 193 080 720 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. /хх-ийн 2, 147, 189/

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 600 818 887 төгрөг, алданги 300 409 443 төгрөг, нийт 901 228 330 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйл болох өөрөө буулгагч 18 ширхэг автомашин болон 2 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. /хх-ийн 64, 235, 238/

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигч талуудын хооронд байгуулагдсан нийт 3 гэрээ буюу 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаар,  2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЛ15/04 дугаар, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн МЛ16/02 дугаар “Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эдгээр гэрээнд нэмэлт оруулах гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д нийцжээ.

Эдгээр гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд аль аль нь үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой байна. ММК ХХК нь гэрээнд зааснаар 15 ширхэг автомашиныг худалдан авагч ““Б Т”” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, худалдан авагч 3 гэрээний төлбөрт нийт 1 161 175 862 төгрөгийг төлсөн, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр талууд тооцоо нийлж 770 818 887 төгрөгийг ““Б Т”” ХХК төлөх үүрэг хүлээсэн, үүнээс хойш “Б Т” ХХК нь 170 000 000 төгрөг төлсөн, гэрээний зүйл болох нийт автомашины өмчлөх эрхийг худалдан авагч “Б Т” ХХК-д шилжүүлээгүй байгаа үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасны дагуу тодорхой хугацаанд үнийг хэсэгчлэн эсвэл бүрэн төлөх  үүргийг тус тус хүлээнэ.

Худалдан авагч хүлээн авсан эд хөрөнгийн үнийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй бол худалдагч дутуу төлбөрийг шаардах эрхтэй тул ““Б Т”” ХХК-иас гэрээний үүрэгт 578 452 099 төгрөг гаргуулж ММК ХХК-д олгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болжээ.

Гэрээнд хүү төлөх, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээг зааж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа “ММК” ХХК нь автомашинуудын өмчлөх эрхийг ““Б Т”” ХХК-д шилжүүлэхээр тохирсон, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн акт, гэрээнд нэмэлт оруулсан гэрээ, барьцааны гэрээ зэрэг баримтад тулгуурлан давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 112 дугаар зүйлийн 112.1. 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх “Б Т” ХХКомпанийн нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаар гэрээний дагуу үүргээ биелүүлсэн тул худалдан авсан 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг энэ хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “Б Т” ХХКомпаниас 578 452 099 төгрөгийг гаргуулж ММК ХХК-д олгож, барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар шийдвэрлэж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болсон байх ба магадлалд заасан хууль хэрэглээ, эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагчийн гэм хор учруулсан үйлдлийг шүүх зөв дүгнэж чадаагүй гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 747 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн   гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                         ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА