Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0429/З |
Дугаар | 221/МА2022/0132 |
Огноо | 2022-02-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0132
Д.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.О нар
Нэхэмжлэгч: Д.Н
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Д.Н-ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 785 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.О нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2020/0429/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н- нь “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Д.Н-ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 785 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 48 дугаар зүйлийн 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Н-ийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг Татварын ерөнхий газраас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, тайлбарлан хэрэглэсэн тухайд
3.1.1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.
3.1.2. Шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг “түр орлон гүйцэтгүүлэх журам болон төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нэмэгдэл баталгааг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий Б/156 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
3.1.3. Д.Н-ийн хувьд татварын Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай гүйцэтгэж чадахгүй байсан бөгөөд ажил нь доголдолтой, ажил сайжруулах чиглэлээр өмнө нь шаардлага хүргүүлж байсан учраас бүтэц зохион байгуулалттай холбоотой (бүх албан хаагчдыг чөлөөлж, буцаан томилсон)-гоор чиг үүргийг нь өөрчлөн 2020.оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон, Хяналт шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.
3.1.4. Хариуцагчийн хувьд бодит нөхцөл байдал буюу энэхүү маргаан гарах үед, түүнээс өмнө ч Д.Н тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Тэрээр энэхүү тушаалтай маргаагүй энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж, түүнийг шууд жинхлэн томилох боломжгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн томилсныг Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан түр орлон гүйцэтгүүлэх журмын зөрчиж түр орлон гүйцэтгүүлсэн мэтээс дүгнэлт хийж, буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
3.1.5. Тэрээр энэхүү үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байсан учраас төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчихгүйгээр цалин, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр ижил албан тушаалд шилжүүлэн томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд Д.Н-ийн хувьд заавал хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд ажиллах ёстой буюу маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосноор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй.
3.1.6. Гэтэл шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлж байсан этгээдийг жинхлэн томилогдсон байсан учраас нэмэгдэл баталгаагаар хангагдаж, чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа бол үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан атлаа, түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон.
3.1.7. Мөн маргаан бүхий Б/156 дугаар тушаалын улмаас Д.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж зөрчигдсөн, эрх зүйн байдлыг хэрхэн дордуулсан талаар шүүхийн дүгнэлт тодорхойгүй. Нэхэмжлэгч ч тушаал хүчингүй болсноор миний ийм эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар үндэслэлээ тодорхойлоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалын үндэслэлийн талаар
3.2.1. Маргаан бүхий Б/458 дугаар тушаалаар илтгэх хуудсыг баталгаажуулсан, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэх 2 үндэслэлийг зааж, сахилгын шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч Д.Н- нь тушаалд заасан зөрчлийг гаргаагүй гэж маргаагүй болохыг шүүх анхаарч үзээгүй.
3.2.3. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “...илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, ажлын байрны тодорхойлолт /үндсэн зорилтын 1-5/ заасан зохицуулалт нь татварын улсын байцаагчид илт үндэслэлгүйгээр илтгэх хуудас, акт гаргаж байгаад хяналт тавих, түүнийг хянасны үндсэн дээр баталгаажуулах, ингэснээр хүчин төгөлдөр болох нөхцөлийг хуульчилж өгсөн бөгөөд Д.Н-ийн хувьд энэ үүргээ биелүүлээгүй. Дээр нь томилолт олгогдсон татварын улсын байцаагч Н.Ганчимэг нь илтгэх хуудас гарч байгааг ч мэдээгүй, түүн дээр гарын үсэг зураагүй байхад албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн томилолтыг дуусгавар болгосон үйлдэлд хариуцлага ногдуулсныг анхаараагүй бөгөөд тушаалыг хууль бус гэж үзэж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
3.2.4. Шүүх захиргааны эрх хэмжээнд халдаж, ажлын байрны тодорхойлолт, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар буруу тайлбарлажээ. Энэхүү зохицуулалт нь нэг талаараа татварын улсын байцаагчид илт үндэслэлгүйгээр акт, илтгэх хуудас үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж хянах, нөгөө талаар тухайн акт, илтгэх хуудсын хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулж буй эрх болоод үүрэг болгосон заалт юм.
3.2.5. Нөгөөтээгүүр “Американ стандарт ресурс” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарт дээрх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан тушаал үндэслэл бүхий гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр бөгөөд тэрхүү үйл баримттай шууд холбоотой, хамааралтай илтгэх хуудасны хүчин төгөлдөр үйлчлэлт байдлыг хянаж баталгаажуулсан үйлдэлд Д.Н-т хариуцлага оногдуулсан тушаалыг хууль бус гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
3.1. Маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан нийт алба хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилохдоо нэхэмжлэгчийг Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар зохицуулсан бөгөөд хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгчийг Татварын хяналт шалгалтын тасгийн даргын ажил үүргийг хангалттай гүйцэтгэж чадахгүй байсан” гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь маргаан бүхий актын үндэслэлд дурдагдаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн хувьд хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж, өөрийн гаргасан захиргааны акт, түүнийг үндэслэлийг бүрэн нотолж чадаагүй байна.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.
3.4. Нөгөө талаар хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “шинэ бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч Д.Н-ийг Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоход албан тушаалын ангилал, зэрэглэл, шатлал, цалин буураагүй” гэж тайлбарлах боловч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах;” гэж заасныг маргааны үйл баримттай холбогдуулан тайлбарлавал нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Татварын хяналт шалгалтын тасаг өөрчлөгдөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар байна.
3.5. Гэтэл хариуцагчаас зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н-ийг Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчжээ.
3.6. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/18 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд дээрх 18 дугаар тушаалаар дүүргүүдийн Татварын хэлтсийн зохион байгуулалтыг Захиргаа, хуулийн тасаг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг, Хувь хүний татварын тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг гэж өөрчилсөн зэргээс үзэхэд өмнөх нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалын орон тоо хасагдаагүй, Татварын хяналт шалгалтын тасгийн бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөөгүй байна.
3.7. Хариуцагчаас “Д.Н-ийн хувьд татварын Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай гүйцэтгэж чадахгүй байсан” гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх энэ нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим төдийгүй мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах учиртай.
3.7. Дээрх байдлаар Б/156 дугаар тушаалын үндэслэлүүд няцаагдаж, хариуцагч нь уг тушаалыг хууль зөрчин гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн байна.
4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,
4.1. Анхан шатны шүүх “Шалган зааварчлах ажлын хэсгийн санал тасгийн дарга Д.Н-ээс гадна татварын улсын байцаагч нарт холбогдуулж гарснаас, түүнчлэн тушаалд зөрчлийг албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Д.Н-т сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэлд тайланд дурдсан бусад зөрчлүүд хамааралгүй, татварын улсын байцаагч нарт олгосон Американстандарт ресурс ХХК-д татварын хяналт шалгалт хийх томилолтыг өөр нэгжид томилсон тушаал гарсны дараа хаасан нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хөндлөнгийн мэдээллийн санг шалгаагүйгээс зөрчилгүй гэж илтгэх хуудас бичсэнийг баталгаажуулсан нь хуульд нийцээгүй шийдвэр гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.2. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...ажлын байрны тодорхойлолтод /үндсэн зорилтын 1-5/ заасан зохицуулалт нь татварын улсын байцаагчид илт үндэслэлгүйгээр илтгэх хуудас, акт гаргаж байгаад хяналт тавих, түүнийг хянасны үндсэн дээр баталгаажуулах, ингэснээр хүчин төгөлдөр болох нөхцөлийг хуульчилж өгсөн бөгөөд Д.Н-ийн хувьд энэ үүргээ биелүүлээгүй ... Шүүх захиргааны эрх хэмжээнд халдаж, ажлын байрны тодорхойлолт, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар буруу тайлбарласан. Энэхүү зохицуулалт нь нэг талаараа татварын улсын байцаагчид илт үндэслэлгүйгээр акт, илтгэх хуудас үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж хянах, нөгөө талаар тухайн акт, илтгэх хуудсын хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулж буй эрх болоод үүрэг болгосон заалт юм” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.3. Учир нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзэхэд хариуцсан нэгжийн дарга буюу татварын хяналт шалгалт явуулаагүй нэхэмжлэгч нь хяналт шалгалт явуулсан улсын байцаагч нарын илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болгох зорилгоор зөвхөн баталгаажуулж гарын үсэг зурсныг түүнийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна.
4.4. Мөн маргаан бүхий Б/156 дугаар тушаалаар Д.Н нь Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон боловч ажлаа хүлээлцээгүй байхад нь өөр нэгжид томилсон, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр уг тушаал гарснаас хойш албаны эрх мэдлээ хэтрүүлж хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.5. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажил эрхлээгүй хугацааг зөв тооцож, цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасанд тус тус нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ