Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 12

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Ч О х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн З д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч   О   х  ” ХХК-ийн захирал Ж.А  , хариуцагч Хэнтий аймгийн З. д  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ч  О   х  ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани 2018 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлалтай 474 м.кв талбайтай 2 давхар барилгын объектыг “Буянсацрах” ХХК-иас худалдан авсан бөгөөд мөн тус объект байрлах худалдаа, үйлдвэрлэлийн зориулалттай 3780 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авахдаа, холбогдох баримтуудыг бүрдүүлж Хэнтий аймгийн Газрын албанд өгсөн. Газрын алба материал бүрдсэн гэж үзээд хүлээн авч, аймгийн Засаг дарга Н. Г  шаардлага хангасан эсэхийг тодруулж үзсэний үндсэн дээр 2018 оны 4 сарын 13-нд А/145 дугаартай захирамж гаргасан атлаа уг захирамжаа 2018 оны 5 сарын 30-нд А/190 дугаартай захирамжаараа манай компанийг “татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн” гэж, үүнтэй холбоотой ямар нэг хуулийн заалтыг баримтлалгүй, зөвхөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 94.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалт захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг заасан зохицуулалт болохоос газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой баримт бүрдүүлэлтэд огт хамааралгүй юм. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгохоор заасан.

Гэтэл Засаг даргын 4 дүгээр сарын 13-ны А/145 тоот захирамжийг ямар хууль тогтоомжид хэрхэн нийцээгүй талаар дурдаагүй, баримталсан хуулийн заалт, захирамжийн үндэслэл хоёр нь хоорондоо нийцэхгүй байгаа тул хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Засаг даргын энэ захирамжаас шалтгаалж манай компани нь худалдан авсан дээрх объект болон шилжүүлэн авсан газар дээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан тул хохирох нөхцөл бүрдээд байна” гэсэн байна.

Нэхэмжлэгч  захирал Ж.А   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Манай компани 2018 оны 4 дүгээр сарын  08-ний өдөр Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт обьект худалдаж авсан. Тухайн обьектийнхоо газрыг эзэмшиж авах гээд Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хандаад, бүрдүүлэх ёстой бичиг баримт болон шаардсан бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Татвар төлөгчийн тодорхойлолтын хувьд бол манай компани одоогоор үйл ажиллагаа эхлээгүй байгаа учраас “Х” тайлангаар явж байгаа. Тэр тодорхойлолтыг цахимаар газрын алба болон бусад байгууллагууд бүгд шалгах боломжтой, эрхтэй байдаг. Биднийг бичиг баримтаа бүрдүүлж өгсөнөөс хойш 14 хоногийн дараа Хэнтий аймгийн Засаг даргын манай компанид газар эзэмшүүлэх захирамж гарсан. Улмаар манай компани 550 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног, төхөөрөмж худалдаж авсан. Гэтэл 2 сарын дараа газрын албанаас танай газар зөрчилтэй учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн.  Шалтгаан нь татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим тодорхойлолт гаргаж өгөөгүй гэсэн байсан. Энэ асуудал нь хууль бус тул Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 5 сарын 30-ны өдрийн А/190 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь “....аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/145 дугаартай захирамжийг хууль тогтоомжид хэрхэн нийцээгүй талаар дурдаагүй, баримталсан хуулийн заалт, захирамжийн үндэслэл хоёр нь хоорондоо нийцэхгүй байна” гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаартай захирамж нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан "...Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно." гэсэн заалтын дагуу, өмнө нь гарсан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/145 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь "Буянсацрах" ХХК-ний эзэмшлийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Тариаланчдын гудамжинд байрлах худалдаа, үйлдвэрлэлийн зориулалттай 3783 м2 газрыг "Ч  О   х  " ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ бүрдүүлэх материал болох татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн байсан. Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт байхгүй гэдэг үндэслэлээр тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэсэн байна.

Хариуцагч Хэнтий аймгийн З  д   итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д   шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:…. Хариуцагч талын зүгээс Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. “Ч   О   х  ” ХХК-ийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу, бүрдүүлэх ёстой баримт бичгийн бүрдэл дутуу байсан. Үүнийг сонсох ажиллагаа хийж тогтоосон. Баримт бичгийн бүрдэл дутуу гэдгийг тогтоосны үндсэн дээр Хэнтий аймгийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, Монгол Улсын Засаг захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Захиргааны ерөнхий хуулийн  94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэл болгож захирамж гаргасан. Энэ захирамжаар тухайн газрыг эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгоогүй, харин 2 тал тухайн газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа бичиг баримтын бүрдэл дутуу байсантай  холбоотойгоос үүсч захирамж гарсан юм. Иймээс захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ч    О   х  ” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...тус аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Тухайн нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад дараахи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/145 дугаар захирамжаар “Буянсацрах” ХХК-ий эзэмшлийн, Хэрлэн сумын 5 дугаар баг, “Мах экспорт” ХХК-ий зүүн хойд талд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай 3780 м2 газрыг “Ч  О   х  ” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000311335 тоот гэрчилгээ олгосон байна.

Улмаар аймгийн Засаг дарга 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр А/190 дүгээр захирамж гарган, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг баримтлан, “Буянсацрах” ХХК-ий эзэмшлийн 3780 м2 газрыг  “Чингис Органик хүнс” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ, бүрдүүлэх материал болох татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/145 дугаар захирамжаа хүчингүй болгожээ.

            Нэхэмжлэгч “Ч  О х” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг хууль бус гэж үзээд, хүчингүй болгуулахаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.

Хэнтий аймгийн З д 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн  А/145 дугаар захирамжаа “...холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай нотлох баримтыг бүрдүүлэн гаргасан өргөдлийн дагуу...” гэж тодорхойлж, уг захиргааны актыг гаргасан атлаа, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр захирамждаа “...татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн” гэж өмнө нь гаргасан А/145 тоот захирамжийг үгүйсгэсэн нь “Ч О х” ХХК-ий газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэхээр байна.

Учир нь: Үндэсний татварын албанаас “...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багт байршилтай, 2017 оны 3 дугаар сарын 28-нд байгуулагдсан, үл хөдлөх хөрөнгө, газар худалдан авах зориулалт бүхий Ж.А захиралтай, “Ч О х” ХХК нь №4194926 дугаартай татвар төлөгчөөр бүртгэгдсэн” гэсэн тодорхойлолт ирүүлжээ.

Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын татварын улсын байцаагч Н.Г“...Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Ч О х” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 16-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Татварын өргүй” гэсэн тодорхойлолт ирүүлснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д “...нэхэмжлэгч “Чингис Органик хүнс” ХХК нь газар эзэмших хүсэлт гаргахдаа татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг өгөөгүй байсан болохоор А/145 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Шинээр дахиж баримтуудаа бүрэн бүрдүүлээд өгөхөд уг газрыг эзэмшүүлэх захирамж гаргах боломжтой” гэж тайлбарласныг, нэхэмжлэгч Ж.Ариунзул “...одоо бүх зүйл цахим болсон,  дутуу гээд байгаа татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай тодорхойлолтыг цахимаар шалгачих боломжтой байсан” гэж мэдүүлснийг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны байгууллага, албан тушаалтан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/145 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай”  захирамжийг гаргахдаа, бүрдүүлэх шаардлагатай материалын бүрдэл хэсэг болох “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” байгаа эсэхийг нягтлан шалгаж, уг захиргааны актыг гаргах эсэхийг тогтоож, тодруулах шаардлагатай байсан.

Хариуцагч Хэнтий аймгийн З д 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр захирамждаа: “... газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ бүрдүүлэх материал болох татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн” гэж үзээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг үндэслэл болгожээ. Дүгнэвэл: “Чингис Органик хүнс” ХХК-ий газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, хэрэглэвэл зохих ёстой хуулийг хэрэглээгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “...хуульд үндэслэх”, 4.2.5 “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцэхгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Чингис Органик хүнс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 тоот захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Чингис органик хүнс” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн З д-н 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/190 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн З. Д-с 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч о х” ХХК-нд олгосугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

             Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БАЯСГАЛАН