Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 689

 

 

 

 

 

 

 

   2020            7           20                                       2020/ШЦТ/689                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч О.А,

хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Билэгт овогт О-гийн Ад холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Билэгт овогт О-гийн А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 46 дугаар байрны 5 дугаар орцонд хохирогч Б.Бтэй маргалдан, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр 3 дугаар сарын 25-ны өдөр О.Атай хамт дэлгүүрт нь манай найзын утсыг тавиад ганц юм авъя гэсэн. Гэтэл О.А утас тавихгүй гэсэн. Найз нь нэр дээр чинь бичүүлчихээд хариад мөнгө аваад өгье гэсэн. О.А найзынхаа утсыг үлдээчих маргааш орой гэрээс ирээд авчих гэж хэлсэн. Үгүй тэгэж чадахгүй тэгэж байхаар чи манайхаас ирээд авчих гэсэн. Ээжийн дансанд би мөнгө хийсэн байсан. Миний оруулсан мөнгийг ээжийн данснаас банк татаад авсан байсан. Тэгээд би хэсэг хүлээж бай, одоо манай эхнэр ирж байна гэж хэлсэн. Би О.Аыг зодож цохиогүй. О.А намайг заамдаад цохиод байсан. Би доошоо сууж байтал намайг дээрээс 2-3 удаа цохисон. Тэгээд би тонгойгоод сууж байгаад дээшээ гэр лүүгээ ороод зодуулаад хамраа хугалчихлаа гэж ээждээ хэлсэн. Буцаад гэрээсээ гарж байтал манай хорооны хоёр цагдаа ирээд О.Аыг авч гарсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Аы өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-нд би ажлаа хийж байхад Б надруу чат бичээд хаана байна гэхээр нь би ажил дээрээ байна гэсэн Б байж байгаарай яваад очъё гэсэн би ажлаа хийж байхад Б орж ирээд гарч пиво уух уу гэсэн би онгорхой газар байхгүй хаана уух юм лай дараа болъё гэхэд Б төмөр замд онгорхой газар байгаа гэхээр нь би надад мөнгө төгрөг байхгүй гэхэд Б ажил дээр чинь ганц хоёр пиво ууя гэсэн бид хоёр хамт дэлгүүр ороод пиво авах гэж байгаад болиод нэг шил 0,5 литрийн архи нэг ундаа хоёр 0,5 литрийн лаазтай пиво авсан тооцоог нь Б хийсэн. Тэгээд манай ажил руу ороод үүдний сандал ширээн дээр суугаад авсан архиа хувааж ууж дуусаад гараад дахиад 4 лааз пиво авсан би уухгүй гэсэн ажлын охины машин дотор сууж байгаад Б хоёр лааз пиво уугаад ажлын охинд нэг лааз пиво өгөөд би нэг лааз пиво уусан тэгээд ажил руу ороод удаагүй байхад Ч гэх залуу ирсэн.

Б, Ч хоёр гадаа гараад юм ярьж байгаад Б намайг дуудуулаад би гарч уулзахад Б, Чийг гар утсаа тавьчих гэсэн Ч болохгүй эхнэрийн утас гэсэн. Б би аваад өгье гэхэд Ч үгүй үгүй гэсэн Б намайг гар утсаа тавьчих гэсэн би утсаа тавьж ууж идэж яах юм бэ болио гэсэн. Б утсаа тавьчих гээд байсан би дэлгүүрээс утсыг чинь тавиад юм зээлээд өгье гэсэн за за гээд дэлгүүр ороод утсаа тавиад юм авъя гэхэд дэлгүүрийн залуу би чамд 20,000 төгрөгөнд юм өгье утсаа тавих хэрэггүй эргүүлээд 20,000 төгрөгөө өгчихөөрэй гэхээр нь за за нэг шил архи ундаа авсан. Тэгэхэд Б надад Чийн гар утсыг барьцаанд авчих гэсэн Ч тэгээ гэсэн. Б, Ч хоёр орой эргэж ирж авъя гэсэн тэгээд би гэрийнхээ хаягийг зааж өгөөд ажил руу буцаад гурвуулаа ороод архи уусан би эхнэр мессеж бичээд дуудаад байсан болохоор би уухгүй гэсэн Б Ч хоёр уугаад талаас доош үлдсэн архиа надруу шахаад би ихэнхийг нь уусан тэгээд архи дуусаад гарсан Б төмөр замд гэрээс очоод 20,000 төгрөгөө авчих гэхээр нь би надад буцах мөнгө байхгүй чи орой авч ирээд өгчих гэхэд намайг явъя гэсээр байгаад хамт явсан Б манай ажлын охиныг төмөр замд хүргээд өгчих гээд төмөр замд хүргүүлсэн. Б, Ч бид гурав Бий гэр болох БГД-н 1-р хороо 46-р байрны 5-р орц руу ороод Ч бид хоёр орцонд нь хүлээж байсан Б гэр лүү ороод мөнгө аваад гараад ирье гээд орсон би Чтой орцонд хамт байхдаа Чийн гар утсыг өгсөн. Тэгээд Б гэрээсээ гарч ирээд мөнгө байхгүй байна худлаа болчихлоо гэсэн би яаж явах юм бэ гэхэд Б би яаж мэдэх юм гэсэн тэгээд бид хоёр маргаад Б миний цээж хэсэгт нэг хоёр удаа гараараа цохисон би өндийгөөд Бий нүүрэн хэсэгт нь хоёроос гурван удаа цохисон. Тэгэхэд Бий хамраас цус гараад гэнэт араас Ч татаад зууралдаад Ч намайг цохисон тэгээд би тонгойход Б дээшээ гүйгээд явсан удаагүй ах ээж хоёрыгоо дагуулаад гараад ирсэн тэгээд намайг ах нь бариад бид нар орцоор гарахад цагдаа нар ирсэн тэгээд цагдаа нар намайг дагуулж яваад эрүүлжүүлсэн.

Би гэм буруугаа ухаарч Бий хохирлын мөнгө болох 300,000 төгрөг бэлнээр өгсөн, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бий өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-нд би Атай мессеж бичээд хаана байна гэхэд ажил дээрээ байна гэсэн. Би очоод дэлгүүр ороод пиво авах гэхэд А нэг шил архи авчих гэсэн. Ажил руу нь ороод авсан архи пиво хувааж ууж дуусаад дөрвөн лааз пиво аваад уусан. Тэгээд манай найз Ч ирсэн. Нэг пиво авах гээд дэлгүүрээс утсаа үлдээчихье гээд гуйхад өгөөгүй. Тэгээд Аг ганц шил архи авчих гэхэд А дэлгүүр лүү орсон. Гарч ирээд утсаа надад үлдээчих би нэр дээрээ бичүүлчихлээ гэсэн. Тэгээд дэлгүүр лүү ороод удаад байхаар нь араас нь ороход нэг шил архи нэг ундаа авсан байсан. Тэгээд уг архинаас А уухгүй гэсэн. Тэгээд хоёр гурав татсан байх тэгээд Ч  бид хоёр хувааж уусан. Ажил нь хаагаад ажлынх нь эмэгтэйгээр вокзал хүртэл хүргүүлээд А, Ч бид гурав хамт манай гэрлүү яваад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 46-р байрны 5-р орцонд А, Ч хоёрыг үлдээгээд би гэрлүүгээ ороод ээжээс мөнгө авах гэхэд мөнгө байхгүй гэсэн. Тэгээд 10,000 төгрөг байсан би аваад гарч ирээд Ад 10,000 төгрөг байна эхнэр иртэл 5 минут хүлээчих үлдээсэн мөнгийг нь аваад өгье гэсэн. Тэгэхэд А намайг эхнэрээ мэдэхээ больчихсон юм уу энд одоо юу хийгээд хүлээгээд байгаа юм гээд үгээр идээд байсан. Би маргаад яахав дээ эхнэр одоо ирж байгаа түр хүлээчих гэсэн. Тэгэхэд А намайг заамдаад хамар луу гараараа цохисон. Миний хамар дуугараад цус гарсан. Хамраа дараад тонгойход дахиад дөрөв тав цохисон. Тэгээд Ч араас нь татаад салгасан би Чийг цагдаа дууд гэсэн. Тэгээд гэртээ ороод зодуулчихлаа гэхэд ээж, ах хоёр хамт гарч ирсэн тэгээд доошоо буугаад орцноос гарч байхад цагдаа нар ирж байсан. Тэгээд А намайг дараа чамайг ална гээд орилоод доромжлоод миний төмсөг рүү цохисон. Гомдолтой байна, хохирлоо барагдуулах шаардлагатай байна.

А надад бэлнээр хохирлын мөнгө нийт 500,000 төгрөг өгсөн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 101-102/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Чийн өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-нд ...А дэлгүүрт утсыг чинь тавиад архи авчихъя гэсэн дэлгүүрийн худалдагч утас авахгүй нэр дээр чинь бичээд өгье гээд нэг шил архи нэг шил ундаа өгсөн уг архийг А Б бид гурав хувааж ууж дуусгаад гарсан. ...Б гэрлүүгээ ороод гараад ирье гээд орсон тэгээд А 4 давхарт нь би доод талын шатан дээр нь суугаад үлдсэн тэгээд Б 10,000 төгрөгтэй гарч ирээд Атай юм яриад хоорондоо маргаад А Бийг цохисон, би салгах гээд очиход Бий хамарнаас цус гарсан нүдний хажууд нь бас цус гарсан байсан Б тонгойход дээрээс нь А дахин дахин цохиод байсан.

Бий хамар хугарсан цустайгаа хутгалдсан нүд хэсгээс нь бас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ш.Цэцэгмаагийн өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4062 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтэл нь нэг удаагийн мохой зүйлийн цохилтоор үйлчилэхэд үүсэх боломжтой.

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4062 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл авсан даруйд цус хуралт гэмтэл мэдэгдэхгүй байж болно. Хэсэг хугацааны дараа буюу хэдэн цагийн дараа тодорч нүдэнд ил харагдана...” гэх мэдүүлэг /хх-н 44, 52/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Т-ы өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-нд БГДЦХ1 Бэгэр 68 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэгэр 10-с БГД-н 1-р хороо 46 байрны 5-р орцонд зодоон болоод байна гэхээр нь хамт ажиллаж байсан Ахлах ахлагч У-тэй хамт очиж шалгахад БГД-н 1-р хороо 46-р байрны гадаа зодуулсан гэх Б гэх залуу хамар хугарсан гээд хамраас нь цус гарсан хувцас нь цус болсон байсан. Тэгээд зодсон гэх А гэгч нь Б гэгчийгээ бид нарын хажууд хоёр гурван удаа өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 48-49/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.У-ий өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-нд БГДЦХ1 Бэгэр 68 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэгэр 10-с БГД-н 1-р хороо 46-р байрны 5-р орцонд зодоон болоод байна гэхээр нь хамт ажиллаж байсан Дэд ахлагч Т-тай хамт очиж шалгахад БГД-н 1-р хороо 46-р байрны гадаа зодуулсан гэх залуу хамар хугарсан гээд хамраас нь цус гарсан хувцас нь цус болсон байсан. Тэгээд А гэгч нь Б гэгчийгээ хоёр гурван удаа өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 50-51/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.О-ын өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-нд хүү Б гэрт орж ирээд эхнэр ажлаас ирээгүй байна хүүхдэд мөнгө өгөх гэсэн юм гээд 20,000 төгрөг өгчих гэсэн. Надад 10,000 төгрөг байсан болохоор би байгаа 10,000 төгрөгөө өгөөд гаргасан. Удаагүй 5 орчим минут болоод зодуулчихлаа гээд хамар нь далийчихсан цус гарчихсан орж ирсэн....” гэх мэдүүлэг /хх-н 53-54/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.О-гийн өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 25-нд манай хүү Б намайг хүн зодчихлоо гэсэн. Би зодсон хүн нь хаана байгаа юм бэ гэхэд намайг гаръя гэхээр нь хамт гарахад орцонд уг залуу зогсож байсан. Хэн цохисон юм гэхэд уг залуу би зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4062 тоот: 

  1. Б.Бий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 36-37/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 46 дугаар байрны 5 дугаар орцонд хохирогч Б.Бтэй маргалдан, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Аы “...Б миний цээж хэсэгт нэг хоёр удаа гараараа цохисон би өндийгөөд Бий нүүрэн хэсэгт нь хоёроос гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Бий “...А намайг заамдаад хамар луу гараараа цохисон. Миний хамар дуу гараад цус гарсан. Хамраа дараад тонгойход дахиад дөрөв тав цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Чийн “...А Бийг цохисон би салгах гээд очиход Бий хамарнаас цус гарсан нүдний хажууд нь бас цус гарсан байсан Б тонгойход дээрээс нь А дахин дахин цохиод байсан.

Бий хамар хугарсан цустайгаа хутгалдсан нүд хэсгээс нь бас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ш.Цэцэгмаагийн “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4062 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл авсан даруйд цус хуралт гэмтэл мэдэгдэхгүй байж болно. Хэсэг хугацааны дараа буюу хэдэн цагийн дараа тодорч нүдэнд ил харагдана...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Т-ы “...БГД-н 1-р хороо 46-р байрны гадаа зодуулсан гэх Б гэх залуу хамар хугарсан гээд хамраас нь цус гарсан хувцас нь цус болсон байсан. Тэгээд зодсон гэх А гэгч нь Б гэгчийгээ бид нарын хажууд хоёр гурван удаа өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.У-ий “...БГД-н 1-р хороо 46-р байрны гадаа зодуулсан гэх залуу хамар хугарсан гээд хамраас нь цус гарсан хувцас нь цус болсон байсан. Тэгээд А гэгч нь Б гэгчийгээ хоёр гурван удаа өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Н.О-ын “...2020 оны 3 дугаар сарын 25-нд хүү Б гэрт орж ирээд эхнэр ажлаас ирээгүй байна хүүхдэд мөнгө өгөх гэсэн юм гээд 20,000 төгрөг өгчих гэсэн. Надад 10,000 төгрөг байсан болохоор би байгаа 10,000 төгрөгөө өгөөд гаргасан. Удаагүй 5 орчим минут болоод зодуулчихлаа гээд хамар нь далийчихсан цус гарчихсан орж ирсэн....” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.О-гийн “...2020 оны 3 дугаар сарын 25-нд манай хүү Б намайг хүн зодчихлоо гэсэн. Би зодсон хүн нь хаана байгаа юм бэ гэхэд намайг гаръя гэхээр нь хамт гарахад орцонд уг залуу зогсож байсан. Хэн цохисон юм гэхэд уг залуу би зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4062 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 хохирогч Б.Б нь “...А надад бэлнээр хохирлын мөнгө нийт 500,000 төгрөг өгсөн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 101-102/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хуульд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч О.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч О.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Билэгт овогт О-гийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ