Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 695

 

 

 

 

 

 

 

     2020          7           22                                     2020/ШЦТ/695

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Билгүүжин,

  шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-н Цд холбогдох эрүүгийн 1905025820984 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ._ дугаарын регистртэй, Боржигон овогт Н-н Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Ц нь Үнэгүй.мн зарын сайтад “Баянгол дүүргийн 59 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 давхарт байр түрээслэнэ” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67 дугаар байрны 4 тоотод байсан хохирогч Н.Л-оос 3 удаагийн гүйлгээгээр нийт 300.000 төгрөгийг С.Нямдоржийн Хаан банкны 5429497872 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн Үнэгүй.мн зарын сайтад “Хурд хороололд байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Таац” нэртэй дэлгүүрийн орчим байсан хохирогч А.Б-гаас 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5059553575 дугаартай дансаар шилжүүлэн залилан авч бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Цээний өгсөн:

“...Тухайн өдөр би Үнэгүй.мн сайтад Хурд хороололд нэг өрөө байр түрээслүүлнэ гэдэг зар тавьсан. Тэгээд хүн ярихаар нь урьдчилгаа мөнгө 200,000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд өөрийнхөө ... тоот дансаар авсан. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна.

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300,000 төгрөгийг авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Б-гийн өгсөн:

“...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарын дагуу үнэгүй.мн сайтаас Н-н Цэен гэх хүнтэй холбогдож Хурд хороололд 1 өрөө байр түрээслэхээр Хаан банкны ... дугаарын данс руу 200,000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Тухайн үед тэр хүн өөр хүмүүс хөлслөх гээд байна яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гээд байхаар нь би итгээд шилжүүлсэн. Тухайн сайт дээр тавьсан байрны зураг нь үнэхээр гоё санагдахаар нь би хүмүүсээс түрүүлээд оръё гэж бодоод шилжүүлсэн. Тэгээд байрандаа очихоор такси барьж хөнжил гудсаа, хувцастайгаа хүүхдүүдээ дагуулаад явж байхад замд утас нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Л-ын өгсөн:

“...2019 ооны 3 дугаар сарын 13-ны өдөр Фэйсбүүкээр Баянгол дүүргийн 59 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарт байр түрээслэнэ гэсэн утгатай зар байхаар нь зарын дагуу холбогдож ... урьдчилгаа мөнгө 150,000 төгрөг шилжүүлчих, орой байрны түлхүүр аваачиж өгнө гэж хэлэхээр нь би итгээд 5429497872 дугаарын Нямдорж гэх нэртэй данс руу 150,000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67-04 тоотоос шилжүүлсэн боловч орой нь байрны түлхүүр авч ирж өгөөгүй.

Энэ өдрийн дараа нь 88555458 дугаарын утаснаас дахин над руу залгаад “түлхүүр аваачиж өгөх манай найзын хүүхдийнх нь бие өвдөөд байна, чи байгаа мөнгөө шилжүүлчих” гэж хэлэхээр нь би 50,000 төгрөг байна гэж хэлээд дээрх данс руу дахин 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/,

 

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 41/,

- эд зүйл хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-н 167/,

- Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-н 170/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 106/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 114/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 147/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалга хуудас /хх-н 92/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ц нь Үнэгүй.мн зарын сайтад “Баянгол дүүргийн 59 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 давхарт байр түрээслэнэ” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67 дугаар байрны 4 тоотод байсан хохирогч Н.Л-оос 3 удаагийн гүйлгээгээр нийт 300.000 төгрөгийг С.Нямдоржийн Хаан банкны 5429497872 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн Үнэгүй.мн зарын сайтад “Хурд хороололд байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Таац” нэртэй дэлгүүрийн орчим байсан хохирогч А.Б-гаас 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5059553575 дугаартай дансаар шилжүүлэн залилан авч бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Цээний “...Тухайн өдөр би Үнэгүй.мн сайтад Хурд хороололд нэг өрөө байр түрээслүүлнэ гэдэг зар тавьсан. Тэгээд хүн ярихаар нь урьдчилгаа мөнгө 200,000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд өөрийнхөө 5059553575 тоот дансаар авсан.

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300,000 төгрөгийг авсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Б-гийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зарын дагуу үнэгүй.мн сайтаас Н-н Цэен гэх хүнтэй холбогдож Хурд хороололд 1 өрөө байр түрээслэхээр Хаан банкны 5095553575 дугаарын данс руу 200,000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Тухайн үед тэр хүн өөр хүмүүс хөлслөх гээд байна яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гээд байхаар нь би итгээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.Л-ын “...2019 ооны 3 дугаар сарын 13-ны өдөр Фэйсбүүкээр Баянгол дүүргийн 59 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарт байр түрээслэнэ гэсэн утгатай зар байхаар нь зарын дагуу холбогдож ... урьдчилгаа мөнгө 150,000 төгрөг шилжүүлчих, орой байрны түлхүүр аваачиж өгнө гэж хэлэхээр нь би итгээд 5429497872 дугаарын Нямдорж гэх нэртэй данс руу 150,000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67-04 тоотоод шилжүүлсэн боловч орой нь байрны түлхүүр авч ирж өгөөгүй.

Энэ өдрийн дараа нь 88555458 дугаарын утаснаас дахин над руу залгаад “түлхүүр аваачиж өгөх манай найзын хүүхдийнх нь бие өвдөөд байна, чи байгаа мөнгөө шилжүүлчих” гэж хэлэхээр нь би 50,000 төгрөг байна гэж хэлээд дээрх данс руу дахин 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Цээнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-н 167/, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-н 170/ зэрэг баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Цээнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н-н Цээнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Цээнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ