Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 696

 

 

 

 

 

 

 

   2020            7            22                                      2020/ШЦТ/696                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А-ын Э-д холбогдох эрүүгийн ____________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Боржигон овгийн А-ын Э-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Э- нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төв дотор хохирогч Д.Б-ийг нүүр хэсэгт цохиж биед нь хамар ясны хугарал, хоёр зовхины дотор булан, цээжний зүүн хэсгийн цусхуралт, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э- мэдүүлэхдээ:

“...2019 оны манай том машин эхлээд орох гэж байсан. Танайх жижигхэн юм чинь хажуугаар нь орчих гэсэн. Энэ том машин тагалчихвал таны машин мөд гарахгүй гэж хэлтэл. Чи пизда битгий олон юм яриад бай гэсэн. Гэтэл миний хойноос ирээд өшиглөсөн. Далдайсан бацаан минь битгий хуцаад бай гэсэн. Тэр ах намайг цохисон. Би бас цохисон. Чи ямар хаашаа юм. Тэгээд цагдаа дуудсан. Амартүвшин гэсэн байцаагч ирсэн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Э-ы өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Барс худалдааны төвд ачигчаар ажиллаж байхад манай ачаа ачих гэж байсан том машин зоориноос хол очоод зогсчихсон байсан учраас зоорины харалдаа зогсоол гарахаар нь би машинаа орулах гэж зогсоолыг нь хаагаад зогсож байхад приус 30 автомашинтай эрэгтэй сул зогсоол руу орох гээд байхаар нь би та тэр машинтай солиод орчих гээд жолоочид нь хэлэхэд хажуунаас Түдэв гээд ачигч ирээд сул зогсоол руу тэр приусыг ор ор гээд оруулах гээд байсан. Тэгээд би Түдэвтэй хэрэлдээд зогсож байхад приус 30 автомашины жолооч ирээд манай ачигчийг дээрэлхлээ гээд миний майкнаас татаж ураад толгой руу 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад харилцан бие биенээ цохиход тэр эрэгтэйгийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ийн өгсөн:

“...Би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14:20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвийн А4-р зоорины гадаа эхнэр Б-гаас ачаа ачих гээд өөрийн эзэмшлийн 13-35 УБЯ улсын дугаартай Тоёота приус-30 машинаа байршуулах гэтэл үл таних Барсын грушик гэх залуу машины ард зогсоол холдохгүй байсан. Тухайн үед би машинаа зогсоолд байршуулах гээд ухрах гэж байсан. Тэгэхэд манай эхнэрийн зооринд ажилладаг Түдэвээ ирээд тэр залууг холд гэхэд тэр залуу ална гээд Түдэвийг түлхээд унагасан. Тэгээд би бууж ирээд чи адилхан грушик байж нэгэндээ яасан дээрэлхүү юм гэхэд чамайг ч гэсэн ална шүү гээд над руу дайраад шууд нүүр лүү 2,3 удаа цохиод авсан. Тэгээд би гарнаас нь барьж аваад хэсэг зууралдсан. Тэгээд хажуунаас танихгүй 2,3 грушик ирээд салгаад тэр залууг аваад явсан. Тухайн үед миний хамраас цус гараад би цусаа угаахад хамар угаараа хөндүүр болсон байсан. Би гомдолтой байна, уг залууд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Т-ийн өгсөн:

“...Би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед өөрийн ажил болох Барс худалдааны төвд грушикээр ажиллаж байгаад И ахын машинд бараа ачих гээд зогсол гарахаар нь машиныг нь оруулах гээд гадаа зогсоол дээр зогсож байсан. Тэгэхэд хажуунаас Булгаа гэх грушик ирээд наана чинь машин оруулах гээд байна холд гэхээр нь би жаахан юм ачаад гарлаа гэхэд намагй заамдах аваад түлхсэн. Тэгэхэд И ах машинаас бууж ирээд яагаад манай грушикийг дээрэлхээд байгаа юм гээд тэр 2 маргалдаад заамдалцсан. Тэгээд Булгаа, И ахын нүүр лүү нь цохиход И ахын хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Гантөгсийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр би машинтайгаа А4 ногооны зоорины хажуугаар явж байтал том жижиг 2 биетэй залуу муудалцаад жижиг биетэй эрэгтэй дээрэлхээд байсан. ...Тэгсэн өндөр хар мактай эрэгтэй приус 30 машинаас бууж ирсэн халзан эрэгтэйгийн нүүр лүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгсэн халзан толгойтой ахын хамраас нь цус гараад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш А4 ногооны зоорины эсрэг талд машинаа тавиад ачаа зөөгчөөр ногоогоо  ачуулаад хараад зогсож байсан. Приус 30 маркийн машинаас өндөр нуруутай ах гарч ирээд өндөр нуруутай ачаа зөөгчийг нь чи яагаад хүүхэд дээрэлхээд  байгаа юм гэхэд өндөр нуруутай ачаа зөөгч Приус 30 автомашинаас буж ирсэн эрэгтэйгийн нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Приус 30-тэй эрэгтэйгийн хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Н-ийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Э- бид хоёр том машин оруулж бараа буулгах гээд зогсож байтал Приус 30-тэй эрэгтэй бид нарын том машин оруулах гэж байсан зогсоол руу орох гээд байхаар нь Э- бид хоёр та жаахан байж байгаад том машин орохоор араас нь дагаад орчих гэсэн чинь тэр эрэгтэй хойшоо ухраад байсан. Э- та түр хүлээж бай энэ машиныг оруулчихаад та орчихоо гэсэн чинь юу гээд байгаа юм бэ чи би ормоор байна гээд машинаасаа бууж ирээд Э-ы араас бөгс рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн чинь Э- эргэж хараад та яаж байгаа юм гээд тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд би өөр ажилтай болчихоод эргээд ирсэн чинь Приус 30-тай ахын хамраас нь цус гарчихсан, Э-ы хацар нь улайгаад майк нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6689 тоот: 

  1. Д.Б--н биед хамар ясны хугарал, хамар, хоёр зовхины дотор булан, цээжний зүүн хэсгийн цус хуралт, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27-28/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Э- нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төв дотор хохирогч Д.Б-ийг нүүр хэсэгт цохиж биед нь хамар ясны хугарал, хоёр зовхины дотор булан, цээжний зүүн хэсгийн цусхуралт, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Э-ы “...би Түдэвтэй хэрэлдээд зогсож байхад приус 30 автомашины жолооч ирээд манай ачигчийг дээрэлхлээ гээд миний майкнаас татаж ураад толгой руу 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад харилцан бие биенээ цохиход тэр эрэгтэйгийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Д.Б-ийн “...манай эхнэрийн зооринд ажилладаг Түдэвээ ирээд тэр залууг холд гэхэд тэр залуу ална гээд Түдэвийг түлхээд унагасан. Тэгээд би бууж ирээд чи адилхан грушик байж нэгэндээ яасан дээрэлхүү юм гэхэд чамайг ч гэсэн ална шүү гээд над руу дайраад шууд нүүр лүү 2,3 удаа цохиод авсан. ... Тухайн үед миний хамраас цус гараад би цусаа угаахад хамар угаараа хөндүүр болсон байсан. Би гомдолтой байна, уг залууд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

гэрч Б.Т-ийн “...Булгаа, И ахын нүүр лүү нь цохиход И ахын хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Гантөгсийн “...Тэгсэн өндөр хар мактай эрэгтэй приус 30 машинаас бууж ирсэн халзан эрэгтэйгийн нүүр лүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгсэн халзан толгойтой ахын хамраас нь цус гараад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Н.Б-ын “...өндөр нуруутай ачаа зөөгч Приус 30 автомашинаас бууж ирсэн эрэгтэйгийн нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Приус 30-тэй эрэгтэйгийн хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Н-ийн “...Э-ы араас бөгс рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн чинь Э- эргэж хараад та яаж байгаа юм гээд тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд би өөр ажилтай болчихоод эргээд ирсэн чинь Приус 30-тай ахын хамраас нь цус гарчихсан, Э-ы хацар нь улайгаад майк нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6689 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт хохирогч Д.Б-ийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн урьд энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн А-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ