Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2017/00046

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Усжуулах 1-1 тоотод оршин суух, Насаа нэм нөхөрлөлд холбогдох 19.284.740 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Эрдэнэзуугийн гудамж Хас банкны нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Насаа нэм нөхөрлөл нь Хас банктай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1270011068 дугаар зээлийн гэрээ, 1270008490-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээний барьцаалуулагчийн батлах мэдэгдлийг тус тус байгуулж 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Онгоцон ухаа баг 1-2-р станцын зүүн талд байрлах улсын бүртгэлийн Ү-1017000908 дугаартай, 32 м.кв өвлийн байшин

2.  Өвөрхангай аймаг, Хархорин сум, Онгоцон ухаа баг 1-2-р станцын зүүн талд байрлах 0230056 дугаартай, 10 га эзэмших эрхтэй газар:

1270011068 дугаартай зээлийн хүсэлтийг нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэрээр гаргасан. Зээлийн гэрээнд нөхөрлөлийн гишүүд Ч.Нарангэрэл, Т.Бат-Өлзий нар нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

Зээлдэгч Насаа нэм нөхөрлөл нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээл төлөх хугацааг сар бүр хэтрүүлэн төлж байсан тул банкны зүгээс хөнгөлөлт үзүүлэн дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн нийт үлдэгдэл дүн болох 17.332.634 төгрөгийг 2015 оны 10 сарын 30-ны өдөр 1270011068 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн 1270014718 тоот дансанд зээлийг бүртгэсэн боловч 2016 оны 08-р сарын 25-ны өдрөөс хойш зээлээ төлөлгүй 132 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Банкны зүгээс Насаа нэм нөхөрлөлийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, уулзан мэдэгдэх хуудас өгч, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна.

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч Насаа нэм нөхөрлөлийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд:

Үндсэн төлбөр:   17.332.289 төгрөг

Хүү:                      1.947.714 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү:  4.737 төгрөг

Нийт:     19.284.740 төгрөг

Иймд 1270011068 дугаартай зээлийн гэрээний 5.1, 5.1.1-т тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, нийт 19.284.740 төгрөгийг зээлдэгч Насаа нэм нөхөрлөлөөс гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн зээлийн гэрээний 3.2.10, барьцааны болон баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Насаа нэм нөхөрлөлийн бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Насаа нэм нөхөрлөлийн гишүүн Т.Бат-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Тус “Насаа нэм” нөхөрлөл нь Хархорин сум дах Хас банкнаас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэй зээл авсан болно. Тус зээлийг гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан боловч 2016 оны 09 дүгээр сараас эхлэн төлж чадахгүйд хүрсэн. Төлөлтийн удааширсан шалтгаан нь санхүүгийн алдагдалтай ажиллагаа болон эдийн засгийн хямралаас ихээхэн шалтгаалсан болно. Тус банкнаас гаргасан нэхэмжлэл 19.284.740 төгрөгийг санхүүгийн эх үүсвэр бий болгож өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан төлж барагдуулна. Тус нөхөрлөл нь мод үржүүлэх, тарьц суулгац, нарийн ногооны чиглэлээр ажилладаг болно. Иймд бидэнд хугацаа хэрэгтэй байгаа болно...” гэжээ.

Хариуцагч Насаа нэм нөхөрлөлийн гишүүн Ч.Нарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Насаа нэм нөхөрлөл нь Хас банкнаас 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 26,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус зээлийн эргэн төлөлтийг цаг тухайд нь төлж чадахгүй байсныг Хас банкны зүгээс дахин зээлийн гэрээ байгуулан шинэчилж зээлийн үлдэгдэл болох 17.332.634 төгрөгийг төлөхөөр эргэн төлөлтийн график байгуулж өгсөн. Бидний нөхөрлөлийн үйл ажиллагаа 2015 оноос доголдож санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Үүний шалтгаан нь ган хуурайшилттай холбоотойгоор төмс хүнсний ногооны ургац алдсан. Мөн хүнсний ногоо, тарьц суулгацийн үнийн ханшны уналт, борлуулалт муудсантай шууд холбоотой болно. 2016 оны 09 дүгээр сараас хойш төлөөгүй 19.284.740 төгрөг болох Хас банкны зээлийг эргэн төлөх боломжит хувилбарууд судалж байгаа ба одоогийн байдлаар тодорхой орлого төвлөрүүлж чадаагүй байна. Одоо 04 сараас эхлэн тарьц суулгацаа борлуулан орлого орж ирж эхлэх ба бусад гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдан орлого нэмэгдэх боломжтой байгаа. Иймд бидний зүгээс Хас банктай эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөч Д.Батзаяа нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Насаа нэм нөхөрлөл нь Хархорин сумын Хархорин тооцооны төвтэй 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1270014718 тоот гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлийг 2016 оны 09 дүгээр сараас хойш сар бүрийн төлөлтийг төлөөгүй байгаа. Иймд 19.284.740 төгрөгийг хүлээн зөвшөөрч байвал манай зүгээс хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Насаа нэм нөхөрлөлөөс 19.284.740 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Насаа нэм нөхөрлөлийн гишүүд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг

тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 19.284.740 төгрөг /арван есөн сая хоёр зуун наян дөрвөн мянга долоон зуун дөчин төгрөг/-ийг хариуцагч Насаа нэм нөхөрлөл нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Насаа нэм нөхөрлөлөөс 127.187, орон нутгийн төсвийн орлогоос 127.187 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.374 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА