Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

    2020           7            24                                      2020/ШЦТ/702                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н-ын Мод холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Боржигон овгийн Н-ын М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.М нь “2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Ш.Бы эзэмшлийн 25-07 УБЛ улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн автомашины ачаа, сүүдрэвч, хайрцагтай багаж, хүрз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 870,000 төгрөгийн хохирол учруулсан”

“2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 136 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан 88-64 УНҮ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашины ачаан дээрээс иргэн Н.У-ын эзэмшлийн Hiaomi М365 цахилгаан скүүтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан”,

“2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Э.Б-ын эзэмшлийн 44-56 УБД улсын дугаартай Mitsubishi Delica маркийн автомашины ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан”,

“2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Genus нэртэй зочид буудлын ертөнцийн зүгээр баруун хэсэгт байрлах саравчин гарцны доод хэсэгт байрлуулсан байсан иргэн Д.Б-ы эзэмшлийн 35-60 УАА улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн автомашины ачааны хайрцгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Мын өгсөн:

“...Миний бие өмнө өгсөн мэдүүлэг дээрээ үнэн ярьсан байгаа. Прокурорын тогтоолд дурьдагдсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн тээврийн хэрэгслүүдийн ачааны боолтыг нь гараар эргүүлэн тайлж авч байсан. Миний бие нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн. Дээрх хулгайлсан ачаа, хэрэгслүүдээ явуулын хүнд зараад мөнгөөр нь архи уусан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 182-183/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Бы өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41-р байрны 2 дугаар орцны зогсоолд өөрийн эзэмшлийн 25-07 УБЛ улсын дугаартай Toyota Hilux маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ байрлуулж орхисон юм. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед 22 товчоо орж хүн тосох гээд гэрээсээ гарах үед миний машин дээр ачаа болон сүүдрэвч багажтай хайрцаг, хүрз зэрэг эд зүйл бүгд байсан. Тэгээд би тухайн өдрийн орой 21 цагийн үед 22 товчооноос гэр лүүгээ ирээд машинаа анзаарч харалгүй гэртээ ороод унтаж амарсан. Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орчихоод буцаж гэр лүүгээ явах замдаа машинаа хартал миний машины баруун хойд талын дугуйны дээд талын карланыг машин шүргээд хар зураас болгосон юм шиг харагдахаар нь машин дээрээ яваад очиход баруун хойд талын хаалганы борооны хаалт хагараад эвдэрсэн байсан. Тэгээд би дээшээ лавлаад хартал миний машин дээр байсан ачаа болон, ачаан дээр байсан хүрз, сүүдрэвч, хайрцагтай багаж алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.У-ын өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаар байрны гадна аав Н-гийн эзэмшлийн 88-64 УНҮ улсын дугаартай Тоёота пробокс маркийн цагаан өнгийн машинтай ирээд гэр лүүгээ ороод бие засаад, цай уучихаад 15 цаг орчимын үед гэрээсээ гараад машины ачаан дээр байсан хайрцагтай цахилгаан скүтерийг авах гэтэл алга болоод уясан уяа нь машин дээрээс газар луу унжаад байж байсан. Тэгээд байрныхаа хяналтын камерыг шүүж үзэхэд байрны гадаа машинаа байрлуулаад гэртээ орсны дараа нэг үл таних эрэгтэй хүн машины ачаан дээр байсан хайрцагтай скүтерийн уясан уяаг тайлаад аваад явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 100-101/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-ын өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арктай шарын 9-р байрны гадна зогсоолд 12 цагт өөрийн эзэмшлийн саарал өнгийн Делика маркийн 44-56 УБД улсын дугаартай машиныг үлдээгээд гэр лүүгээ ороод 2 цаг шахуу болоод гарч ирэхдээ машин руугаа харахад ачмаг нь байсан юм. Тэгээд би машинаа уналгүй ойрхон юм чинь гэж бодоод ТБД андуудын Хаан банк болон дэлгүүр орж ажил амжуулаад 17 цагийн үед байрныхаа гадаа алхаад ирэх үедээ зогсоолд байрлуулсан машин руу хартал бүхээг дээр нь байсан хар өнгийн ачмаг байхгүй харагдахаар нь хажууд нь очоод сайн хартал хуванцар бариултай боолтыг тайлаад ачмагийг нь хэн нэгэн салгаж аваад явсан байсан. Машин дээр зөвхөн ачмаг тогтоодог суурь үлдсэн байдалтай байсан.

...Миний хувьд саарал өнгийн Делика маркийн 44-56 УБД улсын дугаартай машиныг орж ирснээр нь худалдан авч байсан. Уг ачмагаа 500.000 төгрөгөөр үнэлсэн чинь үнэлгээний газар зах зээлийн үнэ ханшаар бодоод 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 130/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ы өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 29-ний 09 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гаднаас өөрийн эзэмшлийн 35-60 улсын дугаартай хар өнгийн Приүс 41 маркийн авто машинаа жолоодоод Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилдэг шилтгээн гэх баригдаж байгаа барилга дээр ажиллах гээд явсан. 16 цагийн үед нөхөр Н-ын араас таксидаад ажил дээр нь очиж уулзсан. Бид уулзаад 5 минут ч болоогүй уг байрнаас гарч явсан. Н- машинаа Genus нэртэй Зочид буудлын ертөнцийн зүгээр баруун хэсэгт байрлах саравчин гарцны доод хэсэгт цементэн дээр хойшоо харуулаад байрлуулаад тавьчихсан харагдсан. Бид 2 машин дээрээ ирээд зогстол машины бүхээг дээр байсан хар өнгийн ачааны сав байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 159-160/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Б-ын өгсөн:

“...сарын өмнө санагдаж байна, өндөр биетэй шар царайтай, харааны зузаан нүдний шилтэй 30 орчим насны эр хүн харагдах болсон. ...энэ залуу ... будаг нь халцарсан Старекс маркийн авто машины ачмаг зарна гээд барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 133/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-гийн өгсөн:

“...Би өнөөдөр 17 цагийн үед өөрийн 85-64 УНҮ улсын дугаартай дээрээ ачаатай Т.Пробокс маркийн тээврийн хэрэгслийнхээ ачаан дээр хайрцагтай цоо шинэ том хүний цахилгаан унадаг дугуйг ачсан байсан бөгөөд өөрийн төрсөн охин У-ын байрны гадаа машинаа үлдээгээд гэр лүүгээ орчихоод гараад иртэл машины ачаан дээр байсан нөгөө цахилгаан унадаг дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 104/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.У-ын өгсөн:

“... Би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны газар нутагт байрлах Вокзалын буудлын орчимд Дорноговь аймгийн Сайншанд руу хүн тээвэрт Приүс 20 маркийн авто машинтай явдаг. Би Тоса төв, Вокзалын орчмыг мэднэ, харин Э гэх хүнийг танихгүй. Тухайн эрэгтэй 1 сарын өмнөөс харагдах болсон, шинэхэн архичин хүн л дээ, тэр залуу 2 хоногийн өмнө Вокзалын ТҮЦ-ний орчимд хонь Тайвантай муудалцаад зодолдож байсныг бид очиж салгасан. Тэр залуу өндөр биетэй, 30 орчим насны залуу...” гэх мэдүүлэг /хх-н 162/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-5. 85-87/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-26/,

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 49, 109-111, 139-141, 106-107/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 91-94/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 31-32, 125-127, 155-156/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 200/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 213/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.М нь “2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Ш.Бы эзэмшлийн 25-07 УБЛ улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн автомашины ачаа, сүүдрэвч, хайрцагтай багаж, хүрз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 870,000 төгрөгийн хохирол учруулсан”

“2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 136 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан 88-64 УНҮ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашины ачаан дээрээс иргэн Н.У-ын эзэмшлийн Hiaomi М365 цахилгаан скүүтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан”,

“2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн Э.Б-ын эзэмшлийн 44-56 УБД улсын дугаартай Mitsubishi Delica маркийн автомашины ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан”,

“2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Genus нэртэй зочид буудлын ертөнцийн зүгээр баруун хэсэгт байрлах саравчин гарцны доод хэсэгт байрлуулсан байсан иргэн Д.Б-ы эзэмшлийн 35-60 УАА улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн автомашины ачааны хайрцгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Мын “...Тухайн тээврийн хэрэгслүүдийн ачааны боолтыг нь гараар эргүүлэн тайлж авч байсан. ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Бы “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ... миний машин дээр байсан ачаа болон, ачаан дээр байсан хүрз, сүүдрэвч, хайрцагтай багаж алга болсон байсан ...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.У-ын “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... гэрээсээ гараад машины ачаан дээр байсан хайрцагтай цахилгаан скүүтерийг авах гэтэл алга болоод уясан уяаа нь машин дээрээс газар луу унжаад байж байсан. Тэгээд байрныхаа хяналтын камерыг шүүж үзэхэд байрны гадаа машинаа байрлуулаад гэртээ орсны дараа нэг үл таних эрэгтэй хүн машины ачаан дээр байсан хайрцагтай скүтерийн уясан уяаг тайлаад аваад явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Б-ын “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ... байрныхаа гадаа алхаад ирэх үедээ зогсоолд байрлуулсан машин руу хартал бүхээг дээр нь байсан хар өнгийн ачмаг байхгүй харагдахаар нь хажууд нь очоод сайн хартал хуванцар бариултай боолтыг тайлаад ачмагийг нь хэн нэгэн салгаж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Б-ы “...2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ... машин дээрээ ирээд зогстол машины бүхээг дээр байсан хар өнгийн ачааны сав байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Б-ын “...сарын өмнө санагдаж байна, өндөр биетэй шар царайтай, харааны зузаан нүдний шилтэй 30 орчим наны эр хүн харагдах болсон. ...энэ залуу ... будаг нь халцарсан Старекс маркийн авто машины ачмаг зарна гээд барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Н-гийн “...Би өнөөдөр 17 цагийн үед өөрийн 85-64 УНҮ улсын дугаартай дээрээ ачаатай Т.Пробокс маркийн тэврийн хэрэгслийнхээ ачаан дээр хайрцагтай цоо шинэ том хүний цахилгаан унадаг дугуйг ачсан байсан бөгөөд өөрийн төрсөн охин У-ын байрны гадаа машинаа үлдээгээд гэр рүүгээ орчихоод гараад иртэл машины ачаан дээр байсан нөгөө цахилгаан унадаг дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Мод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас Ш.Бд 870,000 төгрөгийн, хохирогч Н.У-ад 1,000,000 төгрөгийн, хохирогч Э.Б-т 350,000 төгрөгийн, хохирогч Д.Б-д 900,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь д зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 49, 109-111, 139-141, 106-107/-аар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Моос нийт 3,120,000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Бд 870,000 төгрөгийг, хохирогч Н.У-ад 1,000,000 төгрөгийг, хохирогч Э.Б-т 350,000 төгрөгийг, хохирогч Д.Б-д 900,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх 3 жил 2 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ял шийтгэлийг хөнгөрүүлж гэсэн саналыг тус тус гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Мод оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгжтэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 10 сар 17 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Н.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Н-ын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Мод оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж түүний биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 10 сар 17 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Моос нийт 3,120,000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Бд 870,000 төгрөгийг,

хохирогч Н.У-ад 1,000,000 төгрөгийг,

хохирогч Э.Б-т 350,000 төгрөгийг,

хохирогч Д.Б-д 900,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Н.Мын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ