Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

     2020          7           27                                     2020/ШЦТ/705

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Намжил,

  шүүгдэгч Б.Б,

  хохирогч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламын гэгээн овогт Б-ы Бод холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “_____ дугаарын регистртэй, Ламын гэгээн овогт Б-ы Б.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Годон гутал хямдралтай үнээр худалдана...” гэж хуурамч зар оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Ц-ээс 437,000 төгрөгийг 5090781081 дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Годон гутал хямдралтай үнээр худалдана...” гэж хуурамч зар оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон Баянхонгор аймаг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хохирогч Х.Ц-гаас 65,000 төгрөг, хохирогч Б.Моос 65,000 төгрөг, нийт 130,000 төгрөгийг 5057583568 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 15, 23-ны өдрүүдэд Баянгол дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн В.Бт “...Годон гутал хямд үнээр худалдана...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориуд бий болгож иргэн В.Баас 903 000 төгрөгийг хаан банкны 5057583568 тоот дансаар шилжүүлэн авч залилсан

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Годон гутал хямдралтай үнээр худалдана...” гэж хуурамч зар оруулж, зохиомол байдпыг зориуд бий болгон Ховд аймгийн нутаг дэвсгэрт хохирогч А.М-гаас 129,000 төгрөгийг 5057583568 тоот дансаар шилжүүлэн авч залилсан, нийт үргэлжилсэн үйлдлээр бусдад 1,599,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Б мэдүүлэхдээ:

“...Шүүгдэгч нийт 903.000 төгрөг өгөхөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 350.000 төгрөг өгсөн тул 553.000 төгрөгийн хохирол үлдсэн. Гэвч миний мэдүүлээгүй өөр хүний данснаас шүүгдэгчийн данс руу шилжүүлсэн 264.000 төгрөг, мөн мөрдөн байцаалтад шатанд шаардагдсан замын зардлын баримтыг гаргаж өгөөгүй зардлыг мөн нэхэмжилж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:

“...Би өөрийн дүү Б-ийн Хаан банкны картыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэт орж ажил хийх гээд авсан. Авахдаа мөн нууц үгийг асуугаад мэдэж авсан. Өөрийн өмнө нээсэн байсан Цахиалгын бараа гэх фэйсбүүк хаяганд Годон гутал захиалга авна гээд пост оруулсан. Ингээд постын дагуу чатаар 10 гутал авах захиалга орж ирж 645,000 төгрөгийг 5057583568 дугаарын дансаар шилжүүлэн авсан. Дараа нь энэ хүнээс мөн 4 гуталны урьдчилгаа гэж 258,000 төгрөг гэж нийт 14 гуталны 903,000 төгрөг авсан.

2019 оны 01 дүгээр сарын эхээр би Ховд аймгийн нэгдсэн групп гэх фэйсбүүк хуудсанд Цахиалгын бараа гэх фэйсбүүк хаяг ашиглан Годон гутал хямдралтай худалдана гэсэн пост оруулахад надтай А.М- гэх фэйсбүүк хэрэглэгчтэй чатаар харьцаж мэдээлэл өгсөн. А.М- гэх хүнээс би 2 гуталны урьдчилгаа мөнгө болох 129,000 төгрөг шилжүүлэн авсан.

2019 оны 9 дүгээр сарын үед би Баянхонгор зар гэх фэйсбүүк хуудсан дээр Захиалгын бараа гэх фэйсбүүк гэх фэйсбүүк хаяг ашиглан Годон гутал хямдралтай худалдана гэсэн пост оруулахад надтай Ц- гэсэн фэйсбүүк хаягтай хүн надаас годон гуталны мэдээлэл авч би нэг гуталны урьдчилгааг 44,500 төгрөгөөр захиалж байгаа гээд 10 гуталны урьдчилгаа 437,000 төгрөг шилжүүлэн авсан.

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор годон гутал гэсэн утгаар над руу 2 гуталны урьдчилгаа 130,000 төгрөг орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 74-75, 143-145, 156-158, 230-232/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч В.Бийн өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн түрээслэн амьдардаг байсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 8-03 тоотод интернетээр Цахилгаан бараа гэх фэйсбүүк хуудсан Хямдралтай годон гутлын захиалга авна гэсэн пост байхаар нь би өөрийн хаягаар хоёрыг авъя гээд өөрийн 98474088 дугаарыг үлдээсэн. Гэтэл уг хаягаас миний хаяганд чат бичээд үнийн санал болон бүтээгдэхүүнийхээ тухай хэлэхээр нь би нийт 14 гутал нэг бүрийн 128.000 төгрөгөөр тохирч худалдан авахаар болж, эхний 10 гутлын мөнгө 645.000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Харин надад хэлэхдээ ОХУ-ын Якутаас үйлдвэрээс нь авчирдаг. Уг гутлаа үйлчлүүлэгчдээ татах үүднээс хямд үнээр зарж байгаа гэж надад хэлсэн. Надад уг хаягаас өөрийн 86320188, 85550910 дугааруудыг өгсөн боловч 85550910 дугаар нь огт холбогдохгүй байсан. Харин чатаар асуухад 86320188 дугаарыг өгсөн. Энэ дугаараар холбогдоход 7-10 хоногийн дараа бараа ирнэ гээд хойшлуулаад байсан. Утсаар ярихдаа надад ОХУ-ын Якутад байна гээд байсан харин би Якутад Юнителийн дугаар сүлжээ барьдаг юм уу гэхэд тохиргоо хийлгээд аваад явж байна гэж байсан. Харин хэд хэд залгахад замд явж байна. 01 дүгээр сарын 22-ны өдөр 86320188 дугаарын утсаар холбогдоход маргааш бараагаа аваарай гэсэн. Тэгэхээр нь би хаанаас яаж авах вэ гэж асуухад хүргэлтээр хүргэж өгнө гэсэн. Надад нийт 14 гуталны урьдчилгаа 903.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /1-р  хх-н 16/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.М-гийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 08:00 цагийн үед фэйсбүүкээ ашиглаад байж байхад Годон гутал 129.000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэх зар байхаар нь тухайн хаяг руу сайн байна уу би эхний 20 хүн дотор орсон болов уу би годон гутал авах гэсэн юм хаанаас авах уу би Ховд аймгаас холбогдож байгаа юм гэж зурвас бичсэн. Тэгээд би тус мөнгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 11:00 цагт Хаан банкны 5057583568 тоот дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 96-97, 105-106/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц-ийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад өөрийн фэйсбүүкийн захиалгын бараа гэсэн хаяг дээрх Годон гутлын урьдчилгаа мөнгийг нь аваад хямдралтай үнээр зарна гэсэн зураг бүхий зар тавигдсан байхаар нь пост бичсэн чинь 99202369 гэсэн утсаар миний утас руу залгаад өөрийгөө Өнөрболд гэж танилцуулж Оросоос гутал оруулж ирж зардаг гээд танилцаад би гутал захиалахаар болоод 5090781081 гэх Цэвэгжавын Өнөрболд гэх хүний дансанд 5 гутлын урьдчилгаа төлбөр 437.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 196-200/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Ц-гийн өгсөн

            “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк хаягаар годон гутал хямдралтай зарагдаж байгаа гэнэ, эхний 20 хүнд хямдруулна нэг хос гутал нийт 130.000 төгрөг урьдчилгаа нь 65.000 төгрөг юм байна гэсэн. Тэгэхээр нь би авахаар шийдээд мөн М өөрийн гутлын урьдчилгаа 65.000 төгрөгийг надад бэлэн өгөөд би өөрийн 65.000 төгрөгийг нийлүүлээд 130.000 төгрөг болгоод хоёр годон гутал захиалан Мын өгсөн дансанд өөрийнхөө данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Миний зүгээс надад 65.000 төгрөгийн хохирол учраад байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-н 3-4/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 34-41/,

- Хохирол төлсөн баримт /2-р хх-н 52/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 45/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 77/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Годон гутал хямдралтай үнээр худалдана...” гэж хуурамч зар оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Ц-ээс 437,000 төгрөгийг 5090781081 дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Годон гутал хямдралтай үнээр худалдана...” гэж хуурамч зар оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон Баянхонгор аймаг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хохирогч Х.Ц-гаас 65,000 төгрөг, хохирогч Б.Моос 65,000 төгрөг, нийт 130,000 төгрөгийг 5057583568 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 15, 23-ны өдрүүдэд Баянгол дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн В.Бт “...Годон гутал хямд үнээр худалдана...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориуд бий болгож иргэн В.Баас 903 000 төгрөгийг хаан банкны 5057583568 тоот дансаар шилжүүлэн авч залилсан

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Годон гутал хямдралтай үнээр худалдана...” гэж хуурамч зар оруулж, зохиомол байдпыг зориуд бий болгон Ховд аймгийн нутаг дэвсгэрт хохирогч А.М-гаас 129,000 төгрөгийг 5057583568 тоот дансаар шилжүүлэн авч залилсан, нийт үргэлжилсэн үйлдлээр бусдад 1,599,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бын “...Өөрийн өмнө нээсэн байсан Цахиалгын бараа гэх фэйсбүүк хаяганд Годон гутал захиалга авна гээд пост оруулсан. Инээд постын дагуу чатаар 10 гутал авах захиалга орж ирж 645,000 төгрөгийг 5057583568 дугаарын дансаар шилжүүлэн авсан. Дараа нь энэ хүнээс мөн 4 гуталны урьдчилгаа гэж 258,000 төгрөг гэж нийт 14 гуталны 903,000 төгрөг авсан.

...А.М- гэх хүнээс би 2 гуталны урьдчилгаа мөнгө болох 129,000 төгрөг шилжүүлэн авсан.

...Ц- гэсэн фэйсбүүк хаягтай хүн надаас годон гуталны мэдээлэл авч би нэг гуталны урьдчилгааг 44,500 төгрөгөөр захиалж байгаа гээд 10 гуталны урьдчилгаа 437,000 төгрөг шилжүүлэн авсан.

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор годон гутал гэсэн утгаар над руу 2 гуталны урьдчилгаа 130,000 төгрөг орсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч В.Бийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн түрээслэн амьдардаг байсан Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 8-03 тоотод интернетээр Цахилгаан бараа гэх фэйсбүүк хуудсан Хямдралтай годон гутлын захиалга авна гэсэн пост байхаар нь би өөрийн хаягаар хоёрыг авъя гээд өөрийн 98474088 дугаарыг үлдээсэн. ...нийт 14 гуталны урьдчилгаа 903.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.М-гийн “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 08:00 цагийн үед фэйсбүүкээ ашиглаад байж байхад Годон гутал 129.000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэх зар байхаар нь тухайн хаяг руу сайн байна уу би эхний 20 хүн дотор орсон болов уу би годон гутал авах гэсэн юм хаанаас авах уу би Ховд аймгаас холбогдож байгаа юм гэж зурвас бичсэн. Тэгээд би тус мөнгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 11:00 цагт Хаан банкны 5057583568 тоот дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ц-ийн “...Цэвэгжавын Өнөрболд гэх хүний дансанд 5 гутлын урьдчилгаа төлбөр 437.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Ц-гийн “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк хаягаар годон гутал хямдралтай зарагдаж байгаа гэнэ, эхний 20 хүнд хямдруулна нэг хос гутал нийт 130.000 төгрөг урьдчилгаа нь 65.000 төгрөг юм байна гэсэн. Тэгэхээр нь би авахаар шийдээд мөн М өөрийн гутлын урьдчилгаа 65.000 төгрөгийг надад бэлэн өгөөд би өөрийн 65.000 төгрөгийг нийлүүлээд 130.000 төгрөг болгоод хоёр годон гутал захиалан Мын өгсөн дансанд өөрийнхөө данснаас мобайл банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч В.Бт 903,000 төгрөгийн, хохирогч Х.Ц-д 65,000 төгрөгийн, хохирогч Б.Мод 65,000 төгрөгийн, хохирогч А.М-д 129,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд 2-р хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгээр хохирогч В.Бт 350,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь тогтоогдож байна.

   Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос

   хохирогч Х.Ц-д 65,000 төгрөгийг,

   хохирогч Б.Мод 65,000 төгрөгийг,

   хохирогч В.Бт 553,000 төгрөгийг,

   хохирогч А.М-д 129,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол бүрэн барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Быг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Быг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ламын гэгээн овогт Б-ы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Быг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос

   Хохирогч Х.Ц-д 65,000 төгрөгийг,

   Хохирогч Б.Мод 65,000 төгрөгийг,

   Хохирогч В.Бт 553,000 төгрөгийг,

   Хохирогч А.М-д 129,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ